ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Төрийн ордноо барь, өөр яриа байхгүй

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-02-26

УИХ-ын дарга Г.Зандан­шатар ажлаа авсны дараа Тамгын газрынхаа ажилтан, албан хаагчидтай уулзсан юм. Энэ үедээ “Төрийн ордныг шинэчлэн барих ТЭЗҮ /техник эдийн засгийн үндэслэл/ хийх мөнгийг төсөвт суулгасан байгаа. Иймд Захиргаа, санхүү үйлчилгээний хэлтэс зураг төслийг бэлэн болгож, барих газрыг эцэслэн сонгож, парламентын ордны хамт албаны орон сууц барих асуудлыг шийдвэрлэж, ажилт­нуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар дорвитой, шийдвэртэй арга хэмжээ авах чиглэлийг өгч байна” хэмээсэн нь олон нийтийн сүлжээгээр тарж, түүнийг “нийгмийн дайсан” мэтээр цоллох болов. “Ард түмэн нь ядарч байхад төрийн томчууд тансаглахаар шийджээ. Шинэ Төрийн ордноо Их тэнгэрт барих гэнэ. 

Ядарсан ард түмнээ утаан дунд орхиод Хотын удирдлагууд нь Яармагт, улстөрчид нь Их тэнгэрт морилох гэж байна. Тэр мөнгөөрөө сургууль, цэцэрлэг барь. Яасан ханаж цаддаггүй новшнууд вэ” гэх мэтээр хэлэлцүүлэг хэдэн өдрөөр үргэлжиллээ. Бараг л Г.Занданшатарыг ийм мэдэгдэл хийснийх нь төлөө огцруулъя гэж жагсаж давхисангүй намжив. Би ч гэсэн тэгж уурламаар л байна. Бүр ордон барих мөнгөөр хэдэн сургууль, цэцэрлэг барих боломжтой вэ гэдгийг тооцоо судалгаатай гаргаж тавиад эсэргүүцэж болж байна.

Даанч Төрийн ордон барих барихгүй нь ард түмний эсэргүүцлээр, эсвэл Г.Занданшатарын хүслээр зогсчихдог юм биш л дээ. Яагаад гээч. 2006 онд Кувейтын талаас Төрийн ордныг чинь шинэчлэн барихад зориулж 12 сая ам.доллар өгнө хэмээн амлалт өгсөн. Тэд өнөөдрийг хүртэл амнаасаа буцаагүй. Тэр цаг хугацаанаас эхлээд тоолвол 13 дахь жилдээ 12 сая ам.долларын сураг дуулджээ. Харин мөнгөө ч аваагүй атлаа монголчууд Төрийн ордноо шинэчилнэ, шинэчлэхгүй, тэр мөнгөөр сургууль цэцэрлэг барих ёстой гэсэн хэрүүл хийсээр 13 дахь хавартайгаа учран золгожээ.

Даанч тэр мөнгө өнөөдрийг хүртэл орж ирсэнгүй. Харин мөнгөний сургаар Монгол Улсын шийдвэр хэд, хэдэн удаа өөрчлөгдсөн шүү. Тухайлбал, 2011 онд МХЕГ-аас Төрийн ордон ашиглах боломжгүй, нурж унах аюултай гэсэн дүгнэлт гаргасны дараа тухайн үеийн УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Шаравдорж ярилцлага өгч “12 давхар ордон барина. Гишүүн нэг бүр нь ижилхэн өрөөтэй байна. Хэвлэлийн ажиллах боломж хангагдана. Германы Бундестаг шиг дугуй байна. Тэр нь чуулганы танхим” хэмээж, шавыг нь ирэх намар тавина гэж мэдэгдэж байлаа. Ургамал ногоо устгаж, цэцэрлэгт хүрээлэнг байхгүй болгож ордон барих гэлээ хэмээн поп улстөрчид ч хэсэгтээ л манаргаж давхисан удаатай.

Гэвч дахиад л “чихэр долоож, 2014 он хүртэл мартагдсан байдаг. Харин 2014 онд 12 давхар барилгын өндөр нь 14 болж, төсөвт өртөг нь 12 сая ам.доллароос нэмэгдэж, 54 сая ам.доллар болоод байлаа. Тухайн үед УИХ-ын Тамгын газрын даргаар ажиллаж байсан Б.Болдбаатар “Шинэ Төрийн ордныг хуучин Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд барина. Ногоон байгууламжтай, дороо 2-3 давхар машины гарааштай баригдана. ТЭЗҮ-г Кувейтын “Дараш күй инженеринг консалтинг” компанитай Монголын “Ти Эн Жи” компани хамтарч хийсэн. Санхүүжилтийг шийдчихвэл барилгын ажил эхэлчихнэ. ТЭЗҮ-г тэрбум орчим төгрөгөөр хийсэн юм билээ. Бага зэргийн өөрчлөлт орж магадгүй. Хавраас ажлаа эхэлчихнэ” хэмээн ярьж байжээ. Ингээд хоёр дахь удаагаа “чихэр долоосон” хэрэг. Харин гурав дахь яриа нь 2019 онд буюу таван жилийн дараа яригдаж байна.

