ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монгол цэргийн музейг “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагналаа

O.Admin
2019-03-13

Монгол Улсдаа ганцхан гэгдэх Монгол цэргийн музейн үүдэнд арав гаруй хөгжимчид бөмбөр цохиж, бүрээ дуугаргаж байх юм. Тэдний ийнхүү зогсох шалтгаан нь түүхэн үйл явдалтай холбоотой аж. Тодруулбал, тус цэргийн музейг өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор шагнасан юм. Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой, Монгол цэргийн өдрийг тохиолдуулж энэхүү зарлигийг гаргажээ. 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр гаргасан Ерөнхийлөгчийн зарлигт “Зэвсэгт хүчний түүхэн хөгжил, Монгол цэргийн эр зориг, цог жавхаа, дайчин уламжлалыг сурталчлан таниулах, эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө амь бие үл хайрлан зүтгэсэн, бахархан дуурсагдсан үе үеийн баатарлаг дайчдыг алдаршуулах, залуу хойч үедээ эх оронч хүмүүжил олгох үйлсэд оруулсан тус байгууллагын үе үеийн ажилтан, албан хаагч, цэрэг офицеруудын гавьяа зүтгэлийг үнэлж Монгол цэргийн музейг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасугай” хэмээжээ. Зарлигийг ЕТГ-ын дарга З.Энхболд уншиж танилцуулах үед баярын хөгжим нүргэлж байлаа. 

Цэргийн гавьяаны улаан тугийн одон гардуулах хүндэтгэлтэй ёслолд музейн ажилчид болон алба хаагчид оролцсон юм. Цэрэг, дайны үеийн дурсгалыг уран зургийн аргаар харуулсан самбар байрлуулсан тэнхимд Монгол Улсын далбааг хүндэтгэлтэйгээр голлуулан тавьжээ. Түүний цаад хананд “Монгол цэргийн алдар бадартугай” хэмээн монгол бичгээр бичсэн харагдлаа. Ёслол эхлэхэд дөрвөн хуягт цэрэг Монгол цэргийн музейн тугийг барин ёслолын алхаагаар алхсаар талбайн голд зогсож, цэргийн алба хаагчдад хүндэтгэл үзүүлсэн юм. Үүний дараагаар ЕТГ-ын дарга З.Энхболд  Цэргийн гавьяаны улаан тугийн одонг Монгол цэргийн музейн туганд зүүж, баяр хүргэж, талархал илэрхийлэв. Тэрбээр “Монгол цэргийн музейн үе үеийн хамт олны эх оронч, үндэсний үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмэр, улс орныхоо хөгжил дэвшил, батлан хамгаалахын салбарт байгуулсан гавьяа зүтгэлийг нь өндрөөр үнэлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасныг Монгол цэргийн тэмдэглэлт баярын өдрийг нь угтан гардуулан өгч байгаадаа баяртай байна. Монгол цэргийн яруу алдар бадартугай” хэмээлээ. Бахархалт өв соёлыг хадгалсан цэргийн музей нь анх 1966 оны нэгдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны хоёр тоот тогтоолоор “Ардын Армийн Төв музей” нэртэйгээр байгуулагджээ.

Одоогоор байнгын үзүүллэгийн дөрвөн танхим, хоёр хэсэг, 13 төрлийн сан хөмрөгт 9600 гаруй цуглуулгатай аж. 2014 оноос эхлэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан брайль үсгэн болон дохионы хэлний тайлбарыг үйлчилгээндээ нэвтрүүлжээ. Музей хариуцсан ерөнхий менежер, Ахмад Ж.Алтангэрэл бидэнд ажлаа танилцуулав. Тэрбээр “Манай музей 50 гаруй жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байна. Музейн байр 1987 оны аравдугаар сарын 24-ны өдөр шав тавигдаж, 1966 онд ашиглалтад орсон. 40 гаруй ажилтан, албан хаагчидтай. Манай байгууллагад дээд тал нь 20 жил ажилласан хүмүүс байгаа. Одоогоор музейд 10 мянга гаруй соёлын өв байгаагаас зургаан хувийг нь дэлгэн тавьж, сан хөмрөгийн эргэлтэд оруулж үзэгчиддээ толилуулж байна. Бид музейн үзмэрүүдээ жил болгон шинэчилдэг” хэмээв. Харин музейн захирал асан, Дэд хурандаа С.Өлзийдүүрэн “Би дөрвөн жил музейн захирлын алба хашсан. Монгол цэргийн музей “Цэргийн гавьяаны улаан туг”-ийн одон медаль авч байгаад маш их баяртай байна” хэмээлээ.

Д.Отгонтуяа