ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Арсланхуяг: Нэг хормын уураа тэвчиж чадалгүй олон залуус ял эдэлж байна

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-13

Цагдаагийн байгууллагын судалгаагаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн таван жилд өсжээ. Улмаар “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг бууруулах зорилгоор “Нэг хором” аяныг эхлүүлээд байгаа аж.  Цагдаагийн байгууллагаас “Залуучуудаа ганц хормын уур бухимдлаа “УУЧЛААРАЙ” гэдэг үгээр сольё” хэмээн уриалж байна. Энэ талаар  ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.

-“Нэг хором” аян хэрэг­жээд цөөнгүй хонолоо. Яагаад ингэж нэрлэх болсон бэ?

-Цагдаагийн байгууллагад хуулиар харьяалуулсан  гэмт  хэргүүд дотор хулгай, бусдын эрүүл мэндийн халдашгүй байдал, залилан,  хөдөлгөөний аюулгүй байдлын гэмт хэргүүд дийлэнхийг нь эзэлж байна. Үндсэндээ нийт гэмт хэргийн 80 хувийг эзэлж байгаа гэсэн үг. Хамгийн  их  үйлдэгддэг эдгээр гэмт хэргүүдэд цагдаагийн  байгууллага,  алба хаагчид  хүч хаяж  ажилладаг. Энэ төрлийн гэмт  хэргийн тоо өсөхийн хэрээр гэмт хэрэгт холбогдох хүний тоо ихсэж байна. Гэмт хэрэгтний тоо  нэмэгдэхээр  хохирч буй хүний тоо ихсээд байгаа шүү дээ. Тиймээс тодорхой төрлийн гэмт хэргүүдэд чиглэсэн урьдчилан сэргий­лэх, идэвхжүүлэлтийн аян, арга хэмжээг зохион  байгуул­саар байгаа юм. Энэ хүрээнд  бусдын  эрүүл  мэндийн  хал­даш­гүй байдал  буюу тан­хай­рах, зодолдох, гэр  бүлийн хүчир­хийл­лийг буу­руулах чиглэлээр гурав­дугаар сарын 4-өөс дөрөвдүгээр сарын 4-ний өдөр хүртэл нэг сарын хугацаат аяныг зохион байгууллаа. Үүнийг  бид  “Нэг хором” гэж нэрлэсэн.  Яагаад  “Нэг хором” гэж онцолсон бэ гэвэл, энэ гэмт хэрэг 2018 онд  9700 орчим  гарсан. 9700 орчим гэмт хэргийн 8200 орчим нь хөнгөн зодоон мөртлөө  санаатай үйлдэгдээгүй гэмт хэрэг. Өөрөөр хэлбэл түргэн уур, омголон зан хоромхон зуур маш  хурдан  болоод өнгөрдөг.  Гэтэл  дараа нь гэмшдэг, нэг хормын  дотор үйлдэгддэг өш хонзонгийн сэдэлгүй ийм л  шалтгаан нөхцөл  байна. Энэ  шалтгаан нөхцлийг арилгахын тулд хүмүүс эерэг ханд­ла­га­тай байх, аливаа асууд­лыг эв зүйгээр шийддэг байх хэрэгтэй гэдгийг  энэ аянаараа таниулах зорилготой. 

-Ард  нь  ямар хор уршиг байгаа вэ гэдгийг мэддэг мөртлөө уур бухимдлаа түрүүнд  барьж байна шүү дээ. Өнөөд­рийн байдлаар хэч­нээн хүн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял авсан бэ?

