ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

П.Баатар: Эдийн засгийн үр ашигтай ажиллаж чаддаг эрчим хүчний эх үүсвэртэй улс л тогтвортой хөгжиж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-17

Усан станцын эксперт П.Баатарыг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж, ярилцлаа. Тэрбээр одоо “Жесика Энержи” ХХК-ийн  УЦС-ын зөвлөх инженерээр ажиллаж байгаа юм. 

-Дэлхий нийтээрээ сэр­гээгдэх эрчим хүчний талаар ярих боллоо. Тэр дундаас усан цахилгаан станцын талаар тантай онцолж ярих юм.Усан цахилгаан станц бусад сэргээгдэх эрчим үйлдвэрлэх технологиудаас ямар давуу талтай вэ?

-Монгол Улс нүүрс гэдэг хатуу түлшинд суурилсан эрчим хүчний салбартай улс. Гэтэл усан цахилгаан станц дэлхийн сэргээгдэх эрчим хүчний 71 хувийг үйлдвэрлэж байна. Нар, салхинаас хамаагүй илүү. Би нэг жишээ татъя. Европын нэг орон эрчим хүчнийхээ 99 хувийг усан цахилгаан станцаар хангаж байна. Гэтэл Монгол Улс эрчим хүчнийхээ ердөө ганцхан  хувийг л усан цахилгаан станцаар гаргаж авч байгаа. Ингээд л Улаанбаатар хот утаанбаатар гэдэг нэртэй болчихлоо. Нийслэлд хүн амын бараг тэн хагас нь төвлөрсөн. Агаарын бохирдол аюулын хэмжээнд хүрч, гамшиг болчихоод байгааг олон жил ярьж байна. Энэ асуудлыг шийдэх арга нь усан цахилгаан станц юм. 1990 онд зах зээлийн тогтолцоонд шилжих үеэс хэрэглэгчдийг цахилгаанаар таслах хязгаарлах явдал гарах болсон. Монголын эрчим хүчний аюулгүй байдлыг баталгаажуулах УЦС /Усан цахилгаан станц/ үгүйлэгдэж байгааг мэргэжлийн инженерийн хувьд би  эртнээс мэдэрч байсан тул тэр үед  Эгийн голын усан цахилгаан станцын төслийг санаачлан, ТЭХС-ийн Ерөнхий инженер н.Шагдарсүрэнд танилцуулахад,   тэрээр маш сайн дэмжсэн юм. 1990 онд  Монголд айлчилсан Японы эзэн хааны төлөөлөгчидтэй уулзах боломж надад  тохиосон. Тэр үеэр   Монгол Улсын ТЭХС-ийг аваарын оператив нөөц УЦС-тай болгон бие даасан, гаднаас хамааралгүй,  аюулгүй байдлыг нь баталгаажуулах амин чухал хэрэгцээ байгаа талаар хэлсэн юм. Улмаар  усны эрчмийн хөгжлөөрөө тэргүүлдэг орнуудын нэг болох Японы төлөөлөгчдөд Эгийн голын УЦС-ын төслөө танилцуулахад, тэд миний саналыг маш чухал санаачилга хэмээн шууд хүлээн авч, гурван тусламж үзүүлэхээ амалсан юм. Нэгдүгээрт, ТЭЗҮ боловсруулахад 1.5 сая ам. долларын буцалтгүй тусламж олгох, хоёрдугаарт, нэг сарын дотор Японы УЦС-ын мэргэжилтнүүдийг Монголд ирүүлэхээ амласан. Харин гуравдугаарт, намайг Японд урьж, УЦС-уудаа үзэхийг санал болгосон юм. Япон улсын УЦС-ын хөгжилтэй  танилцаад буцах болоход, АХБ-ны шугамаар Эгийн голын УЦС-ын судалгаанд зориулан амласан буцалтгүй тусламжаа олгохоо надад хэлж байсан даа. 1993 онд Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ бэлэн болж,  Яамны  Ц.Сүхбаатар  зөвлөхтэй хамт АХБ-ны захиралуудын зөвлөлд  танилцуулаад, барихад нь зориулж 100 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авахаар болоод ирж байсан түүхтэй. Харамсалтай нь 30 жил өнгөрч байхад төсөл ажил хэрэг болоогүй байна. Энэ усан цахилгаан станцыг барьчихсан бол Монголын эрчим хүчний салбарын найдвартай, аюулгүй ажиллагаа бүрэн баталгаатай болох ёстой байсан.  Сүүлийн үед Монголд эрчим хүч тасалдах тохиолдол их гарч байна. Энэ уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байгалийн аюултай үзэгдэл, хүчтэй  салхи шуурга өндөр хүчдэлийн шугамын бетон тулгууруудыг  нураах тохиолдол цөөнгүй гарлаа. Саяхан гурван аймаг цахилгаангүй болсон биз дээ.  Тэгвэл энэ хүндрэлүүдээс тойрч гарах арга нь, эрчим хүчний аюулгүй байдлын баталгаа нь усан цахилгаан станц байдаг юм. 

