ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Хөдөө аж ахуйн яамныхан Японд “номын дуу” сонсч байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-26

Япон Улс, Монгол Улсын Засгийн газрын Техникийн туслалцааны хамтын ажиллагааны хүрээнд Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Агентлаг (ЖАЙКА), Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хамтран 2019 оны 2 дугаар сарын 10-наас 3 дугаар сарын 2-ны өдрүүдэд Япон Улсын Хоккайдо мужийн Токачи бүс нутгийн Обихиро хотод “Бүс нутгийн жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Онол, үйлдвэрлэлийн дадлага хосолсон сургалтад ХХААХҮЯ, Өмнөговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон Хэнтий, Булган аймгуудын Хүнс, хөдөө аж ахуйн газар, МАКУ ХХК, Силк роуд мэжик ХХК, Файн чийз ХХК, Сүүн билэгдэл ХХК, Монфрэш ХХК, Тэрэлж-бүл нөхөрлөл зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.

Хоккайда мужийн Токачи бүс нутаг нь Япон Улсын хойд хэсэгт байрладаг, 10831 км2 нутаг дэвсгэрийг хамран оршдог, 343 000 хүн амтай. Улсын хэмжээнд улаан буудай, төмс, шош, эрдэнэ шиш, урт төмс зэрэг олон төрлийн хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр тэргүүлж, фермерийн аж ахуй, сүүний чиглэлийн үхрийн тоо, аж ахуй эрхлэгчдийн тоогоор муждаа дээгүүрт ордог бөгөөд Хоккайдо мужийн сүүний үйлдвэрлэлийн 27 хувийг ханган, жилдээ 97,4 тэрбум иений борлуулалт хийдэг байна. Тус бүс нутгийг “Food valley Tokachi” гэж нэрлэн, тусгайлан зөвлөл байгуулж, үйлдвэрлэл, санхүүжилт, судалгаа, зөвлөх үйлчилгээг нэгтгэн, нэмүү өртөг шингээсэн ХАА, хүнсний үйлдвэрлэлийн бүс болгон хөгжүүлж байна.   “Бүс нутгийн жижиг, дунд аж ахуйн нэгжийг хөгжүүлэх” сургалтын хүрээнд манай улсын бяслаг үйлдвэрлэгчид Токачигийн “Кантри хоум фүүкэй”, “Токачи формаж" ХК, “Кёдогакүша Шитоку ферм”, “Ханда ферм” зэрэг сүүний фермер, сүү боловсруулах үйлдвэр, бяслаг үйлдвэрлэгчдийн үйл ажиллагаа, шинэ техник технологитой танилцаж байна.

Мөн Монголын бяслаг үйлдвэрлэгчид өөрсдийн бүтээгдэхүүнээс Японы мэргэжил нэгт бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, мэргэжлийн бяслаг урлаачдад танилцуулан, харилцан туршлага солилцож, үнэтэй зөвлөгөө авлаа. Туршлага солилцох уулзалтад "Токачи формаж" ХК-ийн ТУЗ-ийн дарга Сэкибэ Норио, Хоккайдогийн жижиг, дунд компаниудын холбооны Токачи дахь салбарын ерөнхий нарийн бичгийн дарга Ёнэки Минору, Обихиро хотын Мал аж ахуйн их сургуулийн профессор Фижикура Южи нарын мэргэжлийн хүмүүс оролцов.

Токачи нутгийн гол үйлдвэрлэл болох хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг бэхжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор аж үйлдвэр, их сургууль, төрийн байгууллагын түншлэлээр “Бүс нутгийн хамтын ажиллагааг дэмжих төв”-ийг Обихиро хотын Мал аж ахуйн их сургуулийн дэргэд байгуулжээ. Тус төв нь бизнесийн, хүнсний бүтээгдэхүүн аюулгүй байдлын менежментийн, ХАА-н үйлдвэрлэлийн курс сургалтуудыг явуулдаг бөгөөд ЖДҮ-ийн бүтээгдэхүүн боловсруулагчдад HAACP тогтолцоог нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэн, санхүү татаасын бодлогыг авч хэрэгжүүлдэг байна.

ХХААХҮЯ-аас энэ онд Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөрийг шинэчлэн боловсруулж байгаатай холбогдуулан Япон Улсын ХАА, ЖДҮ-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх тогтолцоо, кластерийн системийг хэрхэн оновчтой ашиглан хоршиж байгаа талаар “Хоккайдо мужийн жижиг, дунд аж ахуйн нэгжид нэгдсэн дэмжлэг үзүүлэх төвЖижиг, дунд компаниудын холбооШинсацүнай үйлдвэрлэлийн холбоо, JA (Хөдөө Аж Ахуйн Хоршоолол)-ны холбогдох төлөөлөлтэй уулзаж ярилцан, туршлага судлан ажиллаж байна.