Энэ хугацаанд олон зүйл болсон доо. 2016 онд Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Кувейтын талтай уулзаж, “Төрийн ордон барихад өгөх мөнгөөр чинь Түлэнхийн төвөө шинэчлэн барьмаар байна” гэсэн санал гаргаж байлаа. Ховд аймагт бүсийн оношилгооны төв барих шийдвэр гарсан ч мөн л дэмжлэг аваагүй. Гэвч Кувейтын тал зөвшөөрөөгүй юм. Тэд “Эзэн хаан нэгэнт тушаалаа гаргачихсан учраас танайх Төрийн ордноо барь. Үгүй бол энэ мөнгийг өгөхгүй” гэсэн хариу өгөөд нам болгож байлаа. Яах ч аргагүй байдалд орсон. Монгол Улс хэд хэдэн удаа саналаа өөрчилж, амласан мөнгийг нь авах оролдлого гаргасан ч тухай бүрт татгалзсан хариу авч байлаа.

Тиймээс л тусламжийн мөнгийг нь авахыг хүсч байгаа бол Төрийн ордноо шинэчлэн барихаас өөр аргагүй болсон хэрэг л дээ. Юм мэддэг хүн бол үүнийг уншсан, үүх түүхийг нь ч мэдэж байгаа. Өдгөө соошл орчинд цуурч байгаа шиг мөнгийг нь авахгүй гэж хэлж болно. Эсвэл “Сургууль, цэцэрлэг барьмаар байна. Муу хаан чи шийдвэрээ өөрчил, тушаалаа цуцал” гэж жагсах боломж бидэнд алга. Хоёр улсын найрамдалт харилцаагаа бодсон ч өгсөн тусламжийг нь аваад Төрийн ордноо л барьчихъя. Харин хаана барих вэ гэдгээ ярих ёстой. Их тэнгэрт барьчихвал, өнөөдрийн байрлаж байгаа Төрийн ордны сууринд юу барихаа шийдэх ёстой болно. Засгийн газрын бүх яамдаа хуучин Төрийн ордонд нэгтгэх талаар инженер Б.Нацагням санал гаргасан байна билээ.

Харин Төрийн ордонг Баянхошуу, Сонгинохайрхан дүүрэгт барих боломжтой талаар инженерүүд санал гаргаж эхлэв. Үүнийг харин хоёр гараа өргөн дэмжиж, барихгүй гэвэл нийтээрээ гудам­жинд гарч зогсоод эсэр­гүүцэх ёстой.  Харин Ерөн­хийлөгч нь Их тэнгэрт амьдардаг гэдэг утгаараа наа­шаа зам хааж дав­хиж явснаас Их тэнгэрт байгаа хуучин орон сууцаа арчилж тордоод явахад болохгүй зүйл алга гэдгийг олон ч эрдэмтэд хэлж байх юм. Ингэснээр төвлөрөл саарна. Төрийн үйлчилгээ хотын төвөөс холдож гэмээнэ дагаад захын дүүргүүд хөгжих боломжтой. Ийм л энгийн зүйл. Нэг их улс төрийн том сэдэв болгож сүржигнээд байх зүйл ч алга. УИХ-ын гишүүд нь муу байж болно.

Гэхдээ төр лүүгээ бид нулимж болохгүй юм. Гуйлгачилж авсан мөнгөөрөө Төрийн ордон барих гэлээ гэж эсэргүүцэх хүн ч олон байгаа юм билээ. Мөн ч хийрхэж чадаж байгаа юм шүү. Тэгвэл гуйхгүйгээр барих боломжийг нь гаргаад өг. Тусгаар тогтносон улс орон мөн л юм бол хөгц чийг үнэртсэн, хана нь хоёр хуваагдчихсан өмхий саарал байранд хэдэн жил хэрэлдэх юм. Гадны зочид гийчдийг угтаж, үдэхдээ нүүр улайхгүй барилгад тусгаар улсын төр нь байрлах ёстой биз дээ. Төрийн тамга тэр дотор чинь байрладаг гэдгийг бид мартаад байх шиг.

Дахин хэлье. Асуудлын гол нь улстөрчиддөө биш монгол төр гэдгээс нь харж, өгсөн мөнгөөр нь Төрийн ордноо л барь. Уулаасаа ч 1951, 1961, 1981 онуудад урсгал завсар хийж, өдгөө засах гээд ч завсар авахгүй болчихсон барилга гэдэг нь худлаа биш. Ордны нэг давхарт орж үзсэн хүн бол үгээ хэлээд л хамраа дараад гарна. Хэдэн үйлчлэгч нь өдөр шөнөгүй ажилладаг тулдаа л зундаа хөгцний үнэр, өвөлдөө цан хүүргийг нь арилгаад байдаг юм. Нэг удаа хүчтэйхэн газар хөдлөхөд хэдэн зуун гэмгүй албан хаагчдаа, төр улсынхаа тэргүүнүүдтэй хамт дарж алахыг хүсээгүй л бол хоосон хийрхлээ зогсоож, тэр мөнгөөр нь ордноо барь. Хэ­дэн жил чихэр долоох юм бэ.