ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Д.Алтантулга: Зарим бөө нарын чамирхлаас болж амьтад сүйдэж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-02-26

Бөө, далд ертөнц, хий биет гэдэг зүйл хэзээч хуучрашгүй,сонирхолтой сэдэв байдаг. Ялангуяа бөө нарыг янз бүрээр хүлээж авдаг учраас тэд ямар хүмүүс болох, ямар үүрэг хариуцлагатай  байдаг талаар улаач Д.Алтантулгатай хөөрөлдлөө. 

-Юуны түрүүнд манай уншигчдад өөрийгөө танилцуулаач? 

-Мэнд амоор. Намайг тэнгэрт гал, газарт Дөл буюу тэнгэрийн минь нэрийг Дөл улаач гэдэг. Аав ээжээс минь өгсөн нэрийг Д.Алтантулга гэдэг. Би агь буриад гарвалтай. Аав  маань Ганболдын Дэмбэрэлсайхан  гэж Монгол Улсын гавьяат дасгалжуулагч хүн бий. Би аавынхаа удмын 13 дахь онгыг буулгадаг. Манай буриад жаягаар онгод тэнгэртэйгээ холбогдоод,  хэцээ дэлдээд,  хөвч тайга, мөнх тэнгэртээ мөргөсөн цагаасаа эхлээд 13 жил чанар,  бөөлөө хийж,  гурав, гурван жилээр шалгалт өгч, сурсан  мэдсэнээрээ түмэнд тусалж,  дом шидэлгээ сайн сурч байж зайран гэдэг цолондоо хүрдэг. Удгадуудын хувьд есөн жил энэ маягаар явж байж цолондоо хүрдэг учиртай. Буриад жаяг их хатуу. Халх жаягаар ярьвал удган, зайран хэмээн хүндлэлийн дээдээр хүндлэл хүлээгээд явдаг бол бид  зайран улаач гэж явдаг учиртай. Социализмын үед шарын шашинг дэлгэрэх үед бөө мөргөл, улаач нар лам захан дор нуугдсан. Тэрэнтэй холбогдуулж  Буриад бөө мөргөл шарын шашинтай их холбогдсон байдаг. Одоо дэлгэр сайхан цаг ирж,  хүний шүтэх, эс шүтэх эрх нээлттэй болсон учир ламын эд зүйлээс салгаж, хөвч тайга хангайгаагаараа явж, оюун бодлоороо цэгцэрсэн улаач нар болох ёстой гэж би боддог. Миний онгодууд ч ингэж захидаг даа. 

-Улаач болсон хүн  бүр үргэлж шалгалт  өгдөг гэсэн үг үү?

-Тийм. Гэхдээ энэ шалгалтыг  багш эсвэл  хэн нэгэн бөө авдаггүй. Тэдний дээр байдаг мөнх хөх тэнгэр авдаг. Гэтэл одооны шинэхэн улаач нар багшаа дагаж уул усны тахилга, хатуу үйлэнд явж байна. Харамсалтай нь тэд тахилга гэж юу болох, зөв онгод тэнгэр бууж байгаагаа ч мэдэхгүй, онгодын эрчим гэж юу болох зэрэг учир утгаа олоогүй  байдаг. Үүнээс болж бөө нарын  нэр хүнд унаж байна, болохгүй зүйл хийж байна,  шунахайн сэдлээр хандаж байна шүү дээ. Нэгдүгээр ангийн хүүхдэд ахлах ангийн хичээл зааж байгаатай адил хандаад  байгаад шүүмжлэлтэй ханддаг. Тэрэн шиг онгод буулгасан  эхний гурван жилдээ дөнгөж таньж мэдэж байдаг. Багшийнхаа хажууд байж өргөл мөргөлийг зэргэцүүлдэг, багш нь нэг өргөл өргөж байхад  шавь нь хоёр өргөл  өргөдөг гэх мэт цээрүүд  бий. Тэдгээрийг ойлгохгүй багштайгаа бөөлөөд  явахаар  энэ их олон жаяг, олон зам мөр гараад  байгаа гэж хардаг юм. Ганцхан жаяг байгаа. Энэ нь юу вэ гэвэл, мөнх тэнгэртээ мөргө, үнэн бай тэнгэрт  нийцүүлэн үйл хий,  бөөл гэдэг утга учрыг гаргаж байх ёстой л доо.

-Сүүлийн үед зөв буруу нь мэдэгдэхгүй бөө олноор төрж байна. Өвдсөн, зовсон хүмүүсийг онгодтой гэж бөөн бөөнөөр  нь босгож байна. Харамсалтай нь мөнгө хөөсөн хүмүүсийн олз болоод  байх шиг? 

