ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баатар ээж

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-06

Хүүхэд байхад эгч дүүс Нандингууд, ах дүүс Чингүүдтэй Бадарч баг­шийнх гэх өнөр айл тө­рийн орд­ны арын ягаан бай­шинд бай­даг­сан. Өрхийн тэр­гүүн Бадарч гуайг Улсын Төлөв­лө­гөөний Комисс, Ста­тис­тикийн төв газар, МУИС гээд том том газар ажилладаг мундаг хүн гэдгийг, мөн олон залуусыг хоолонд нь хүргэсэн ёстой л буянтай хүн хэмээн ахмадууд ярихыг мэдэх юм. Харин түүний гэргийн талаар хэдэн хүүхдээс нь өөр сайн мэдэх хүн ховор байх. Тиймийн учир эрэн сурвалжилсаар Б.Лхамдулам гуайг оллоо. Ная хол давсан буурал өдгөө энх тунх, санаа бодол саруул сайхан амьдарч байна. Б.Лхамдулам гуайг өөрийн хүнийгүй Маам гэцгээнэ. Тэрбээр багаасаа өнчрөл хагацлын гэх мэт зовлон дундуур туучсаар давж гарсан ёстой л баатар эмэгтэй юм. Нялх багад аавыг нь ногоон малгайтнууд авч яваад эргэж ирээгүй тул ээжтэйгээ л бага насаа өнгөрөөжээ. Хүний ганц охин гэхэд тэгтэл эрхэлж байсангүй. Харин ч эсрэгээрээ нягт нямбай, дэг журамтай өсгөсөн ээждээ эдүгээ ч тэр талархаж байна. 

