ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Номтойбаяр: Эргээд коммунизм байгуулахаар шийдсэн юм бол Монголын төрд ажиллах шаардлага алга

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-18

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу 400 орчим лицензийг төрд авна гэдгийг мэдэгдсэн. Үүний эхлэл нь “Эрдэнэт” үйлдвэр, түүний дараа Цагаас суваргын орд гэдгийг ч хэлсэн. Тэгвэд энэ талаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

-ҮАБЗ-өөс 400 орчим лицензийг төрд авна гэсэн зөвлөмж гарсан гэдгийг З.Энхболд дарга мэдэгдсэн. Үүний эхлэл нь “Эрдэнэт” үйлдвэр гэсэн. Түүний дараагийнх нь Цагаан суваргын орд гэдгийг хэлээд байгаа. Энэ асуудалд та хэрхэн хандаж байгаа вэ? 

-Би бол УИХ-ын гишүүний ажлаа л хийж байгаа. Гэхдээ надтай хамааралтай асуудлыг нэр цохож тавиад байгаа учраас байр сууриа илэрхийлж байгаа юм шүү.  Ордын түүхийг нь яривал, 1970, 1980-аад онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгээд, нөөц олж тогтоогоогүй. Дараа нь Австралийн компани хайгуулын лицензийг нь аваад мөн олоогүй. Австралийн компаниас МАК аваад хайгуул хийж, орд олсон. “Оюутолгой”-н үйлдвэрлэлийн хүчин чадалтай харьцуулах юм бол 2,5-3 жилийн дотор ашиглах, “Эрдэнэт” үйлдвэртэй харьцуулахад 10-15 жил ашиглах боломжтой орд. Гол нь ямар зарчмаар улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх, Олны яриад байгаа шиг Венсуэлийн зарчим эсвэл чөлөөт ардчиллын зарчмаар сайжруулаад явах юм уу гэдгээ тодорхой болгох хэрэгтэй байна. Төр гол нь татвараа маш сайн авч, тэр нь иргэдийн амьдралд өгөөжтэй л байх ёстой.

-Одоогоор хэдий хэмжээний хөрөнгө оруулалт үйлдвэрт оруулаад байна вэ?

-Гадаад болон дотоодын 400 гаруй сая ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн. Эрсдэлээ өөрсдөө даагаад, гадны санхүүгийн байгууллагаас зээл авч, өөрсдөөсөө тодорхой хэмжээний санхүүжилт гаргаад томоохон бүтээн байгуулалт хийж байгаа үйлдвэрийн нэг бол Цагаан суварга. “Эрдэнэт” үйлдвэрээс хойш ийм том хэмжээний бүтээн байгуулалт хийсэн үйлдвэр байхгүй. Ганц хийгдэж байгаа бүтээн байгуулалт руугаа иймэрхүү байдлаар дайрч, давшлаад байх юм бол бодлогын өөрчлөлт рүү орохоос өөр аргагүй болно. Энэ үйлдэл нь ганц үйлдвэрийн асуудал биш гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид  хараад сууж байгаа.

-Үйлдвэр ашиглалтад орвол хэчнээн хэмжээний татвар улсад төлөх вэ?

-Өнөөдрийн мөрдөгдөж  байгаа хуулиар нийт орлогынхоо 70 орчим хувийн татварыг улсад төлнө.  Одоогоор үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй боллоо.

-ҮАБЗ-өөс гаргасан шийдвэрийн талаар компанид мэдэгдсэн зүйл бий юу?

-Тийм зүйл одоогоор байхгүй. Нуухыг нь авах  гээд нүдийг нь сохолчих вий гэсэн болгоомжлол л надад байна. Энэ асуудал улс төр байгаа учраас л  ийм зүйл болж байна. Хэрэв би хүлцэнгүй, ноомой, дуугай явж ирсэн бол ийм зүйл болохгүй байсан байх. Тэглээ гээд би хонь шиг явж чадахгүй. Хэрэв коммунизмээ байгуулах гэж байгаа бол Монголын төрд ажиллаж, зүтгэх шаардлага алга.