ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Чинбилиг: Бага насны хүүхэд хүчирхийлсэн хүмүүс дахин тэр хэргээ давтаж үйлдсэн байдаг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-10

 “Охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахад төр болон төрийн байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” зөвлөлдөх уулзалт энэ сарын 6-ны өдөр болсон билээ. Энэхүү уулзалтын үеэр Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын Хяталтын прокурор Б.Чинбилигтэй ярилцлаа. 

-Жил бүр л гуравдугаар сарын 8-ны өдөр эмэгтэйчүүд баярлаад өнгөрдөг. Энэ жил бага насны охидын бэлгийн халдашгүй байдлыг хангахын төлөө юу хийх ёстойг эрж, хайж зөвлөлдөж байгаа нь сайшаалтай байна. Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэх хэрэг сүүлийн жилүүдэд нэмэгдээд байх шиг. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр бага насны хүүхэд хүчирхийлсэн гэсэн мэдээлэл ойр ойрхон гарах боллоо?

-Би яг нарийн судалгаа хийдэг хүн биш. Гэхдээ судалгаа, нарийн статистик тоо хаа сайгүй л байгаа. Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийн тоо өссөн гэсэн судалгаа байна. Зарим судлаачид илрүүлэлт сайн байгаа учраас тоо нь нэмэгдсэн мэт харагдаад байна гэж ярьж байгаа. Тэр мэдээж. Өөр нэг судлаач “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлаад байгаа учраас хэрэг үйлдэх сэдэл төрж байна” гэж ярьж байсан. Тодорхой төрлийн хэр­гүүдийг сэдэл төрж, үйл­дэж магадгүй. Киноноос хараад, ийм хэргийг ингэж хийдэг юм байна гээд үйлдэж болно. Харин бэлгийн хүчир­хий­лэл, тэр дундаа бага насны хүүхдийг хүчирхийлэх хэрэг үйлдэх сэдэл төрнө гэж юу байх вэ. Тэр хүн цаанаасаа л тийм сэтгэцийн эмгэгтэй л биш бол хүүхэд сонирхоно гэж байхгүй. Бага насны хүүхдийг хайрлаж, энхрийлнэ үү л гэхээс тийм сэдэл төрнө гэж байхгүй. Манайхан бага насны эрэгтэй хүүхдийн ичимдэг эрхтэнд хүрч, түүнийгээ “тамхилна” гэж хэлээд байдаг. Үүнийгээ ёс заншлын хэм хэмжээ гээд ойлгочихсон. Монголд ийм ёс заншил байгаагүй. Хэзээ, ямар хүн оруулаад ирчихсэн гаж буруу зуршлыг ёс заншил аятай ойлгочихсон юм, бүү мэд. Энэ маш буруу зүйл гэдгийг иргэд анхаарах хэрэгтэй.  

-Охидын бэлгийн хал­дашгүй байдалтай холбоо­той эрүүгийн хэрэгт ан­хаарах асуудал гэсэн сэдвээр та илтгэл тавьсан. Чухам юунд анхаарах шаардлагатай байна вэ?

