ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

С.Хэрлэн: Хийсэн бүхнээ хараад барилгачин мэргэжлийг эзэмшсэндээ баярладаг

Ц.ЭНХТҮВШИН
2019-03-13

“Хөдөлмөрийн баатрууд ярьж байна” булангийн энэ удаагийн зочноор БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар С.Хэрлэн гуайг урьж ярилцлаа. 

-Сайхан хаваржиж байна уу, та. Таны барилгачин болсон замналаас яриагаа эхлэх үү?
-Би Хөвсгөл аймгийн Рашаант сумын хүн. Гэхдээ нутгаасаа эрт гарсан. Дөнгөж  гуравдугаар ангиа төгсөөд байхад манайх хотод орж ирсэн. Аав минь бие муу­тай хэвтэрт байсан. Тийм­ээс ээждээ хэдэн дүү нартаа нэмэр болох санаатай тавдугаар анги­д байхаасаа зуны амралтаар барилгад ажилладаг байсан. Харин оройгоор долдугаар ангиа төгсөөд барилгачин болсон. Манайх найман хүүхэдтэй, би айлын том хүүхэд. Тэр үед богино хугацаагаар залуусыг сургаж мэргэжил эзэмшүүлдэг курс хичээллэдэг байлаа. 
Түүнд суралцаж, сантехник­ийн мэргэжилтэй болсон. Төгсөөд одоогийн “Хүрд” гэдэг компанид ажиллаж байхдаа Хэнтий аймаг руу томилолтоор явлаа. Тухайн үед ЗХУ-д ТМС-д явуулдаг байсан. Түүнд явж суралцах хэрэгтэй юм гэсэн бодол төрж байгууллагадаа, Хэнтий аймгийн эвлэлийн хороонд өргөдлөө өгөөд ТМС-д явж байлаа. Казахстаны Ленингорск хотод  хоёр жил сураад мужааны мэргэжил эзэмшин сургуулиа төгссөн. Тэр үед бүх юм үнэ төлбөргүй, орон байр сайхан, сургалт гэж жигтэйхэн сайн. Төгсөж ирээд л хотын барилга трестэд хуваарилагдаж, тэндээс л миний барилгачны амьдралын замнал эхэлсэн дээ. Анх  мужаанаар ажиллаж байгаад хоёр сар болоод бригадын дарга болсон. 

-Та хэдийд аж ахуйн тооцоотой нэгдсэн бригадын дарга хийж эхлэв. Өнөө тооцоог энэ үеэс л хэрэгжүүлж эхэлсэн үү. Хаанаас санаа сэдлээ олов?
-Эхлээд яахав мужааны бригадын дарга хийж байгаад хоёр жилийн дараа бригад нь томроод зөвхөн мужаан биш бусад бригадууд нэмэгдээд л нэгдсэн бригад бий болсон. Дараа нь 1971 онд “Аж ахуйн тооцоотой бригад”-ыг байгуулсан.  Санаа сэдлийг олохын тухай ЗХУ-ын социалист хөдөлмөрийн хошой баатар Николай Злобиний туршлага гээд бригадаараа аж ахуйн нэгдсэн тооцоонд орсон талаар тухайн үед гарч байсан юм. “Үйлдвэрчний эвлэл” сэтгүүл дээрээс олж үзсэн хэрэг. Түүний яаж хэрэгжүүлж болох талаар нэлээд бодлоо. Ингээд л өөрөө тооцоогоо гаргаад тал бүрээс нь маш сайн судлаад хийж болох зүйл юм байна гэж бодсоны үндсэн дээр хоёр хувь өргөдөл бичээд яамны сайдад нэгийг нь өгсөн. Тэр үед манай яамны сайд О.Телейхан байлаа. Тэгээд удалгүй барилгын салбарын шат шатны дарга нарыг цуглуулаад хурал хийсэн юм. Түүн дээр намайг ийм санаачилга гаргаж байна гээд хэлтэл энд тэндгүй хүмүүс бид ч туршиж үзье, оролцмоор байна гээд гараа өргөөд явчихсан. Ингээд миний санаачилга дэмжигдэж Улс төрийн товчооны тогтоол хүртэл гарч орон даяар нэвтэрсэн юм шүү дээ. Үүнийг миний цорын ганц гавьяа гэж хэлж болно.