Ганцаараа шахам өссөн болохоор олон хүүхэдтэй айлд очих дуртай, ээж нь охиноо хүүхдүүдтэй тоглуулах гэж айлын бага­чуудыг чихэр жимсээр дал­лаж хашаандаа оруулж тог­луул­даг байсныг тэр өдгөө дурсана. Б.Лхамдулам гуай долдугаар ангиа дүүргээд тухайн үеийн уран сайхны сургуульд  элсэн суралцаж, мэргэжлийн бүжигчин болжээ. Улсын төв театрт бүжигчнээр ажиллаж Цэрэндулам, Нанжид, Нэргүй, Үелзүүр Долгор, Долгорсүрэн, Алимаахүү, Гүрбазар, Лхасүрэн зэрэг монголд шинэ цагийн бүжгийн эхийг тавилцсан нэрт бүжигчидтэй мөр зэрэгцэн бүжиглэж явсан төдийгүй 1951 онд Германы Берлин хотноо Дэлхийн Оюутан Залуучуудын гуравдугаар их наадамд Монгол орноо төлөөлөн оролцож явсан сонин сайхан намтартай юм билээ. Насныхаа ханьтай 1951 онд учирч гэр бүл болон амьдарч зургаан хүү, таван охин өсгөж хүмүүжүүлжээ. Хэзээ хойно буюу 1957-1960 онд Санхүү эдийн засгийн техникумыг нягтлан бодогч мэргэжлээр төгсөөд нийтийн хоолны трестэд нягтлан бодогчоор үр бүтээлтэй ажиллажээ. Хүний амьдрал жаргал зовлон сүлэлдэн байдаг хорвоо юм хойно юу эсийг үзсэн гэх вэ. Гэсэн ч 1975 оны дөрөвдүгээр сарын 16-ны тэр нэгэн хар өдөр идэр залуухан ханиа зуурдаар алдах шиг хэцүү зүйл хаана байх вэ хэмээн Б.Лхамдулам гуай харуусна. 42 насандаа хоёр сартайгаас -25 насны 11 хүүхэдтэйгээ амьдралыг ганцаар туулах хатуу хувь тавилантай учирсан түүний өмнө үрсээ л зөв сайн хүмүүжүүлэхээс өөр ямар ч зам үлдээгүй гэдэг. Тэр жилүүдэд энэ олон хүүхдүүдийг тэжээж, хувцаслаж, сургаж, хүмүүжүүлэх гэж тогооч, асрагч, эмч, засварчин, оёдолчин, багш, угаагч, санхүүч, хамгаалагч гээд бүхий л зүйлийг ганцаар хийж байсан гэж бодохоор юутай бишрэм. Ёстой л нэгэн найрагчийн хэлсэнчлэн арван мутартай юм шиг ажиллаж байжээ. Тухайн үед дэлгүүрээс орос даавуу метрээр авч, нусны алчуур болгон түүнийгээ өнгө өнгийн мантуун утсаар захлан нэхэж бас авдар, чемоданы нэхмэл бүтээлэг хийж заран амьдралдаа нэмэрлэж байв. Б.Лхамдулам гуай залуугаасаа л хоолыг хачин сайхан хийдэг байж. Тиймээс  Холбооны 46-р салбар, байрныхаа доод талын үсчин, наймдугаар дэлгүүрийнхэн гээд ойр хавийн газрууд хоолыг нь захиалж авдаг, оройн цагаар МУИС-ийн анги танхимыг цэвэрлэж илүү цалин авдаг байжээ. Энэ тухай түүний том охин Б.Нандинлхам дурсан ярихдаа, олон нялх бага хүүхэдтэй үлдэж хоцорсон маам минь биднийг өсгөн хүмүүжүүлэх гэж өдөр шөнөгүй ямар ч ажлыг гололгүй хийж өөрийн залуу сайхан нас, гоо үзэсгэлэн, бүх зүйлээ бидэнд зориулсан юм. Маам минь юм оёж нэхэхдээ гаргуун, хачин сайхан амт­тай хоол хийдэг, гэр орноо цэмбийтэл авч явдаг байсан бө­гөөд үргэлж аавын минь захиас сургаалийг бидэнд са­нуул­даг байлаа. Аавыгаа өнгө­рөхөд би АУИС-ийн гуравдугаар курсын оюутан бай­лаа. Олон нялх дүү нараа хараад маамдаа тус дэм болох санаатай сургуулиа орхиж гутлын үйлдвэрт ажиллахаар очиж бүртгүүлээд гэртээ иртэл иртэл “Миний охин аав нь чамайг эмч болгохыг хүсч мөрөөддөг байсан. Чамайг маш сайн эмч  болно гэж итгэдэг байсан. Чи аавынхаа мөрөөдлийг биелүүлэх ёстой. Миний хүү сургуулиа төгсчих. Маам нь болгоно оо, чадна... ” гэж хэлж байсан. Аав ээжийнхээ ачаар бид  элэг бүтэн, эрүүл саруул өсөн торниж, бүгд гадаад дотоодын их, дээд болон мэргэжлийн сургуулиудад сурч боловсорсон. Бидний дундаас багш, эмч, эдийн засагч, нягтлан бодогч, сувилагч, жолооч гээд олон төрлийн ажил мэргэжил эзэмшиж боловсрол, эрүүл мэнд, спортын салбарт улс орондоо тэргүүлэн үр бүтээлтэй ажиллаж явна. Одоо аавыг минь өнгөрөхөд хоёр сартай нялх үлдсэн хамгийн бага дүү Тэстамир 44 настай, АНУ-д гэр бүлийн хамт амьдарч байгаа. Хамгийн том ах Тэнгис 70 нас дөхөж байна. Дархан хотод гэр бүлийн хамт амьдардаг. Ёстой л үндэстэй мод үрждэг гэ­дэг шиг улам л олуулаа болж байна даа” гэв.

