ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Талийгаач шүүгчийн бичлэгийг ар гэрийнхэнд нь үзүүлжээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-17

Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас гуравдугаар сарын 15-ны өдөр мэдээлэл хийлээ. 2018 онд нийт гэмт хэргийн шинжтэй 23 мянга 573 гомдол мэдээлэл хүлээн авч шалгажээ. Үүнээс 15 мянга 443 гомдол мэдээлэлд хэрэг бүртгэл нээсэн аж. Үүнээс 10 гомдол мэдээллийг хаах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн байна. Нийт гомдол, мэдээллийн 99.8 хувийг гомдол мэдүүлсэн хугацаанд шийдвэрлэж, 9448 иргэнд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ. Цагдаагийн байгууллагын алба хаагчид өмнө нь үйлдэгдсэн илрээгүй хэргүүдийг илрүүлжээ. Тухайлбал, өнгөрсөн онд Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн 1998 оны арванхоёрдугаар сарын 24-нд Баянгол дүүрэгт иргэн Б 49 удаа хутгалуулж  нас барсан хэргийг тухайн үедээ 18 настай М гэгч итгээд үйлдсэн болохыг тогтоосон аж.  Түүнчлэн Цагдаагийн байгууллагаас  барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаанд дүгнэлт хийсэн аж . Дүгнэлтээр олон төрийн бус байгууллага, барьцаалан зээлдүүлэх газрын үйл ажиллагаа ерөн­хий стандартыг шинээр гаргаж, бат­луу­лан үйл ажиллагаандаа хэрэг­лэж байна. Улсын хэмжээнд 960 барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээр газруудад нэг жилд хэчнээн эд зүйл тавигдсан тоог гаргажээ. Үүнд:

• Телевизор 2826
• Нөөтбүүк 2417
• Мөнгөн аяга 31456  
• Алт монет мөнгө 68579
• Гар утас 5466
• Бусад эд зүйлс 35,735 ширхэг эд зүйл барьцаалан зээлдүүлэх газар тавигдсан байсан нь судалгаагаар гарсан. Эдгээр эд зүйлийг зах зээлийн доод үнээр бодож үзвэл жилд 32 тэр­бум төгрөгийн бараа барьцаалан зээл­дүүлэх газарт барьцаалж байгаа ажээ.

Хэвлэлийн бага хурал дууссаны дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв. 

-Хорих 461-р ангид нас барсан шүүгчийн хэргийн талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Талийгаач шүүгч Л.Бямбаатай хол­боо­той хэргийг ЦЕГ-ын Онц хүн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгчид шал­гаж байна. Талийгаачийн ар гэрийн­хэнд хорих ангийн камерын хяналтын бичлэгийг үзүүлсэн. Одоогоор эцсийн дүгнэлт гараагүй байна.

-Авто машины техник хэрэгслийн хулгай ихсэж байна. Энэ тал дээр арга хэмжээ авах боломж  байгаа юу?

-Боломж бий. Гэхдээ иргэд тө­рийн байгууллагууд хамтарч байж үр дүнд хүрнэ. Авто машины хул­гай­лагд­сан эд ангиудыг тусгай газар худал­даал­даг­гүй. Гудамжинд явж бай­гаад л зардаг. Эсрэг авах арга хэм­жээ­ний тухайд хаана зарагдсан бэ гэд­гийг нь тогтоогоод худалдаж ав­сан хүн нь бичиг баримт регистер га­рал үүсэлгүйгээр авсан бол тэр хүн, байгууллагад хариуцлага дав­хар тооцож байгаа. Энэ үүргээ бие­лүү­лэх­гүй бол лангуу түрээслүүлэх эрхийг нь хасаж байгаа.

-БНСУ руу явуулах нэрээр залилах хэрэг үйлдэж байгаа хэргийг шалгаж байгаа юу?

-БНСУ руу зорчих виз гаргаж өгнө гэж залилсан бүлэг этгээдүүд манайд ирээд тусгай хэсэг гаран ажиллаж байгаа. Энэ хэрэг шийдэгдээгүй байна. Энэ талаарх мэдээллийг эрүүгийн цагдаагийн албанаас авч болно.

-Сүлжээний залилах гэмт хэрэг ямар байна вэ?  

-Сүлжээний гэмт хэрэг сүүлийн үед нэлээд гарч байна. Хамгийн том сүлжээний хэрэг болох  “Жи-тайм” сүлжээгээр хохирсон гэх 17,434 хүн байна. Монгол Улсын нэг иргэн Казахстан улсын нэг иргэн холбогдсон. Гэхдээ холбогдох этгээд мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан бөгөөд олдоогүй байгаа. Тус хэрэгт нийт 6.9 тэрбум орчим төгрөг, 400 сая төгрөгийн үнэтэй машин, гурван тэрбум орчмын үнэтэй бараа бүтээгдэхүүнийг бид битүүмжилсэн байна. Хохирлыг нөхөн төлүүлэх саналаа прокурорын байгууллагад хүргүүлэн ажиллаж байна. Гол асуудал нь хэргийн холбогдогч оргон зайлсан учраас дараагийн шатны арга хэмжээг авч чадахгүй байна. Хохирсон 11 мянган хүнээс мэдүүлэг авахад 26 орчим тэрбум төгрөгийн хохирол гарч ирсэн. Иргэдэд анхааруулахад, урьдчилаад мөнгө төлчихвөл гэдэг зүйлээс сэрэмжлэх хэрэгтэй байна. Энэ чинь цаанаа санхүүгийн эх үүсвэргүй байна гэдгийг харуулж  байгаа шүү дээ.