Бид 2008 онд баруун бүсэд Дөргөний усан цахилгаан станцыг барьсан. Эдүгээ 10 жилийн турш маш сайн ажиллаж байна. Энэ хугацаанд нэг ч удаа эдийн засгийн хямралд өртөөгүй. Усан цахилгаан станц тийм хямралд  өртдөггүй юм. Бусад төрлийн дулааны станцууд 30-40 жил ажиллана. Харин усан цахилгаан станц 100 болон түүнээс дээш жил ажиллах боломжтой. Өнөөдөр тогтвортой хөгжил гэж яриад байна. Гэтэл усан цахилгаан станц аль ч улсын тогтвортой хөгжлийн тулгуур нь болдог. Харин манай ТЭХС-д усан цахилгаан станцгүй байгаа нь бие даасан , аюулгүй байдлыг хангах,  оргил ачаалалын эх үүсвэргүй  байна. 

-Одоо манайд хэдэн усан цахилгаан станц ажиллаж байгаа вэ. Дөргөн, Тайшир л байна уу?

-Жилийн дөрвөн улиралд  ажилладаг усан цахилгаан станц хоёр л байна. Дөргөн болон  Тайширын УЦС. Бусад жижиг цахилгаан станцууд байгаа. Гэхдээ улирлын чанартай. Өвөл ажиллахгүй. Гэтэл өвөл цахилгааны хэрэглээ эрс нэмэгддэг шүү дээ. Тэр үед л ажилладаг УЦС  хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилладаг сонгомол усан цахилгаан станцыг барих хэрэгтэй. Бусад улсууд ч ийм л станц барьж байгаа. Би түрүүнд бүх эрчим хүчнийхээ 99 хувийг усан станцаар хангадаг Европын орон гэж ярьсан даа. Тэр бол УЦС-аар жилд 144 тэрбум кВтц цахилгаан гаргадаг,  таван сая хүн амтай  Норвеги  улс юм . Монголын хөгжлийн загвар болох улс гээд байгаа шүү дээ.  

-Өвөл ажилладаг усан цахилгаан станц гэхээр энэ талаар сайн ойлголтгүй хүмүүс гайхах байх. Өвөл ус хөлдөхөөр яах юм бол гэж ч бодож байж магадгүй. Та энэ талаар тайлбарлаж өгөөч?

-Усан цахилгаан станцын талаарх ойлголтыг олон түмэнд түгээх хэрэгтэй. Хүмүүс энэ талаар нарийн мэдлэг, мэдээлэлгүй байдаг юм билээ.  Манай улсад өвөлдөө ихэнх нутагт ихдээ -40 градус хүрч хүйтэрдэг.  Баруун бүсэд хамгийн хүйтэн газраа -55 градус хүрсэн байсан, энэ жил. Гэтэл Дөргөний усан цахилгаан станц ямар ч асуудалгүй ажиллаж байна. ОХУ-ын Якутад өвөлдөө бараг -60 градус хүрч хүйтэрдэг. Тэнд усан цахилгаан станц 60 жил  найдвартай ажиллаж байгаа. Гол нь далангаар буй болсон усан сан  1-2 м мөсөөр хучигдан   мөсөн доогуураа  нэмэх темпратуртай  ус чөлөөтэй урсч байдаг. Тиймээс  цахилгааны ачаалал их болдог өвлийн улиралд УЦС  бүрэн хүч чадлаараа  ажиллаж л байдаг найдвартай эх үүсвэр юм.

