ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Таалагдахын тулд төв банкаа битгий ашиглаарай

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-20

УИХ-ын ээлжит сонгууль болоход жил гаруйн хугацаа үлдээд байна. 2016 оны сонгуулиар 65 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ынхан өнгөрсөн хугацаанд хоёр хуваагдаж, сандал, суудлын тэмцэл өрнүүлсээр өдийг хүрлээ. Энэ Засгийн газрын үед шинээр хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалт гэж бараг л алга. Харин энэ жилээс олон бүтээн байгуулалтын ажлыг хийхээр ярьж эхэлсэн. Улаанбаатар Дарханы чиглэлийн замыг засах, Налайхын замыг шинэчлэх, олон цэцэрлэг, сургууль барих. Нийслэлтэй хатуу хучилттай замаар бүрэн гүйцэд холбогдоогүй байгаа аймгуудыг холбох.  Цэвэрлэх байгууламжийн ажлыг эхэлж, хурдан шуурхай ашиглалтад оруулах. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмж, журмыг өөрчлөх талаар ч ярьж байгаа. Гэх мэтээр 2019, 2020 онд хийх олон ажлыг нэрлэж болно. Бүрэн эрхийнхээ ихэнх хугацаанд хоёр талцаж “зодолдсон” эрх бариг­чид гэнэт сэхээ орсон юм шиг баахан шав тавьж, нээлт хийж, зам засахаар болсон нь сонгууль хаяанд ирсний дохио. Тэд сонгогчдод таа­лаг­дахын төлөө татвар төлөгчдийн болон зээл, тусламжийн мөн­гийг баруун, сол­гой­гүй “цацах”-аар зэхэж байна гэж хардаж бо­ло­хоор.

Зам тавьж, цэвэрлэх байгууламж шинэчилж, гүүр барих яах вэ, иргэдийн сэтгэлийг тэгтлээ хөдөлгөхгүй. Тэгэхээр Засгийн газрын болон эрх баригчдын иргэдэд хамгийн их таалагдах ажил нь ипотекийн зээл. Мөн валютын ханшийг бууруулах. Энэ хоёр ажлыг хэрэгжүүлэхийн тулд Төв банкны хараат бус байдалд халдах магадлал маш өндөртэй. Өмнөх дөрвөн жил Монголбанкийг Засгийн газар “мөнгөний машин” маягаар ашиглаж байсан талаар эдийн засагчид ярьдаг. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Хөтөлбөр хэрэгжүүлж болно оо, гэхдээ Засгийн газар Монголбанктай хамтарсан нь өөрөө том асуудал. Бүр 3.9 их наяд төгрөг зах зээлд гаргачихсан. Түүний 2.8 их наядыг ипотекийн зээлд зарцуулсан тоо баримт бий. Энэ бол Төв банкны хараат бус байдал алдагдаж, үндсэн зорилгоосоо хазайсан гэсэн үг. Төв банкны тухай хуульд “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэж заасан. Түүнээс биш ипотекийн зээл санхүүжүүлнэ гэж заагаагүй. Үйл ажиллагааны чиглэлд нь ч тийм үүрэг байхгүй. Гэтэл АН-ын Засгийн газрын үед Монголбанк үнэ тогтворжуулах хөтөлбөр, ипотекийн зээлд зориулаад маш их мөнгө гаргасан. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэх нь зөв байсан. Харин Монголбанк зээлийн эх үүсвэрийг гаргасан нь буруу.

Бүр ипотекийн зээлийн эх үүсвэрийг бий болгохын тулд мөнгө хэвлэсэн ч гэж ярьдаг. Хэвлэсэн ч бай, өөр аргаар олж гаргасан ч бай эргээд урт хугацааны эдийн засгийн хүндрэлийг бий болгосон. Ипотекийн зээлд зориулж гаргасан бүх валют болж гадагшаа гарсан. Угаасаа Монголд барилгын материал үйлдвэрлэж байгаа үйлдвэр байхгүй. Тэр үед багахан цемент л үйлдвэрлэж байсан. Тэр их мөнгө валют болоод гадагшаа гарахаар Монголд ам.долларын ханш өсч таарна даа. Ингээд Монголбанк “Үндэсний мөнгөн тэмдэгт-төг­рө­гийн тогтвортой байдлыг хан­гах” гэдэг үндсэн зорилгоо бие­лүүлж чадахааргүй болсон. Монгол­банк үндсэн зорилгынхоо эсрэг ажил­ласан гэсэн үг болж таарч байгаа биз. Мэдээж асуудал үүсэхээр га­даад валютын нөөцөө гаргаж, интервенци хийж эхэлсэн.  Хэм­жээ­тэй юм болохоор валютын нөөц нь дуусч таарна. Тэгэхээр нь Хятадын банкнаас зээл авсан, дахинд интервенци хийсэн, дуус­сан.  Монголбанк хараат бус ажил­лаж чадалгүй, Засгийн газрын “хэтэвч” болсон энэ жишээ өнөөдрийг хүртэл эдийн засагт муугаар нөлөөлж, Төв банкны баланс алдагдалтай байна. Яг ийм нөхцөл байдал 2020 оны сонгуулиас өмнө давтагдахгүй гэх итгэл алга. Хэдийгээр хуулийн шинэтгэл хийхдээ “Төв банк төсвийн шинжтэй үйл ажиллагаа, хөтөлбөр санхүүжүүлэхгүй” гэж зааж өгсөн нь хараат бус байдалд нэлээд том дэмжлэг болж өгч байгаа ч улстөрчид, эрх баригчид л хүсвэл үндсэн зорилтынхоо эсрэг ч ажиллаж болдог гэдгийг түрүү дөрвөн жилийн жишээ харуулж байна. Ямар сайндаа л Мөнгөний бодлогод хамаарахгүй үйл ажиллагааг Төв банкинд хамааруулж байх вэ дээ.

