ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Одгэрэл: Эцэг, эхийн ойлголт хандлага, хүүхэдтэй харилцах харилцаа маш чухал

Д.Нэргүй
2019-02-24

МУБИС, Японы Нагоя их сургуулийн хамтарсан “Хүүхдийн хөгжлийг дэмжих төв”-ийн эрхлэгч Доктор Д.Одгэрэлтэй ярилцлаа. Тэрбээр хөгжлийн онцлогтой хүүхдэд мэдлэг боловсрол олгож, тэднийг  хөгжүүлж, гэрэл гэгээтэй замд нь хүргэхийн  төлөө чин сэтгэлээ зориулж яваа буянтан билээ. Энэ хүрээнд Японы мэргэшсэн, туршлагатай багш нартай хамтран олон ажлыг хийж үр дүнд хүрсээр байна. 

-Манайхны нэршсэнээр “Хөгжлийн бэрхшээлтэй” гэгдэх хүүхдүүдийг сүүлийн үед арай  өөрөөр авч үзээд байна. Энэ талаар яриагаа эхэлье?

-Тийм ээ.  Бид энэ талаар нэгд судалгаа, хоёрт сургалт, гуравт зөвлөгөө өгөх гэсэн гурван чиглэлээр ажиллаж байна. Бүр тодруулбал, Монголдоо тусгай хэрэг­цээ­тэй хүүхдүүдийн тархалтын судалгаа хийхээр төлөвлөж байгаа. Өмнө нь эдгээр хүүх­дүүдийг “Хөгжлийн бэрх­шээлтэй” гээд, хараа сонсгол, тархи, гар хөл, өгүүлэх эрхтэн  гэх мэт эрхтэн тогтолцооны асуудлуудыг  голлож авч үздэг  байсан. Гэтэл  орчин үед тусгай хэрэгцээт хүүхдүүд гэдгийг арай өөр өнцгөөс харж, тэдэнд боловсролын ямар хэрэгцээ байна вэ гэдгийг нь нарийвчлан судалж, оношилдог болсон. Энэ хэрээр нэр томъёо өөрчлөгдөж, үүнийг дагаад хүмүүсийн хандлага ч өөрчлөгдөж байна. Тийм учраас өнөөдөр зарим хүмүүс тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ямар нэг эрхтэний согогтой гэж ойлгодог нь  явцуу ойлголт. Жишээ нь, харах эрхтний ижил оноштой хүүхдүүд байлаа гэхэд нэг нь чөлөөтэй явдаг, нөгөөх нь баримжаалахдаа сул байх тохиолдол байдаг. Үүнд: орчин, эцэг, эхийн хандлага гээд  нөлөөлөх хүчин зүйл их бий, сурах чадвар нь ч өөр өөр. Тийм учраас тэдний боловсролын тусгай хэрэгцээг тодорхойлох нь эрүүл мэндийн онош тавихаас өөр. Бид боловсролын тусгай хэрэгцээ нь юу юм бэ? Боловсролын ямар үйлчилгээ хэрэгцээтэй вэ? гэдгийг тодруулах зорилгоор судалгааны ажлууд хийж байна. Энэ хүрээнд 2016-2017 онд нийтдээ 380 багш нараас судалгаа авч боловсруулалт  хийсэн. ЕБС-ийн багш нараас “Танай ангид онцгойлон анхааран үзэх шаардлагатай хүүхэд байна уу?” гэсэн асуулгаар судалгаа авахад багш нар ихэнхдээ уншиж, бичиж, тоо бодож, ярьж чаддаггүй гэж хариулсан. Харин бидний боловсруулсан асуумжаар асуухад тэд  зан үйлийн өөрчлөлт, нийгэмшихүй, анхаарлын дутмагшилтай гэх мэт олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тусгай хэрэгцээт хүүхдүүдийн ангилалд багтах хүүхдүүд байсан. Үүнийг ЕБС -ийн багш нар төдийлөн анхаардаггүй,  бүгд л адил сурч боловсрох ёстой гэсэн шаардлага тавьдаг ч, тэдэнд тугайлсан хөтөлбөрийн зохицуулалт хийх, арга зүй  дэмжлэг, орчин шаардлагатай байдаг.

