ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Түрээслэгчдийнхээ дансанд 20 саяыг байршуулж, нэг саяар урамшуулах санал тавьжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-20

Өчигдөр оройноос эхлэн “Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн эзэн Г.Алтан түрээслэгчдийнхээ цахим үнэмлэхийг нь хурааж авч, сарын дараа нэг сая төгрөгтэй буцааж өгнө гэсэн зар тараасан тухай олон нийтийн сүлжээнд шуугиан дэгдсэн. Энэ талаар тус худалдааны төвийн түрээслэгчдээс тодруулахад ийм зар тарсан нь үнэн гэдгийг хэлсэн байна.

Ингэхдээ иргэний үнэмлэхээ өгсөн хүмүүсийн дансанд сарын хугацаатай 20 сая төгрөг байршуулаад дараа нь мөнгөө буцааж авахдаа урамшуулалд нь нэг сая төгрөг өгнө гэхээс өөр тайлбар хэлээгүй аж. Уг мэдээллийг сонссон түрээслэгчид гэр бүлийнхэн рүүгээ ярьж иргэний үнэмлэхээ захиж, бичиг баримттай нэг нь тус худалдааны төвд ажиллагаагаа явуулдаг “Капитал” банкны салбарт дараалал үүсгэжээ. Зарим түрээслэгчид нь “Хууль бус зүйлд ашиглаж, дараа нь асуудалд орж магадгүй” гээд дээрх үйл явдалд оролцоогүй байна.

Түрээслэгчдийн таамаглаж байгаагаар “Капитал банкнаас мөнгөө татаж авахын тулд иргэдийн цахим үнэмлэхийг ашиглаж байна. Сонгуульд царцаа болгон ашиглах байх” хэмээн ярьжээ. Тэгвэл “Алтжин” бөмбөгөр худалдааны төвийн захиргаанаас тодруулахад “Манай байгууллагаас мөнгө тараасан зүйл огт байхгүй. Харин түрээслэгчдийн нэгдсэн мэдээллийн сантай болохын тулд иргэдийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээг цуглуулсан” гэх тайлбарыг өгсөн байна. Энэ асуудалтай холбоотой хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэс хэрэг бүртгэлт нээн шалгаж байгаа аж.