ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их ухаан, эгэл амьдралын гэрч

O.Admin
2019-02-19

Сүхбаатар дүүргийн XV хорооны “Ар хустайн хэсэг”-т амьдардаг худгийн ус түгээгч, буурлыг энэ удаагийн “Эгэл амьдрал” буландаа урив. Утсаар ярилцаж, товлосон ёсоор түүний ажиллуулдаг гэх худгийг олж очлоо. Биднийг очиход хэдийнэ худаг дээрээ ирчихсэн хүлээж байсан юм. Сэтгэлд дотно сайхан инээмсэглэх энэ эрхмийг Бадарчийн Баярсайхан гэ­дэг. Улаанбаатарын уна­ган хүү бөгөөд нэгдүгээр төрөх эмнэлэгт мэндэлжээ. “Математикийн” гэх тодот­голтой XI дунд cургуулийг төгссөн нь ирээдүйд санхүүч мэргэжилтэй болох эхлэл болсон аж. “Би эхээс 15-уулаа. Аав ээж биднийг  аливаа зүйлийг хамтарч хийхэд сургадаг байлаа” хэмээн ярих тэрбээр “Бусдын хэрэг бүтвэл өөрийн хэрэг бүтнэ” гэдгийн үлгэрээр өсч хүмүүжжээ.  Дунд сургуулиа төгссөн жил аав нь түүнийг эдийн засагч болгохыг хүссэн учраас Санхүүгийн техникумд элсэн орж, санхүүч мэргэжлийг эзэмшсэн талаараа бидэнд хуучлав.

70 төгрөгийн цалинтай хугацааны ахлагч 

Санхүүгийн техникум төгссөн­ийхөө дараа 1974-1977 оны хооронд эх орны хүү болж, эр цэрг­ийн албанд гурван жил зүтгэжээ. Улс орныхоо халдашгүй дархан байдлыг хамгаалах, бүтээн байгуулалтад гар бие оролцсон залуу насаа дурсахдаа “Цэргийн амьдрал сайхан шүү. Зэрэгцэж зогсоод тангараг өргөсөн нөхөд гэдэг эр хүнд насан туршийн анд байдаг юм. Би Дархан хотод байрлах 017 дугаар ангид хуваарилагдаж очсоныхоо дараахан л нягтлан бодогч мэргэжилтэй учраас шууд 70 төгрөгийн цалин  авч байлаа.

Хугацааны ахлагч цолтой гурван жилийг өнгөрөөсөн. Нэг офицерын цалин тэр үед 685 төгрөг байсан юм билээ. Би чинь нэг офицерын цалинг хэмнэж байгаа хэрэг” хэмээн инээмсэглэв. Мөн “Алба хааж байх үед минь Дорж генералыг хүлээн авахаар болж, би тэнд хүндэт харуулаар зогсож байлаа.Тэр үед Монгол-Зөвлөлтийн зургадугаар фестиваль гэж болдог байлаа. Тэр фестивальд маршал Владимир Судецийг хүлээж авахад нь “похороны”-д /урд талд нь цэцэг өргөж/ алхаж байлаа” гэж хуучлах зуураа, нүд нь гялалзаж, цаг хугацаагаар өртөөчлөн нөгөөх л гялалзсан цэрэг байсан залуу насандаа эргэж очсон мэт сэтгэл хөдлөв.  

Б.Баярсайхан ах цэргийн алба хааж байхдаа, гурван хүүхдийнхээ ээж насны ханьтайгаа танилцжээ. Цэргийн албанаас халагдаад буцаж Дарханд очиж эхнэрээ авсан аж. Тэгэхдээ алба хаасан ангиараа ороход Ангийн захирагч, Штабын дарга хоёр нь “Энэ олон жил болоход эхнэр авах гээд буцаж ирж байгаа цэрэг анх удаа харлаа” хэмээн ярьж байсныг дурсав. Амьдралын ханиа алдсан тэртээх он жилүүдийн гашуун түүхийг бид хоёулаа л ярихыг хүссэнгүй. Эр хүний сэтгэлийн шархыг эргэж хөндөөд ч юу дуулах билээ.