-Дөргөний УЦС  жилдээ хэдэн сая кВтц цахилгаан үйлдвэрлэдэг юм бэ?

-Дөргөн 12 мВтц-ын  суурьлагдсан хүч чадалтай усан цахилгаан станц юм.  Дөргөний усан цахилгаан станцыг барихаас өмнө баруун бүсийн эрчим хүчний хэрэгцээг  импортоор авч, хангадаг байлаа. Харин Дөргөн УЦС жилдээ 40 сая кВтц цахилгаан үйлдвэрлэж байна. Энэ бол баруун бүсийн нийт хэрэгцээний  гуравны нэгийг хангаж байна гэсэн үг.  Манай улс гадаадаас өндөр үнээр цахилгаан импортолж авдаг. Тэгвэл Дөргөний УЦС түүнээс дөрөв дахин бага өртгөөр цахилгаан үйлдвэрлэж байна шүү дээ.  

-Дулааны цахилгаан стан­цуудын хүчин чадлыг нэмнэ, өр­гөтгөнө гээд байдаг. Усан ца­хилгаан станцын хүчин чад­лыг нэмэх боломж байдаг уу?

-Нэгэнт тухайн голын урсацад тааруулаад барьчихсан станцын хүчин чадлыг нэмнэ гэж  бараг байхгүй. Харин тэр хавьд нь  цуврал каскад  өөр усан цахилгаан станц барьж болно. Америкт гэхэд л нэг гол дээр 10, 20 усан цахилгаан станц цувуулаад барьчихсан жишээ байна. Усны хүчийг тэгж олон дахин ашиглаж болдог байгаа юм. Ямар ч  утаагүй, цэвэр эрчим хүч гаргаж авдаг гэсэн үг. Жишээ нь, Хөвсгөл аймгийн нэг суманд Дөргөн шиг усан цахилгаан станц барилаа гэж бодъё. Тэгвэл тэр сумыг цахилгаан, дулаантай нь, ундны устай нь хангачихна. Дээрээс нь усалгаатай тариалан хөгжүүлээд, хүнсийг нь хангаж болно. Ингээд нэг сумаар  хоёр бүр 10 туулай ч  буудаж болдог. Ийм олон зориулалтын бага чадлын усан цахилгаан станц үйлдвэрлэсэн цахилгааны орлогоосоо  7-9 дахин илүү ашиг өгч байна гэж дэлхий нийтээрээ шуугиж байна.  Тухайлбал, Дөргөний усан цахилгаан станц жилдээ 40 сая кВтц цахилгаан үйлдвэрлэж байгаа. Энэ эрчим хүчийг импортоор авбал жилдээ зургаан тэрбум  төгрөгтэй тэнцэх валют зарцуулах болно. Ингээд бодохоор маш их ашигтай байгаа биз дээ.  Би түрүүнд бас уур амьсгалын өөрчлөлтийн талаар цухас дурдсан. Манай өндөр хүчдэлийн шугамууд салхины хүчийг даахаа больсон.  Өнгөрсөн оны таван сард долоон аймаг цахилгаангүй болж байсныг бүгд санаж байгаа.  Учир нь Эрдэнээс Булган орох өндөр хүчдэлийн шугамын тулгуурууд  салхинд нурсан. Тухайн орон нутагт, аймагт, суманд  усан цахилгаан станц барьчихвал ийм аюул байхгүй болно. Түүнээс биш бүх станцаа Улаанбаатарт барьчихаар 800 км  шугамын цаана байгаа аймгийн төв сумд эрсдэлтэй байна.  Хэрвээ өвөл шугам нураад, хурдан сэргээж чадахгүй хоёр хонолоо гэхэд  аймгийн төвүүд хөлдөх эрсдэлтэй. Тийм учраас тухайн бүс нутагт нь Дөргөн шиг усан цахилгаан станц баривал Монголын эрчим хүчний аюулгүй байдал баталгаатай боллоо. Ямар аймаг, суманд гол мөрөн байхгүй гэх юм биш. Усан цахилгаан станц гаднаас хараат биш, бие даагаад ажиллах боломжтой. Хөрөнгө оруулалтаа 10-15 жилд нөхөөд  120 жил ажиллана. Би саяхан Америкт байж байгаад ирсэн. Тэнд 130 гаруй жил ажилласан усан цахилгаан станц байна. Тийм урт хугацаанд эдийн засгийн үр ашигтай, дампуурахгүй ажиллаж чаддаг эрчим хүчний эх үүсвэртэй улс л тогтвортой хөгжлийн зам дээр баталгаатай гардаг юм байна. Тийм учраас сүүлийн жилүүдэд хувь хүмүүс, компаниуд усан цахилгаан станцыг хөгжүүлж байгаа улс орнууд олон болж. Энэ усан цахилгаан станцыг хөгжүүлэх хамгийн зөв арга байдаг юм байна. Манайд ч гэсэн усан цахилгаан станц барих гээд ТЭЗҮ-ээ батлуулчихсан компаниуд бий. Тэднийг салбарын яамнаас дэмжиж байгаа. Цаашид ч дэмжих байх.

