ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Бээжин энүүхэнд байна

O.Admin
2019-03-05

Индонезид эрдэмд боловсорсон нэгэн охины ачаар бидний зургаан монгол 36 орчим хэмийн халуун байгаа, нов ногоон шугуйтай Тайланд, Камбож, Малайз, Сингапур, Индонез, Бали орнуудаар аялахаар болов. Мэдээж хамгийн эхнийх нь Бээжин. Дээр үед жинд явсан өвгөчүүл “Би явж байна, Бээжин зогсож байна” гээд л мөн ч холыг нь гайхан, бас тэмээ үзмэн дээр хальтираад явдаггүй шүү гэх дэгс үгсийг нь сонсч байлаа. Тийм хол газрыг очоод үзчих юмсан гэсэн бага насны мөрөөдөлт хот болох Бээжинд мөнгөн цагаан хөлгөөр ердөө хоёр цаг нисээд буучихав. Тэгэхэд нөхөр бид хоёрыг үдсэн хүүхдүүд “Чингис хаан” нисэх онгоцны буудлаас “Модны-2” луу буцахдаа замын түгжрэлд боогдоод гэртээ ч хариагүй байжээ. Энүүхэнд байгаа Бээжин рүү ардчиллын буянаар олон, олон монголчууд арилжаа наймаа, аялал зугаалгаар зөндөө яваад үзчихсэн учраас энэ хот тийм ч сонин биш бололтой. Тэгэвч тэмдэглэлийн дэвтрийн минь эхний хуудас Бээжин хот байлаа. Жаахан утаархуу боловч зангарагтай энэ хотод үзэж хармаар юм олон аж. Замын түгжрэл багатай, засаг захиргааны хууль дүрмээ хатуу мөрддөг Бээжингийн хятадууд, бас угсаа удам нэгт өвөр монголчууд маань ч энд сайхан л амьдарч байгаа нь илхэн. 

ХОРИОТОЙ ХОТ: Хятадын “Тяньминий” талбайгаар дайран Их хаадын ордон буюу Манжийн хааны хориотой хотыг үзэв. Эртний хятад ханзаар “Тэнгэрийн газар”  гэсэн утгыг илэрхийлдэг Манжийн хаадын ордон монголчуудын түүхтэй холбоотой. Манжийн хаанд монголчууд алба гувчуур төлдөг байсан, халхын чин ван Ханддоржийн хүү энэ ордонд цаазлагдсан гээд бидний мэдэх түүх энэ ордонд бий билээ. Өмнөөсөө цаст Төвдийн орон, хойд тал нь Монголын дархадын хөх хязгаар, зүүнтээ Номхон далай, баруунтаа Шинжаан Уйгарын цөл хүртэл төв Азийн өргөн уудам нутгийг эзэгнэн захирч байсан Манжийн их гүрний үе үе дамжин амьдарч байсан их хаадуудын ордон үзмээр юм их гэхээсээ илүү үүх түүхийн сонин мэдрэмж төрүүлэхээр байлаа. Монголчууд биднийг 200 гаруй жил дарангуйлсан манж үндэстэн өөрсдөө өнөөдөр хаачсан юм бол оо. Тэгэхэд тусгаар тогтносон монголчууд бид газар нутгаа хамгаалаад байж л байна. Тэр тусмаа үй түмэн хүн амтай Орос, Хятадын дунд шүү.

ГИМАЛАЙН НУРУУГ ДАВСАН НЬ: Бээжинд очсон тэр өдрөө шөнө нь Тайландын Бангкок нислээ. Газрын зургаас харахад Гималайн нурууг давдаг юм байна. Монголын тал нутгаас халуун дулаан оронд үүр цүүрээр буухдаа сэтгэл дотор хонгор нутгийн минь нэрт яруу найрагч Тангадын Галсан абугайн, 
“Онхол цонхолгүй вандан ширээ говийн 
Оорцог тоорцог толгод минь намайг өршөө 
Олонцог элээгээгүй дэгдээхий насандаа би чинь 
Оготно бор толгодоо уул...уул гэж эндүүрч явжээ 
Од зүлгүүрддэг Гималай-г давахаасаа урьд би 
Орчлонгийн зулай гэж Алтай-гаа андуурч явжээ” гэсэн шүлгийн мөр санаанд орж явах аж. 

ТАЙ ОРОН: Иллэг, тааллагаараа алдартай Тай орон дэлхийн аялагч жуулчдын аргагүй л очиж үзмээр газрын нэг ажээ. “Ланд” гэдэг нь англиар “газар” гэсэн үг бөгөөд Тайланд гэдэг нь тайчуудын нутаг гэж орчуулж болох. Тайчууд буддын шашинтай, бас хаант засаглалтай болохоор буддын шашны сүм хийд, хааны ордноо юуны өмнө жуулчдад үзүүлдэг юм билээ. Хааны ордныг үзэж сонирхоход олон дэг жаягтай. Гуя хаа, хөхөө ил гаргасан хагас нүцгэн хувцас өмсөх цээртэй. Хааны ордонд гутал, малгайтайгаа орвол бүүр цээртэй. Улаанбаатар-Бангкокийн хооронд долоо хоногт хоёр удаа нислэгтэй болсон болохоор Тайландыг зорих монголчууд ч олширчээ. Заан унаж, түг-түг гэдэг таксиар явж, Эврист-де Бангкок буудалдаа алдарт тай иллэг хийлгэж, биеийн чилээгээ гаргав. Түм түжигнэж, бум бужигнасан том хотод хамгийн тохиромжтой унаа нь түг-түг такси ажээ. Зардал хямд, түргэн шуурхай, түгжрэл үүсгэдэггүй түг-түг дээр үед манайд байсан шаахай хэмээх гурван дугуйтархуу юм уу даа. Урин цагт Улаанбаатарт унахад илүүдэхгүй унаа байна лээ. Тай иллэг 250 батын үнэтэй. Нэг бат нь 73.5 төгрөгтэй тэнцэнэ. Тай иллэг 19000 орчим төгрөг тул тийм ч үнэтэй биш юм.