-Зовсон, зүдэрсэн,  өвдсөн болгон  бөө болоод байдаг юм биш. Ялангуяа архинд орсон хүн  болгон бөө биш шүү. Бөөгийн уг, тамга тэмдэг гэж бий. Үнэхээр бөө хүн бол өөрт нь мэдэгддэг. Зүүд нойрондоо  янз  бүрийн юм хардаг, аливаа хий биетийг мэдэрдэг, бие нь өвддөг гэх зэргээр тухайн улаачид буух онгодууд мэдрүүлдэг. Гэхдээ тэр хүн зүгээр л жамаараа өвдөж байна уу,  үнэхээр онгод тэнгэр нь  шахаад тэр хүнийг өвтгөж байна уу гэдэг нь өөр өөр ойлголт. Та бидний аав ээж,  өвөө эмээгийн үед  бөө,  онгод  тэнгэр байсан уу гэвэл байсан. Миний дээр хэлсэн лам захан дор нуугдсан  байсан  нь  одоо  ил  болж байгаа гэсэн үг л дээ. Олон бөө төрөөд байгаа шалтгааны нэг нь таны хэлж  буй мөнгөний олз хайсан  бөө нар ихэссэн гэдэгт санал нийлнэ. Шавь нь багшаа хайдаг байсан бол,  сүүлийн хэдэн жил багш  нь шавиа хайдаг болчихож.  Мөнгөнөөс гадна хүний айдас, сэтгэл санаа,  зовлонгоор нь жаргал  хийдэг болчихлоо. Чи бөө болохгүй бол чиний ойр дотны хүн  үхнэ, чи өөрөө үхнэ гэж мунхруулдгийг  больмоор  байгаа юм. Сүүлийн үед  бөө бөөгийн бөөлөө өөр,  бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг үгийг хүн бүр хэлдэг боллоо. Уг нь үнэн үг юм шиг боловч, замхруулаад  байна. 

-Тэгэхээр олон бөө төрөх нь зөв үү, буруу юу?

-Олон бөө төрөх нь зөв.

-Яагаад? 

-Онгодууд  удамдаа буухдаа удмаа засаж,  заяа буяныг нь тэгшитгэх гэж л буудаг. Онгодоо үнэн зөв, сайхан буулгаад  явдаг улаач нар зөндөө байгаа. Нөгөө талаас онгодоо зөв авч явдаггүй, мөнгөний төлөө ашиглаад  байгаа учраас жирийн хүмүүс бөө нарыг буруутгаад  байдаг юм. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргидог үг байдаг шүү дээ. Удамдаа үйлээ хийгээд, хэн нэгэн нь зовж шаналахад дэм болчихдог,  бие нь өвдөхөд бариад домноод өгчихдөг бол яагаад олон бөө төрж болохгүй гэж. Тийм биз дээ. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрээд ирэхээр л бурууддаг. 

-Бөө мөргөл өөрөө шашин юм уу,  зан үйл юм уу? 

-Шарын  шашин гэж байгаа, шарын шашиндаа судар гэж бий. Тэр судрыг  би ч уншсан, та ч уншсан.  Чадаж л байгаа  бол тэр судар. Харин бөө мөргөлд судар шиг  уншдаг зүйл байдаггүй. Жишээгээр тайлбарлахад , та бид хоёр  адилхан бар жилтэй, эрэгтэй хүн байя гэж бодъё. Бөө мөргөлөөр бол надад хийх засал,  танд  хийх заслууд өөр байдаг. Тэгэхээр энэ нь ерөөсөө л  арга билэг,  дом,  зан үйл байгаа биз. Шарын шашинд энэ жил гахай жил гарч буй учраас бар жилтэй таны харш жил  гарчээ гээд ерөнхийд нь нэг ном уншчихдаг. Энэ мэтээс ялгаж ойлгох хэрэгтэй. 

-Бөө нар архи ууж хэрэг тарьсан,  онгод нь архи уугаад хүн зоддог тухай их  л яригдах юм? 

-Бөөлж байгаа хүн архи уух шаардлага байдаг. Түүнийг зөвхөн онгод нь л хэлдэг. Би хатуу үйлэнд орж байсан ч , миний онгод намайг нэг тагшаас илүү  архи уухыг зөвшөөрдөггүй. Онгодоо  оруулахын тулд архи уудаг, эсвэл онгод нь буучихаад архи нэхээд, хэдэн шилээр нь уугаад байдаг бол тэр зөв онгод  мөн үү гэдгийг бодох л  хэрэгтэй. 

