ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

НМХГ: “Таван богд фүүдс” компанийг 20 гаруй сая төгрөгөөр торгоно

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-17

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас KFC сүлжээ рестораны “Зайсан” дахь салбарт хийсэн хяналт, шалгалтын дүнгийн талаар мэдээллээ. Тус сүлжээ ресторанаар нийт 247 хүн үйлчлүүлснээс 42 нь өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Мэргэжлийн хяналтын байгууллага бүрэн бүрэлдэхүүнээр шуурхай ажилласан бөгөөд 9, 10, 11, 12-ны өдрийн хоолны дээж, дөрвөн төрлийн ундаа, ундны ус, агаарын арчдас болон 28 ажилтнаас шинжилгээ авсан байна.

Ингэснээр хэд хэдэн ноцтой зөрчил илрүүлжээ. Тодруулбал,

-Ажилтнуудын эмчийн үзлэг дутуу, шинжилгээний бичигт гарын үсэг зураагүй, зарим шинжилгээг дутуу өгсөн байхад түүнийг нь анхаарч үзээгүй.

-Ажилтнуудад шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэг байхгүй.

-Ажилчдын эрүүл мэндэд хяналт тавьдаг хүн байхгүй.

-Халдваргүйтлийн бодис хэрэглэхдээ Мэргэжлийн хяналтын газрын даргын гаргасан журамд тусгасан бүтээгдэхүүнээс өөрийг хэрэглэсэн.

-Сургалт эрхлэх байгууллагаас зөвшөөрөл аваагүй, мэргэжлийн бус хүмүүс ажиллуулж байсан. Өөрсдөө дотооддоо зөвшөөрөл олгодог, мэргэжлийн үнэмлэхгүй тогоочтой гэсэн ноцтой зөрчлүүд илрүүлсэн аж.

Харин 94 төрлийн сорьцинд хийсэн лабораторийн дүн шинжилгээний дүнд хоёр ажилтнаас нь цусан суулга өвчний нян илэрсэн бөгөөд нэг нь гэхэд тус байгууллагад зургаан жил ажилласан ажилтан байсан аж. Мөн ундны усанд хийсэн шинжилгээгээр бичил биетийн хэмжээ 2.5 дахин их, халуунд тэсвэртэй бактер илрэх ёсгүй ч илэрсэн, гэдэсний савханцар үүсгэгч нян мөн илэрсэн байна.

Үүнээс гадна нитрат 64.5 хувьтай гарчээ. Мөн тус газарт ажиллаж байсан ажилчид ч хэд хэдэн удаа “шигел” буюу цусан суулгалт өвчнөөр өвдөж байсан талаар мөн онцлов. Тус сүлжээ ресторан нь хажуугийн гүний худгаас усаа авдаг байсан бөгөөд ус юуны учир бохирдсон, мөн ажилчид нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа учраас бусад 11 сүлжээг ч мөн шалгана гэж мэдэгдлээ.

НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш хэлэхдээ “Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа. Түр хугацаагаар зогсоосон. Бүр мөсөн зогсоох ёстой бол шүүхийн шийдвэрээр шийднэ. Өвчилсөн иргэдийн хохирлыг барагдуулах байх.

Иргэд эдгэрээд гарсны дараа үйл ажиллагаагаа явуулахыг үгүйсгэхгүй. Манай мэргэжилтнүүд зургаан өдөр тасралтгүй маш ачаалалтай ажиллалаа. Тандалт шалгалтын хугацаанд хоолны 39  бүтээгдэхүүнээс дээж авч шинжилсэн. Мөн эрүүл ахуй, орчин гээд нийт 94 сорьцоос дээж авч шинжилж ажилласан. Нийтдээ 20 орчим сая төгрөгөөр торгох болов уу. Дотоод хяналт сул байсан учраас хариуцлага яригдана. Мөн хордсон хүмүүс эрүүл мэндээрээ хохирсон гэх гомдол гаргавал тэр хүмүүсийн гомдлын тоогоор хариуцлага яригдаж, мөнгөн торгууль ногдуулна” гэв.