-Усан цахилгаан станцыг заавал том гол дээр барих ёстой гэсэн стандарт байх уу?

-Манай улсад янз бүрийн л гол байна. Том, жижиг, дунд. Тэр голынх урсацад нь таарсан хүчин чадалтай цахилгаан станц л барьчихна.  5, 10, 20, 30 мВт-ын,  жилийн дөрвөн улиралд ажиллах УЦС манайд илүү зохимжтойг Дөргөний УЦС-ын найдвартай ажиллагаа нотлон харууллаа. Том гол дээр  100 мВт-аас доош хүч чадалтай УЦС  барьж болно шүү дээ. 1990 онд ажлыг нь эхлүүлсэн Эгийн голын усан цахилгаан станц бүр 220 мВтц-ын хүчин чадалтайгаар зураг төслийг нь боловсруулсан юм. Гэвч ажил хэрэг болохгүй л байна даа.

-Сэргээгдэх эрчим хүчний өртөг өндөр гэдэг. Усан цахилгаан станцаас гаргаж авч байгаа эрчим хүчний үнэ ямар байдаг юм бэ.  Хамаагүй хямд биз дээ?

-Саяхан болтол нарны станцын цахилгааны үнэ кВтц нь  15-18 цент буюу 430 төгрөг салхиных 12 цент гэж байсан. Тэгвэл Дөргөний усан цахилгаан станц  нэг кВтц цахилгаанаа 37 төгрөгөөр баруун бүсийн эрчим хүчний сүлжээнд нийлүүлээд 10 жил дампуурахгүй  л  ажиллаж байна. 

-Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барина гэж нэг хэсэг ярьсан. Гэтэл Оросын талаас Байгаль нуурт сөрөг нөлөөтэй гээд болиуллаа гэсэн мэдээлэл ч гарч байсан. Хэрвээ Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц баривал хэр том станц барих боломжтой юм бэ?

