ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахим үнэмлэхийг цахимаар захиалж, гурав хоногийн дотор авах боломжтой боллоо

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-20

Улсын бүртгэлийн Ерөнхий газраас өнөөдөр иргэний цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломжтой болсон  талаар мэдээлэл хийлээ. Хурлын эхэнд УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Анх удаа иргэний үнэмлэх захиалаагүй л бол харьяалал харгалзахгүйгээр хаанаас ч захиалах боломжтой болсон. Захиалсан үнэмлэхээ заавал өөрөө авна гэхгүй. Төлбөрөө хийгээд, иргэний үнэмлэхээ захиалсан л бол гэр бүлийн гишүүн нь ч очоод авах боломжтой болсон. 

Өмнө нь нийслэлд амьдардагч хөдөө орон нутагт харьяалалтай бол зайлшгүй өөрийн харьяа сум орон нутагт очиж байж иргэний үнэмлэхээ захиалдаг, тэр нь 30 хоногийн дараа гарахад ахин өөрийн биеэр очиж авахад хүндрэлтэй байсан. Шинэ үйлчилгээний дагуу бид иргэний үнэмлэхээ захиалснаас хойш нийслэлд бол гурав хоног, орон нутгаас захиалсан бол ажлын 10 хоногийн дотор авах боломжтой болж байгаа юм” хэмээлээ. 

Өнгөрсөн онд 224864 иргэн цахим үнэмлэх авсан байдаг аж. Үүнээс 77-80 мянган иргэн нь иргэний үнэмлэхээ гээсэн учир  дахин авах юм байна. Эдгээр иргэд цахим үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болж байна. Харин  16 нас хүрч шинээр иргэний үнэмлэх авч буй иргэн онлайнаар захиалга хийх боломжгүй аж.

Учир нь бүртгэлийн газарт ирж арван хурууны хээгээ өгөх ёстой байдаг. Мөн 25 нас, 45 нас хүрээд иргэний үнэмлэхээ сольж авахдаа арван хурууны хээгээ дахин өгдөг учраас онлайнаар захиалахгүй. Иргэдийн хурууны хээ олон жилийн хугацаанд өөрчлөгдөх магадлал байдаг учраас зайлшгүй шинээр хурууны хээгээ бүртгүүлэх ёстой болдог байна.