ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Сурахбаяр: Хөрөнгө оруулалтын болон хуримтлалын хоёр сан байх боломжтой

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-03

Саяхан Төрийн ордонд зохион байгуулагдсан Баялгийн сангийн тухай хэлэлцүүлэг, уулзалтын үеэр  “Эрдэс баялгийн эрх зүй судлалын сан” ТББ-ын судлаач Г.Сурахбаярыг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж, ярилцлаа.

-Баялгийн сан байгуулах талаар ярьж байна. Хүмүүс, ард иргэд энэ сан ямар зорилготой вэ гэдгийг сайн мэдэхгүй байгаа. Мөнгө хуримтлуулж байгаад ир­гэд­дээ дараа нь өгөх гээд байгаа юм уу. Эсвэл ирээ­дүйд хуримтлагдсан мөн­гөөрөө бүтээн бай­гуулалт хийх үү. Ер нь Монголд ийм сан байгуулах шаард­лагатай юм уу гэдэг асуулт ч гарч байна. Судлаач хүний хувьд та ямар байр суурьтай байна. Та аль болохоор уншигчдад ойл­гомжтой, энгийн байдлаар тайлбарлаач?

-Миний хувьд Баялгийн сангийн тухай нарийвчлан судладаг гэхээсээ илүү эрдэс баялгийн болон бизнес, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг сайжруулахыг зорьж явдаг судлаач хүн. Таны хүсэлтийн дагуу Баялгийн сангийн тухай аль болохоор уншигчдад ойлгомжтой, энгийн байдлаар хоёулаа ярилцах нь зүйтэй байх. Ер нь 2000 оноос хойш дэлхий дээр 40 гаруй Баялгийн сан байгуулагдсан тоо баримт бий. Гэхдээ анх 1800-аад оны үед ийм сан дэлхий дээр анх байгуулагдаж байсан түүхтэй. Олон төрлийн зорилго, чиглэлтэй сангууд байна. Монголд ямар асуудал байна вэ. Өнөөдөр бид газрын доор байгаа баялгаа олборлоод, хэрэгцээгээ хангаад байна. Харин хойч үедээ бид юу үлдээх вэ. Байгалийн баялаг гэдэг хэзээ нэг өдөр дуусах магадлалтай. Тэр үед яах вэ гэдэгт төр засгийнхан төдийгүй энгийн иргэд ч санаа зовж байгаа. Тиймээс ирээдүйдээ зориулж энгийнээр хэлбэл хадгаламж үүсгэе, хойч үедээ үлдээе гэж байгаа юм. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байсан ч, хямдарсан ч энэ тэр хадгаламж руугаа тодорхой хэмжээнд мөнгө төгрөг хийдэг байя гэж зорьж байгаа. Үүнийгээ л баялгийн сан гэж нэрлээд байгаа юм. Монгол Улсын хувьд Баялгийн сан байгуулах хэрэгцээ байна уу гэвэл тийм. Манай улсын эдийн засаг ямар билээ. Эдийн засаг өсөж, томорч байж ард иргэд та бидний амьдрал сайжирна. Өнөөдөр олсон бүх орлогоороо хөрөнгө оруулалт хийгээд, төсвийн болон бусад зүйлдээ зарлагдаад байж болохгүй. Тодорхой байдлаар хадгалж, олон улсын зах зээлд хөрөнгө оруулах байдлаар өсгөж, үржүүлэх шаардлага байна. Улмаар өсгөж, үржүүлж олсон мөнгөнийхөө тодорхой хувиас  тухайн үед нь хөрөнгө оруулалт хийх байдлаар ашиглаж,  улс орондоо хэрэгтэй зүйл хийвэл ашигтай.

-Ирээдүйд Баялгийн сандаа овоо хэдэн сая, магадгүй тэрбумаар тоологдох ам.доллартай болчихлоо гэж бодъё. Тэр мөнгөөрөө юу хийвэл илүү үр ашигтай байдаг юм бол. Иргэддээ хувь болгоод тараачих юм уу. Эсвэл хөрөнгө оруулалт хийгээд л өсгөөд байх уу?

