ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.Доржханд: Монголд утаанаас болж жилд 4000 хүүхэд нас барж байна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-18

Монгол Улсын хөгжлийн загвар ном удахгүй уншигчдын гар дээр очих гэж байна. Хүннүгийн үеэс өнөөдрийг хүртэлх Монгол Улсын түүхэн замналыг судалж гаргасан энэхүү бүтээлийг 30 гаруй судлаачид хамтран хийжээ. Энэхүү ном нь Монгол Улсын хөгжлийн ерөнхий гарц хэмээн зохиогчид нь үзэж байгаа ажээ. Уг номын зохиогчийн нэг эдийн засагч Т.Доржхандтай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар уулзаж ярилцлаа.

-Эдийн засагч хүний нүдээр харвал өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн дүгнэж болохоор байна?
-Эдийн засгийн өсөлт 2018 оны байдлаар 6.9 хувьтай гарсан. Төсвийн орлого 10 их наяд төгрөгт хүрлээ. Энэ бол макро эдийн засгийг тогтворжуулах бодлого ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжиж, зохих үр дүнгээ өгч байгаагийн нэг илрэл юм. Мөн дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсч байгаатай холбоотой. Өнгөрсөн оны байдлаар “Эрдэнэс тавантолгой” ХК 720 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан мэдээ байна. Манай эдийн засаг уул уур­хайн бүтээгдэхүүнээс хамаарал­тай. Дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөх буурахад шууд мэдрэгддэг. Тийм эмзэг эдийн засагтай. Өнөө жилийн хувьд эдийн засаг сэргэж, хүлээлтээс өндөр үр дүнтэй гарлаа. Гэтэл нөгөө талдаа өрийн төвшин өндөр байна.Санхүүгийн сектор эрүүл биш хэвээрээ байна. Эдийн засаг тогтворжиж амжаагүй ийм үед орж ирсэн хэдэн төгрөгөө иргэдэд тараах нь буруу.

-“Эрдэнэс тавантолгой” ХК-ийн ногдол ашгийг ярьж байна уу?
-Тийм. Үнэхээр орж ирсэн ашгийг монгол хүнд зориулах гээд байгаа юм бол утаандаа зарцуулаач. Нийт хүн амын 50 гаруй хувь нь Улаанбаатар хотод амьдарч байна. Улаанбаатар хотын 50 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Үүнээс болж нийслэлчүүд утаан дунд амьдарч ирлээ. Энэ утааг таван жилийн хугацаанд 80 гаруй хувиар бууруулах шийдлийг бид гаргаад байгаа.

-Яаж бууруулах гэж...
-Энэ хөтөлбөрийг хэрэг­жүүлэхэд 21 тэрбум ам.доллар хэрэгтэй. Ийм хэмжээний санхүүжилтийг гурван эх үүсвэрээс босгох боломжтой гэж үзэж байгаа. Нэгдүгээрт, Улсын төсөвт орж ирж байгаа уул уурхайн ашгийн тодорхой хувийг төвлөрүүлэх. Өөрөөр хэлбэл, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа Эрдэнэт, Багануур, Шивээ-Овоо гэх мэт төрийн өмчит үйлдвэрийг газруудын ногдол ашгийн багахан хувийг нь татан авахад л 120 сая ам.доллартай болох боломж байна. Гадаадын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгө. Олон улсын санхүүгийн байгууллагын хоёр талт хамтын ажиллагааны хүрээнд 1-2 хувийн хүүтэй 30 жилийн хугацаатай хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бий. Азийн хөгжлийн банк, Ялоны Засгийн газар жилд манай улсад 600 сая ам.доллар өгдөг. Үүнээс 180 мянган ам.долларыг нь зарцуулъя гэж байгаа юм. Ийм санхүүгийн шийдэл байна. Энэ монгол хүнд зарцуулах ёстой уул уурхайн баялгаас орж ирж байгаа мөнгийг хэрэгтэй зүйлд нь зарцуулах гэсэн санаа. Өндөр хүүтэй зээл авч байхаар ногдол ашгийн хөрөнгөөрөө утаанаас ангижрах боломж байна. Энэ нь Засгийн газрын өрийн дарамтыг өсгөхгүй, эдийн засгийн үр өгөөжийг бүтээн байгуулалтад дэмжлэг үзүүлэх хэлбэр юм.

