ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ч.Хүрэлбаатар: НӨАТ-ын буцаан олголтын хувийг өөрчлөхгүй

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-18

Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай Татварын багц хуулийн талаар цөөн хором ярилцлаа.

-Хөөрөг, хурдан морийг өндөр үнэтэй худалдаж байгаа иргэд татвар төлдөггүй. Тэр чиглэлд анхаарсан заалтуудыг Татварын багц хуульд оруулж өгсөн үү?

-Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд энэ мэт наймаа хийж, орлого олсон иргэн татвар төлөх ёстой гэж зааж өгсөн. Яагаад гэвэл тэр хүмүүс бодитой орлого олсон учраас. Бид энэ мэт татварын гадна үлдэж байгаа бүхэн рүү анхаарлаа хандуулна. Татварын байгууллагыг анхаарлаа хандуулахыг сануулж байгаа. Хуулийн биелэгдэхгүй байгаа заалтуудыг ч анхааралтай харж, хянаж, засаад явж байна. Татвар төлөгчдийн мөнгийг хамгийн үр бүтээлтэй зарцуулахад Сангийн яам анхаарч ажиллаж байгаа. 2019 онд татвар, гаалийн шинэчлэлийг хийх зорилт тавьсан. Би анх Сангийн сайдын ажлыг авахдаа ч гэсэн Улсын төсвөө цэгцэлье. Дараа нь гааль, татварын шинэчлэлийг хийх зорилго тавьж ажилласан. Тэр хүрээнд шинэчлэлээ хийж байна. Нэн ялангуяа ашигт малтмалын баялаг гарч байгаа бүх боомтуудаа цэгцэлье. Мэдээллийн нэгдсэн систем бий болгоё. Татвараа гүйцэд авдаг болъё. Ашигт малтмал гаргаж байгаа тээврийн хэрэгсэл болгоноос сорьц авъя. Ухаалаг систем нэвтрүүлье гэж зорьж, ажиллаж байна. Татварын шинэчлэлийг эрт хийх байсан ч  жил алдчихлаа. Энэ хуулийг хэлэлцээд баталсаны дараа 30-40 журмыг хэлэлцүүлэг хийж, аж ахуйн нэгж, иргэдийн саналыг авч байж батлах ёстой. Татварын хууль гарлаа гэхэд олон янзаар тайлбарлаад байдаг. Тиймээс бид нэг л ойлголттой байх, татварын хуулиа тайлбарласан номуудыг хэвлэж гаргана. Энэ бүх ажлыг 2019 онд хийнэ. Ингэж чадвал аж ахуйн нэгж, иргэдийн хувьд татвар төлөхөд янз бүрийн дарамт ирэхгүй. Хуулийнхаа дагуу л татвар төлчихдөг орчинг бий болгоё гэж чармайж ажиллаж байна.

-Татварын бааз суурийг нэмэгдүүлэх саналыг олон хүн хэлж байгаа. Манай улс татвар төлж байгаа хэдхэн хүнээсээ нэмж аваад л байхаас бааз, суурийг нь өргөтгөх ажлыг муу хийж байгаа гэсэн шүүмжлэл бий. Шинэ хуульд энэ асуудлыг зохицуулсан заалтуудыг оруулж байгаа юу?

-Яг тэр агуулгаар л Татварын багц хуулийг боловсруулсан шүү дээ. Шууд авдаг татваруудын хувь хэмжээ хэвээрээ байг. Тооцоолоод, бодоод авдаг татварынхаа хувь хэмжээг буулгая. Тэр хэмжээгээрээ татварынхаа бааз суурийг өргөжүүлье. Татварын нэгдсэн системийг бид бий болгож байгаа. Ингэснээр эдийн засгаа, иргэд, аж ахуйн нэгжийн төлж байгаа бүх татварыг хянах боломжтой болно.  Өөрөөр хэлбэл, эдийн засаг, татварынхаа бааз суурийг нэмэгдүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авч чадна гэдэг итгэл үнэмшилтэй ажиллаж байна. 

-Тооцоо хийж үзэхэд далд эдийн засаг тэдэн хувиар буурна гэсэн төсөөлөл гарсан байх. Тодорхой хувь хэлэх боломжтой юу?

-Буурна. Бид Татварын багц хуулиа боловсруулаад, хэлэлцүүлээд, УИХ-д өргөн бариад 10 сар өнгөрч байна. Далд эдийн засгийг бууруулж чадна гэж яагаад үзэж байна вэ гэхээр, мэдээллийн нэгдсэн системийг НӨАТ-ын систем дээрээ үндэслэн бий болгоно. Тэгээд бусад шууд бусаар авдаг татваруудын хувь хэмжээг буулгачихаар хүмүүс татвараас зайлсхийж, нууж хаагаад байх шаардлагагүй болно гэж үзэж байгаа. Яг тэдэн хувиар буурна, тэдэн төгрөг ил гарна гэж шууд хэлэхэд хэцүү. 40-50 төгрөг гэж тооцоо хийсэн санагдаж байна. 

-НӨАТ-ын буцаан олголтыг хоёр хувиас хэтрүүлэхгүй гэж та хэлсэн. Сугалаагаар олгож байгаа мөнгийг буцаан олголт руугаа оруулаад, хувийг нь нэмэгдүүлэх боломжгүй юм уу?

-НҮБ-ын гишүүн 200 –гаад орон бий. Түүнээс 170 нь НӨАТ авдаг байхгүй юу. Бусад нь худалдааны татвартай. Гэтэл худалдааны татвар давхцал ихтэй байдаг. Яагаад гэвэл өртөг таван шат нэмэгдсэн ч хамаагүй эцэст нь тэндээс нь татвар авчихдаг учраас давхцал ихтэй гэж үздэг юм. Харин НӨАТ-тай орноос буцаан олголт өгдөг нь гурав, дөрөвхөн л байна. Бид далд эдийн засгийг бууруулах, татварынхаа бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор буцаан олголт өгч байгаа юм. Иргэдээрээ НӨАТ-ыг хянуулах, хамрагдалтыг нэмэгдүүлэх хөшүүрэг болгох зорилготой хэрэгжүүлсэн. Сугалааг зарим нэг оронд хэрэгжүүлдэг. Манайх ч бас тэр жишгээр хэрэгжүүлж байна. Анзаарч байгаа бол НӨАТ төлөгчдийн хамрагдалт нэмэгдэхийн хэрээр бид хонжворын хэмжээг буулгаж байна. Нэгэнт анхнаасаа хэрэгжүүлж байгаа системийг тэр чигт нь л үргэлжлүүлэх хэрэгтэй. Өөрчлөөд яах вэ гэсэн байр суурьтай байгаа.