УСАН ДЭЭРХ АМЬДРАЛ: Бидний дараагийн аялал Камбожийн Помпень байв. Пол Потын аймаглан устгах их хэлмэгдүүлэлтийн үед өч төчнөөн сая хүнээ алдаж, уг дэглэм нуран унасны дараа Вьетнамын нөлөөгөөр социалист орон болсон Камбож орны тухай монголчууд бага сага мэднэ.  Их хэлмэгдүүлэлтийн үед машид зовлон зүдгүүр үзсэн Азийн буурай хөгжилтэй энэ орныг саяхан нэгэн том гай түүдгэр нөмөрсөн нь цунами ажээ. Цунамигийн уршгийг одоо болтол бүрэн арилгаагүй байна. Сүйрэлд өртөж, орон гэргүй болсон хүмүүст зориулж далай дээр босгосон суурингаа үзүүлэв. Усан дээр барьсан ядмагхан орон гэрүүд, сургууль, цэцэрлэг, эмнэлгийг өр эмтрэн үзсэн жуулчид тэдэнд хүмүүнлэгийн гараа сунгадаг юм байна. Буурай орны аялал жуулчлалын нэг бодлого нь бололтой.

ОЛОН ШАШИНТ МАЛАЙЗ: Камбожоос Малайзын нийслэл Куала-Лумпурт буулаа. Нэрийн нь сайн санахгүй нэгэн буудалд зочлоод Мердека буюу тусгаар тогтнолын талбайн ойролцоох хоёр өндөр цамхагийг харав. Дараа нь хиндү шашны төвийг үзэв. Малайз олон үндэстнээс бүрддэг холбооны улс учраас олон шашинтай ажээ. Хүн төрөлхтний түүхэнд олон шашин буй болж өөр өөрсдийн номлолын дагуу ертөнцийг үзэх үзлээ боловсруулж ирсэн байна. Эдгээрээс дэлхийд үндсэн шашин гэж тооцогддог хиндү шашин 4000 жилийн түүхтэй гэнэ. Хойд Энэтхэгээс гарвалтай уг шашин шүтлэгээс болж, дайн байлдаан, үймээн самуун ч олонтоо гарч байжээ. Тэгвэл бидний шүтэж, сүсэглэдэг Буддын шашин 2545 жилийн түүхтэй ч дандаа амар амгаланг номлодог. Тиймдээ ч Далай лам дэлхийн хүн болсон байлгүй. Бидний Малайзад байх хугацаа богино байсан тул өөр гойд сонин юмаар бага байв.

ОЛОН АРЛЫН ИНДЕНОЗ. БАЛИ: Хүн болж төрснийх энд зөндөө сайхан юм үзлээ. Цэв цэнхэр далай, хүрхрээ, бүсгүй хүний нүд хужирлах дэлгүүр хоршоо, хар, бор, шар арьст хүмүүсийн зугаацал. Далдуу модны сүүдэрт далайн давлагаа сонсоод сууж байхад хүнд юу эс бодогдохов. Ийм сайхан газар төрөх минь ч яав даа гэх нүгэлт бодол төрж байсныг нуугаад яах вэ. Цахим ертөнц, мэдээлэл зурагт хөгжсөн даяаршлын эрин үед нүдэнд харагдаж, сэтгэлд нь хоногштол үгээр дүрслэх авьяас дутмаг учраас олон дүр зургийг нуршихыг хүссэнгүй. Миний ур чадвар дутна.  Муурын төрлийн нэгэн амьтанд ногоо идүүлж баах нь хүлээж байгаад түүгээр нь кофе хийж уулгахыг хүртэл үзсэн гэвэл хүн үнэмшихгүй байх даа. 

АЗИЙН БАР АРСЛАН ХОТ: Сингапурыг Сентозо жуулчны цэцэрлэгт хүрээлэнгүйгээр төсөөлшгүй. Далайн амьтдын усан үзэсгэлэн, дүүжин шатан хөлөг, цэцэг навч, арааны шүлс асгарам амтат хоол, баян тансаг байдлыг илтгэсэн өндөр байшингууд. Азийн таван барын нэг үнэхээр хөгжсөн орон юм билээ. Миний нөхөр Төв аймгийн Эрдэнэсант сумынх. Нөхрийн маань нутгийн уугуул Т.Лхагвадорж хэмээх залуухан эрхэм Монголоос Сингапурт сууж буй Элчин сайд юм байна. Урьд нь Монголын томоохон бизнесмэн байсан энэ залууг уулзсан зарим нэг хүн монголчуудынхаа төлөө их юм хийж байгаа гэж ам сайтай байна лээ. Сингапураас нөгөө л Бээжингээрээ дамжин эх нутгаа зорив. Харийн газруудын хачин сониныг сонирхож, юм үзэж нүд тайлав. Олон сайхан юм үзлээ, харлаа. Тэмдэглэлийн дэвтэр маань ч зузаарлаа. Тэгэвч намарт нь ерхөг согоовор халиуран байдаг, өвөлд нь цасан хялмаа хаялан байдаг, хаварт нь яргуй нүдэлсэн хөрснөөс нь газрын чийг ханхалдаг, зунд нь хурдан морьдын хүүхдийн гийнгоо чихэнд аялгуулж, хөх ногооны униар татсан Монголын тал нутгаа сэтгэл зүрхэндээ тээсээр утаа уугисан Улаанбаатартаа буулаа.