-Шүрэнгийн усан цахилгаан станцыг 300 орчим мВтц-ын хүчин чадалтай гэж тооцож байсан юм. Би тэр судалгаанд нь оролцож байсан. Эгийн голын усан цахилгаан станцыг ч гэсэн 315 мВтц болгож нэмэгдүүлэхээр болсон юм билээ. Жилдээ нэг тэрбум кв/ц цахилгаан үйлдвэрлэнэ. Монголд олон газар янз бүрийн хүчин чадалтай усан цахилгаан станц барьж болно. 1960-аад онд ЗХУ-ын  судлаачид Монголд усан цахилгаан станц барих боломжтой  30 орчим байршлыг сонгож өгсөн. Гэхдээ их том биш бага чадлын усан цахилгаан станц барих боломжтой байршлуудыг сонгож өгч байлаа. Бид одоо хойд хөрштэйгээ хамтарч ажиллах юм бол Байгаль нуурт нөлөөгүй бага, дунд чадлын усан цахилгаан станцуудыг хөгжүүлэх бүрэн боломжтой гэж бодож байна. Энэ боломжоо бид ашиглах хэрэгтэй. Хойд хөрштэйгээ хамтарч ажиллахад хоёр талд ашигтай байх болно. Хилийн ус гээд янз бүрийн юм яриад, усан цахилгаан станц барьж болохгүй гээд байдаг  юм билээ. Гэтэл Европт Дунай мөрөн 10 гаруй орны нутаг дэвсгэрийг дамжиж урсдаг. Улс болгон өөрийнхөө хэсэгт усан цахилгаан барьчихсан. Болж л байна. Орос, Монгол хоёр энэ мэт харилцан ойлголцоод,  хамтраад усан цахилгаан станцууд барьж болно доо. Төмөр зам шиг хамтын УЦС байж болох юм. Манай төрийн гурван өндөрлөг ОХУ-ын удирдлагуудтай яриад, тохиролцоонд хүрэх хэрэгтэй.  Сэргээгдэх эрчим хүч дотор хамгийн чухал нь усан станц. Би түрүүнд хэлсэн, жилийн дөрвөн улиралд 24 цаг тасралтгүй ажилладаг. Нарын станц гэхэд нар жаргачихаар яах билээ. Салхигүй болчихлоо гэвэл яах вэ.  Тэхлээр нар, салхины станцын  жолоодлогогүй байдлыг зохицуулахад ганц  хэрэгтэй нь тохируулагч нь УЦС байдаг юм. СЭХ-ний хуулинд заасан нар, салхины станцын тарифыг дээр дурдсан. Харин УЦС-ын тариф  5.5 цент гээд заасан байгаа нь гадны хөрөнгө оруулалтыг татахад хангалтгүй бага юм. Энэ нь 1250 гаруй МВтц-ын тусгай зөвшөөрөл олгосон  нар салхины станцуудаа барих боломжтгүй  хаалт болсон байна. Учир нь нар салхины станцыг барихад УЦС суурь нь болж өгдөг юм.

-Нүүрс түлж, цахилгаан, дулаан үйлдвэрлэдэг станц, усан цахилгаан станц хоёрын барих өртөг нь ямар ялгаатай байна вэ. Усан цахилгаан станц барих өртөг илүү хямд байж чадах уу?

-Дулааны цахилгаан станц тодорхой тогтсон үнэтэй. Харин усан цахилгаан станц тухайн нөхцлөөсөө болоод янз бүрийн үнэтэй. Жишээлбэл, нэг сайхан хавцал байвал богинохон далан барих учраас өртөг нь хямд тусна. Нэлээд өргөн гол байвал том далан барих учраас өртөг нь өндөр. Гэхдээ л усан цахилгаан станц бусад төрлийн цахилгаан станцаас 3-5 дахин урт хугацаанд ажилладаг. 100-аас дээш жил ажилладаг учраас хөрөнгө оруулалтаа эхний 10-12 жилд нөхнө. Дараа нь цэвэр ашгаа өгөөд л явна. Ийм учраас Олон улсад усан цахилгаан станцыг валютын үйлдвэр гэдэг.  Япон улс  гэхэд 3000 усан станцтай. Канад дэлхийд тэргүүлж, АНУ араас нь орж байна. Зургаад нь Норвеги ордог юм. Норвеги таван сая хүнтэй, манайхаас дөрөв дахин бага нутагтай. Гэтэл тэнд олон зуун  усан цахилгаан станцтай. Баялгийн сангаараа алдартай. Норвегийн баялгийн сан 999 тэрбум ам.доллартай.  Гэтэл манай улс 30 тэрбум ам.долларын өртэй байна. Усан цахилгаан станц хөгжүүлсэн орнууд ийм л сайхан, эдийн засгийн хямралгүй, утаа униаргүй амьдардаг юм байна. 

-Усан цахилгаан станц байгаль орчинд муу нөлөөтэй гэж байх уу. Тухайн гол, мөрөндөө муугаар нөлөөлөх ч гэдэг юм уу?

-Швейцарь гэхэд Өвөрхангай аймгаас бага газар нутагтай. Гэтэл тэнд 1000  гаруй усан цахилгаан станц барьчихсан байна. Хэрвээ ямар нэг муу нөлөө байсан бол тэр улс сүйрнэ биз дээ.  Гэтэл улам л сайхан хөгжиж байна. Тогтвортой хөгжилд хүрчихсэн, эдийн засаг нь хямардаггүй улсууд бүгд л усан цахилгаан станцтай.