ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Л.Төрбат: Ардчиллын гол үнэт зүйлийг 10 мянган төгрөгөөр боомилж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-02-26

Улаанбаатар Ардчиллын форум-2019” ардчиллыг хангах тухай олон улсын зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болж байна. Хүний эрх, ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаар Азийн Ардчиллын сүлжээний удирдах зөвлөлийн гишүүн Л.Төрбаттай ярилцлаа. 

-“Улаанбаатар Ардчил­лын форум”-аар хүний эрх, эрх чөлөө, ардчиллын өнөөгийн нөхцөл байдлын талаар  хөндөж байна. Манай улс дэлхий дахинд хүний эрхийг дээдэлдэг байдлаараа хэр дээгүүр ордог вэ. Бусад ардчилсан орнуудтай харьцуулбал манай улсын ардчиллын гол алдаа, амжилт нь юундаа байна вэ?

-1990 оноос хойш Монгол Улс Ази, номхон далайн бүс нутагт төдийгүй олон улсын түвшинд ардчилсан тогтолцоонд ам­жилт­тай шилжиж байгаа үлгэр жишээ орнуудын нэг болж байсан. Харамсалтай нь сүүлийн арваад жилд хүний эрх, ардчиллын зарчимд ахиц гарахаас илүүтэй ухралт явагдаж байна. Энэ нь иргэдийн оролцоо, идэвхи буурч, хээл хахууль газар авсантай холбоотой. Улс төрийн түвшний авлига ихэсч, энэ нь ардчиллын хөгжил ухрах гол шалтгаан болж байна гэсэн үг. Тийм  ч учраас манай “Трансперенси интернешнл” ТББ-аас энэ жилийн авлигын индексийг гаргахдаа ардчилалд учирч байгаа хамгийн том аюул бол авлига гэж тодорхойлсон. Яагаад гэвэл өндөр түвшний буюу улс төр, бизнесийн бүлэглэл авлигын сүлжээг бий болгож, нийгэм эдийн засгийг энэхүү сүлжээндээ оруулж байна. Авлигыг цэцэглүүлэн хөгжүүлэхийн тулд иргэдийн оролцоог багасгаж, өөрсдийгөө болон өөрийнхөө төлөөний хүмүүсийг нэр дэвшүүлж, албан тушаалд томилдог тогтолцоо бий болоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, тогтолцооны авлигын сүлжээ бий болчихоод байна гэсэн үг. Ингэснээр нэгдүгээрт иргэдийн оролцоо хумигдаж, тэдэнд очих ёстой баялаг танагдаж байгаа юм. Тийм ч учраас 1990-ээд оны дунд үеэс 2000 оны эхэн үе хүртэл тодорхой хэмжээгээр багасч байсан ядуурлын түвшин эргээд нэмэгдэх төлөвтэй боллоо. Олон улсын түвшинд манай улсын ядуурлын түвшин өөрчлөгдөхгүй байна шүү дээ.  Хөндлөнгийн иргэний нийгмийн байгууллагуудын үзэж байгаагаар манай улсын нийт хүн амын 70 хувь нь ядуу амьдарч байна. Халамжийн тогтолцоо хэвээр байгаа ч төрийн эрх баригч, олигархи бүлгүүд иргэдийг ядуу байлгах сонирхолтой байгаад л гол учир байгаа юм. Ард түмэн ядуу байвал 10,20 мянган төгрөгөөр хуурч, саналыг нь авахад хялбар. Сонгууль бүрээр иргэдийн төлөө гэсэн лоозон барьж, иргэдэд хамгийн хохиролтой амлалтуудыг өгч, төрийн эрх мэдэлд гардаг. Энэ байдал нь ардчиллын гол үнэт зүйл болсон хүний эрх, иргэний нийгмийн оролцоог 10 мянган төгрөгөөр боомилж байгаа популист үйл ажиллагаа юм. Тиймээс бидэнд ойрын хоёр жил хамгийн чухал байна. Бид газрын баялгыг авилгалд алдах уу эсвэл ардчилсан хөгжлийг бий болгоход зориулах уу гэсэн салаа замын уулзвар дээр зогсож байна. Та мөнгөөр саналаа худалдаж байна гэдэг нь эрх чөлөөгөө хаалгуулж байгаа гэдгийг иргэд ухамсарлах ёстой. Саналыг чинь худалдаж авахын тулд л таны амьдралыг дээшлүүлэх, нийгмийн асууд­лыг шийдвэрлэх сонирхол  эрх баригчдад байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй юм. 