-Санхүүг нь босгочихлоо. Тэгвэл яг юу хийж утаагүй болох шийдэл байна?
-Нэгдүгээрт нь дахин төлөвлөлтийг үргэлж­лүүлж, 90 гаруй мян­ган өрхийг хамруул­на. Хоёрдугаарт гэр хорооллын хуучин байшинг сайжруулж, цэвэр, бохир усны шугам сүлжээнд хол­боно. Гуравдугаарт 50 гаруй мянган өрхийг хамруулсан таун хаус барьжь дэд бүтцийн төвүүдийг бий болгоно. Ингэж утааг цогцоор  нь шийднэ. 

-Уул уурхайн салбараас төрийн өмчит компаниудын хүртэх ногдол ашгийн тодорхой хувиар санхүүжиж утаанаас салах гэсэн санаа юм байна?
-Яг тэгж ойлгож болно. Жишээн ньь “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн иргэдэд тараах гэж байгаа 1072 хувьцааны ногдол ашгийг утаанаас салах хөрөнгө оруулалт руу хийе. Нэг иргэн 30-40 мянган төгрөгийн ногдол ашиг хүртлээ гээд ямар үр дүн гарах юм. Харин эсрэгээрээ худалдан авах чадвар буурна. Барааны үнэ нэмэгдэнэ. Үүнийгээ дагаад ам.долларын төгрөгтэй харьцах ханш өснө. Бодит орлого буурна. Тэгэхээр бэлэн мөнгө тараахгүй л байх хэрэгтэй. Бид бүгдээрээ л утаанд хордож байна шүү дээ. Утаанаас л хурдан салах хэрэгтэй. Монгол Улсын Үндсэн хуульд заасан “Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй” гэсэн заалтыг олон жил зөрчлөө шүү дээ. НҮБ-ын гаргасан судалгаагаар манай улсад жилд 4000 хүүхэд утаанаас болж нас барж байна. 

-Баялгийн сан байгуулах тухай сүүлийн үед Засгийн газар их ярих боллоо. Энэ сангийн тодорхой хувийг утааг арилгахад зарцуулъя гэж яриад байна уу?
-Үгүй. Баялгийн санг байгуулчихсан шүү дээ. Ирээдүйн өв сангийн тухай хууль гаргаад 2017 оны нэгдүгээр сарын 1-ээс мөрдөгдөөд явж байгаа. Хуульд тус санг хэрхэн байгуулах уу, хөрөнгийг нь юунд зарцуулах вэ гээд бүх зүйл тусгагдсан байгаа. Баялгийн сан хараат бус удирдлагын бүтэцтэй байхаар тусгагдсан. Удирдлагын багаа бүрдүүлээд ажил нь явагдаж байгаа. Гэтэл дахиад байгуулах тухай яриад явж байх юм. Би их гайхаж байна. Хуулиа уншаач ээ л гэж хэлмээр санагддаг. Юу ч уншихгүй харанхуй байж болохгүй шүү дээ.

-Норвегийн жишээн дээр баялгийн сан байгуулна гэж яриад байгаа. Энэ сайн жишээ мөн үү?
-Мөн. Ирээдүйн өв сангийн тухай хууль гарсаны дараа олон улсын хамгийн сайн туршлагыг судалж байгаад Норвегийн жишгээр байгуулсан. Норвегийн сан нь нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй. Жилийн дөрвөн хувийн өгөөжтэй ажилладаг. Тус сан жилд 40 тэрбум ам.долларын ашигтай ажиллаж, олсон ашгаа эрүүл мэнд, боловсролын салбарт зориулдаг. 

