ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ким Жон Ун, Доналд Трампын уулзалтаас үр дүн гарсангүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-03-03

Нэгэн цагт цөмийн зэвсгийнхээ хүчээр далайлган, нэг нэгнийгээ сүрдүүлж, заналхийлж байсан АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд өнгөрсөн жилийн зургадугаар сард нэг эрх ашгийн дор нэгдэж, түүхэн уулзалт хийсэн билээ. Сингапурын “Энхтайван” гэгдэг Синтоза аралд болсон тэдний уулзалт найрсаг уур амьсгалтай болсон ч, хоёр удирдагч Солонгосын хойгийн цөмийн зэвсэггүй болгох чиглэлд тодорхой тохиролцоонд хүрч чадаагүй юм. 

Уулзалтын дараа Пхеньян хүйтэн дайнд амь үрэгдсэн Америк цэргүүдийн цогцсыг үе шаттайгаар эх орон руу нь буцааж, зарим цөмийн зэвсэг турших талбайгаа устгасан. Гэвч, АНУ-ын талаас тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээгээ нэгийг нь ч сулруулаагүй билээ. Ийн бүрхэг байдалтай өндөрлөсөн уулзалтын дараа хоёр орны удирдагчид дахин хэлэлцээрийн ширээний ард суух болсон байдаг. Харин тэр нь өнгөрсөн долоо хоногт Вьетнамын нийслэл Ханой хотноо боллоо. Дээд хэмжээний уулзалт хоёр өдрийн турш үргэлжилсэн юм. Гэвч, уулзалтын төгсгөлд АНУ-БНАСАУ-ын Ерөнхийлөгчид ямар нэг гэрээ хэлэлцээр байгуулсангүй. Түүнчлэн, хамтарсан мэдэгдэл ч гаргасангүй. Тэр бүү хэл, дараа дахин уулзах эсэх нь тодорхойгүй байдалтайгаар өндөрлөв. Тэд тохиролцоонд хүрч чадсангүй. Удирдагчид уулзалтын хоёр дахь өдөр хамтдаа үдийн зоог барьсны дараа баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёстой байсан юм. Гэвч, эдгээр үйл ажиллагаа цуцлагдаж, хуваарьт хугацаанаас хоёр цагийн өмнө Ханойг орхижээ. 

Уулзалт ийн өндөрлөв. Гэхдээ хоёр талын төлөөлөгчид яриа хэлэлцээр цаашид үргэлжилнэ гэдгийг тодотгож байлаа. Ханойд Д.Трамп, Ким Жон Ун нар ганцаарчилсан уулзалт хийсний дараа өргөт­гөсөн бүрэл­дэхүүн­тэйгээр хэлэлцээр хийсэн байна. Уулзалтын эхний өдөр талууд нэг нэгэндээ нялуун үг шидэлцэж байсан бөгөөд энэ нь уулзалт амжилттай болох байх гэсэн найдвар төрүүлж байсан. Тухайлбал, Ким сэтгүүлчийн асуултад цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Д.Трамп БНАСАУ-ын эдийн засгийг хөгжүүлэхэд туслах боломжтой хэмээсэн билээ. Мөн аль аль нь уулзалт амжилттай болно гэж найдаж буйгаа илэрхийлж байлаа. Гэсэн ч тэд тохиролцоонд хүрч чадсангүй. Учир нь цөмийн зэвсгийг халах чиглэлд аль аль нь харилцан зөрүүтэй байр суурь баримталж байсанд оршино. БНАСАУ цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн гэдгээ удаа дараа илэрхийлж буй. Гэхдээ хариуд нь АНУ-аас аюулгүй байдлын баталгаа хүсч байгаа юм. Мөн тус улсын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээг цуцлуулах болзол тавьж байгаа аж. БНАСАУ-ын талаас НҮБ-аас тус улсын эсрэг авсан 11 хориг арга хэмжээнээс тавыг нь цуцлах санал тавьсан байна. Энэ байр суурь нь дараагийн удаа уулзалт болсон ч өөрчлөгдөхгүй гэдгийг албаныхан илэрхийлж байгаа юм. Хэдий төрийн тэргүүнүүд дараагийн удаа дахин уулзах эсэх талаар нэг ч үг унагаагүй ч, хоёр орны төлөөлөгчид боломжийг үгүйсгэхгүй байна.  

Уулзалт болохоос өмнө зарим улс төрийн шинжээчид энэ удаагийн уулзалт дорвитой өөрчлөлт авчрахгүй гэдгийг анхааруулж байсан. Тодруулбал, дотооддоо улс төрийн зөрчилтэй байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Пхеньянд буулт хийж, хоригийг сулруулсан бол БНН болон АН-ынхны шүүмжлэлтэй тулгарах байжээ. Ингэснээр 2020 оны сонгуулийн өмнө рейтинг нь өнөөгийнхөөс ч илүү, хамгийн доод төвшинд хүрч унах магадлалтай байсан гэнэ. 

Ийнхүү АНУ-БНАСАУ-ын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт ямар ч үр дүнгүй өндөрлөлөө. Гэхдээ Пхеньян дахин цөмийн зэвсгийн туршилт хийхгүй гэж амласан нь ганц үр дүн байв. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Умард Солонгосыг цөмийн зэвсэггүй бүс болгох хэлэлцээрийг дахин сэргээнэ гэдгээ нуусангүй.