ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Худлын хаан”

O.Admin
2019-03-20

Худал үгийг мянга давтахад үнэн болдог гэдэг.  Мянгантаа давтсан худал нь үнэн болоогүй ганц хүн бол Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Одоо энэ хүний үгэнд томчууд байтугай хүүхэд ч итгэхээ больсон. Цагаан морин жилийн хувьсгалаас хойш өөрөөсөө өөр ардчилагч байхгүй, өөрөөс нь илүү лектор байхгүй гэдэгт тэр олныг итгүүлсэн, өөрөө ч итгэсэн. Өмнөх Ерөнхийлөгчөө шоронд илгээж, дараагийн Ерөнхийлөгчөө хулгайч хэмээн цоллож, өөрөө энхийн цагаан тагтаа болж хувирав.  Ерөнхийлөгчийн сэнтийд суухдаа л булхайцаж эхэлсэн түүнд ард түмэн “итгэж” монгол төрийн жолоог найман жил атгуулсан. Гэвч тэр ханасангүй. Хаан байхдаа л өнөөгийн нийгмийн яригдаж буй бүх хэргүүдэд ам хэл, гар хөлөө дүрсэн гэдгийг эх сурвалжууд нэр устайгаа ярьж хэлж бичиж байна.

Мань эр харин өчиг өгөхгүй гүрийсээр гүлдийсээр. АТГ-аас байцаалт авахаар дуудахад яалаа. Гутлаа тослоод, зангиагаа засаад, патиараа татуулаад, инээмсэглэсээр гарч одсон. Хууль шүүхэд дуудагдаж байгаа хүн гэхэд арай цоглог уу, үгүй юу. Аргагүй л дээ, хууль шүүх, АТГ одоогоор түүний талд байна. Пээдийж, малилзаж даапаалах нь аргагүй. Сүүлийн өдрүүдэд тэр их ууртай байгаа. Хоёр зуу орчим хуудас баримт материал хуулийнханд байгааг ч хэлэх үү, өөрийнх нь худал хуурмагийг өч төчнөөн хүмүүс гэрчлээд байгааг ч хэлэх үү, хулгайд сэрдэгдэж байгааг нь ч хэлэх үү. Муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр өчигдөр тэр “хулгайч” болчихов. Гэрээс нь ч юм уу, ажлынх нь өрөөнөөс ч юм уу, Монголын түүх дурсгалын, үнэт ховор уран зургууд хэдэн арваараа олдсон байна.

Зураг хулгайлдаггүй, цуглуулдаг гэж өөрөө тайлбарласан. Цуглууллаа гэхэд хэдэн зуун саяар үнэлэгдэх эдийг цалингаараа яаж авсан байх вэ. Үнэт, ховор уран зурагнаас гадна үнэт дарсны цуглуулгатай гэж дуулдсан. Ховор бүхэн үнэтэй. Үнэтэй бүхнийг хэн дуртай нь аваад цуглуулаад байх боломж, бололцоотой хүн Монголд цөөхөн. Шударга хөдөлмөрөөрөө бол бүр ч үгүй. Монголын гурван сая хүнийг тэнэг гэж бодож худлаар тургиж, турхирч ирсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид итгэж шадарлаж яваад араараа тавиулсан олон улстөрчийн өмнөөс, түүнийг үзэн ядагчдын өмнөөс түүнд “худлын хаан” гэдэг нэр өгье. Энэ ч гоёдоно л доо. 

Б.ЧИМЭГ