ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

50 байршилд дэд бүтцийн төв байгуулна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-11

Нийслэлийн удирдлага "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн эхний загвар болох Чингэлтэй дүүргийн VII хорооны 11, 12, 13, 14, 15 дугаар гудамжинд хэрэгжүүлж буй төсөлтэй өнөөдөр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, БХБ-ын дэд сайд Б.Мөнхбаатар, нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаны хүмүүс танилцлаа.

Төслийн хүрээнд 2017 оноос дээрх таван гудамжны 220 нэгж талбарыг хамарсан 14 га газарт "Дэд бүтцийн төв" төслийг хэрэгжүүлж эхэлсэн байна. Нийт  285 айлыг инженерийн шугам сүлжээнд холбох ёстойгоос өнөөдрийн байдлаар 40 орчим өрхийг холбоод байгаа аж. Мөн төсөлд хамрагдсан 285 өрхийн 28 нь амины орон сууц барьж, 104 нь дулаалгын аянд хамрагджээ. Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Дагва төслийн ажлын явцтай танилцаад "Нийслэлийн 50 байршилд "Дэд бүтцийн төв" байгуулна. Одоогоор 16 байршлынх нь ТЭЗҮ-ийг боловсруулж, дуусах шатандаа ороод байна. Өнөөдөр эхний засгвар төсөлтэй танилцлаа.

Иргэдийн сэтгэл ханамж хотын удирдлагад урам өглөө. Тиймээс Засгийн газар, БХБЯ-тай дараа дараагийн ажлын санхүүжилтийг ярилцаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх нь зүйтэй юм байна. Төслийн хүрээнд хийсэн ажлуудын хамгийн өндөр өртөгтэй нь цэвэрлэх байгууламж. Энэ хорооны айлуудаас гадна дахин 300 өрхийн бохирыг цэвэрлэх чадалтай. Тиймээс дараагийн төслүүдийг хаана хэрэгжүүлэх вэ нухацтай тооцоолж, өндөр өртгөөр байгуулсан цэвэрлэх байгууламжаа бүрэн хүчин чадлаар нь ашиглах нь зүйтэй" гэв