-Би ч зах зухыг нь гадарлах юм. Тэр үеийн барилг­ын материал­ын зарцуу­лалт гэдэг тийм ч яс тооцоотой байгаагүй байх шүү?
-Норм норматив гэж байлгүй яах вэ. Гэхдээ нэг тийм замбараагүй, материалд их үрэлгэн, хэнэггүй байдал хаа хаанаа л байсныг үгүйсгэхгүй биз. Зарим материал падаан дээр бичсэнээсээ зөрүүтэй дутаж л ирнэ. 1500 тоосго авчруулахад 1200 нь л ирдэг байх жишээтэй. Нэг тавиур дээр гэхэд 250 ширхэг тоосго байх ёстой. Яс тоолоход 235-аас илүү гарахгүй. Тэр бүгдийг чинь яг таг тоолж аваад эхлэхээр сүүлдээ бүр материал тоосгоо хоёр хэсэгт хуваачихсан “Хэрлэнг ирвэл энэнээс өгнө шүү” гээд байдаг байсан гэдэг юм. Зуурмагаа хэмждэг тусгай хэрчлээстэй төмөртэй. 48 гэсэн тоон дээр тэр зуурмаг хүрч байх ёстой. Гэтэл 45-аас хэтрэхгүй. Ингээд л авчирсан хүнд нь харуулж, падааны ард бичээд төлбөрөө хийхдээ тэр дагуу л хийгээд явчихна. Шохой цагаан булгаас шохой ирнэ. Бид өөрийн гэсэн хэмжээстэй саванд хийлгэж авна. Хэмжээндээ хүрээгүй бол бас тэмдэглээд л түүгээр төлбөрийг нь хийнэ. Ингээд тооцоод яс ажиллаад ирэхээр нөгөө барилгын салбар ашиггүй ажиллаж байна гээд тухайн үед гарч байсан хэл амыг дарж байгаа хэрэг. Бидний ингэж ажилласны хүчинд Хайлаастын 49 дүгээр сургуулийг барихад  яг газраас нь эхэлж бариад, бүх тооцоог би өөрөө хийж бригадаараа хичээж ажилласны үр дүнд анх удаа тухайн үеийн мөнгөөр 180.000 төгрөгийн ашигтай ажилласан. Тэр нь одоогийн ханшаар 180 сая төгрөг юм уу даа. 

-С.Хэрлэнгийн туршлага гэж ёстой л нэг орон даяар шуугиулж байжээ?
-Тэгсэн. МАХН-ын Төв хороо тогтоол гаргаад миний тухай баримтат кино хүртэл хийж байлаа. Олон ч аймаг, хотод миний туршлагаар ажиллаж, “Хэрлэнгийн туршлага” гэж хичээл хүртэл заадаг байсан даа. Би өөрөө ч хичээл заадаг байсан. Хурал цуглаан, уулзалт тасрахгүй. Одоо бодоход яаж амжуулж байсан юм бол гэж хүртэл боддог юм. 

-Таныг тухайн үед хамаг л тооцоо тооллогоо өөрөө хийдэг. Гэрийн бараа ховор хардаг “хэнхэг” байсан гэцгээдэг юм билээ? 
-Өө, тэгж байсан. Өглөө 05:00 цагт гэрээсээ гараад Хайлаастын барилга хүртлээ хоёр цаг алхдаг байсан. Гэр маань баруун дөрвөн замд. Өдөрт гурван цаг орчим л унтдаг байлаа. Угаасаа нойр ч хүрэхгүй, маргаашийн юм бодогдоод л. Бушуухан л очиж нөгөө ажлаа ингэнэ, тэгнэ гэж толгой дотор эргэлдээд л. Хүүхдүүд бага, эхнэр маань хоол хийж тавьчихаад унтчихдаг. Орой 9-10 гэж гэртээ ирнэ.  Тэр үед нэг гараараа эргүүлдэг төмөр тооны машин, сампин хоёртой л байсан. Тэгээд аяга хоол идчихээд өдрийн  тооцоог шөнөдөө гаргана. Шөнийн хоёр цагийн орчим л тооцоо дуусна даа. Тэгээд л маргааш нь ажил дээр аваачаад самбар дээр хадчихна. Бүх юмаа л тэгж гаргадаг байсан.

-Таныг яамныхаа сайдаар мөнгийг нь төлүүлж үсээ засуулсан “мундаг” барилгачин гэж бас нэг хэсэг ярьж байлаа. Тэр талаар яриач?
-Тийм юм болсон шүү. Том охин өвдөөд түүнээ сахиад эмнэлэгт хэвтэж байсан чинь “Барилгын салбарын тэргүүний дарга, сайчуудын улсын зөвлөгөөн болно. Түүнд  сууж үг хэлнэ. Хувцас хунараа бэлдээд үс зүсээ гоодоод ирээрэй” гэнэ биз дээ, дарга нар. Намын хуралд суухдаа өмсдөг нэг костюмтай түүнээ өмсөөд үсээ ч засуулж амжилгүй л арзайсан толгойтой юм очсон. Тэр үед зангиа ч зүүж үзээгүй, тэр нь надад байх ч үгүй. Цамц гэж ямар ч юм байсан юм бүү мэд. Сайдынд яваад  ортол сайд Засгийн газрын ордны доод подвол руу намайг хөтөлж давхиад үсчин дээр орлоо. О.Тлейхан сайд шүү дээ. Тэр үед нэг  хүн үсээ засуулж суусан чинь “Нөөкөр чи бос. Энэ хүн Ю.Цэдэнбал даргаас шагнал авах гэж байна, үсийг нь яаралтай засна” гээд л, нөгөө хүн нь ч бослоо. Үсчин засаад л би толинд хараад сууж байсан. “Кэдэн төгрөг байдым” гээд сайд мөнгийг нь төлж билээ.

-Тэгээд?
-Тэгээд яахав. Үсээ засуулж дуусаад дээшээ хоёр давхарт гартал шагнал гардуулж байна. Би учрыг нь олохоо байчихлаа. Тэгэхэд Их хурлын хариуцлагатай нарийн бичгийн дарга байсан  Ц.Готов гуай хүн дуудаад очсон чинь гөрөөсний эвэр шиг соёогоор миний пиджакийг цоолж байна. Нэг л юм энгэр дээр хадах нь дээ л гэж бодож зогслоо. Цэдэнбал дарга ч ороод ирлээ. Бусад нь номхон зогсоод л жигтэйхэн байж байтал зарлиг уншсан. Готов гуай уншиж байна аа “Хөдөлмөрийн баатар” цол олгох тухай л гэж байгаа бололтой. Тэгсэн араас нэг нь намайг түлхэж байна аа. Ю.Цэдэнбал даргын урд нь яваад очтол нөгөө цоолсон руу чинь баатрын соёмбо, Сүхбаатарын одон зүүсэн. Ю.Цэдэнбал даргын царай руу харсан чинь их тийм цоохор нүүртэй хүн байна. Өмнө нь надад ер дуулгаагүй, ямар нэгэн шагнал авна л гэсэн болохоос юун Хөдөлмөрийн баатар. Ингээд би “Тэргүүний барилгачин”-аа ч аваагүй байж сраз майор гэдэг шиг баатар болсон юм. 

-Таныг барьж буй барил­гынхаа гадна талбайг хүр­тэл цэвэрлүүлж, хэдэн барил­гачдаа “зүгээр суулга­даггүй” дарга байсан гэдэг?
-Ажилчидтайгаа ёстой л яс тулж ажилладаг байсан. Хөдөлмөр оролцооны коэф­фициент гэж/ХОК/ нэг зүйл тэр үед их нэвтэрсэн байсан. Хувь хүн бүр дээр ажлын байдал, цаг ашиглалт, ажлын талбайн эмх цэгц, хөдөлмөр аюулгүйн байдал гээд бүгд коэффициенттэй түүгээрээ тооцоод л явчихна. Манай бригад 30 гаруй хүнтэй том бригад байсан. Ажилчдаа ажлаар шахна. Сул зогсолт гэж байхгүй. Өдөр хоолтой.Барилга хугацаандаа багтахгүй шинжтэй бол шахаж, хонож ажиллана. Ажил дуусаад ойр орчмоо цэвэрлэж маргаашийн ажилд бэлдэнэ гээд манай бригадынхан үнэхээр сайн ажилладаг байсан. Барилгын ажил дуусаагүй үед хог хаягдал их хэмжээгээр гарах нь тодорхой. Харин ажил дууссаны дараа гарсан хог хаягдлыг журмын дагуу зайлуулж, гадна тохижилтыг бүрэн шийдвэрлэх арга хэмжээг авч ажилладаг байсан. Дан залуус ажилладаг байсан болохоор энэ нь тэдний хувийн амьдралд ч маш их хэрэгтэй зүйл болсон гэж хожмоо дурсацгаадаг юм.  

-Таны мэргэжлийн хам­гийн сайхан нь юу вэ? 
-Барилгачин хүний хамгийн бахархамаар зүйл нь хийсэн бүтээсэн бүхэн хүний нүдэнд ил байдаг. Хийсэн бүхнээ хараад барилгачин мэргэжлийг эзэмшсэндээ баярладаг. Хүнийг бурхан бүтээсэн, харин бусдыг нь барилгачин бүтээсэн гэдэг үг байдаг байх аа.