Тодорхой хэлбэл, Монголбанкинд алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах ажилд оролцуулахаар тусгаж өгч ч бай шиг.  Энэ бол манай улстөрчид Төв банкны хараат бус байдалд яаж ч халдаж чадна гэдгийн нэг жишээ.  Нэг сайн мэдээ байгаа нь Монголбанк 2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс ипотекийн зээлд зориулж ганц ч төгрөг гаргахгүй. ОУВС-гийнхан тийм зөвлөмж хүргүүлж, шаардлага тавьж байгаа талаар Монголбанкныхан мэдээлэл өгсөн. Гэхдээ ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хүртэл зай ч байна, лай ч байна. Өмнө нь Төв банкны хараат бус байдалд халдаж, ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэхээр улайрахыг хэн байг гэх юм. Валютын ханшийг бууруулахын тулд нөөцөө гаргаж үрэхийг шахахгүй гэх баталгаа алга. Улстөрчдөд сонгогчиддоо таалагдах, дахин сонгогдох л зорилт байгаа. Түүнээс биш Монголбанкны алдагдал, хараат бус байдал хамаагүй. Сүүлийн үед Монголбанкны одоогийн Ерөнхийлөгчийг бага сага тоншиж эхэлсэн. “Огцруулах таван шалт­гаан” гэх мэтээр бичиж байгаа. Дээрээс нь Монгол­банкны Ерөн­хий­лөгч хараат бусаар ажил­лах биш үе үеийн эрх баригчдын томил­гоо байж ирсэн. Өнөөд­рийг хүр­тэл хуульд заасан бү­рэн эрхийнхээ хуга­­цаанд буюу зур­гаан жил ажил­ла­сан ганц­хан л хүн бай­гаа. Бу­сад нь бүгд хуга­цаа­наа­саа өм­нө ажлаа өгч байлаа. Улс тө­рийн зорил­го­той гээд хэлчихэд бу­­руудахгүй.  Одоо ч эрх бариг­чид Монгол­­банк­ны Ерөн­­хий­лөг­чийг чө­­лөө­­лөөд, өөр хүн томи­лох­гүй гэх газар байх­гүй.  

Тэ­гээд ч хуульд Ерөн­­­хий­лөгчийг амар­хан огц­руу­ла­хаас сэргийлсэн, хамгаалсан заалт байх­гүй. За тэр Монгол­банкны Ерөн­хий­лөгч хэн байх нь хамаа алга. Гагцхүү хуульд заасан гол үүргээ л биелүүлж ажил­лах ёстой. Хараат бус байж, үндсэн үүргээ л бие­лүүлж, төгрөгийн тогт­вор­той байдлыг хангахын төлөө ажиллах хэрэгтэй.  Дээ­рээс нь хууль, журмаа ч улам төгөлдөржүүлмээр байна. Яагаад Европын болон Америкийн орнуудын жишгийг хуулж болохгүй гэж.  Европын зарим оронд, тухайлбал Чехэд  Төв банкны Ерөнхийлөгчийг улсын Ерөнхийлөгч нь томилдог. Мөн   Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болон бусад улстөрчидтэй албан бу­саар уулзахыг хориглосон байдаг юм билээ.  Хараат бус байдлын том жишээ.   АНУ-ын Холбооны Нөөцийн Банкны тэргүүн Жероме Пауэл  “Конгресс бидэнд маш тодорхой бөгөөд чухал ажлын чиглэл өгсөн. Энэ нь АНУ-ын иргэн бүрийн амьдралд нөлөөлөхүйц ажил. Бид өөрсдийн бодлогын хэрэгслүүдийг ашиглаж, бүрэн ажил эрхлэлт болон тогтвортой үнийн түвшинг хангахыг зорьж ажилладаг. Бид энэ ажил дээр бусад хамааралгүй хүчин зүйлсийг анхаарч үздэггүй. Бид улс төрийн нөхцөл байдлыг бодлогын шийдвэртээ болон хуралдаа огт тусгадаггүй. Бид улс төрөөс хараат бус ажилладаг” хэмээн ярьсан байсан.  Энэ бол хараат бус байдлын том жишээ. Манайд яг ийм байж чаддаг уу гэдэг нь эргэлзээтэй. Ихэнхдээ л улс төрийн шинжтэй томилгоо хийдэг, улстөрчид Монголбанкны Ерөнхийлөгчөөр ажилладаг учраас хараат бус байх магадлал бага. Одоогийн Монголбанкны баг хуулийн шинэчлэлүүдийг нарийн хийж, хараат бусаар, үндсэн зорилгынхоо төлөө ажиллахыг хичээж байна. Энэ талаар ч их ярьж байгаа.  Гэвч сонгууль гэдэг “хадны мангаа” дөхөж байгаа үед хараат бусаар ажиллахыг эрмэлзэж байгаа баг руу дайрч, сонгогчдод таалагдах ажилдаа татаж оруулав даа, эрх баригчид аа.