-Сайн туршлагыг хэрэгжүүлж байгаа юм байна. Гэхдээ Баялгийн сангийн хөрөнгө Нийгмийн даатгалын хөрөнгө шиг алга болчихгүй гэх баталгаа бий юу?
-Баялгийн сангийн хөрөнгийг дотоодод бус зөвхөн гадаадын зах зээлд найдвартай бизнест хөрөнгө оруулж, ногдол ашиг хүртэх замаар өсгөнө гээд хуульд заачихсан байгаа. Тэгэхээр Нийгмийн даатгалын хөрөнгө шиг зориулалт бусаар захиран зарцуулж алга болохгүй. Үүнд эргэлзэх хэрэггүй. Норвегийн сан ч яг энэ журмаар явдаг. Тэд Арабт газрын тосны үйлдвэрлэлд хөрөнгө оруулах, ОХУ-д хийн салбарт, Германд машин үйлдвэрлэл гэх мэтээр хөрөнгө оруулалт хийдэг. Дэлхийн эдийн засгийг маш сайн судалж байдаг. Тухайлбал, Хятадын эдийн засаг 15 хувийн өсөлттэй байвал тус улсад 15 хувийн хөрөнгө оруулалт хийнэ. Солонгосын эдийн засаг зургаан хувийн өсөлттэй байна гэвэл зургаан хувийн хөрөнгө оруулалт хийдэг. Нарийн тооцоо,  судалгаанд тулгуур­лаж хөрөнгө оруулалт хийдэг учраас алдагдал­гүй сайн ажилладаг. Ийм загварыг барьж байгаад Баялгийн санг байгуулсан. Манай сан ч яг ийм л үйл ажиллагаа явуулна. Өөрөөр хэлбэл, Монголд ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн үг. Уул уурхайгаас хараат эдийн засагтай орны хувьд түүхий эдийн үнэ өсвөл сайн, унавал муу үеүд тохиолддог. Энэ үед зохицуулалт хийх Төсвийг тогтворжуулах сан гэж өөр арга хэрэгсэл бий. Үүнтэй хольж ойлгоод байдаг. Ялгаатай ойлголт.

-Баялгийн санд хэдий хэрийн хөрөнгө төвлөрүүлэхээр тооцож байгаа вэ?
-Газрын хэвлий дэх баялгаа үнэлэхэд гурван их наяд ам.долларын нөөц байна. Манай урд хөрш хамгийн том хэрэглэгч. Эндээс орлого олох боломж бий. Сангаа бүрдүүлэх боломж ч байна. Бидэнд санхүүгийн асар их нөөц бий гэдгийг ганцхан жишээгээр тайлбарлая. Кувейтын Сангийн сайд нь манайд ирээд газрын хэвлийд байгаа зэс, алт, нүүрс, төмрийн ордуудын арван хувьд нь хөрөнгө оруулья. Танай улс нэгэн цагт газрын доорхи баялгаа бүрэн ашиглана. Тэр үед ашгаа авна. Манай улсын ашигт малтмалын нөөц дуусч байгаа гэсэн санал хэдэн жилийн өмнө тавьж байсан. Тэгэхээр асар их нөөц байгаа нь мэдрэгдэж байгаа биз. Газрын доорхи баялаг нэг өдөр дуусна. Газрын доорхи баялгийн үр өгөөжийг үе дамжин хэрэглэх сайн туршлага. Баялгийн санд төвлөрсөн хөрөнгийг гадаадын зах зээлд хөрөнгө оруулах замаар өсгөн үржүүлж, үр хойчдоо үлдээх сайхан боломж юм. Одоогоор Баялгийн санд жилд 500 тэрбум төгрөг төвлөрүүлээд явж байгаа. 

-Засгийн газар байгуулсан сангаа дахин байгуулна гэж яриад байгаа юм байна гэж ойлголоо?
-Тийм ээ. Үүнийг л ойлгохгүй байна. Хуулиа уншихгүй байна гэж түрүүнд хэлсэн дээ. Та санаж байгаа байх. Хятадын “Чалко” компаниас зээл аваад Хүний хөгжил сангийн мөнгө гээд баахан бэлэн мөнгө Засгийн газар иргэдэд тараасан. Энэ өрийг Баялгийн сан 2018 он хүртэл барагдуулж дууслаа. Энэ оноос жинхэнэ утгаараа сангийн хөрөнгө төвлөрөх ёстой. Ингээд 2020 оноос хуулийнхаа хүрээнд гадны зах зээлд хөрөнгө оруулалт хийх санхүүгийн боломжтой болно гэсэн үг.