-Тэгвэл эдгээр хүүхдүүдэд боловсрол олгох тусгай мэргэшсэн, бэлтгэгдсэн багш нар байдаг уу, эсвэл? 

-Ер нь Монголд бие эрхтний согогтой хүүхдүүдтэй “согог зүйч” мэргэжлийн багш нар ажиллах ёстой гэсэн ойлголт байдаг. Зөвхөн “согог” талыг нь голчлох бус, сурах арга барил, орчин нөхцөл,  сурах чадвар, оюун ухааны хөгжил гээд өөр өөр өнцгөөс, олон талаас нь харах хэрэгтэй байдаг. Эдгээр хүчин зүйлүүдийг  харгалзаж  байж сургалтын үйл ажиллагааг явуулах ёстой. Тиймээс зөвхөн согог зүйч багш нар биш, бусад багш нар ч гэсэн энэ талын мэдлэг чадвартай байх ёстой. Энэ талаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн  тухай” хуульд заасан. Энэ үндсэн дээр сургалтын тогтолцоонд өөрчлөлт, шинэчлэлт хийх асуудал зүй ёсоор тавигдаж байна. Гадаадын хөгжингүй орнуудад хэнд, хэзээ яаж тусгай боловсролын үйлчилгээг үзүүлэх талаар “Тусгай хэрэгцээт боловс­ролын хууль” байдаг. 

-Эдгээр хүүхдүүдэд танай төв дээр тусгайлан сур­галтууд явуулдаг уу?

-Олон улсад тэгш хамруулан сургах гэсэн чиг хандлагыг дэмжиж байгаа. Энэ нь хүр­тээмжтэй, чанартай боловс­ролыг хүүхдийн онцлог хэрэг­цээнд нийцүүлэн зохион бай­гуул­на гэсэн үг. Эцэг, эх, багш нараас судалгаа авч хүүх­дийг хаана, хэрхэн, яаж сургах тал дээр бид зөвлөгөө өгдөг.

-Эдгээр хүүхдүүд өөртөө гутрахгүй байх талаар багаас нь сэтгэл зүйн хувьд хэрхэн бэлддэг юм бол. Өөрөөр хэлбэл, хэдэн наснаасаа гэдэг ч юм уу?

-Хүүхдийн хөгжил бага насандаа маш эрчтэй явагддаг. Энэ үед нь анхаарал хандуулах хэрэгтэй. Гадаадын орнуудад боловсролын эрт оролцооны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ нь хүүхдийг гурван сараас эхлээд л эцэг, эхтэй нь боловсролын хөтөлбөрт хамруулаад явдаг юм билээ. Эцэг, эхийн сургалт их чухал, ингэж аль болох  эрт хамруулахгүй бол хүүхдийн зан төлөв, нийгэмшихүйн асуудлууд хоцрогдох, сонсголгүй хүүхэд бүр  нэгдүгээр ангид орчихоод  3-4 настай  хүүхдийн хэмжээнд сэтгэдэг  байх жишээтэй.

-Тийм ээ, эцэг, эхчүүд ч анхааралтай байх ёстой юм байна. Танай төвд олон хүүхэд хамрагдаад өөрчлөлт өгсөнд олон эцэг, эхчүүд баяртай байдаг юм билээ?

-Бид төвөө тохижуулаад хоёр  жил гаруй болж байна. Энэ хугацаанд эцэг, эхчүүд ирж зөвлөгөө аваад хүүхдийн өсөлт хөгжилд мэдрэгдэхүйц ахиц дэвшил гарч байгаа. Үүнд нь сэтгэл хангалуун байна. Хамгийн гол нь эцэг, эхийн ойлголт хандлага,  хүүхэдтэй харилцах харилцаа маш чухал. Гэхдээ тэр болгон өөрчлөгдсөн гэвэл өрөөсгөл. Учир нь зарим эцэг эхчүүд энэ асуудлыг хүлээж авах түвшин нь хангалттай биш, манай хүүхэд зүгээрээ гээд л яваад  байдаг. Эцэг, эхчүүд хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд төдийлөн амжилтанд хүрдэггүй. Гэхдээ олон гэр бүлд зөвлөгөө өгөөд байх боломжгүй, манай хүчин чадал их биш, МУБИС-ийн багш нар сургалтын бусад цагаар эдгээр ажлуудыг Нагоя их сургуулийн багш нартай хамтраад хийгээд явдаг. 

