ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Бямбацогт: Гишүүдийн ёсзүйгүй байдал хууль түүхий болох үндэс болдог

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-21

УИХ-ын хаврын чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хуульд дахин нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон юм. Энэ талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа. 

-Энэ хаврын чуулганаар УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэж байна. Ямар өөрчлөлтүүдийг тусгах юм бол?

-Дөрөвдүгээр сарын 05-ны өдрөөс эхлэн хэрэгжих хуулиар гишүүд ирц болон санал хураалтаа хурууны хээгээр өгдөг болно. Өнгөрсөн парламенттай харьцуулбал энэ парламентын тасалсан цаг харьцангүй бага байгаа. Ирцээ хурууны хээгээр бүрдүүлдэг болбол гишүүд ирц болон санал хураалттай холбоотой маргаан таслагдах юм. Энэ бол маш том дэвшил болно. Өмнө нь гишүүдийн өмнөөс кноп дарлаа, “төгөлдөр хуур тоглолоо” зэрэг шүүмжлэл их байсан. Дараагийн том дэвшлийг хийхийн тулд илүү бүтээлч, ажил хэрэгч, амьдралд нийцсэн хууль баталдаг байх талд анхаарах нь чухал. Хэрэв УИХ-аас баталсан хууль иргэдийн амьдралд нийцэхгүй бол маш хурдан хугацаанд түүнийг засч, залруулж, хуулийнхаа хэрэжилтэд хяналт тавиад явах ёстой. 

-Чуулганы хуралдааныг хариуцлагатай, ёс зүйтэй мэтгэлцээний талбар болгохын тулд таныхаар яах ёстой вэ?

-УИХ-ын гишүүдийг хуралдаа суухгүй байна, бусдын өмнөөс кноп дарж, “төгөлдөр хуурдаж” байна гэх шүүмжлэлүүд тасардаггүй. Энэ асуудлыг одоогийн парламент шийдэж чадсан. Өөрөөр хэлбэл, хурууны хээгээр ирцээ бүрдүүлж, хурууны хээгээр саналаа өгдөг болох хууль энэ асуудлыг цэгцэлнэ. Энэ бол том дэвшил. Нөгөө талаас УИХ-ын чуулганы болон байнгын хорооны хуралдаанд хэлэлцэж байгаа хуулийн төслийн зүйл заалтаар бодлогын мэтгэлцээн, ажил хэрэгч шүүмж өрнүүлдэг байх ёстой. Мөн тэндээс зарчмын зөрүүтэй санал гаргадаг, хуулийнхаа төслийг гишүүд нэг бүрчлэн уншиж танилцаж, ард түмний амьдралд хэр нийцтэй байна вэ гэдэгт анхаарах ёстой. Гэтэл хуулийн төслийнхөө мөн чанар руу орохоос илүү хуралдааны үед сенсаци дэгдээх, бие биеэ давж гарахын тулд нэгнийгээ гүтгэх, доромжлох асуудалд илүү төвлөрдөг байдал газар авсан. Энэ нь УИХ-аар баталж байгаа хууль, тогтоомжийн шийдвэр түүхий болоход нөлөөлж байна. Нөгөө талаас УИХ-ын нэр хүнд унахад гол түлхэц болдог. Гишүүдийн ёс зүйгүй байдлаас болж иргэд, УИХ-ын гишүүдийг хэрэлдэж, бие биеэ гутаан доромжлохоос өөр ажил  хийдэггүй гэж дүгнэхэд хүргэдэг.  Энэ нь иргэдийн төрдөө итгэх итгэлийг үгүй хийж, УИХ-ын нэр хүндийг унагаах гол шалтгаан болж байгаа юм. Баталж байгаа хууль нь чанартай болж, түүнийг тойрсон асуудлуудын талаар бодлогын мэтгэлцээн өрнүүлж, ажил хэрэгч шүүмжлэл ярьж, тэр нь олон түмэнд хүрч байвал Төрийн бодлого бодитоор ард түмэнд хүрдэг байх юм. Үүнийг дагаад УИХ-ын нэр хүнд өсч, эндээс гарч байгаа шийдвэр ард түмний амьдралд үнэхээр хэрэгтэй юм байна гэдгийг иргэд ойлгоно. Тийм учраас УИХ хариуцлагатай, ёс зүйтэй байх шаардлагатай.

-Тэгэхлээр ийм болгохын тулд УИХ-ын чуулганы Дэгийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай вэ?

-Дэгийн тухай хуульд нэгдүгээрт, УИХ-ын байнгын хороодын дарга нарын эрхийг нэмэгдүүлэх шаардлагатай. Гишүүд дэг зөрчиж, хэлэлцэж байгаа асуудалтай холбоогүй зүйл ярих, санал хэлэх, бусдыгаа гүтгэх, доромжлох асуудал гаргавал үүнийг таслан зогсоож, дэг зөрчсөн гишүүдэд хариуцлага тооцдог байх заалтуудыг оруулж өгөх хэрэгтэй. Энэ зохицуулалтыг хийхгүй бол мөнөөх популизмаа дагаад УИХ-ын болон улс төрчдийн нэр хүнд унадаг асуудал тасрахгүй. 

-Гишүүд чуулганы хуралдааны үеэр ёс зүйн зөрчил гаргаж байгаа нь УИХ-ын нэр хүндийг унагаж байгааг та хэллээ. Тэгвэл ёсзүйн хүрээнд өөрчлөлт оруулах боломж хэр байдаг юм бэ?