-Статистик дүнг харахад л  маш  тодорхой. Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж буй иргэдийг насаар  нь  ангилвал 35 хүртэлх насныхан 65 хувийг эзэлж байгаа. 9137 хэргийн  6000 хүн нь  шүүхийн шийтгэл авсан. Эд хийж бүтээх насны залуучууд хэрэгт орж  байгаа нь харамсалтай. Залуу хүн ажилд орно, сургуульд сурна, гадагшаа дотогшоо явна. Гэтэл түүнийг насаар нь ял шийтгэлтэй гэсэн хар толбо дагана. Гадны хөгжилтэй орнуудад зодооны гэмт хэрэг манайх шиг үйлдэгдэггүй юм билээ. Зодолдох нь  битгий хэл биед  нь ч хүрч болдоггүй. Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын дэд дарга А.Амгаланболдын ярилцлагыг уншихад 27 мянган хүн шүүх эмнэлэгт хандаж, гэмтлийн зэрэг тогтоолгосон тухай ярьсан.  365 хоногт хуваахаар хэд  байх вэ. Их  тоо гарч байгаа биз. Цагдаагийн байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн 9700 орчим  гэж байгаа болохоос,  мэдэгдээгүй өнгөрсөн нь  хэчнээн байгаа бол. Нийт гэмт хэргийн гуравны нэгийг  эзэлж байгаа биз. Бидэнд бууруулах боломж бий. 

-Эдгээр хүмүүст шүүхээс хэдэн жилийн хорих ял оноодог вэ? 

-Ял шийтгэлийн хувьд 2-8 жилийн  ял өгдөг. Хүний амь нас хохироосон бол насаараа хоригдох хүртэл ял оноож шийтгэнэ. 

-Статистик мэдээллийг нарийвчилж өгөөч?

-Энэ гэмт хэргийн 81 хувь нь  хөнгөн буюу, санамсаргүй огцом уураас болж үйлдэгдэж байгаа. Хулгай, залилан,  хөдөлгөөний аюулгүй байд­лын гэмт хэрэг гарахад эд материалаар л  хохирно,  харин халдашгүй байдлын гэмт хэрэг эрүүл мэндээс эхлээд  олон  зүйлээр хохирно шүү дээ. Гэмт хэргийн  улмаас 7957 хүн  хохирсон нь  өмнөх  оноос 248 хүнээр буюу 3.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Хөнгөн  гэмт хэрэг нь 6118 буюу 76.8 хувийг эзэлж байгаа бол 1261 хүн буюу 13 хувь нь хүндэвтэр, 572 буюу 6.2 хувь нь хүнд гэмтэл учирсан. Хохирсон иргэдийн 38 орчим хувь нь эмэгтэй хүн  байжээ. Аюултай тоо байгаа биз. Машин гэмтэхэд  дугуй, шил, толийг  нь  аваад сольчихно. Хүн бол сэлбэггүй,  хавирга хугарч байна, хамар,  хацар, нүдийг сэт цохиж байна.  Уржигдархан л гэхэд  харааны бэрхшээлтэй хүн  нүдээ цохиулаад сохорчихлоо  гээд уйлж байсан. Хараагүй болж байхаар гар хөлөө тасдуулахгүй яав даа гэж. Харамсалтай байгаа биз. Үймээн самуунтай орнууд шиг буу гаргаад  буудаад  байгаа биш, ерөөсөө архидалтаас үүдэлтэй. Архидан согтуу­раад, танхайраад, гэмтэл учруулаад байгаа нь маш их  хор уршигтай. 

-Архидан согтуурсан үе­дээ дийлэнх гэмт хэр­гийг үйлдсэн гэхээр хэдэн хувийг эзэлж байгаа гэсэн үг вэ? 

