ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Батхүү: Хорио цээрийн бүс бүхий махны үйлдвэрүүдийг байгуулна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-24

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүүг энэ удаагийн “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж, ярилцлаа. 

-Манай улсад хөнгөн үйлдвэрийн салбар хөгжлийн шатандаа явна. Нэг үеэ бодвол үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдэж байгаа. Эргээд улсын хөгжилд хувь нэмрээ оруулж байна. Харин сүүлийн жилүүдэд хөнгөн үйлдвэрийн салбарын хөгжилд ямар ахиц гарсан бэ?

-Хөнгөн үйлдвэрийн салбарыг дэмжих бодлогын баримт бичгүүд хангалттай их байдаг. Гэхдээ бүх зүйл төгс байна гэж байхгүй. Өнөөгийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөх, нэмүү өртөг шингээх, ажлын байрыг бий болгох чиглэлд хөнгөн үйлдвэрийн салбар маш их үр өгөөжөө өгдөг. Энэ их олон төвөгтэй ажлуудыг зохицуулах, нэмүү өртөг шингээх, гүн боловсруулалт буюу дараагийн үе шат руу дамжихтай холбоотойгоор хууль, эрх зүйн хувьд шаардлагатай өөрчлөлтүүдийг хийж байна. Өнгөрсөн онд “Үйлдвэржилт 21-100”, “Ноолуур” гэсэн хоёр том хөтөлбөрийг батлуулаад, хэрэгжүүлж байна. “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийн хүрээнд 100-гаас доошгүй үйлдвэрийг орон нутагт байгуулна. Дагаад ажлын байр ихээр нэмэгдэх нь дамжиггүй. “Ноолуур” хөтөлбөрийн Монгол Улсын стратегийн бүтээгдэхүүн болох ноолууртаа нэмүү өртөг шингээх, дотооддоо түүхий эдийн нөөцөө ашиглахыг зорьж байна. Мөн ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлд ч анхаарч, бодлого боловсруулж ажиллаж байгаа. “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд бид өнгөрсөн жил маш амжилттай ажилласан. Нийтдээ 1600 орчим ажлын байрыг шинээр бий болгосон. Хөгжлийн банктай хамтарч 188.2 тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүддээ хөнгөлөлттэй зээлээр олголоо. Ингэснээр түүхий ноолуурын 10 гаруйхан хувийг дотооддоо авч, нөөцөө бэлддэг байсныг нэмэгдүүлж, 37 хувь болгож чадсан. Түүхий ноолуурын 37 хувийг дотооддоо авч үлдэнэ гэдэг “Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-д тусгасан “Түүхий ноолуурын 40 хувийг дотооддоо авч үлдэнэ” гэдэг зорилтод бараг хүрсэн гэсэн үг.  Энэ жил “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд 300 орчим тэрбум төгрөгийг аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлээр олгохоор төлөвлөөд, ажиллаж байна. Ирэх гуравдугаар сардаа багтаад “Хөгжлийн банк”-тай хамтраад зээлээ олгоно. Ноолуур бэлтгэлийн үед түүхий эдээ хангалттай бэлтгэж авах зорилготой ажиллаж байна. Төлөвлөсний дагуу ажиллавал энэ жил 100 орчим ажлын байрыг шинээр бий болгох боломжтой. Түүнээс гадна, арьс, ширэн түүхий эдийнхээ үнэт чанарыг сайжруулахад анхаарч байгаа. Арьс, ширэнд нядалгааны өмнөх болох дараах гэмтэл их гардаг. Мөн нядалгааны үеийн гэмтэл ч байна. Үүнтэй холбоотойгоор түүхий эдийн үнэ буурдаг. Бүр ямар ч үнэгүй болдог. Малчид үүнийг ойлгохгүй түүхий эдийн үнэ уналаа гэдэг. Гэтэл яг үнэн чанартаа малчдаас өөрсдөөс нь шалтгаалж байгаа асуудал. Бид “Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль”, “Малын генетик нөөцийн тухай хууль”-ийг батлуулсан. Энэ хоёр хууль хөнгөн үйлдвэрийн салбартай яаж холбогдож байна вэ гэсэн асуулт гарч ирэх байх. Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбарын онцлог нь мал аж ахуйн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тодруулбал, хөнгөн үйлдвэрийн салбарын ихэнх хувийг мал аж ахуйн гаралтай түүхий эдээр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж ахуйн нэгжүүд эзэлж байна гэсэн үг. Арьс шир, ноос, ноолуур гэсэн үндсэн түүхий эдтэй. Тиймээс бид арьс ширний чиглэлд энэ хоёр хуулийн дагуу малыг мал эмнэлгийн үйлчилгээнд бүрэн хамруулахыг зорьж байна. Ингэснээр шимэгч хорхойноос үүдэлтэй гэмтлийг бууруулах боломжтой. Мөн стандарт шаардлага хангасан махны үйлдвэрүүдэд мах бэлтгэлийг хийх хэрэгтэй. Тэгвэл нядалгааны үеийн арьс, ширний гэмтлийг бууруулах боломжтой. Туршилтаар ч баталсан. Мөн нядалгааны дараах гэмтлийг бууруулах чиглэлээр зөвлөмж, мэдээлэл гаргаж ажиллаж байгаа. Хонины өлөнг арьсанд нь боогоод явуулчихдаг даа, манайхан. Дулааны улиралд өлөн арьсны хөрсийг гэмтээдэг. Тиймээс хонины арьсаа давсалж хатаах зэрэг тордолтын ажлыг хиймээр байна. Тэгвэл нядалгааны дараах гэмтэлгүй арьсыг бэлтгэх боломж бий. Ерөөс стандарт шаардлага хангасан махны үйлдвэрт малаа нядалбал хүнсний аюулгүй байдлыг хангахад хэрэгтэй. Түүнээс гадна, нядалгааны үеийн болон дараах арьс, ширний гэмтлийг бүрэн шийдвэрлэх боломжтой. 

