ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Сансрын эмээ”

Ц.ЭНХТҮВШИН
2019-02-26

“Сансрын эмээ минь ингэдэг, сансрын эмээ минь ингэдэг” гэх  хэдэн хөвгүүний дуу цовоо. Хөвгүүдээс дутахгүй гэх шиг  бяцхан охин ч эмээгийнхээ тухай гайхуулна. Хүүхэд гэдэг ийм л хөөрхөн. Хэн тэдэнд ойр, хэн түүнд хайртайг андахгүй. Ингээд сансрын эмээтэй уулзаж өдөр тутмын амьдралынх нь хэмнэлийн талаар ярьж суух нь ээ өнөө цагийн монгол эмээ нар, тэр тусмаа хот суурин газрын эмээ, өвөө нарын нийтлэг төрх харагдах аж. Сансрын эмээ ач, зээ олонтой өнөр бүлийн өрлөг ээж. Ачийнх нь нагац эмээ өвөө нар “сүрхий” улс тул ачийг нь аргалаад байдаг гэнэ.

Харин зээ нарынх нь өвөө эмээ нар “ажлаар түрий барьж хэнхэглээд” ач зээ нараа харах заваар хомс, бараг л “хөдөлмөрийн баатрууд”. Хүний амьдрал, тэр тусам хотын залуусын жишгээр аав ээжүүд нь ажилдаа гүйцгээж ар талын хамаг ажлыг амжуулах үүргийг эмээ гүйцэтгэнэ. Түүний ажлын хуваарь өглөөний 07:00 цагаас эхэлнэ. Ээж, аавууд нь ажилдаа явахаас өмнө амжиж хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгдөг ч эмээ тэднийг гарахад нь “Ам хамраа сайн боож уу, гутал хувцсаа бүрэн өмсөж үү” гэсээр эхэлнэ. Ах нарыг сургуульд үдсэний дараа цэцэрлэгийн охиныг сэрээх, хөнгөн цай уулгах, хувцаслах гээд ажил өрнөнө. Бяцхан гүнжийг хувцаслаж гоёно гэдэг бөөн асуудал.

Өглөө өмсүүлэхээр урд орой нь бэлдэж тавьсан хувцаснаас гэнэт л татгалзана. Охид л болсон хойно ааш нь багадахгүй. Тэрийг зүүнэ, энийг өмсөнө гэсээр цагтай уралдах эмээгээ хэрдээ л тэвдүүлнэ. Ингээд цэцэрлэгийн багшид зээ охиныхоо халуун чихийг атгуулчихаад гэр өөдөө дэгдэх аж. Ажил, сургуультай улсын уусан идсэн аяга тавгийг угааж, унтсан ор дэвсгэрийг хураах гээд эмээгийн ажил мундах биш. Ийн байтал эхний сурагчийн хичээл тарах  болж эмээ сургууль өөд жирийнэ. Түүнийгээ авчраад хувцас хунарыг нь сольж, унд цайг нь уулгаж байтал дараагийн хүүхдүүдээ авах цаг болсон байна. Эмээ эргээд л сургууль өөд гүйнэ. Ийнхүү сургуулийн нөхдийг бөөгнүүлсээр байтал үд өнгөрнө.

Өдрийн албаа хаагаад ирсэн хөвгүүдийг хувцас солиулах, хооллож, ундлах зэрэг ажлуудыг амжуулаад хэсэг амраана. Амраана ч гэж эмээгийн санаа бол тэднийг бага ч болов унтуулахыг хичээнэ. Арай бага ангид байхдаа эмээгийн үгээр байдаг байсан нөхөд анги жаахан дээшлэх тусам бяцхан “томорно”. Нэг ёсондоо хөвгүүдийг өдөр унтуулна гэдэг чухлаас чухал ажил. Тэднийг унтаад өгмөгц эмээ босон суун ажилласаар байтал бяцхан гүнжээ цэцэрлэгээс авах болчихно. Ийнхүү албанд явсан бүхнээ бөөгнүүлж дуусаад энэ өдрийн хамгийн чухал бас нэг ажлыг хийнэ.

