ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

М.Болдсайхан: Монгол хэлний шалгалтад босго оноондоо хүрсэн тохиолдолд ЭЕШ-д орно

O.Admin
2019-03-20

Энэ жилээс эхлэн Монгол хэлний шалгалтад тэнцээгүй бол ЭЕШ-д оролцохгүй гэдгийг БСШУСЯ-наас мэдээлсэн. Энэ талаар БҮТ-ийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа. 

-Элсэлтийн ерөнхий шалгалт удахгүй болно. Шалгалтын журамд ямар өөрчлөлтүүд орсон бэ?   

-Шууд засалтын шилэн технологи нэвтэрч байгаатай холбогдуулан өөрчлөлт орсон. Тухайлбал, хоёр төрлийн бүртгэл явагдаж байгаа. Монгол хэлний хичээлийн шалгалтын бүртгэлийг 2013 онд гарсан Засгийн газрын 37-р тогтоолын дагуу хоёрдугаар сарын 14-ний өдрөөс гуравдугаар сарын 5-ны хооронд зохион байгууллаа. Монгол хэл, бичгийн шалгалт энэ сарын 23-ны өдөр улс орон даяар 12:00 цагт эхлэх юм. Уг шалгалтанд 19 мянган хүүхэд оролцохоор бүртгүүлээд байна.

-Монгол хэл, бичгийн шалгалт өгсний дараа ЭЕШ-д орох эрхээ авна гэхээр хоёр үе шаттай зохион байгуулна гэсэн үг үү?

-2015 онд Монгол хэлний хичээлийн босго оноог тогтоож, шалгалтыг зохион байгуулж байсан. Харин энэ жилийн онцлог нь босго оноог 400 байхаар зааж өгсөн. Босго оноог зааж өгсөн учир элсэлтийн шалгалтаас гадна Монгол хэл бичгийн шалгалтыг авах юм. Тиймээс хоёр үе шатаар явуулахаар болсон. Эхний шалгалт гуравдугаар сарын 23-ны өдөр болно. Харин шалгалтад 400 ба түүнээс доош оноо авсан хүүхэд дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дүн болон оноогоо ахиулах зорилгоор дахин шалгалтад орох боломжтой юм. 

-Монгол хэл бичгийн шалгалтанд босго оноондоо хүрч чадаагүй хүүхэд Их дээд сургуульд орох шалгалт өгөх боломжгүй болох юм байна шүү дээ?

-Монгол хэл бичгийн шалгалтанд 400-с доош оноо авбал элсэлтийн ерөнхий шалгалтын хичээл буюу сонгож өгсөн хичээлүүддээ өндөр оноо авснаас үл хамааран Их дээд сургуульд элсэх боломжгүй болно. Их дээд сургуульд мэргэжил эзэмшиж орох бүртгэл  хоёрдугаар сарын 14-ний өдрөөс дөрөвдүгээр сарын 15-ы өдрийг хүртэл үргэлжилнэ. Тиймээс Монгол хэл, бичгийн шалгалтандаа онцгой анхаарч сайн өгөх хэрэгтэй. 

-Шилэн засалтын технологи нэвтрүүлснээр ямар үр дүнд хүрэх вэ. Тус технологийн машин хэр баталгаатай вэ?

-Бид АНУ-д үйлдвэрлэсэн машинаар шалгалтын материалыг шалгахаар болсон. Уг машин зөвхөн балаар будсан тэмдэглэгээг уншдаг. Энэ төхөөрөмж цагт 2500 хүртэлх хариултын хуудсыг унших хүчин чадалтай. Элсэлтийн ерөнхий шалгалтыг хэчнээн ч хүүхэд өгсөн бид 30 минутын дотор дүн оноогоо шууд зарлах боломжтой болсон. Энэ жилийн шалгалтын онцлог нь хүүхдүүд шалгалтаа өгсөн даруйдаа оноогоо харж болох юм. Шалгалт өгсний маргааш  09:00 цагт жагсаалтаа мэдэх боломжыг нээж өгсөн. Ингэснээр Их дээд сургуулийн элсэлтийн бүртгэлд шууд хамрагдах боломжтой болох юм. Энэ жилийн шалгалтын сэдэв, даалгаврыг бүрэн, дунд боловсролын цөм хөтөлбөрийн агуулгад суурилж боловсруулна. Ийм учраас цөм хөтөлбөрийн агуулгад нийцүүлж хичээл сургалтандаа илүү анхаарах, багшаас явуулж буй давтлага зөвлөгөө, өгсөн үүрэг даалгаврыг хүүхэд залуучууд илүү анхаарч бэлдэх хэрэгтэй.

Д.Отгонтуяа