-Бөө нарыг байгаль эх дэлхийтэй холбогддог гэдэг. Гэтэл хориотой ан амьтны эд эрхтэн,  арьсыг хэц хэнгэрэг, хуяг хударгаа хийхдээ ашиглаад байдаг нь харамсалтай санагддаг л даа.  Тэр эд зүйлүүдийг орлуулж болдоггүй юм уу?

-Миний хувьд энэ асуудалд сэтгэл их халаглаж байдаг. Дээр үед бөө байсан. Гэхдээ маш цөөхөн. Буга хандгай согоо нь элбэг байсантай холбоотой байх. Сүүлийн үеийнх шиг машин тэргээр дайрдаг, дуртайгаа бууддаг зүйл огт байгаагүй.  Хуучны хүмүүсээс араатан амьтанд бариулсан  ан амьтны арьсыг авч ашигладаг  байсан тухай сонсож л байсан. Гэтэл өнөөдөр хөдөө буга хандгайн арьсыг өндөр үнээр захиалж авах, шувууны толгой сарвууг  их ашиглаж байна. Дэлхий хүртэл даяаршиж, глобалчлагдаж байхад  бөө мөргөл ч гэсэн өөрчлөгдөж,  орчин үетэйгээ зарим талаараа нийцэх ёстой. Жам шүү дээ. Бөө хүн бүр хэц хэнгэргээ буга согооны арьсаар татна гэвэл, монголын бүх  сайхан амьтад дууслаа. Бүгд хуяг дээрээ  чонын арьс нөмөрнө гэвэл, чоногүй болно. Энэ болгоныг орлуулаад, домнож болно шүү дээ. Манай онгод л гэхэд намайг баавгайн арьс нөмөр гэж хэлсэн. Гэхдээ үслэг даавуугаар орлуулж хийгээд онгодоо барьсан. Би баавгай агнаад,  арьсыг нь элдээд нөмрөөд суухад байгаль  дэлхийдээ нүгэл  үйлдэж байгаа хэрэг. Дээрээс нь бидэнд хамааралтай хууль цааз гэж бий. Эрх зүйгээр бүгдийг нь  зааглаад  өгчихсөн байхад ийм юм байж болохгүй. Үнэхээр л онгод тань орж байгаа бол онгоддоо учирлаад ямааны арьсан хэц барих хэрэгтэй гэж хэлмээр санагддаг юм. Онгодууд тэрийг голдог ч гэсэн,  ойлгодог л  байхгүй юу. Бие  биенээсээ дээр гарах, чамирхах гэсэн улаач нар нэг талдаа байгаа. Би бугын арьсан хэц бариад явбал чамаас чадалтай, мундаг харагддаг  гэсэн цэцэрлэгийн хүүхдийн сэтгэлгээ яваад  байдаг. Одоохондоо монголын ямаа дуусах болоогүй байна /инээв/.

-Нэг хэсэг лам нар иргэдийг зоолж баяжсан. Одоо бөө нар иргэдийн  сүсэг бишрэлийг далимдуулж баяжиж байна гэдэгт та санал нийлэх үү? 

-Наадах чинь өрөөсгөл  ойлголт. Жаяг ёсноосоо гараад, онгодынхоо үгээр явахгүй, улаачийнхаа үгээр  байгаад  байвал бүгдээрээ л баяжина /инээв/. Онгод нь нэг үйл хийлээ гэхэд нэг хонины дэнчин тавиулаарай гэдэг бол, улаачийн сэтгэлгээгээр нэг шар үхэр гээд хэлчихдэг. Шунал нь дуусаагүй, шунаг  сэтгэлээ дараагүй,  сэтгэл нь засагдаагүй улаач нарын хийсэн үйл нь ингэж явсаар байгаад буруудаж эхэлдэг.  Би өнөөдөр хэр  сайн байна, төдий чинээ миний үр хүүхдүүд сайн явна. Хэрвээ би буруу явбал миний үр хүүхдүүдэд үйлийн үр ирнэ. Би буруу явбал үхэхдээ хүртэл гол минь тасардаггүй. 

-Танай онгодууд энгийн хүмүүст юу гэж, сургаж захидаг вэ? 

