ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Амьдрал бэлэглэгч гүндүүгүй эр

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-13

“Хэзээ гэртээ ирэхээ мэдэхгүйгээр л ажилдаа гарна шүү дээ” гээд хэнэггүй инээмсэглэх өндөр цагаан залууг Занабаатарын Гүррагчаа гэдэг. Яагаад гэвэл түүний ажил үхэл амьдралын алтан заагт өрнөдөг учраас тэр юм. Онцгой байдлын ерөнхий газрын гүний шумбалтын  аврагчаар 15 жил ажилласан энэ гүндүүгүй эр ажилласан осол, аварсан хүнийхээ тоог алджээ. Өдөр бүр биш ч өнжөөд нэг аврах ажиллагаанд оролцсон гэвэл хэчнээн хүнийг өнчрөл хагацлаас аварч, хэчнээн хүнд үрэгдсэн хорвоогийн жамаар эцсийн замд нь үдэх боломж олгосон нь тодорхой. Хамгийн сүүлд Төв аймгийн Заамар суманд болсон дөрвөн хүний амийг авч одсон уурхайн осолд тэрбээр журмын нөхдийнхөө хамт есөн өдөр цурам хийлгүй ажиллаж, үрээ алдсан эх, ханиа алдсан бүсгүй, эцгээ алдсан үрсийн хагацлын нулимсыг бага ч болов хугаслав.

Амийг нь аврах найдлага тасарсан ч хөлдөж, мөсөн бүрхүүл тогтсон тэсгим хүйтэн шавартай усанд шумбалт хийж анхны цогцсыг гаргасан аврагч нь З.Гүррагчаа. Уурхайн хана тал бүрээсээ бага багаар нурж, хана бүрээс ус гоожин дахин нурж, дотор нь байгаа бүхнийг хумин одоход бэлэн байгаа ус руу шумбахдаа дахиад гарч ирэхгүй ч байж болох эрсдэлтэйг сайн мэдэх ч өргөсөн тангараг, итгэж хүлээсэн хохирогчдын ар гэрийнхний төлөө амиа дэнчин тавьж ажилласан баатрууд бол тэд юм. Мөсийг нь бутлан уурхайн гүн дэх шавартай усанд шумбахад нүдээ боосон мэт тас харанхуй нөмөрлөж, аль зүгт хаашаа явж байгаагаа мэдэх боломжгүйн дээр тэсгэл алдам хүйтэн байсныг тэр ярив. 20-30 минутаар ээлжлэн шумбах аврагчдын нэг удаагийн шумбалтаар бие нь бүхэлдээ бээрч, хоёр гар нь мэдээ алдаж байсныг ч хуучиллаа. Түнэр харанхуйн гүн дэх тэсгим хүйтэн усанд шумбахад аврах багийн нөхөд нь газрын гадаргаас удирдаж, хаашаа сэлэхийг нь чиглүүлж байжээ. Тэдний холбоо барих хэрэгсэл нь олс бөгөөд олсоо нэг дугтарвал баруун тийш, хоёр дугтарвал зүүн тийш гэх мэтээр чиглэл авч, эрлийн ажиллагааг явуулж байсан аж. Газрын хөрснөөс доош 80 метрийн гүн дэх уурхайн ус таван метрийн гүнээс доош өтгөрч, шавран зутан мэт болсон байсныг ярив.  Ийм нөхцөлд шумбалт хийж, эрлийн ажиллагаа явуулна гэдэг төсөөлөхөд ч бэрх. Гэвч З.Гүррагчаа аврагч үүнийг байдаг л нэг үзэгдэл мэт хээв нэг ярина.

Тэрбээр “Аврах ажиллагаа бүр л амь тулсан эрсдэлтэй. Үүнээс ч хүнд нөхцөлд бид ажиллаад сурчихсан. Заамарын осол олон нийтийн анхаарлын төвд байсан гэдгээрээ онцлог юм. Түүнээс биш бидний хийдэг л аврах, эрэн хайх ажиллагаануудын нэг” хэмээн ярилаа. Ус руу шумбахдаа тэд муу зүйл боллоо гэхэд олноороо эрсдэж байснаас цөөхүүлээ байсан нь дээр гээд хоёр, хоёроороо ээлжлэн шумбаж байсан гэнэ лээ. Аврагчид гэдэг өдөр бүр бусдын төлөө үхэхэд бэлэн байдаг дундаршгүй зоригтнууд байдаг аж.  Ерөөс аврах ажил гэдэг багийн ажиллагаа байдгийг онцолж, цаг ямагт нөхдөө магтаж, тэднээрээ бахархана. Тэрбээр нөхдийнхөө болоод нөхөрлөлийхөө талаар ярихдаа “Хүн гэдэг их сонин амьтан шүү дээ. Амь тулсан эрсдэлтэй үед бие биенээ түшиж, тулж байдаг болохоор Онцгой байдлын ажилчид сэтгэлийн бат холбоотой хүмүүс байдаг. Хэрвээ би өөр ажил хийж байсан бол хүний сайн нь хэчнээн сайхан байдаг, нөхөрлөл гэдэг хэчнээн үнэ цэнэтэй зүйл вэ гэдгийг мэдрэхгүй байсан болов уу. Миний амьдралд хайртай байгаагийн хамгийн гол шалтгаан бол ажил минь гэж боддог. Ажлаа хийж явахдаа амьд байна гэдэг хэчнээн үнэ цэнэтэй болохыг аврах ажиллагаа болгонд мэдэрдэг. Хүний амь аварна гэдэг хэлж, илэрхийлж боломгүй сэтгэлийн таашаал байдаг” хэмээн ярив. Ийм л учраас тэр аврал эрсэн нэгэнд амжиж амьдрал бэлэглэхийн тулд алтан амиа золиослоход цаг ямагт бэлэн байдаг биз ээ. 