-Тодорхой байдлаар хуримтлуулсан мөнгөө буцааж зарцуулдаг жишиг дэлхийд байхгүй. Ямар ч байсан хуримтлуулсан хэмжээгээ байлгаж байх ёстой. Харин мөнгөө өсгөөд, тэндээс олсон нэмэлт ашгийг хэрэглэж, тухайн үедээ хөрөнгө оруулалт хийж явдаг. Энэ бол дэлхийд байгаа бүх Баялгийн сангуудын ажиллаж байгаа зарчим. Өөрөөр хэлбэл, хотонд байгаа хониноосоо идшинд хэрэглэдэггүй. 100 хоньтой байлаа гэж бодоход, тэр тоогоо барина, харин үр төлөөр нь амжиргаагаа залгуулах, гэр орондоо хөрөнгө оруулалт хийх, машин тэрэг, байр сав худалдаж авна гэсэн үг. Энгийнээр жишээ татахад, яг ийм зарчмаар Баялгийн сангууд ажиллаж байгаа. Тэгж байж анх хуримтлуулсан мөнгө нь байж байдаг. Энэ бол хамгийн үр ашигтай механизм. Монгол Улс сан гэж үүсгэн байгуулсан. Тэр сандаа тодорхой хэмжээний мөнгө хуримтлуулсан. Харамсалтай нь эргээд тэр хуримтлалаа бүгдийг нь зарцуулаад, ашиглаад дуусгачихсан. Ингээд сан нь хоосорчихсон. Сүүлийн 10, 15 жилийн хугацаанд бий болсон “Хувь хүний хөгжлийн сан”, “Монгол Улсын хөгжлийн сан” нэртэй сангууд яагаад амжилттай ажиллаж чадсангүй вэ. Уул уурхайгаас ч юм уу, татвараас орж ирсэн орлогоосоо тэр сангуудад мөнгө хийж, хуримтлуулсан боловч түрүүнч хэлсэнчлэн хуримтлалаа эргүүлээд нэг ч төгрөг үлдээлгүй, бүүр өр үлдээгээд зарцуулчихсан. Ингээд л ямар өгөөж өгөлгүй дууссан. Өнөөдрийг хүртэл иргэд сангийн үр өгөөжийг ойлгохгүй, бухимдаад байгаагийн цаад учир нь ердөө л энэ. Гэхдээ иргэд бид өөрсдийгөө бухимдуулах биш энэ улс төрчид биднийг ингэж бухимдуулах ажлыг хийсэн улс л даа. Олон улсын жишгийн дагуу менежментээ хийж чадаагүй учраас сангууд өгөөж өгсөнгүй. Энгийнээр хэлбэл, ач хүүд минь өвлүүлээрэй гэж авсан өвөөгийн өвлүүлсөн эмээлийг эцэг нь өөрийнхөө тухайн үеийн хэрэгцээнд зарцуулж, иж-планет-5 мотоцикл авч унаад дуусгасан гэсэн үг. Тэгэхээр хүүхэддээ юу үлдээх билээ.  

-Манай улс сан байгуулах оролдлогыг дөрвөн удаа хийсэн. Шаардлагатай хууль, тогтоомжийг тухай бүрт нь гаргаж байсан юм билээ. Гэтэл өнөөдрийг хүртэл сан бодитоор бий болоогүй шалтгаан нь энэ байж. Одоо дахиад л Баялгийн сан гээд яриад байна. Хуучин байгуулахаар оролдож байсан сангуудаа нэгтгээд, алдааг нь засаад, төгөлдөржүүлэх гээд байна уу. Эсвэл цоо шинээр сан байгуулах гээд байгаа юм болов уу. Та юу гэж харж байна?