-“Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд энэ жил 300 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно гэсэн. Зөвхөн ноолуур бэлтгэхэд нь зориулж зээл олгож байгаа юм уу. Эсвэл давхар үйлдвэрлэлд нь зориулж зээл өгөх юм уу?

-Олгох зээлийн гол нөхцөл нь угаахаас дээш боловсруулалт хийх компаниудад өгч байгаа юм. Самнах, ээрэх, сүлжих, нэхмэл болон бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрт өгнө гэсэн үг. Зөвхөн угаах хүчин чадалтай үйлдвэрт олгохгүй. Эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжиж олгож байгаа зээл юм. 

-“Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийн хүрээнд бүх аймгуудад мах боловсруулах үйлдвэр барина гэсэн мэдээлэл гарсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт ямар шатандаа яваа вэ?

-Хятадын хөрөнгө оруулалтаар барих дөрвөн махны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг нь хийж,  зураг төслийг нь  гаргахаар ажиллаж байна. Энэ ондоо багтаагаад эцэслэн шийдэхээр ажиллаж байна. “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийн хүрээнд зөвхөн махны үйлдвэр барихгүй. Орон нутгийн өөрийнх нь түүхий эд, ажиллах хүч, дэд бүтцийн нөөцийг нь харгалзан, зохих үйлдвэрийг нь барина. Тэр дунд жижиг, дунд үйлдвэр ч бий. Томоохон үйлдвэрүүд ч бий. 

-Ямар чиглэлийн үйлдвэрийг түлхүү барихаар төлөвлөж байгаа юм бэ?

-Мал аж ахуй, газар тариалантай холбоотой үйлдвэрүүдийг түлхүү барина. Нийт барих үйлдвэрийн 60 орчим хувь нь хүнснийх байх юм. Үлдсэн 40 орчим хувь нь хөнгөн үйлдвэрийн салбарынх байна. Бусад салбарын буюу уул уурхайн гаралтай түүхий эдээр эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрийг барих төлөвлөгөө байгаа. Аймаг болгоны онцлогт тааруулж, үйлдвэрээ барина. Сарлаг ихтэй аймагт сарлагийн хөөврийг самнах, сүлжих үйлдвэрийг барина гэсэн үг. “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийн өөр нэг онцлог нь жагсаалтаар батлуулсан 100 үйлдвэрээс гадна нийгэм, эдийн засгийн өндөр үр ашигтай үйлдвэр байвал дэмжиж ажиллах боломжтой. Тийм уян хатан хөтөлбөр. 