-Та энэ чиглэлээр турш­лага хуримтлуулсан хүн. Тэгэхээр тусгай хэрэг­цээт хүүхдүүдийн хөгжлийг хэр­хэн яаж оношилж шалгадаг вэ.  Үр дүн ч нэлээд гарч байгаа юм байна?

-Би өөрөө энэ чиглэлээр Японы Цүкүба  их сургуульд суралцаж байхдаа хүүхэд судлах багт ороод ажиллаж байсан. Мөн Нагоя их сургуулийн 60 гаруй жилийн түүхтэй Сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв дээр ажилласан. Эндээс бид эх загварыг нь авч, монгол хувилбарт буулгаж, нутагшуулах гэж байна. Манай МУБИС-ийн багш нар тэнд очиж  мэргэжил дээшлүүлсэн. Бид Нагоя их сургуулийн клиник сэтгэл судлаач, сэтгэцийн эмч, тусгай боловсролын багш нартай хамтарч зөвлөгөө өгч байгаа. 

-Монголд тусгай хэрэг­цээт боловсролын талаар дурдсан хөтөлбөр тогтоол байна уу. Ер нь нийгмийн энэ эмзэг асуудлыг шийдэх гарц нь юу юм бэ?

-Монгол Улс хүн ам цөөн, хууль нь зөв гарвал хэрэгжүүлээд явахад үр дүн хурдан гарах боломжтой. Гэвч хууль хөтөлбөр гаргаж байгаа хүмүүс учир дутагдалтай төсөл боловсруулаад байдаг. Жишээ нь, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг сургаж  байгаа багшид хүүхдийнх нь тооноос хамаараад цалингийн нэмэг­дэл урамшуулал олгоно” гэ­сэн заалт орсон байдаг.  Эндээс харахад, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж хэн бэ  гэдэг нь манайд тодорхой бус байгаа. Гадаад улс орнуудад хүүхдийн тооноос хамаарч урамшуулал олгодоггүй. Ганцаарчилсан сургалтын хөтөлбөр гэж байдаг. Энэ хүүхэдтэй хэдэн цаг, хэн ажиллах вэ гэдэг байдлаар төсвөөс санхүүжилт ордог. Багш цагаа зарцуулаад хүүхэдтэй ажилласан эсэхээр тооцоолдог.  

-Таны бичсэн “Тусгай боловсрол” сурах бичиг  их эрэлт хэрэгцээтэй байгаа гэж сонссон. Энэ номоороо юуг хүргэхийг зорьсон юм бэ?

-Энэ номоо би АНУ–д  Галладеут их сургуульд Эрт оролцооны хөтөлбөрөөр мэр­­гэш­сэн мэргэжилтэн Б.Намираатай хамтарч бич­сэн. Тэрээр  11 настайдаа сонсголын бэрхшээлтэй бол­сон, чадварлаг багш, дайчин эмэгтэй. Номондоо тусгай хэрэгцээтэй хүүхдүүд гэж хэнийг хэлэх вэ, тэднийг яаж илрүүлж, оношлох, яаж тодорхойлж, үүний үндсэн дээр тэдгээр хүүхдүүдэд боловсролын үйлчилгээг хэрхэн  үзүүлэх, энэ асуудал манай Монголд ямар гадаадын хөгжингүй орнуудад ямар байна гэсэн агуулгыг тусгасан. Энэ сурах бичгийг гаргахад манай МУБИС, Боловсролын их сургуулийн удирдлага дэмжлэг үзүүлсэн. Ном маань шилдэг сурах бичгийн номинацид шалгарсан. Номондоо анхаарлын дутмаг­шил, хэт хөдөлгөөнтөх эмгэг, аутизмын хүрээний эмгэг, суралцахуйн бэрхшээл...гээд гадаадын орнуудад тусгай хэрэгцээтэй гэж авч үзэж байгаа ангиллыг бүгдийг нь хамруулсан байгаа. Энэ номыг  зөвхөн оюутнууд биш багш, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч, эцэг эх гээд тусгай хэрэгцээтэй хүүхдүүдтэй тулж ажиллаж байгаа хүн бүр ашиглах боломжтой.