-Яг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа “Ирээдүйн өв сангийн тухай хууль” гэж бий. Энэ хуулийн дагуу “Ирээдүйн өв сан” гэдэг санг 2018 оны нэгдүгээр сарын 1-ий өдрөөс эхлэн байгуулсан. Одоогоор энэ сангийн үйл ажиллагааг Сангийн яам хариуцаж байгаа. Өмнө нь гурван удаа өөр сан байгуулахдаа гаргасан алдааг давтахгүйгээр, олон улсын буюу бидний жишээ татаад яриад байгаа Норвегийн, Аляскийн сангийн зарчмаар ажиллах юм гэж ойлгож яваа. Энэ санд мөнгө хуримтлуулаад эхэлчихсэн. 2030 он хүртэл мөнгөө хуримтлуулна. Тэр хүртэл нэг ч төгрөг тэр сангаас гаргахгүй, зарцуулахгүй. Гэхдээ байгууллага юм чинь ширээ, сандал, ажилчдын цалингаас эхлээд тодорхой зардал гарч таараа. Тэр зардлуудаа л гаргах юм. Бусдаар нэг ч төгрөгийг энэ сангаас авч, зарлагдахгүй гээд хуульчлаад өгчихсөн. Үүний зэрэгцээ сүүлийн үед Баялгийн сан гээд нэлээд яригдаж байна. Энэ талаар хариуцаж, санаачилж байгаа албаны хүмүүсээс нь тодруулбал илүү нарийн мэдээлэл өгөх байх. “Ирээдүйн өв сан”-г ямар ч гэсэн байгуулчихсан, үйл ажиллагаагаа эхэлчихсэн явж байгаа. Хуулийг нь Ц.Элбэгдорж гуай Ерөнхийлөгч байхдаа ахалж ажилласан санагдаж байна. Энэ хуулийн тогтолцоо, зарчим нь нэлээд шинэлэг, орчин үеийн хатуу зохицуулалттай хууль болсон гэж бий ойлгодог. Хамгийн наад зах нь энэ сангаас 2030 он хүртэл зарлага гаргахгүйгээр хамгаалж өгсөн. Гэхдээ 2030 он хүртэл юу ч болж магадгүй. 2020, 2024, 2028 оны парламент энэ хуулийг өөрчлөх шийдвэр гаргахгүй гэх баталгаа байхгүй. “Ирээдүйн өв сан”-г цаашид алдаатай болгохгүйн тулд өнөөдрөөс эхлээд үйл ажиллагаа нь, хариуцаж байгаа албан тушаалтнууд нь ил тод байх хэрэгтэй байна. Тэгвэл ард түмэн энэ сангийнхаа талаар илүү мэдээлэлтэй болно. Ард түмэн мэдэж байгаа зүйлийг улстөрчид тэр болгон барьж аваад, хөндөөд байхгүй. Яагаад гэвэл улстөрчид сонгогчдоос цуглуулдаг оноогоо боддог учраас ард түмний өмчтэй холбоотой нарийн асуудлыг оролдохгүй. Тиймээс “Ирээдүйн өв сан”-г цаашид гарч болох эрсдэлээс хамгаалах хамгийн гол хамгаалалт нь ил тод байдал. Ямар орлого, зарлага гардаг юм гэдгээс авахуулаад энгийн иргэдэд ойлгомжтойгоор тайлагнадаг байх хэрэгтэй. “Ирээдүйн өв сан”-гаас өөр, тусдаа сан Монгол Улс байгуулж болно. Олон улсад тийм жишгүүд бий. АНУ, Канадад  гэхэд л хэд хэдэн мужуудад тусгайлсан, бие даасан сангууд байдаг. Тэгэхээр хоёр сан байгуулаад, зэрэгцүүлээд ажиллуулаад явахад буруу юм байхгүй. Миний хувьд орд газруудаас бий болсон орлогоос хуримтлуулсан мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг, хөрөнгө оруулалтын сан байгуулах юм болов уу гэж ойлгож байгаа. Гэхдээ байгуулагдах зорилго, үйл ажиллагааны чиглэл нь маш тодорхой байх ёстой. Яг яах гэж байгаа юм, хаанаас, ямар орлого олох билээ. Жишээлбэл, “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагаанд тулгуурлаад, сангийн хэлбэр бий болгож болно, мөнгөө уул уурхай болон дэд бүтцийн салбарт хийж болно. Ингэвэл ард түмэн дургүйцэхгүй байх. Хамгийн гол нь орлогоо, зээл тавихгүйгээр ингэж, тэгж олно, ийм, тийм зүйлд зарцуулна гэдэг нь маш тодорхой л байх ёстой. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа,  зорилго чиглэлийг тодорхой тодорхойлох хэрэгтэй. Тэгвэл сангуудын хөрөнгө нэмэгдэнэ, эргээд улс орон, ард иргэдэд үр өгөөжөө өгнө. 

-Норвегийн жишиг гэж маш их ярьж байна. Тэр улсын байгуулсан Баялгийн сан нь ямар жишгээр үйл ажиллагаа явуулдаг юм. Тэр жишгийг нь авахад манайд тохиромжтой юу?