-Хөдөө явж байхад зам зуур байнга л том жижиг овоо тааралддаг. Хүмүүс өргөл өргөчихөөд сүүний сав,  архины шил,  чихрийн цаас,  аягаа орхиод явчихдаг. Тэрнийхээ оронд  ойр хавийнх нь хогийг нь түүж аваад, доошоо уначихсан чулуунуудыг нь босгоод, хазайсан зүйлүүдийг нь тэгшлээд явах хэрэгтэй гэж хэлдэг. Надад ч тэр,  миний шавь нарт ч хэлж захиж байдаг. Хүмүүс байгаль эх дэлхийтэйгээ их муухай харьцдаг. Галаа түүдэглэхдээ мод хугалж түлдэг.  Байгаль дэлхийгээ хайрлах сэтгэл тэр модыг тасалвал энэ гол  үгүй болно гэдгийг харж чадах ухамсраас эхэлнэ.   Хотоос машинтай  гарч  байж 5000 төгрөгөөр модоо худалдаад  авч болохгүй гэсэн зүйл байхгүй шүү дээ. 

-Өргөл өргөх гэснээс, монголчууд өргөлийг буруу өргөдөг тухай сонсож байсан юм. Тэр нь юу вэ гэхээр,  Монгол хүн  зулайгаараа хөх мөнх тэнгэртэйгээ холбогддог учраас малгайгүй, толгой нүцгэн өргөх ёстой гэж  байсан? 

-Малгайтай өргөх нэг хэсэг байна,  малгайгүй өргөх нэг хэсэг байна. Ёстой л нөгөө бөө бөөгийн бөөлөө өөр,  бүжин туулайн дэгдэлт өөр гэдэг үгийн жишээ энэ байна л даа. Би малгайгүй өргөдөг. Онгодынхоо сургаалиар малгайтай өргөл  өргөдөг ч улаач нар  бий. Таны хэлдгээр миний хувьд  мөнх тэнгэртэй­гөө зулайгаараа холбогдохын тулд  малгайгүй,  алгаа дээш нь харуулж байгаад  өргөлөө өргөдөг. 

-Танай болон онгодын тань хийсэн хамгийн том үйл ямар үйл байсан бэ? 

-Хоёр тод санаж байгаа үйл бий. Манай нэг найзын дүү надтай танилцуулж байсан нэг хүн бий. Тэр хүн  чөмөг  шилжүүлэн суулгах хагалгаанд орохгүй л бол амь насанд нь аюултай гэсэн онош гарсан юм билээ. Манайд эмнэлгийн  насилктай ирээд,  хоёр хөлөөрөө гараад явсан. Зарим хүн сонсвол итгэхгүй байх л даа. /инээв/ Тэр хүн миний онгодтой золгоод, онгод тэнгэртэй гэдгээ мэдсэн, биед нь наалдсан муу зүйлийг нь гаргасан,  зан үйл хийж өвчнийг нь  анагааж байлаа. Одоо эрүүл  саруул явж л байгаа. Мөн манай дүүгийн эхнэр бие давхар болсон ч, бие нь тавгүйрхээд  байхаар нь  эмнэлэгт очсон байгаа юм. Эмнэлгийн оношоор сав нь эхсээсээ ховхорсон  учир маргааш саваа цэвэрлүүл, хүүхэд нь амьгүй болсон гэж эмч нар хэлсэн. Тэгээд онгоддоо мэдүүлж, өргөл  өргөөд мэдрэмжээ сонсоход ямар нэгэн аргаар гурван өдөр бариа хий гэсэн. Бэрийн ах дүү нар итгэхгүй, маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан. Хүүхэд чинь гэдсэндээ амьгүй удаж болохгүй гэх зэргээр бэрийг олон хүн  загнасан,  шаардсан. Гэхдээ дүү бэр хоёр надад итгэсэн, би ч итгээд үз гэж хэлсэн. Нэг талаасаа өөрөө өөртөө тавьсан улаачийн цензур байгаа.  Тэгээд онгодынхоо тусламжтайгаар гурван хоног барилаа.  Бэр ч дахин ЭХО-оор харуулахад хүүхдийн зүрх цохилж байсан гэх зэргээр чамгүй үйл хийж байсан. Одоо тэр хүүхдийг харах болгондоо онгодоороо бахархах сэтгэл төрдөг. Тэр хүү зургаан настай. Миний хүүхдүүдтэй тоглож наадаад л явж байна. Бас л тухайн үедээ бусад  улаач нар шиг  өөрийгөө үгүйсгэдэг байсан. Би бөө мөн үү,  үнэн юм уу гэж. Тэр хүүхдийг хараад  би бөө мөн юм байна гэж бат итгэсэн.