ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 1-30 сая ам.долларын зээл олгож байна

O.Admin
2019-02-24

Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилттэй, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй "Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" төслийн удирдах зөвлөлийн хурал ХХААХҮЯ-ны хурлын танхимд болж, өнгөрсөн оны тайлан, 2019 оны ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа.

Хуралд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас, ЕСБХБ-ны Жижиг, дунд бизнесийн зөвлөх үйлчилгээ хөтөлбөрийн Казахстан, Монгол Улсыг хариуцсан дэд захирал Нодира Мансурова, ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэр, хоршооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Я.Эрдэнэсайхан тэргүүтэй төслийн удирдах зөвлөлийн гишүүд оролцов.

2016 оноос Монгол Улсын 21 аймагт хэрэгжиж эхэлсэн төслийн хүрээнд өнөөдрийн байдлаар 90 орчим сая ам.долларын гэрээг дотоодын санхүүгийн дөрвөн зуучлагч байгууллагатай хийсэн байна. Энэ хугацаанд зөвлөх үйлчилгээний 179 төсөл хэрэгжүүлснээс 161 компанид дотоодын зөвлөх үйлчилгээ, 18 компанид олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Төсөлд хамрагдсан жижиг, дунд бизнесүүдийн 70 хувь нь зөвлөх үйлчилгээ авснаар борлуулалт нь тогтмол өсөж, 534 ажлын байр шинээр бий болоод байгаа юм.

Өнөөдрийн хурлаар "Жижиг, дунд бизнесүүдэд дотоодын түнш банкаар дамжуулан олгож байгаа зээлийн шугам", "Дотоодын санхүүгийн байгууллагуудаас жижиг, дунд бизнесүүдэд олгосон зээлийн эрсдэлийг хуваалцах схем", "Бизнесийн зөвлөх үйлчилгээ", "Жижиг, дунд үйлдвэрийн бизнесийн орчныг таатай болгоход чиглэсэн бодлогын дэмжлэг" зэрэг сэдвээр танилцуулга хийв. "Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" төслийн хүрээнд дотоодын болон олон улсын зөвлөх үйлчилгээ авсан "Батсэжү" ХХК, "Каппэ Бэнэ Монголиа" ХХК-ийн удирдлага үйл ажиллагаандаа гарсан ахицынхаа талаар ярилаа.

"Жижиг, дунд бизнесийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх замаар Монгол Улсын Эдийн засгийн төрөлжилтийг дэмжих хөтөлбөр" төсөл нь санхүүгийн зуучлагч байгууллагаар дамжуулан жижиг, дунд бизнест зээл олгохоос гадна бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Санхүүгийн зуучлагч нь тухайн салбартаа нөлөө бүхий, үйл ажиллагаа нь шударга, ил тод, нээлттэй, тогтвортой байх гэсэн ерөнхий шалгуурыг хангасан байх ёстой.

Одоогийн байдлаар Хаан банк, Хас банк, Хас лизинг, Транскапитал ББСБ-тай хамтран ЖДҮ-дэд зориулсан зээлийн шугам нээгээд байгаа бөгөөд манай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 1-30 сая ам.доллар хүртэлх зээлийг 5 жилийн хугацаатай олгож байна. Зөвлөх үйлчилгээнд хамрагдах хүсэлтэй аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулахдаа жилийн борлуулалтын орлого нь 50 сая евро хүртэл эсвэл нийт хөрөнгө нь 43 сая еврогоос доош, 500-гаас бага ажилтантай байх шаардлага тавьж байна. 

Төслийг хэрэгжүүлэгч Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс жижиг, дунд үйлдвэрийнхний эрэлт хэрэгцээг судлахад ХХААХҮЯ-нд туслалцаа үзүүлэх, Жижиг, дунд үйлдвэрийн хуулийн шинэчилсэн төсөлд санал авах олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх, бизнесийн холбоодыг чадавхжуулах зэрэг олон ажлыг санаачлан, хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.