-Тоон судалгааг харахад  54.1 хувь нь согтуудаа энэ төрлийн гэмт хэргийг  үйлдсэн нь тогтоогдсон. Ингэхдээ үдшийн 22 цагаас 06 цагийн хооронд үйлдэгдсэн байдаг. Ихэвчлэн хүүхэд  залуус өртөж байгаа. Өс хонзонгийн сэдэлгүй мөртлөө 87 хувь нь уур бухимдлаас болж, санаатай үйлдэж байгаа гэсэн үг. Үүнээс  30 хувьд  нь  гудамж талбай, баар цэнгээн, олон нийтийн  газар  болдог.  Урьдчилан сэргийлнэ гэдэг бол хүний амь нас, эрүүл  мэнд хохирохоос сэргийлж байгаа хэрэг. Тэгэхээр нийгэм өөрөө хариуцлагатай хандах  ёстой. Бид хэд хоногийн өмнө “UB палас”-ийн танхимд их дээд сургуулийн 2000 орчим оюутанд нэгхэн цохилтоор хүний амь насанд хүрч болзошгүйг олон талаас нь  ярилаа. Залуучууд сайн  сонсож байсан. Нэг цохилтоор  хүний амьдралыг  баллана, өөрийнхөө амьд­ралыг ч баллана гэдгийг ойлгуулах гэж хичээлээ. Зөвхөн эрүүл мэндээс гадна, эдийн засаг, сэтгэл санаанаас эхлээд өмгөөлөгч авах, тор­гууль төлөх, шүүхдэх, эцэст нь  хорих  ял эдлээд явж байна. Эерэг хандлагыг бий болгохын тулд “ухаантай за­луучууд зодолддоггүй,  амьд­рал  аварна” гэдэг уриа  гарсан. Зөв байснаараа зодоо­ноос урьдчилан сэргийлж чадна гэдгийн жишээ энэ юм даа. 

-Гэр бүл, найз нөхөд хоорондоо зөрчилдсөний ул­маас зодолдож, нэгний­хээ эрүүл  мэндийг хохироо­дог. Гэтэл гэмт хэргийг өөгшүүлж цагдаагийн бай­­гуул­лагад хандахгүй байх тохиолдол байдаг шүү дээ. Заавал хүний мууг үзэх­дээ гол нь биш. Энэ төр­лийн гэмт хэргийг  далд хэлбэрээр ихэсгэх нэг шалтгаан болж байна гэж боддог юм? 

-Бусдын эрүүл мэндийн халдашгүй байдал гэдэгт  танхай, зодоон, гэр бүлийн  хүчирхийлэл гэсэн гурван  зүйл  байгаа. Хэн нэгэн таны  бие махбодь,  сэтгэл санаа,  эдийн  засаг  гэх зэрэг  аль нэг хэлбэрээр хүчирхийлсэн л  бол цагдаагийн байгууллагад  хандах ёстой юм. Энэ бол  хүний эрхийн ноцтой зөрчил. Гэр  бүлийн дотоод  асуудал биш. Гудамжинд зодолдохоор эрүүгийн гэмт хэрэг болоод, гэртээ зодолдохоор гэмт хэрэг биш гэсэн ойлголт байдаггүйг иргэд ойлгох хэрэгтэй. Гэр бүлийн хүчирхийлэгч хүчирхийлэх зан авираа арилгаагүй цагт хохирогч яаж ч хүлцэн тэвчлээ гээд хүчирхийллийг таслан зогсоож чадахгүй. 

-Нийгэм болон иргэдийн буруу хандлага бас байх шиг?

-Хамгийн гол асуудал нь  иргэдийн  өөрсдийн  хандлага байна. Юуг хэлээд байгаа вэ гэхээр, тэд зодолдож л  байдаг, хэрэлдэж л байдаг, хааяа нэг гар зөрүүлэх юм байдаг гээд зөнгөөр нь хаядаг. Одоо тийм цаг биш шүү дээ. Хүүхдээ хүмүүжүүлэхдээ, хүний дор орж зодуулж байхаар, буцаагаад цохих чинь яасан юм гэж хүмүүжүүлдэг. Гэтэл  Япончууд хүнд битгий гай бол гэж хэлдэг. Энэ мэтчилэн буруу хүмүүжил, нийгэмд хандах хандлага ийм байхаар гэмт хэрэг буурахгүй шүү дээ. Бууруулахын тулд  эхлээд  энэ гэмт хэргийн  хор уршгийг мэддэг байх  хэрэгтэй.  Хүнийг нэг цохиод ял шийтгэл авдаг гэдгийг ойлгох  хэрэгтэй. Хувь хүний хүмүүжил, ёс суртахуун хандлага, төлөвшлийг бүх шатанд нь ярих  хэрэгтэй. Цагдаагийн байгууллага дангаараа энэ хэргээс урьдчилан сэргийлэх тухай яриад үр дүнд хүрэхгүй. Нийтээрээ  л  тэмцэх хэрэгтэй. Тийм биз.