ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Д.Сумъяабазар: Алт олборлолтын 60 хувийг бичил уурхайчид бүрдүүлдэг

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-20

УИХ-ын ээлжит бус чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай болон Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тендерийн тухай хууль нь төрөөс зарлаж бай­гаа тендерийн үйл явц болон тусгайлан агент­лаг байгуулах зэр­гийг зохицуулж байгаа юм. Хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд болон Зас­гийн газраас өргөн барьсан хоёр хуулийг нэгтгэж бай­гаа­гаа­раа онцлог. Хуулийн төс­лийг хэлэлцэх үед гишүүд тендерийг хэт орой зар­лаж, тэр нь араасаа маш олон маргаан дагуулж эцэс­тээ төсөв нь буцдаг болохыг шүүм­жилж, нэмэлт өөрч­лөлтөөр энэ асуудлыг цэгц­лэх шаардлагатайг он­цолж байв. Мөн тендерийн шалга­руллалтад улс төрийн албан тушаалтнууд нөлөө­лөхөөс гадна төрийн бүх шатны албан хаачид өөрийн хамаарал бүхий компаниар тендер авч хийдгийг ч энэ үеэр гишүүд шүүмжиллээ.

Үүнээс үүдэн тендерт шалгарсан компани чанар муутай ажил гүйцэтгэж, тэр нь эргээд засвар өргөтгөл хийх нэрийдлээр төрийн мөнгөнөөс дахин дахин хумсалдаг хэмээн УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хэллээ. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат Улс төрийн албан тушаалтны хамаарал бүхий компани тендерт оролцдоггүй байх хууль шаардлагатай байгааг хэлж, ийм хуулийн төслийг боловсруулж байгаа­гаа дуулгасан юм. Тэрбээр энэ тухайгаа хэлэхдээ  “Хавар болохоор л баахан тен­дер зарлаж, тендерийн хо­роо байгуулдаг жишиг ма­най улсад тогтсон. Ал­бан тушаалтны хамаарал бү­хий компани тендерийн шал­га­руу­лал­тад ордоггүй байх хууль хэрэгтэй. Би ийм хууль санаачилж байгаа. Улс тө­рийн албан тушаалтны ха­маа­рал бүхий компани тендерт оролцохгүй байж л тендер дагасан асуудлууд багасна” гэв. Энэ мэт тендер дагасан асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэрхэн тусгасан талаар хуулийн төслийг боловс­руулсан ажлын хэс­гийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хариулт өгөв. 

Тэрбээр “Өнөөдрийн үйлчилж байгаа хуульд цоохор нэмсэн өөрчлөлтүүд нь эрх ашиг, сонирхлын зөрчлүүдийг бий болгох үндэс болсон. Тиймээс шинэ хуулиар цахимаар тендер зарлаж, нээлттэй сонгон шалгаруулдаг болно. Түүнээс гадна Засгийн газрын оруулж ирсэн төслийн хүрээнд яригдаж байгаа ч орхигдож байгаа зүйл маш олон байна. Улсын төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж байгаа учраас өөрчлөлт оруулах маш олон шаардлага, хэрэгцээ байгаа. Тиймээс захиалагчийн хяналтыг сайжруулах гэх мэт өөрчлөлтүүд шаардлагатай. Мөн чанаргүй барилгын хар жагсаалтыг гаргаж, олон нийтэд мэдээлдэг байх боломжийг ажлын хэсгийн хүрээнд энэ саналыг оруулсан” гэв. Тэгвэл цахим шалгаруулалттай холбоотойгоор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа хэлэхдээ “Тендер шалгаруулахад хамгийн гол шалгуур болгоод байдаг бага үнийн санал гэдэг бол угтаа аливаа тендерт өрсөлдөгчдийн ажлын туршлага, гүйцэтгэх техник технологи зэрэг нь хамгийн сүүлд явах ёстой. Цахимаар тендер явуулна гэдэг нь хэр баталгаатай вэ. Валютын ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор үнийн хэлбэлзэл их байдаг. Үүнээс үүдэн ААН-үүд алдагдал хүлээх эрсдэл бий. Үүнийг хуулиар хэрхэн зохицуулсан бэ. Маргаан шийдвэрлэх хугацааг богиносгосон гэж байна. Үүнийг хэрхэн хийсэн бэ. Бүтээн байгуулалтын хугацаа Монгол Улсад маш богино шүү” хэмээн санууллаа.