Тэр нь даалгавар хийлгэх. Хөвгүүдээ аргадаж нэг, аашилж нэг аягласаар цагтаа Их сургуулийн багш байсны хэргийг гаргаж “нөхдийн” даалгаврыг хийлгэж дуусна. Ингээд оройн хоолны бэлтгэлдээ шуурхайлан орно. Ээж аавууд нь эрт ирвэл эмээ хоолны ажлаас тэгэсхийгээд чөлөөлөгдөнө. Тэд оройтож ирэхээр бол оройн хоол яалт ч үгүй эмээгийн ажил. Эмээг хоолоо бэлтгэж байх зуур даалгавраа хийж дууссан нөхөд зурагт үзсэн шиг суух ч “Эмээ энэ ингээд байна.Эмээ тэр тэгчихлээ...”гэх дуу тасрахгүй. Энэ бүхэнд эмээ шүүгчийн ажлыг давхар гүйцэтгэнэ. Сар, улирлын эцэст ээж, аав нар нэлээдгүй оройтож ирэх нь ч бий. Тийм үед эмээ бас ээжийн үүргийг гүйцэтгэж нөхдийг унтуулна.

Маргаашийнх нь бэлтгэлийг хангана. Арай томхон шиг нэгнийг нь дайчилна. Ингээд өдрийн хамаг ажил дуусна. Эмээ өөрийн өрөө рүүгээ орж ТВ-гээ асааж мэдээгээ харж, дуртай нэвтрүүлэг, кинонуудаа үзнэ дээ. Ийнхүү сансрын эмээгийн ажлын нэг өдөр өндөрлөнө. Гэхдээ эмээгийн өдрийн ажил дууссан ч тэр сэтгэл амар унтахгүй гэмтэй хүн. Багачууд хөнжлөө хучиж уу, тийрч орхиод нүцгэн унтаж жиндэх вий гэх зэргээр эргүүлийн ажлыг шөнө дунд хэд босч хийнэ. Энэ эмээг “сансрын” хэмээн тодотгохын учир ач зээ нар нь түүнд өгсөн нэр. Багачууд нөгөө эмээ нараа “Бүдүүн эмээ”, “Бор нуурын эмээ” гэж  нэрлэдэг бөгөөд сансрын хороололд амьдардаг энэхүү эмээгээ “Сансрын эмээ” хэмээн хүндэлдэг гэнэ лээ.

Сансрын эмээ гавьяаны амралтад гарахаасаа өмнө Их сургуульд багшилж байсан сурган хүмүүжүүлэгч. “Хүүхдүүддээ туслах нь эцэг эх бүрийн нь сэтгэл шүү дээ. Энэ сайхан амьтдыг харахгүй, хайрлахгүй гээд яах вэ” хэмээн ярих сансрын эмээгийн нэгэн өдрийг сурвалжилахад ийм байна. Сансрын эмээгийн жинхэнэ нэр нь Даваагийн Баттуул юм шүү дээ. Сансрын эмээ багачуудаа харахын дээр ном бичих, бас бусдын номыг хянах гээд ажил ихтэй. Хамт суралцаж байсан найз нөхдөө эргэж тойрох гээд бас “хүмүүнлэг”-ийн ажил хийхээ орхихгүй. Энэ нь сансрын эмээгийн бямба, ням гарагийн ажил. Энэ өдрүүдэд багачуудыг ээж, аав нь хардаг хэдий ч оройдоо эмээг ирэхэд “шуурхай мэдээлэл, зарга, бас бяцхан гайхуулал”-аар зэрэг зэрэг шуугисаар багачууд нь угтана. Шүүн тунгаах ажил, шүүмжлэл магтаал өрнүүлсээр эмээ тэдэнтэйгээ уулзана даа. Энэ чинь л эмээгийн жаргал шүү дээ.