-Хүүхдийн эрхийн конвен­цид 18 нас хүрээгүй бол хүү­хэд гэж томъёолсон. Харин манай улсын Эрүүгийн хэрэг байцаан шийтгэх тухай хуульд 14 наснаас доош бага насны хүүхэд. 14-18 хүртэл хүүхэд гэсэн нэршилтэйгээр зааж өгсөн. Яагаад ингэж ялгасан бэ гэхээр, 14-өөс доош насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орсон бол өөрөө зөвшөөрсөн гэсэн асуудал ярина гэж байх­гүй. Зөвшилцөх, тохирол­цох гэдэг асуудал байх­гүй гэсэн үг. Шууд хүчин гэж ойлгоно. Харин 14-16 нас хүрсэн хүүхэдтэй бэлгийн харьцаанд орох асуудлыг бас хуульчилж өгсөн. Саяхан улсын Ерөнхий прокурорын газраас судалгаа гаргаад, ажилласан. Мэдээллийг төв эмнэлгүүдээс авахад маш олон хүүхэд өсвөр насандаа жирэмсэн болсон байсан. Шалгахад, 14-өөс дээш насандаа үеийнхээ хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж, жирэмсэн болсон тохиолдол их байсан. Нөгөө талаар, судалгаа хийж байх явцад жирэмсэн болохоосоо өмнө буюу 12, 13 настайдаа бэлгийн харьцаанд орсон хүүхдүүд цөөнгүй байсан. Шалгаад үзтэл, хойд аав нь хүчирхийлсэн тохиолдол ч илэрсэн. Энэ мэт хэргийг онцгойлон авч, шалгаж байгаа.  Бага насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэх гэдгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12-ын 1.4-т заасан байгаа. Хуульд бэлгийн харилцааны хүч хэрэглэсэн үйлдэл хийх, бэлгийн харилцаанд орох гэдэг хоёр заалт бий. Бэлгийн харилцаанд орох гэдгийг хүмүүс ойлгочихож байна. Харин бэлгийн харилцааны хүч хэрэглэсэн үйлдэл гэж юу вэ гэдэг нь бүхий л зүйлийг хамруулж байгаа юм. Нүцгэн бие харуулах, бэлэг эрхтэнээ биеийнх нь аль нэг хэсэгт нь хавчуулж, хүргэж таашаал авах үйлдэл.  Гэтэл манай Эрүүгийн хуульд  бэлэг эрхтэнээ оруулсан бол гээд заагаад өгчихсөн. Оруулсан гэхээр биеийн аль нэг хэсэг рүү заавал нэвтэрч орох болчихоод байгаа юм. Харин гар, хөлийнх нь завсар бэлэг эрхтэнээ оруулсан, эсвэл биед хүргэсэн, долоосон гэх мэт үйлдлүүд гэмт хэрэг биш юм шиг буруу ойлголт төрүүлэх гээд байгаа юм. Хууль хоёрдмол утгагүй, хэн нэгэн өөрийнхөө үгээр тайлбарлах боломжгүйгээр батлагдаж гарах ёстой байтал энэ тайлбараас болоод асуудал үүсэх гээд байна. Би үүнийг л илтгэлээрээ хэлэх гэсэн юм. Ийм сөрөг үр дагавар байна, үүний цаана ял завших асуудал гарч болзошгүй. 

-Бага насны охидын бэлгийн халдашгүй байд­лын эсрэг гэмт хэргийг прокурорын байгууллага хэрхэн шийдэж, хянадаг юм бол?

-Бид бүхий л хэргийг хуульд заасны дагуу, хурдан шуурхай шийдвэрлэхийг хичээдэг. Тэр дундаа гэр бүлийн болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн бага насны хүүхдүүдийг маш онцгой анхаарч, хамгаалахыг зорьдог. Энэ төрлийн хэргийг хурдан шийдвэрлэхийг хичээдэг. Бага насны хүүхэд нөлөөнд автах гээд байдаг учир гэрч, хохирогчийг ингэж хамгаал гээд заагаад өг­чих­сөн. Түүний дагуу даг­на­сан прокурор ажиллаж эхэл­сэн.  Бага насны хүүхэд бэл­гийн хүчирхийлэлд өрт­сөн гэмт хэрэгт дагнасан прокурор нэгжүүд дээр ажиллаж байна. Маш үр дүнтэй байгаа. 

-Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийг мөр­дөн байцаалтын явцад дахин дахин болсон үйл явд­­лыг яриулж, сэтгэл са­наа­ны хүнд байдалд оруул­­даг талаар шүүмжлэл бай­даг. Хуулийнхан өөрс­дөө энэ талаар ярьдаг шүү дээ. Прокурорын зүгээс энэ нөхцөл байдалд яаж хя­налт тавьдаг юм бол. Тэр дундаа бага насны хүүх­дийг хүчирхийлсэн хэр­гийг шалгаж, тод­руу­лах­даа хохирогчтой маш бол­гоомж­той харил­цах шаард­­­лагатай гэдгийг хууль, хяналтынхан яриад байна?