-Эдийн засагч, судлаачид том үйлдвэргүй оронд жижиг үйлдвэр хөгжих боломж бага гэдэг. 21 аймагт жижиг, дунд үйлдвэр бариад цаашид өсөх, томрох боломж байгаа юу. Тэр талаар судалгаа хийсэн үү?

-Орон нутагт очоод, үйлдвэр хөгжих боломжийн судалгааг хийж үзсэн. Том үйлдвэр байгуулахад хэцүү байдаг. Дархан, Эрдэнэт зэрэг хүн ам ихтэй, том суурьшлын бүсэд томоохон үйлдвэрийг барьж болно. Дээрээс нь нэмээд, “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийн хүрээнд үйлдвэрүүдийг байгуулахад зориулж, дэд бүтцийг нь улсын хөрөнгө оруулалтаар шийдвэрлэнэ. Тухайлбал, цэвэрлэх байгууламж ч гэдэг юм уу. Жишээлбэл, Ховд аймагт малын гаралтай түүхий эдийн цэвэрлэх байгууламжийг байгуулж байгаа. 2020 онд ашиглалтад орно. Ингэснээр малын гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэр байгуулахад хэрэгтэй дэд бүтцийг нь бэлэн болгочихлоо гэсэн үг. Баруун бүсээс Улаанбаатар хот руу малын гаралтай түүхий эд авчирна гэхээр тээврийн зардал өндөр болдог. Тэгвэл тухайн орон нутагтаа, алслагдсан аймагтаа түүхий эд боловсруулах үйлдвэр барьчихвал тээвэрлэлтийн зардал хэмнэнэ. Тийм бодлоготойгоор л дэд бүтцийг нь шийдэж, цэвэрлэх байгууламж байгуулж байна. Мөн Ховд, Баянхонгор аймагт махны үйлдвэр байгуулахаар ажиллаж байгаа. Бид “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийг хавсралттай батлуулснаараа онцлогтой.  Нийгэм эдийн засгийн үндэслэл өндөртэй, хэрэгжих боломжтой үйлдвэрүүдийг барихаар энэ хөтөлбөрт тусгаж өгсөн. 

-Үйлдвэр барилаа гэж бодъё. Тухайлбал, махны үйлдвэр. Тэгвэл тухайн орон нутгаасаа махны нөөцөө бэлтгэж, хангах боломжтой юу. Энэ талаар тодорхой судалгаа хийсэн байх. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ борлуулах нь бүр ч том асуудал. Гадагшаа экспортлох боломж бий юу?

-2018 онд Монголын махны экспорт огцом нэмэгдсэн. Манай улс өмнөх жил 66 сая мал тоолуулж байсан. Энэ жил мөн л 66 сая мал тоолуулсан. Хэрвээ махны экспорт нэмэгдээгүй байсан бол бидний таамгаар 80 сая мал тоолуулах байлаа. Энэ бол монголчууд малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, амжилттай ажиллалаа гэсэн үг. Түүхий эдийн олдоц экспорт нэмэгдэхийн хэрээр буурах магадлалтай. Мал, махны үнэ дагаад өснө. Малчдад амьжиргаа нь нэмэгдэх сайн талтай. Өнгөрсөн онд малчдын орлогыг нэмэгдүүлэхэд хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хоёр салбар нь ноос, ноолуур байлаа. Ноолуурын үнэ өнгөрсөн жил маш өндөр байсан. Тэр хэрээрээ малчид өрнөөсөө гарч, бүр хуримтлалтай болсон. “Ноолуур” хөтөлбөрийг маш их сайшааж, хүлээж авч байгаа. Ноосны үнэ ч гэсэн өндөр байсан. Энэ нь үйлдвэрүүдэд сөргөөр нөлөөлсөн тал бий. Түүхий эдийн үнэ өндөр болохоор бүтээгдэхүүний өртөг нэмэгддэг. Дэлхийн зах зээлийн хандлагыг ажиглахад, ноосны үнэ тогтвортой байдаг. Тиймээс манайд өртөг нэмэгдэхээр үйлдвэрүүдэд хохирол учруулдаг муу талтай. Тиймээс ноосны урамшууллынхаа журмыг өөрчлөх шаардлагатай болоод байна. Дээрээс нь нэмээд арьс, ширний урамшууллын журмыг өөрчлөх шаардлага байгаа. Журмаа өөрчилбөл арьс, ширний гэмтлийг бууруулах боломжтой. Тэгвэл арьс, шир үнэд орж, үйлдвэрүүдийн ашигт ажиллагаа нэмэгдэнэ. Малчдын орлого ч нэмэгдэх боломжтой. Гадны зах зээл бидэнд нээлттэй болох сайн талтай. 