 

 

З.Гүррагчаа ярих зуураа үе үе нүдээрээ инээж, зөөлөн харцтай нүдэнд дулаахан залуу байлаа.  Яагаад ч юм түүний байгаа байдал, ярьж хэлж байгааг нь харж суухад “гүн сэтгэж зөөлөн урсана” гэх нэгэн яруу найрагчийг тодорхойлсон үг санаанаас гарсангүй. Магадгүй түүнд тохирох хамгийн оновчтой тодорхойлолт энэ байх. Нуруутай эр хүн гэж энэ хүнийг л хэлэх байхдаа гэсэн бодол түүнтэй ярилцсан хэсэгхэн хоромд төрж байсныг нуух юун. Багийн ажиллагаа хэр сайн байна, аврах ажиллагаа төдий чинээ үр дүнтэй байдгийг онцолж байлаа. Үрээ эрхлүүлж, эхнэрээ тэврээд гүн нойронд автаж байхдаа гэнэтийн дуудлагаар гарч яваад хоёр сарын дараа эргэж ирж байсан түүхээ ч дурсав. З.Гүррагчаа “Аврагчийн ар гэрийнхэн гэдэг гэр бүлээрээ онцгой байдлын бэлэн байдалд байдаг юм шүү дээ” гээд хөгжилтэй инээнэ. Үнэхээр ч түүний хэлдгээр гэр бүл нь хүртэл бэлэн байдалд байж, эсэн мэнд ирээсэй хэмээн залбирч, эргээд ирэхэд нь хагартлаа баярлаж, албандаа явахад нь битүүхэн түгшиж суудаг байлгүй. Эхнэр нь эхэндээ түүний ажилд дургүй байсан гэнэ. Арга ч үгүй биз ээ. Бусдын төлөө өөрийнхөө амийг эрсдэлд оруулж, эргэж ирэх эсэх нь тодорхойгүйгээр явахад ямар хүн дуртай байх билээ. Дуудлага аваад аврах ажиллагаанд явахад нь өнөө маргаашгүй амаржих дөхсөн эхнэр нь салж ядан уйлаад үлдэж байсныг мартдаггүй тухайгаа З.Гүррагчаа хуучлав. Одоо бол түүний ажлыг эхнэрээс нь илүү ойлгож, дэмждэг хүн байхгүй гэнэ. Харин хоёр охин нь аавыгаа албанд нь явуулахдаа дурамжхан байх бөгөөд “Хэзээ ирэх юм бэ.

Яагаад дандаа явдаг юм бэ” гэх байцаалтыг тогтмол авч хэвшсэн гэнэлээ. Бусдын төлөө үр хүүхэд, хань ижлээ орхиод амь дүйсэн алба руу өөрөө явна гэдэг мэдээж амаргүй. Гэвч Гүрээ аврагч нэг ч өдөр ажлаасаа уйдаж байгаагүй аж. “Өглөө сэрэхдээ нойроо харамлан босож ядах биш, ажилдаа явах гэж догдлон сэрэхээс л аз жаргал эхэлдэг” гэж манай сонины “Эгэл амьдрал” булангийн нэгэн зочин хэлж байсан удаатай. З.Гүррагчаа аз жаргалтай нэгэн аж. Яагаад гэвэл тэр ажилдаа дуртай. Тийм ч учраас аврагчийн ажилд орсон дурсамжаа ярих дуртай. Уг нь тэр барилгын техникч болохоор сэтгэл шулуудсан байжээ.  Анх 2004 онд Төв аймгаас нийслэл хотод оюутан болж ирсэн тэрбээр Барилгын коллежийн Барилгын техникчийн ангид элсэж орсон байна. Энэ үед садангийнхаа айлд байрлаж байсан учраас айлд зүгээр суухаас санаа зовж, хөдөө байгаа аав, ээж рүүгээ утасдаж, ажил олж хиймээр байгаагаа дуулгасан гэнэ. Азаар аавынх нь танил тухайн үеийн Гамшигтай тэмцэх газарт ажилладаг байж таарчээ. Ингээд л З.Гүррагчаа хүү аврагчид хэмээн амьд бурхдын эгнээнд нэгдсэн гэдэг. Энэ тухайгаа “Юу ч чадахгүй жаахан бацаан сайн ах нарынхаа буянаар богино хугацаанд ажилдаа гаршсан” хэмээн дурсана. Эдүгээ тэдэнтэйгээ 15 жилийн турш аврах ажиллагаанд оролцож, зуу зуугаар тоологдох хүмүүсийг аварч, өнөөдөр ч аврал эрсэн бүгдэд амьдрал бэлэглэхээр зүтгэж яваа нь энэ юм. Сайн үйлс бүхэн сүүн мөртэй байдаг гэдэг. Бусдын төлөө гэсэн сайхан сэтгэл, эрэмгий зориг тань үргэлж гэгээн бүхнийг дуудан байг.