-Хуульд маш тодорхой тайлбарлаж өгөөгүйгээс үүдээд янз бүрийн асуудал гардаг. Жишээлбэл, “Тэр ах гуя, гарны минь завсар эрхтэнээ хийсэн, бариулсан” гэж хүүхэд ярилаа. Түрүүнд ярьсан хуулийн заалтыг барьвал хэрэг биш байна, нотлогдоогүй. Хэрэг мөн, бишийг дахин шалга гээд мөрдөн байцаалтад буцдаг. Үүний цаана хохирогч дахин дахин хохироод л яваад байдаг. Иргэд хууль нь тийм гэдгийг сайн ойлгохгүй. Прокурор, мөрдөгч ажлаа хийхгүй байна гэдэг. Мэдээж зарим прокурор, мөрдөгч алдаа гаргах тохиолдол байдаг л байх. Гэхдээ маш ховор.  Төрд тангараг өргөсөн хүмүүс ажлаа хуулийн дагуу, алдаа эндэгдэлгүй хийхийн тулд хичээж ажиллаж л байна. Хамгийн гол нь хуулиа л нарийн болгож өгөх хэрэгтэй. Энэ чинь бусад төрлийн гэмт хэрэгтэй адилгүй, хүнд хэрэг байхгүй юу. Бэлгийн халдашгүй байдал, тэр дундаа бага насны хүүхдийн бэлгийн халдашгүй байдал гэдэг онцгой анхаарах ёстой зүйл. Гэтэл хулгай гэх мэт бусад хэрэг үйлдсэн хүмүүсийг шийтгэхэд гарч байгаа хуулийн хийдлүүдийг л яриад байх шиг байна. Бага насны хүүхдийг хүчирхийлж байгаа этгээдүүдийг шийт­гэхэд гарч байгаа хуулийн хийдлийг засах талаар ярьж байна гэж миний мэдэхийн л сонсогдоогүй.  Би хуулийн заалтыг нь нарийн уншаад өгье. “Бэлгийн харилцааны хүч хэрэглэсэн шинжтэй үйлдэл гэж хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтэнээ оруулсан. Хохирогчийн бэлэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн эсвэл өөр зүйл оруулсныг ойлгоно” гээд заачихсан. Зүй нь бол “Хохирогчийн биеийн аль нэг хэсэгт бэлэг эрхтэнээ хүргэсэн, оруулсан, хавчуулсан. Хохирогчийн биеийн аль нэг хэсэг буюу ам, хамар, ичимдэг эрхтэнд өөрийн бусад эрхтэн эсвэл өөр зүйл хүргэсэн, хавчуулсан, оруулсныг ойлгоно” гэж өөрчилж өгмөөр байгаа юм. Энэ төгс өөрчлөлт биш байх. Гэхдээ л хавчуулсан, хүргэсэн гэдэг үгийг хуульд нэмж оруулж өгснөөр хийдэл багасна. Хохирогч нэг удаа хохирсноороо л дуусах боломжтой. Гэтэл оруулаагүй учраас хүчин гэж үзэхэд хэцүү гээд мөрдөн байцаалтад буцаадаг.  Дахин дахин мэдүүлэг авч, хохирогчийг дахин дахин хохироодог тохиолдол давтагдаад байх магадлалтай. Сэтгэл судлалын шинжлэх ухаанаар ч нотлогдсон асуудал шүү дээ. Ямар нэг байдлаар бэлгийн халдлагад өртсөн л бол тодорхой хэмжээнд сэтгэцийн эмгэг үүсдэг. Долоолгосон байна уу, бэлгийн харилцаанд орсон уу гэдэг нь хамаагүй. Түүнийг нь дахин дахин асуугаад, сэдрээгээд байвал дахиад хохирно л гэсэн үг. Хүмүүс долоолгосныг гайгүй юм байна гэж үзээд байдаг. Тэгж үзэж болохгүй, хуульдаа нарийн зааж өгөх л хэрэгтэй байна.

-Та шүүх хуралд  хохирог­чийг хэрэгтэнтэй хамт  оруулахгүй байх асууд­лыг хөндөж ярьж байсан. Тийм жишиг байдаг биз дээ?