Ерэн нас  дө­хөж яваа гэхэд бие хаа цэмцгэр сайхан байгаагаа Б.Лхамдулам гуай “Амьдралд тохиолдох алив сайн муу зүйлд сэтгэлийн их хөдлөлд авталгүй түвшин байхыг хичээх хэрэгтэй. Хоол цайгаа дандаа хөргөж бүлээн зэлгээн болгож бага багаар идэх ба нэг дор хэт их идэхээс цээрлэ. Энэ бүгдийг ээж минь надад бүр бага байхаас минь сургаж дээ” гэж тайлбарлана. Тэрбээр үр хойчдоо үргэлж үнэнч шударга явж, бусдын тусыг мартахгүй байхыг сануулна. Хэлэхээсээ илүүтэй биеэрээ үлгэр болж ирсэн энэ буурал эдүгээ үр хүүхдүүд, ач зээ, гуч, дөч, жич гээд таван үеэ үзэж, тэднийхэн улам өнөржин 130 шахам хүн болжээ. “Хүүхэд л юм хойно бид бас наана цаана болно. Тэр бүрийд Маам минь уурлаад загнаад, хашхираад байхгүй. Хөмсөг зангидасхийгээд дуугаа хураачихвал бүгд нам болно. Маам минь хэзээний их өгөөмөр хүн шүү дээ. Аавыг өнгөрөхөд гэрт байсан аавын ажлын өрөөний номын санг тэр чигт нь МУИС-д хандивласан.  Аавын ажлын хамт олон болох МУИС-ийн Эдийн засгийн факультетын Төлөвлөгөө эдийн засгийн танхим Маамыг минь хамт лаборантаар авч тэтгэвэрт гартал нь ажиллуулсан. Аавын даасан Ганбат ахлагчтай оюутнууд сар бүр оюутныхаа цалингаас 25 төгрөг өгдөг байсныг бид одоо хүртэл дурсан ярилцдаг юм. Маам болон бидний гэр бүлд тусалж байсан МУИС-ийн хамт олон тухайн үеийн багш ажилчид, оюутнуудад болон одоог хүртэл Маамыг минь хүндэтгэн үргэлж холбоотой байдаг. Олон сайхан хүмүүсийн бүгдийнх нь нэрийг бичиж барахгүй ч  Статис­тикийн Төв газрын орлогч даргаар ажил­лаж байсан Ойдовданзан гуай, МУИС-ийн Деканы нарийн бичгийн дарга Очирхүү эгч, Тэнхимийн багш Хандсүрэн, Элдэв-Очир, Цэрэндорж, Нямзагд, Содномдорж, Ганбат, Дашаа эгч, Доосмаа эгч болон Намжаа багшийн гэр бүл Дэнсмаа эгч нарын­хаа ач тусыг бүү мартаарай гэж үр­гэлж бидэндээ захидаг” хэмээн хүүхдүүд нь ярина. 

Б.Лхамдулам гуай залуугийн л их ганган эмэгтэй байжээ. Үндэснийхээ дээл хувцсыг нямбайхан өмсөж, хүрээ  донжтой малгай, эрээн ганган алчуур, энгэрийн гоёмсог хатгуур зүүж гоёх дуртай гэнэ. Тэрээр их тоглоомч наргианч бөгөөд янз бүрийн тоглоом наадгай тоглох дур­тай, даа­луу­ны дөрвөн мөр­тийг цээжээр дууд­на. “Хүрэн хаал­га­тай дэл­гүүр”, “Ум зан­дан ши­рээ”, “Юндэн Гөө­гөө”, “Ян­жуур тамхи”, “Хөх тор­гон цамц” зэ­рэг ардын дуу­нуу­дыг жинхэнэ хү­рээ маягаар дуулна. Хөг­жөөн наргиан хүнийг хэт их хөгш­рөхөөс хамгаалдаг гэдэг үнэ­ний ортой ч юм шиг. “Болох зүйл бол­догоо­роо л болж байна даа” гэж хэлдэг Лхамдулам гуай сэтгэлийн их хаттай, аливаад маш тууштай, чигч хатуу, тэв­чээртэй, олон таван үггүй дуу цөөтэй боловч голыг нь олж жинтэй хэдэн үг хэлнэ. Б.Лхамаа маам  хойгуур гарсныг хооллож урдуур гарсныг ундалсан ер бусын өглөгч хүн юм билээ. “Ханиа алдаад хэдэн өнчин хүүхдээ өсгөх гэж мэрийж явахдаа ээж минь аав ээжээсээ үлдсэн бүх эд хөрөнгө, өмсөж зүүх зүйлсээ бид хэдийг тэжээхэд л зориулсан гэдгийг бодож, ухаан суух тусам Маамыгаа юухнаар ч болов дутаахгүй байлгахсан гэж хичээдэг” хэмээн хэлэх охидын бодол биелэлээ олжээ. Өнөөдөр амьдралын баатар энэ ээжийн тухай бичиж суухдаа, Дээр үед ОХУ-д “Баатар ээж” хэмээх цол өгдөгсөн. Харин яагаад манайд байдаггүй юм бол оо хэмээн бодлоо. Зургаан хүүхэдтэй ээж “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонгоор  шагнуулдаг  шиг 11 хүүхэд төрүүлсэн ийм баатарлаг ээжүүдэд “БААТАР ЭЭЖ” цол өгч болдоггүй юм болов уу. Ээжүүд бүгд хатуугийн өмнө хат мэт зогсдог ч Б.Лхамаа маам шиг баатрууд олонгүй. “БААТАР ЭЭЖ” та  урт насалж удаан жаргаарай.