-Манайхан Норвегийн жишээг татаж, олзуурхаж ярьж байгаа нь энэ жишгийг нь авах боломжтой учраас тэр болов уу гэж би ойлгодог. Энэ сангийн талаар ерөнхий мэдээлэл өгөхөд энэ сан нь хуримтлуулсан мөнгөөрөө дотооддоо хөрөнгө оруулалт хийдэггүй, гадаадад хөрөнгө оруулалт хийдэг юм билээ. Тэгэхдээ маш үр ашигтай, дампуурахгүй байх нөхцөл бүхий, Олон улсад үйл ажиллагаа нь ил тод байдаг компаниудыг сонгож, тодорхой хувиар хөрөнгө оруулалт хийнэ. Өөрөөр хэлбэл, нэг компанид бүх мөнгөө 100 хувь өгчихдөггүй гэсэн үг. Тодорхой хэмжээний шалгууртай. Баялгийн санд хэдэн ч төгрөг, эсвэл ам.доллар цугларч болно. Тэр мөнгөөр дотооддоо хөрөнгө оруулалт хийнэ гэдэг зарчмын хувьд таарахгүй. Тиймээс гадаадын компаниудад л хөрөнгө оруулбал илүү ашигтай байж таарна. Манай төр засгийнхан ч ингэж бодож, Норвегийн жишгээр сан байгуулах гэж ярьж байгаа болов уу гэж ойлгож байна. Олон улсын хөрөнгийн биржүүдэд нээлттэй үйл ажиллагаа явуулдаг компаниудын хувьцааг худалдаж авах замаар хөрөнгө оруулалт хийж болно. Гэхдээ гадагшаа хөрөнгө оруулж байна гээд оффшор бүсэд байрлалтай компанид өгнө гэвэл хуулиараа ч хориотой, мөн хөрш улсуудад очоод, нэг газар барилга бариад, түүнийгээ зарна гэсэн үг биш. Дэлхийн баялгийн сангууд Олон улсын бондыг худалдаж авах, эсвэл Олон улсын хөрөнгийн биржид ил тод, нээлттэй үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын хувьцаанаас худалдаж авах маягаар ажилладаг. Жишээлбэл, бидний гар утсыг нь хэрэглэж байгаа “Apple” компанийн хувьцаанаас авч болно гэсэн үг. 

-2030 он гэхэд “Ирээдүйн өв сан” тавьсан зорилгодоо хүрч чадах уу. Дахиад өөр сан байгууллаа ч гэсэн яг зорилгодоо хүрэх боломж бий юу. Та юу гэж харж байна?

-Би хөрөнгө оруулалтын болон хуримтлалын хоёр сан байх нь зөв гэж бодож байгаа.  Одоо ажиллаж эхэлсэн “Ирээдүйн өв сан” бол хуримтлалын сан. Мөнгөө хуримтлуулна, үрэхгүй. Гэхдээ тодорхой байдлаар хуримтлалаа эргэлдүүлнэ. Харин одоо төр засгийнхны яриад байгаа санг би хөрөнгө оруулалтынх юм байна гэж ойлгож байгаа. Тодорхой байдлаар олсон орлогоосоо нэмэлт хөрөнгө оруулдаг. Төсвөөс гадна нэмэлт хөрөнгө оруулалт оруулж байж дэд бүтцийн болоод ашиг өгөх төслүүдээ босгох зорилготой болов уу гэж бодож байна. 2030 он хүртэл нэг ч байна уу, хоёр ч байна уу сан үйл ажиллагаа явууллаа гэж бодъё. Үр дүнтэй байх уу гэдэг нь биднээс өөрсдөөс л шалтгаална. Хэрэв бид хуулиа өөрчлөөд, сангийнхаа хөрөнгийг авч идвэл үр дүнд хүрэхгүй нь ойлгомжтой. Харин өөрсдийгөө улам чадавхижуулаад, хатуу дүрэм, журам тогтоож, олон нийтэд ил тод, нээлттэй байлгаж, тайлан тооцоогоо цагт нь өгдөг системийг нэвтрүүлээд явбал бүтэхгүй ажил гэж байхгүй, улам л өнгө орж, гэрэлтэнэ. Энэ бүх зорилгод хүрэхэд хамгийн гол нөлөөлөх зүйл нь өнөөдрийн байдлаар уул уурхай л байна. Уул уурхайгаас Монгол Улс төсвийнхөө орлогын 30-аад хувийг бүрдүүлж байгаа. Одоохондоо үүнээс өөр их орлого олохоор салбар одоохондоо манайд хөгжөөгүй. Хөдөө аж ахуй, аялал жуулчлал, газар тариалан гээд бүхий л салбар чухал. Гэхдээ чанараараа, өрсөлдөх чадвараараа уул уурхайгаа гүйцэх арай болоогүй байна. 2030 он хүртэл бид уул уурхайгаа хөгжүүлэх ёстой. Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгодог, аль болох хямд өртгөөр олборлодог, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг болох л хэрэгтэй гэсэн үг. Ингээд хуримтлалын сангаа ч хөгжүүлж, эдийн засгаа ч сайжруулах ёстой. Тэгээд илүү гардаг бол хөрөнгө оруулалтын сангаа бий болгоод, эрчим хүч, уул уурхайн бусад төслүүдээ дэмжээд ажиллавал болно гэсэн өөдрөг бодолтой л яваа даа.