-Ардчиллын хөгжилд ир­гэний нийгмийн бай­гуул­лагын нөлөөлөл маш чухал гэж ярилаа. Манайд иргэний нийгмийн маш олон хөдөлгөөн, бай­гуул­лагууд байдаг. Гэтэл яагаад ардчиллын систем ухраад байгаа юм бэ. Гол алдаа нь юундаа байна вэ?

-Үүнийг хэд хэдэн өнцгөөс харж болно. Иргэний нийгэм гэдэг бидний хувьд шинэ ойлголт. Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг, иргэдийн санаачилгаар бий болсон байгууллагуудыг иргэний нийгмийн байгууллага гэж тодорхойлдог. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил иргэний нийгмийн байгууллага, төрөл бүрийн хөдөлгөөнүүдийн ихэнх нь улстөрч, бизнесийн бүлэглэлүүдээс хамааралтай болсон. Өөрөөр хэлбэл, улс төрийн олигархийн бий болгосон юм уу, тэдний санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд бий болсон. Ийм байгууллагууд олширсон. Жинхэнэ иргэний нийгмийн байгууллага бол сургалт судалгаа, хяналтын чиглэлийн үйл ажиллагаа явуулж, үзэл бодлоо илэрхийлж, эвлэлдэн нэгдэж, хэнээс ч хараат бус зөвхөн иргэний эрх ашгийн төлөө үйл ажиллагаа явуулах ёстой. Гудамжинд гарч жагсаал цуглаан зохион байгуулж байгаа иргэний нийгмийн хөдөлгөөнүүд ихэвчлэн улстөрч, бизнесменүүдийн халаас­наас санхүүжилт авч, захиалгат үйл ажиллагааны системд шилжээд байгаа нь ардчиллын системийн ухралт болж байгаа юм. Ийм нөхцөл байдал үүсээд байгаагийн гол шалтгаан нь нөгөө л иргэний боловсрол, мэдлэгтэй шууд холбоотой. Иргэд идэвхи санаачилгагүй, төрийн үйл ажиллагаанд дүгнэлт, анализ хийхгүй, өөрсдийнхөө төлөө тэмцэхгүй байгаатай холбоотой юм. Иргэд мэдлэг, мэдээлэл муутай учраас идэвхгүй бай­на. Энэ асуудалд хэвлэл мэ­дээл­лийн байгууллагын хараат бус байдал ч шууд холбоотой. Ихэнх хэвлэл мэ­дээллийн хэрэгслүүд улс төр, бизнесийн байгууллагуудын сан­хүүжилттэй. Хэвлэл мэдээ­лэл хараат бус байсан цагт л ардчилал, эрх чөлөө, шударга нийгэм хөгжинө. 

-Ардчилал, хүний эрх гэдгийг зарим хүмүүс буруу ойлгож, хүний эрх нэрийн дор хэт дураар авирлах сөрөг хандлага байна гэж ярьдаг. Үүнтэй та санал нэгдэх үү?

-Хүний эрх, эрх чөлөө хоёр салшгүй холбоотой зүйл. Эрх чөлөөг төр засаг ямар ч тохиолдолд хязгаарлаж болохгүй. Харин иргэний эрхийг дагаж үүрэг хариуцлага явж байх ёстой. Ардчилал гэдэг нэгдүгээрт эрх, хоёрдугаарт үүрэг, хариуцлага гэсэн бүтэцтэй байж сая эрүүлээр хөгжинө. Харамсалтай нь бид эрхээ эдлэх асуудлаа ярьдаг болохоос биш үүрэг, хариуцлагаа ярьдаггүй. Эрхээ эдлэхдээ бусдын эрх ашгийг хөндөхгүй байх үүргийг хүлээж байгаагаа ухамсарлах ёстой. Хүний эрх гэдгийг буруугаар ашиглах явдал байдаг. Энэ нь дахиад л бидний мөнөөх боловсролын асуудал, хандлагатай холбоотой. Ардчилал гэдэг хүн бүр дураараа авирлах боломж юм байна гэж харж байгаа бол том эндүүрэл. Таны эрхийг дагаж, үүрэг хариуцлага явж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй юм. 