Алба  хаасан ангидаа офицер болж үлдэх боломж байсан ч амьдралдаа дахин нэг өөр хуудас нээсэн нь Нефть хангамжийн үйлдвэр гэх өрх айл байсан аж. Тэнд ажиллаж байхдаа 20 градус дахь хувийн жингийн таблец гэдгийг  нээж байсан гэнэ. Энэ нь нэг градуст нийт бүтээгдэхүүний литрийн өөрчлөлт гарах үгүйг тогтоох таблец гэнэ. Энэ талаар ярихдаа “Мөн ч олон ч сар явж байж тогтоосон доо. Нефтийг хадгалах зөөх үеийн тооцоог хийхэд энэ таблец их хэрэг болдог байлаа. Одоо ч энэ таблецийг ашигласаар байгаа. Би ер нь нефтийн анхны ажилчдын нэг, есөн номерын үнэмлэхтэй хүн шүү дээ” хэмээв. 

Дотооддоо ургадаг долоон төрлийн жимсээр дарс үйлдвэрлэж явжээ 

Б.Баярсайхан гуай Нефтийн үйлдвэрт ажиллаж байгаад 1990 онд зах зээл эхлэхтэй зэрэгцэн төрийн байгууллагаас гарч “Хөлөг” компанид Санхүүгийн албаны дарга хийж явжээ. Монголд анхны гэж хэлж болох дарсны үйлдвэрийг 1994 онд дүү нь байгуулж, дотооддоо ургадаг долоон төрлийн жимсээр дарс үйлдвэрлэж эхэлсэн байгаа юм.

“Химийн хүрээлэнгийн захирал байсан н.Бадгай доктор бид сайхан найзууд байлаа. Цуг жимсэндээ явдаг. Жимсээ ОХУ-аас, Хөвсгөлөөс, Увсаас хураадаг байлаа. Тухайн үедээ л  өдөрт 2000 шил ундаа, сард 10000 тонн дарс гаргачихдаг  байлаа” гэж ярив. Улс, эх орныхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтийн төлөө салбар бүрт ажиллаж хувь нэмрээ оруулсан нь түүний ярианаас илхэн байв.

Гэвч өвчин гэдэг хүнд хэлж ирдэггүйн гайгаар 2001 онд “Тархины эдэд шаардлагатай цусан хангамжийн дутагдал” буюу харвалт өгчээ. Биеийн байдлаас болж тухайн үедээ тун ч амжилттай ажиллаж байсан дарсны үйлдвэрээ тараахаас өөр аргагүйд хүрсэн гэдэг. Гэвч амьдралд бууж өгч, гараа хумхиад суугаагүй юм. Харин ч сөрж тэмцэн босож чадсан эгэл нэгэн. “Намайг анх Хоёр ангиртын тохой /түүний одоо амьдарч буй газар/-д  нүүж ирэхэд манай эндхийн хүмүүс гэртээ харихын тулд Сэлбийн голыг тойрч Санзайгаар очиж гардаг байлаа. Тэтгэвэрт гарсныхаа дараа тэтгэврийнхээ мөнгөөр Сэлбийн гол дээгүүр гүүр бариулсан юм. Яах вэ энэ хавийн хүүхдүүд чинь тэгж тойролгүй гэртээ ордог болсон”  хэмээн буурал ах хуучлав.

“Монголбичгээр нэрээ бичиж чадахгүй бол ус өгдөггүй”

Түүнийг “Эгэл амьдрал” буланд урих болсон шалтгаан минь учиртай. Уншигч та санаж буй бол “Худгийнхаа хананд ус авахаар ирсэн хүүхдүүдэд Монгол хэл, бичгийн хичээл заадаг ах” хэмээн танигдсан хүн бол Б.Баярсайхан гуай. Тиймдээ ч зорьж ирсэн учраа ярилцаж, энэ талаар түүнээс тодруулав. Тэр ярихдаа “Би энэ худгийг бариулах гэж тойргоосоо гарсан УИХ-ын гишүүн болгоноос, дарга нараас гуйж олон жил явсан. Одоо энэ ажиллуулж байгаа худгаа 2004 оноос хойш хөөцөлдөж, 2010 онд Олон улсын тогтвортой хөгжлийн төслөөр барьсан юм. Анх худгаа барихад арай л хоосон санагдаад байсан учраас дээр нь монгол цагаан толгойг бичсэн юм. Намайг хүүхдүүдэд монгол бичиг заадаг гэж хүмүүс буруу бодоод байдаг. Яах вэ, ус авахаар ирсэн хүүхдүүдээс ямар ном уншиж байгааг нь асуугаад өөрийнхөө номоос өгөөд явуулдаг.