Хуулийн төслийг хэлэлцэх үеэр Л.Лүндээжанцан, Ч.Хүрэлбаатар, М.Билэгт нарын гишүүд Тендерийн хуулийг баталсан даруйд буюу дөрөвдүгээр сараас мөрдөж эхлэх нь зүйтэй гэх саналыг гаргасан юм. Тэгвэл хуулийн төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол хуулийг албан ёсоор дагаж мөрдөх хугацааг урагшлуулах боломжгүй гэдгийг тайлбарлав. Тэрбээр “Энэ хуулийг дагаж мөрдөх хугацааг долдугаар сар байсныг зургадугаар сарын 01-ний өдөр болгож наашлуулсан. Үүнээс илүү урагшлуулах ямар ч боломж байхгүй юм билээ. Энэ хуулийг хэрэгжүүлж эхлэхэд шаардагдах хугацаа нь энэ. Хууль баталсны дараа цахим орчинд тавьж, 30 хоногийн турш олон нийтийн хэлэлцүүлгийг хийх зэрэг хууль дагаж хийх ажлууд их байгаа. Энэ мэт шат дамжлагуудыг хийхэд хамгийн эртдээ ирэх зургадугаар сарын 01-нээс уг хуулийг албан ёсоор дагаж мөрдөх боломжтой болж байгаа юм” гэв. 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Үндэсний үйлдвэрлэгчийг дэмжинэ гэдгийг маш олон хүн хэлээд байна. Гэтэл яг яаж дэмжих вэ гэдэг нь тодорхойгүй байх шиг байна. Тендерийн үнэлгээний хороонд мэргэжлийн баг оруулж ирж байгаа гэх юм. Яг үүнийгээ хуульд тодорхой тусгасан юм уу. Түүнээс гадна хамгийн бага үнийн санал алга байна. Энэ мэт шинэчлэлийг хуульд маш тодорхой заалтаар оруулахгүй бол болохгүй” гэсэн анхааруулгыг өгөхөд ажлын хэсгийн ахлагч, Д.Оюунхорол “Энэ хуулийг маш сайн уншаад, судлаад үзвэл маш сайн өөрчлөлтүүд орж ирж байгаа. Тендерийн үнэлгээний багийг мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, мэргэжлийн эрдэмтэн судлаачдын бүрэлдэхүүний 50 хувьд хүргэж оруулна гэсэн заалт оруулсан” хэмээн хуулийн төслийг нарийн уншиж, танилцахыг зөвлөв. Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Ж.Бат-Эрдэнэ гишүүнд хандан “Энэ хуулийг таныг сайд байхад өргөн барьсан. Тэр үед таны өгсөн саналуудыг ч мөн тусгасан, танаас санал авсан юм шүү.

Битгий хуулийн төслийг одоо л харж байгаа мэт аашлаад бай” хэмээн хариу барилаа. Хуулийн төслийг хэлэлцэх үеэр тендерт шалгарсан компани чанаргүй ажил гүйцэтгээд, түүнийхээ хариуцлагыг хүлээхгүй байна гэх асуудлыг ихэнх гишүүд хэлж байв. Тухайлбал, 2018 оны тендерийн гүйцэтгэл дөнгөж 30 хувьтай байсан аж. Бүтээн байгуулалт чанаргүй болж байгаа шалтгааны нэг нь төрийн албаныхан давуу байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий мэргэжлийн баггүй компаниар тендер авч байгаатай холбоотой гэв. Мөн чанаргүй бүтээн байгуулалтыг зогсоохын тулд захиалагчийн хяналт сайн байх ёстойг гишүүд онцолж байлаа. Чанаргүй ажил гүйцэтгэгч компани хариуцлага хүлээх хууль эрхзүйн орчин учир дутагдалтай байгаа аж. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын хэлснээр Зөрчлийн хууль гарснаар ажлын гүйцэтгэлээ чанаргүй хийсэн бол хариуцлага тооцдог байсан тогтолцоо үгүй болжээ. ийнхүү тендер дагасан маш олон асуудал байгааг гишүүд хэлж, уг хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлсэн юм. 

Харин ээлжит бус чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Татварын багц хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч тус хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр Ардчилсан намын бүлэг гурван цагийн завсарлага авав. Үргэлжлүүлэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм. Тус хуульд орж буй нэг гол өөрчлөлт нь алтны татварыг 2,5 хувь байхаар тусгасан ч гишүүдийн зүгээс эсэргүүцэл дагуулаад байгаа юм. Тэгвэл хуулийн төслийг хэлэлцэх үеэр зарим гишүүд алтны татварыг бууруулах нь олборлолт болон, алт тушаалтыг бууруулна гэж байгаа нь өрөөсгөл ойлголт гэв. Харин Монгол банкны дэд ерөнхийлөгч Монгол Улс 2017 онд 20 тонн, 2018 онд 22 тонн алт олборлосон.

Энэ хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор алт тушаалт буурсан гэж Төв банк үзэж байгааг дуулгав. Энэ үеэр Н.Амарзаяа гишүүн бичил уурхай эрхлэгчдийн ард маш олон айл, өрхийн амьдралын баталгаа болж байгааг онцолж, өнөөдрийн байдлаар хэчнээн хүн бичил уурхайд ажиллаж байгааг тодруулсан юм. Уурхайн салбарт хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг хуулийн дагуу дэмжээд явж байгааг салбарын сайд дуулгав. 12 аймгийн нутагт 1100 орчим бичил уурхайчид үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт алт олборлолтын 60 орчим хувийг бичил уурхайчдаас бүрдүүлж байгааг ажлын хэсэг тодотгосон юм. Ийнхүү хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх нь дэмжсэн учраас хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв.