ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баяр нэрээр 720 гаруй тэрбум төгрөгийг архи, ундаа, жимс болгон цацаж байна

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-03-13

- Наадам, цагаан сараар л бүх нийтээрээ амарч байя -


Манай улсад албан айлчлал хийсэн БНСУ-ын төлөөлөгчдийг шинэ жилийн баярт урьтал тэд нэлээд гайхаж “Энэ баяр танайд ямар хамаатай юм бэ” гэж асуухад нь хариулж чадаагүй юмдаг. Нээрээ бид юуны төлөө энэ олон баярыг тэмдэглэдэг юм бол гэсэн бодолтой үлдэж билээ. Тэгвэл монголчууд жилд хэдэн баяр тэмдэглэдэг бэ. Албан ёсоор тэмдэглэх ес, албан бусаар /бүх нийтээр амрах өдөр гэж заагаагүй/ Ахмадын өдөр, Монгол Улсын Нийслэлийн өдөр, Ардчилал, хүний эрхийн өдөр, Эх орончдын өдөр гэх мэт 30 гаруй тэмдэглэлт өдрүүдийг жилийн хугацаанд давж гардаг юм байна. Өөрөөр хэлбэл, жилийн хугацаанд гэр бүл, найз нөхөд, хамт олонтойгоо ийм олон баярыг тэмдэглэдэг гэсэн үг. Энэ бүхний цаана эдийн засаг буруу тийшээ хазайж, идээний дээжээ хэтрүүлэн хэрэглэж, гэмт хэрэгт холбогдож, эрүүл мэндээрээ хохирч үлдсээр. Бидний тэмдэглээд буй баярууд ямар эерэг зүйл дагуулдгийг хэн ч хэлж мэдэхгүй. Гагцхүү баярлах ёстой гэдэг л ганцхан ойлголттой. Монгол Улс 15-аас дээш насны 2.2 сая иргэнтэй гэсэн тоо бий. Хэрэв эдгээр иргэд хүснэгтэд байгаа бүх нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд нэг удаагийн баярт 40000 төгрөг зарцуулдаг гэж тооцвол жилд 360 мянган төгрөг болж байна. Үүнийг 2.2 сая хүндээ үржүүлэхээр 720 гаруй тэрбум төгрөг зарцуулдаг гэсэн тооцоо гарав. Тэгвэл жилдээ 720 гаруй тэрбум төгрөгөөр баяр тэмдэглэн өнгөрүүлдэг байх нь. Хамгийн багаар нь тооцож үзэхэд л энэ шүү. Нэг үйлдвэрийг ойролцоогоор гурваас дөрвөн тэрбум төгрөгөөр босгоно гэж үзвэл 200 гаруй жижиг дунд үйлдвэр байгуулах хөрөнгийг ус, ундаа, чихэр, жимс, архи болгож цацдаг байх нь.

Харуусмаар тоо гарч байгаа биз. Сар шинийн баяраар гэхэд л Эрээн хот руу 30 гаруй тэрбум төгрөг гардаг гэсэн судалгаа бий. Өөрөөр хэлбэл, монголчууд баярлах гэж вагон вагоноор мөнгөө урд хөрш рүү урсгаж байна гэсэн үг. Хятадууд монголчуудыг энэ олон баяраар нь аятай тухтай байлгах гэж унтах завгүй хөдөлмөрлөнө. Харин бид гэртээ харих завгүй шахам баяр тэмдэглэж, аз жаргалыг мөрөөдөж сууна. Саяхан болж өнгөрсөн Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг 1955 оноос эхлэн монголчууд тэмдэглэдэг болжээ. Уг нь энэ өдөр эмэгтэйчүүд эрх ашгийнхаа төлөө нэгдэж, төрдөө дуу хоолойгоо хүргэж жагсаал, цуглаан, хурал хэлэлцүүлэг зохион байгуулдаг өдөр л дөө. Гэтэл сүүлийн үед бүх нийтээрээ амарч архиддаг өдөр болгочихоод байгаа. Орчин үед энэ баярыг Польш, Болгар, Итали, Хятад, Югослав, Румын, Молдав, Литва, Тажикистан, Киргиз, Казахстан, Абхази, Гүрж, Монгол зэрэг орнуудад тэмдэглэж байна. Эндээс харахад олон баяруудыг цөөлөх бодлого үгүйлэгдэж байх юм. Хөгжлөө бодсон ч, хүнээ бодсон ч ийм шийдвэрийг төрийн эрх баригч нар гаргах цаг нь болжээ. Баяр болгоны маргааш согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолооч нэмэгдэж, сархадад мансуурсан үедээ үйлдсэн гэмт хэргийн тоо өсч, эрүүлжүүлэх байр ачааллаа дийлэхгүй болдог. Ингэж л баярлаж, улс орны эдийн засаг унаж, иргэдийн ахуй амьдрал дээшлэхгүй, төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш унасаар байна.