Долоо хоног уншиж байгаад аваад ир гэдэг ч юм уу. Түүнээс би үндэсний бичгийг заадаггүй. Би чинь өөрөө 60-аад оны дундуур л ганц жил үндэсний бичиг заалгасан хүн. Гэхдээ энэ худаг дээр бичсэн нь бол үнэн” гэсэн хариулт өглөө. Гэхдээ өвгөн ах хорооныхоо бяцхан хүүхдүүдийн хичээл, сурлагад тун ч анхаарал тавьдаг нэгэн. Тэр хавийнхаа хүүхдүүдийг үндэсний бичгээр нэрээ бичиж чадахгүй бол ус өгдөггүй аж. Нэг удаа зэмлээд явуулахаар маргааш нь хичээнгүй­лэн бичээд сурчихсан ирдэг аж.

Мөн худгийнхаа хананд долоон томъёо, кирилл цагаан толгойн үсэгнүүдийг бичжээ. Кирилл цагаан толгойг нь XV дугаар хороонд амьдардаг сургуульд орох болоогүй жаалууд тоглож байхдаа харсаар үсгээ нүдэлж, сурчихдаг гэнэ лээ. Харин оюутан, эсвэл ахлах ангийн хүүхдүүд ирвэл долоон томъёог асууж шалгалт авчихдаг “худгийн багш”. “Ахлах сургуульд зааж л байх ёстой доо. Золигнууд чинь долоон томъёо асуухаар ерөөсөө хэлж өгөхгүй юм” хэмээн инээмсэглэв. Амьдрал ийм л энгийн байхдаа сайхан.

Ахын үгэнд орж нэрээ зөв бичиж сурах гэж чармайдаг, ангийн багшдаа байцаагдаагүй атлаа худгийн үйлчлэгчид долоон томъёо уншиж өгөөд зогсдог хүүхдүүдийн тухай бодох тусам хайр хүрэх. Түүний олон хүнд ашиг тусаа өгч чадсан бас нэг хичээл зүтгэл нь  “Ар согоот”-ын автобусны чиглэлийг гаргуулах ажил гэнэ лээ. 2004 онд “Санзай” хүртэл хүмүүсийн гарын үсгийг цуглуулж, зорьсондоо хүрч байжээ. Үүнээс гадна Б.Баярсайхан гуай худгийнхаа хажууд усан бассейн, усан оргилуур барих хүсэлтэй.

Төсөл зургийг нь гаргачихсан. Харин хөрөнгө мөнгөний асуудал нь шийдэгдэгдэхгүй байгаа гэв. Тэрбээр, “Миний тооцоолсноор 46 сая төгрөгт босох юм. Үүнийгээ л бариулчихаад нүд анивал болоод явчих нь тэр. Дарга нар өөрт нь нэг ч төгрөг­ийн ашиггүй гэж тэгдэг юм уу, нааш­тай хариу өгдөггүй шүү. Намайг 2016 онд нэг хуурсан юм. “Таны төсөл энэ оны төсөвт орчихсон. Сүхбаатар дүүргийн төлөвлөгөөний хэлтэс рүү явуулчихсан” гэсэн. Харин тэнд нь яваад очтол тийм юм ирээгүй ээ гэдэг байгаа. Уг нь энэ төсөл хэрэг­жих юм бол энэ хавийн хүүхдүүд тоглох газартай, сэлэх бассейнтай болчих гээд байгаа юм.

Энд чинь одоогоор 300 гаруй хүүхэд байдаг. Зун болоод хүмүүс зусландаа гараад ирэхээр хүн ам нь 1500 шахуу болчихдог юм” хэмээлээ.  Орчин цагийн залууст байдаггүй “Бусдын ажил бүтвэл өөрийн ажил бүтдэг” их ухааныг хэдхэн цаг уулзаад гарахдаа ойлгох шиг болов. Ийм л их ухааныг ирэх өдрүүдэд мөрдөж, ирээдүй хойч үедээ суулгахсан. Миний адил олон залууст зөв үлгэр дууриал болж яваа буурал ах танд эрүүл энхийг хүсье. Дараа уулзахад том мөрөөдлөө биелүүлчихээд энх тунх инээж суугаарай. Эх оронд минь түүн шиг мэдлэгтэй, ажилч хичээнгүй, чин сэтгэлтэй “эгэл баатар”-ууд олон байгаасай.

Д.Жамъяндагва