-Тийм жишиг байгаа. Хэрэгтнийг хохирогчтой хамт шүүх хуралд заавал оруулах шаардлага байхгүй. Прокурор яллах дүгнэлтийнхээ хавсралтад бичиж өгнө. Тэр тэр хохирогч, шинжээчийг оролцуулъя.  Эсвэл энэ хохирогчийг шүүх хуралд оролцуулахгүй, харин  хавтас хэргээс тийм материалын нотлох баримтыг шинжлэх судлуулна гэх мэтээр бичиж өгдөг. Хохирогчийг шүүх хуралд оролцуулахгүй байснаар нууж, хаагаад байгаа юм байхгүй. Харин хохирогчийн эмгэг хөдлөх, дахин дахин хохирохоос хамгаалдаг юм. Би нэг тодорхой жишээ ярья. Нэг хохирогчоос удаа дараа мэдүүлэг авах шаардлагатай болоод авсан. Олон удаагийн үйлдэлтэй хэрэг байсан юм. Гэтэл шүүх хуралд оролцохдоо эхний хоёр үйлдлээ яриад л ихэр татаад уйлчихсан. Улсын яллагчийн зүгээс санал гаргаад, мэдүүлэг өгөхийг нь болиулсан. Яг тэр үед шүүгчдийн өмгөөлөгч “Мөрдөн шалгах ажиллагааны явцад учиргүй сайхан мэдүүлээд байсан юм билээ. Одоо тэгээд ярьж байгаа нь хаана байна” гэсэн асуудал дэвшүүлж, хохирогчийг дахин дахин хохироож байсан тохиолдол ч бий.  

-Бага насны хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэгт­нүүдэд оноож байгаа шийт­гэл нь ямар байдаг юм бэ. Ерөн­хийлөгч гэхэд бага нас­ны хүүхдийг хүчир­хийл­сэн хэрэгтэнд цаазын ял оноодог болъё гэсэн са­нал хүртэл гаргасан шүү дээ?

-Өмнө нь цаазын ялтай байсан. Одоо бол бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүнд 12-20 жил, цаашлаад бүх насаар нь хорих ял оноож байгаа. Хүмүүс 20 жилийн ял авсан гэмт хэрэгтэн ялынхаа хугацааг гүйцээгээд гардаг гэсэн ойлголттой байдаг. Тийм зүйл байдаггүй юм. Дунд нь магадлангаар орох, засарсан, хүмүүжсэн гээд хугацаанаасаа өмнө суллагддаг.  Бага насны хүүхэд хүчирхийлээд шоронд орсон, 20 жилийн хорих ял сонссон хүмүүс ямар нэг байдлаар суллагдлаа гэхэд дахиад гэмт хэрэг үйлдэх боломжтой харагддаг. Үүнээс би айдаг.  Яагаад гэвэл, бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, шийтгэл авсан хүмүүсийн хувийн байдал, өмнө нь ял эдэлж байсан байдлыг шалгахад, тийм төрлийн хэрэг үйлдсэн байдаг. Тодорхой хэлбэл, хүүхэд хүчирхийлээд ял авсан, эсвэл ийм хэрэгт холбогдож байсан хүмүүс дахин тэр хэргээ давтаж үйлдсэн байдаг юм. Ихэнх нь шүү. Нарийн судалгаа байгаа эсэхийг би мэдэхгүй. Миний өөрийн судалсан, мэдсэнээр бол тийм л байдаг. Өмнө нь хүүхэд хүчиндээд, 16 жил авсан гэмт хэрэгтэн 12 жил хоригдоод, суллагдсан байдаг юм. Гарч ирээд сар бололгүй гуравхан настай хүүхдийг хүчиндээд, бүх насаараа ял авсан хэрэгтэн байна. Тэр хүн бүх насаараа суулгүй, хэзээ нэгэн цагт суллагдаж магадгүй. Би суллагдах боломжтой насыг нь тооцоод үзэхэд, гуравдагч хохирогч гарч ирэх боломж байгаад байна. Нөгөө талдаа бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон хүмүүст тодорхой хэмжээний эмгэг үүсдэг гэдгийг дэлхий нийтээрээ судлаад, тогтоочихлоо. Тэр эмгэг нь насан туршийнх. Эдгэх магадлал тун бага. Энэ эмгэг намжмал байдалд байдаг. Болсон явдлын тухай ярих төдийд л сэдэрдэг. Гэтэл нэг хүнд насан туршийн хохирол учруулсан хүнийг бүх насаар нь хорихоос өмөөрөөд байдаг хүмүүс байна. Өнөөдөр яллагдагч, шүүгдэгчийн эрхийг л ихээр ярьдаг цаг болжээ.