Уруудахад унтах гэдэг шиг зав чөлөөгүй баяр тэмдэглэж амарч явтал эх орны маань хөгжил дэлхийд сүүл бараадах нь ээ. Бид холоос хөгжлийнхөө хурдыг хайх хэрэггүй. Харин урд хөршөөсөө үлгэр авья. Тэд амрах завгүй өдөр, шөнөгүй ажилладаг. Тэд намар нь ургацын баяр гэж долоо хоног, хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд долоо хоног л амардаг. Бусад үед ажлаас өөр юу ч сонин биш. Элдэв тэмдэглэлт өдөр гэж сүржигнэдэггүй. Тэглээ гээд дэлхийн хөгжлийн хурдаас хоцорсонгүй. Харин ч түрүүлэх гэж тэмүүлж, жилд таван сая иргэнийг ядуурлаас гаргаж байна. Гэтэл манайх дэлхийд ховор байгалийн асар их баялагтай атлаа олон баярт мансуурсаар хөгжлийн хурд нь зогсох шахам мөлхөж, гурван сая гаруй иргэн нь ядуу амьдарч байна. Өдөр, шөнө шиг ялгаа ингэж мэдрэгдэнэ. Тэгэхээр эхлээд олон тэмдэглэлт өдөр, баяраас татгалзая. Дэлхий дахинд тэмдэглэдэг өдрүүдээс татгалзлаа гээд олон улс манай оронд эдийн засгийн хориг л лав тавихгүй байх. Ажлын байргүй байж юу хийх юм гэж зарим нь ундууцаж магадгүй. Тэгвэл энэ олон баярт зарцуулдаг мөнгөө хувьцаа болгон хөрөнгө оруулалт хийж, малын гаралтай түүхий эд боловсруулах гэх мэт сүүлийн үеийн технологитой үйлдвэрүүдийг олноор байгуулъя. Ердөө гуравхан жил баяр тэмдэглэхгүй гүрийж чадвал дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, ЖДҮ жин­хэнэ утгаараа хөгжих гарц харагдаж байх аж. Жилдээ Үндэсний их баяр наадам, Цагаан сараа л тэм­дэг­лэдэг байя. Цагаан сараар дөрөв хоног, наадмаар 10 хоног л бүх нийтээрээ амар­даг болбол ямар вэ. Энэ бол хөгжлийн эхлэл, эрүүл монгол хүний сонгох зам гэхэд маргах хүн гарахгүй байх аа.      

Бүх нийтээр тэмдэглэх баярын өдөр

 

Огноо

Амрах хоног

Ажлын өдөр таарч байгаа хоног

Шинэ жил 
Нэгдүгээр сарын 1
/Мягмар/

нэг

 

нэг

Цагаан сар
Хоёрдугаар сарын 5-7
/Мягмар-Пүрэв/

гурав

 

гурав

 

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр
Гуравдугаар сарын 8  
/Баасан/

нэг

нэг

Хүүхдийн баяр
Зургаадугаар сарын1
/Бямба/

Амралтын өдөр таарч байна      

Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр
Долоодугаар сарын 11, 12, 13, 14, 15
/Пүрэв-Даваа/

тав

гурав

 

Улс тунхагласан өдөр
Арваннэгдүгээр сарын 26
 /Мягмар/

нэг

нэг

Их эзэн Чингис  хааны мэндэлсэн өдөр
Арваннэгдүгээр сарын 27
/Лхагва/

нэг

нэг

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр
Арванхоёрдугаар сарын 29
/Ням/

Амралтын өдөр таарч байна