-Та чинь гадныхантай нийлж нэлээд хэдэн барилга барилцсан байх шүү. Тэднээс нэлээд зүйл сурсан биз?
-Тэгсэн шүү. Хэд хэдэн барилга барьсан. Жишээ нь, “Хархорин” захын гүүрийг солонгосчуудтай хамтраад барьж байсан. Социализмын үед Улсын циркийн барилгыг румынчуудтай хамтарч барьсан. Тухайн үеийн Оёдлын үйлдвэр буюу Ялалтын урд байдаг одоо Мобиком байна уу даа тэрийг чинь унгарчуудтай хамтран барьсан юм. Толгойтын гахайн заводыг болгаруудтай барьж байгаа. За тэгээд “орос ах” нартай бол ажиллаж байсан. Тэднээс суралцаж, өөрийн болгох, санаа авах зүйл бий. Хамгийн гол нь хүн өөрийгөө дайчлах хэрэгтэй.

-Тэр их ажлын хажуугаар их олон жил суралцаж инженер хүртэл болсон гэдэг. Өнөө айхтар дээд тоо энэ тэрийг яаж барав?
-Би ТМС төгссөнөөс цааш боловсролгүй хүн шүү дээ, тухай­н үед. Надад мэдлэг дут­аж байсан. Тэгээд л  Барилгын техникумд оройгоор ороод дөрвөн жил сурсан. Манай техникумын  сургалт хачин сайн. Онц төгссөн хүнийг их сургуульд шалгалтгүй оруулдаг болохоор онц төгсөж Их сургуульд ороод зургаан жил оройгоор сурч байж барилгын инженер болов. Тэр их тооцоог хийнэ, график гаргана, ажилчдын цалин мөнгө бодно, хувааж хуваарилна гээд л.  Дээд тоонд бол үнэн муу. Тиймээс  багшийн өмнө очоод сурлагын дэвтрээ тавьчихна. “Та өөрөө мэдээд л дүн тавьчих” гээд. Би нэг ч томъёо бичиж мэдэхгүй юм чинь яах юм.  Багш нар их дэмждэг байсан даа. Харин залуу багш нарын шалгалт дээр унана аа. Унагахгүй яах юм, би чинь хэлж л мэдэхээс тооцож чадахгүй шүү дээ. Тэгээд л унагана. Дээд тоо энэ тэр дээрээ гэхээс мэргэжлийн хичээлүүддээ бараг л онц төгссөн шүү.Тэр үеийн ажиллаж байгаад сурч байсан хүмүүс ер нь л их дайчин. Сурч мэдэх чин эрмэлзэлтэй байлаа. Дээд сургуулийн хуваарь гэдэг орой ч бай өдөр ч бай, хэн дуртайд олдоод байдаг эд биш. Чин сэтгэлээсээ зорьж орсон улс хичээхгүй гээд ч яах билээ.

-Нэгдсэн бригадын дарга өөрөө ингээд баатар энэ тэр болоод яваад байдаг байж. Таны бригадын ажилчид бас шагнуулж урамшуулна биз?
-Тэгэлгүй яах вэ. Бригадаараа хурал зөвлөгөөнд орцгоож, одон тэмдгээр энгэрээ мялааж, хамгийн гол нь аливаад тооцоотой, чин сэтгэлээ хандаж, арвич хямгач, хөдөлмөрч байх дадалтай болцгоосон гэж боддог доо. 

-Одоо та минь юу хийж байна. Нэмж хэлэх зүйл юу байна вэ?
-Сүү, талхаа эргүүлдэг тэтгэврийн хүн болсон. Ажлыг маань  хөвгүүд минь нэр төртэй сайхан үргэлжлүүлж байна. Одоо харин мэргэжлийн барилгачин залуусыг олноор бэлдэх хэрэгтэй байна даа. Монголчууд өөрсдөө дагнаад бариад ирэхээр илүү сайжирч байгаа.

-Хуучны хэдэн барил­гачидтайгаа уулзаж байна уу?
-Манай трест чинь 1200 гаруй барилгачинтай байсан юм. Долоон баатартай. Олон гавьяаттай. Энд тэнд барилга дээгүүр явж байхад 1-2 барилгачин заавал л байдаг шүү. Одоо манай трест Улаанбаатар Барилга гээд том компани болсон. Ахмадууд биднийг хүлээж авч уулзана аа. Хөдөлмөрийн баатруудын холбоо гэж байна. Тэд маань бас уулзаж учирна.