-“Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийн хүрээнд барихаар төлөвлөсөн үйлдвэрүүд хэзээ ашиглалтад орох юм бэ. Яг товлосон хугацаа байгаа юу?

-Томоохон үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг боловсруулахад л жилийн хугацаа шаардлагатай. Ажлыг нь эхлүүлнэ гэдэг хамгийн чухал. Эхлээд ТЭЗҮ-ээ боловсруулна. Цаашлаад барилгаа барих, дэд бүтцээ байгуулах гээд олон ажил хийнэ. Дээрээс нь нэмэгдээд тоног, төхөөрөмжөө суурилуулах, тохируулах гээд маш их ажилтай. Тийм болохоор том үйлдвэрүүдийг барихад олон жилийн хугацаа шаардлагатай. Харин “Үйлдвэржилт 21-100” хөтөлбөрийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрүүдээ байгуулна.  Томоохон үйлдвэрүүдийг эхлүүлнэ гэсэн зорилготой байна. Цемент, гянт болдын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр. Шил, электрон хавтангийн зэрэг томоохон үйлдвэрүүдийн ажлыг эхлүүлсэн. 

-Дөрвөн махны үйлдвэрийг нэн түрүүнд барих талаар та дээр дурьдсан. Хэдэн онд ашиглалтад орох вэ?

-Махны үйлдвэр гэдэг нарийн технологи, дэд бүтэц шаардаад байдаггүй. Хэрвээ ТЭЗҮ, зураг төсөл батлагдаад, боллоо гэвэл маш богинохон хугацаанд барьчихна. Дөрвөн махны үйлдвэр ямар шаардлагыг хангах ёстой вэ гэхээр хорио, цээрийн бүсэд байх шаардлагатай. Шууд экспортын бүтээгдэхүүн гаргах л үйлдвэр юм. Хорио, цээрийн бүсэд эрүүл малыг байрлуулах, биед байгаа эмийн үлдэгдлийг дуустал нь байлгасны дараа нядлах ёстой. Гаднаас өвчтэй мал тээвэрлэж оруулахгүй, хориглосон бүс байна. Орос, Хятад, Ираны импортлогч нарын бидэнд тавьж байгаа шаардлага энэ. Орос, Хятадын малын эмч нар манайд ирээд, үйлдвэрүүдтэйгээ танилцаад, эндээс махаа авч болж байна гэж зөвшөөрдөг. Ийм зарчмаар ажиллана. Түүнээс биш нядлах цех байгуулчихаад бид экспортод гаргана гэвэл бүтэхгүй. Боомт бүхий аймгуудад хорио, цээрийн бүс байгуулах тогтоол өнгөрсөн жил Засгийн газраас гаргасан. Тиймээс бид хорио цээрийн бүс бүхий махны үйлдвэрийг байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Гэхдээ манай Засгийн газрын бодлого зөвхөн нядлаад гаргах биш нэмүү өртөг шингээж, экспортлохыг дэмжиж байгаа. Хиам, лаазалсан мах болгоод, нэмүү өртөг шингээгээд гаргавал илүү өгөөжтэй байх нь ойлгомжтой.