-Улс төрийн системд бий болсон сөрөг тогтолцооноос үүдэн ардчиллын хөгжил ухралд хүрлээ гэж байна. Тэгвэл энэ байдлаас гарах арга зам юу байна вэ. Энд хэн хамгийн чухал үүрэгтэй байх вэ?

-Хамгийн чухал оролцогч бол иргэд. Дараа нь улс төрийн нам. Ардчилсан улс төрийн намыг төлөвшүүлэхдээ, түүнийг шинэ шатанд авчирч, илүү ардчилсан, бодлого хөтөлбөрт суурилсан намыг төлөвшүүлэхийн тулд тухайн намын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Одоо бол улс төрийн намын санхүүжилт бизнес бүлэглэл юм уу том компаниудаас хамааралтай байна. Ер нь улс төрийн нам хувийн хэвшил буюу бизнесийн байгууллагаас хандив, санхүүжилт авахыг хориглох ёстой. Хүнээс юм авсан хүн эргээд хариу барих учиртай. Үүнээс үүдэлтэйгээр хувийн хэвшил, бизнесийн байгууллагуудын эрх ашгийг хамгаалах сонирхол бий болдог гэсэн үг. Тиймээс улс төрийн намын санхүүжилтийг хувийн хэвшлээс гаргахгүй байх нь чухал. 

-Ардчилал амжилттай хөгжиж байгаа орнуудын сайн туршлага гэвэл юу байна вэ?

-Ардчиллын хөгжилд хамгийн чухал зүйл бол иргэний оролцоо байдаг. Ардчилал амжилттай хөгжсөн орнуудын гол нууц нь иргэдийн боловсрол, идэвхи санаачилгад л байгаа юм. Хүн бүр өөрийгөө хөгжүүлэхийн төлөө хичээж байна. Иргэн бүр улс орны хөгжлийн эд эс гэдгээ ухамсарлаж байна. Өөрөөр хэлбэл, иргэд нь боловсролтой байна гэсэн үг. Боловсрол гэхээр их дээд сургууль төгсөх асуудал биш шүү дээ. Хүний хувийн хөгжил гэдэг боловсрол юм. Өөрийн гэсэн үзэл баримтлалтай, аливаад дүн шинжилгээ хийх чадамжтай, хариуцлагатай, хамгийн гол нь ёсзүйтэй байх асуудал боловсролын амин чухал зүйл. Түүнээс биш олон сургууль төгссөнөөрөө боловсорсон хүн болохгүй. Тийм учраас л гадны зарим орнуудад ардчилал зөв замаар хөгжиж, тэр хөгжил нь улс орон, ард иргэдийн амьдралд бодит өөрчлөлт, дэвшил болж чадсан. Гэхдээ ардчилсан тогтолцоогоор олон жил явсан барууны зарим ор­нуудад ардчиллын системд хямрал үүсээд байгаа. Юу вэ гэвэл, иргэд нь хангалуун амьдралтай учраас улс төрийн үйл ажиллагаанд анхаарал тавихаа больчихсон. Үүнээс үүдээд иргэдийн оролцоо маш их буурсан. Энэ гажуудлаас болж биелэгдэггүй амлалт өгч төрийн эрхэнд гардаг байдал руу шилжлээ. Ингэснээр нэг бүлэглэл юм уу, нэг хүний хэт дарангуйлал бий болох, түүнээс хамааралтай улс төр бий болох аюул заналхийлэл байгаа. Өөрөөр хэлбэл, чөлөөт ардчиллын хямрал болж байна гэсэн үг. Тиймээс иргэнд тулгуурласан нийгмийн ардчиллыг илүү дэмжих нь зүйтэй.