-2009 онд УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг баталсан байдаг. Гишүүд энэхүү ёс зүйн дүрмээ маш сайн уншиж судалсан байх ёстой.  Түүнээс гадна УИХ-ын тухай хууль, Дэгийн тухай хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, Үндсэн хууль зэргийг л уншаад судалчихсан байхад УИХ-д ёсзүйгүй, сөрөг үзэгдлүүд гарах нь багасна. Гэтэл гишүүд хуулиудаа уншихгүй байна. Тиймээс УИХ-ын Тамгын газар, УИХ-ын удирдлагууд хуулийг хэрэгжүүлэх талаар илүү анхаарах шаардлагатай байна. 

-УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэсэн хуулийн заалт чуулганы хуралдааны хэлэлцүүлгийг хэрүүлийн чанартай болоход нөлөөлдөг байж болох уу? 

-УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй гэдэг заалтаас гадна  ийм тохиолдолд хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээнэ гэсэн заалт байдаг. Тэр нь УИХ-ын гишүүн бусдын нэр хүндэд халдаж болохгүй. Үүнийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээнэ. Харамсалтай нь гишүүд үүнийгээ мэддэггүй. Тийм болохоор энэ заалтыг олон нийтэд болон гишүүдэд таниулах арга хэмжээ хэрэгтэй байгаа юм. Энэ хуулийн заалтыг илүү чангаруулж, нарийвчлан тогтоож өгөх шаардлагатай. Ингэвэл УИХ-ын чуулганы хуралдаан хэрүүлийн талбар бус жинхэнэ бодлогын мэтгэлцээн өрнүүлдэг, ажил хэрэгч шүүмжлэл гардаг, ард түмний амьдралд нийцсэн хуулийн төслийг гаргадаг төрийн байгууллага байх боломжтой. 

-Гишүүдийг хариуцлагажуулъя, хариуцлагын олон төрлийг бий болгоё гэж байна. Гол нь хариуцлагын төрлөө оновчтой сонгож чадахгүй байгаад асуудал байна уу?

-Өнгөрсөн жил би УИХ-ын гишүүн байнгын хорооны болон чуулганы хуралдааныг гуравны нэгээс дээш хугацаанд таслах юм бол гишүүнийг эргүүлэн татдаг хуулийн төсөл санаачилсан. Харамсалтай чуулганаар хэлэлцүүлэх явцдаа Үндсэн хуультай нийцэхгүй байна гээд батлаагүй. Тийм болохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, шаардлагатай тохиолдолд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах зохицуулалтыг тусгаж байж УИХ-ын дэгийн тухай хуульнд ёс зүйн болоод ажил үүргээ биелүүлж чадаагүй зөрчил гаргасан тохиолдолд эгүүлэн татах цонхыг бий болгож өгөх зайлшгүй шаардлагатай. 

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг С.Эрдэнэ гишүүн санаачилсан. Энэ хууль хэрэгжих боломжтой юу?

-Энэ хууль амьдралд хэр нийцэх вэ гэдэг нь асуудал. Өнөөдөр хүнийг харлуулж, гутаах асуудал их байна. Таалагдахгүй бол харлуулж байгаад л эргүүлэн  татаад байж болохгүй. Хэрэв энэ хууль хэрэгжинэ гэвэл Монголын парламент эх захгүй эргүүлэгт орно. Яах аргагүй хууль зөрчсөн бодитой нотолгоонд үндэслэн гишүүнийг эгүүлэн татдаг байх ёстой. 

-Гишүүд  бусдын нэр хүндэд халдсан утгатай үг хэлсэн тохиололд хуулийн хариуцлага тооцох ёстой заалт байдаг гэлээ. Тэгвэл энэ заалт бодит байдал дээр яагаад хэрэгждэггүй юм бэ. Чуулганы хуралдааны үеэр ийм асуудал их гардаг шүү дээ?

-Энэ хуулийн хэрэгжилт үнэхээр хангалтгүй байгаа. Үүнийг УИХ-ын удирдлагууд хэрэгжүүлэх ёстой. 

-УИХ-ын Дэгийн тухай хуульд 21 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг юм билээ. Тэгсэн хэдий ч хуулийн хэрэгжилт нь хангалтгүй байна. Гол алдаа нь юундаа байна вэ. Ер нь гадны орнуудын парламентын дэгийн тухай хууль ямар байдаг юм бол?

-Манай Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдаад 28 жилийн нүүрийг үзэж байна. Харин  гадны улс орнууд 200 жилийн түүхтэй парламенттай. Энэ олон жилийн хугацаанд сайжруулсаар байгаад парламентын дэгийн тухай хууль нь нэлээд сайжирчихсан. Бид тэднээс туршлага аваад 2007 оноос хойш 21 удаа өөрчилж байна гэдэг нь гадны орнуудын хуулийн дэвшилттэй заалтуудыг оруулаад явж байгаа гэсэн үг. УИХ өдөр тутам өөрчлөлт, шинэчлэлтийг хийж явах ёстой. Тиймээс 21 удаа өөрчлөлт оруулж байгаа нь муу байгаа үзүүлэлт биш. Үе үеийн парламентын эхэнд Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах ёстой байдаг. Бидний хувьд өнгөрөгч онд нэмэлт өөрчлөлт оруулсан бол одоо хаврын чуулганаар дахин өөрчлөх гэж байна.