ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

н.Эрдэнэсувд: Ерөнхийлөгчийн өгсөн баримтын дагуу Ц.Элбэгдоржийг шалгаж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-20

С.Зориг агсны хэрэг задарсантай холбогдуулан ТЕГ-ын хоёр ажилтаныг цагдан хориод байгаа. С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эмнэлэгт хэвтүүлсэн байна. Эдгээр хүмүүс хэлмэгдсэн учраас эмнэлэгт байж байгаар гарна гэдгийг Хууль зүйн сайд Ц.Нямдорж онцолж, ар гэрийнхнээс нь уучлалт гуйсан юм. Тэгвэл уг хэрэг болон Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудал, Ц.Элбэгдоржийн галлерейгаас олдсон зураг зэрэг сүүлийн үед шуугиан тариад байгаа асуудлын талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор н.Эрдэнэсувдаас тодрууллаа. Тэрбээр “Таван толгойн нүүрсний ордын хөрөнгө оруулалтыг УИХ-аар батлуулах гэж байсан асуудалд Ерөнхийлөгчийн зүгээс тодорхой баримтуудыг гаргаж өгөөд, шалгуулахаар хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн прокурорын газраас хяналт тавиад ажиллаж байна. Уг хэрэгт хуучин хуульд заасан 263 дугаар зүйл буюу Албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэсэн зүйл ангиар хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ асуудлыг уг хэрэгтэй хамтад нь шалгахаар АТГ-т шилжүүлээд байгаа юм. Уг хэрэгт холбогдуулан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг өнгөрсөн сарын 22-нд гэрчээр байцаасан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэв. Сүүлийн үед олны анхаарлын төвд байгаа бусад асуудлуудын талаар тодрууллаа.  

-Ц.Элбэгдоржийн галлерейгаас уран зураг хураасан гэх мэдээлэл байгаа. Энэ талаар мэдээлэл өгөөч? 

-Энэ хэргийн тухайд Хан-Уул дүүргийн прокурорын газраас хяналт тавьж ажиллаж байгаа. Тиймээс тухайн дүүргийн прокурорын газраас мэдээлэл авах боломжтой. 

-Худалдаа хөгжлийн банкыг яллагдагчаар татах асуудал яригдаж байгаа шүү дээ?

-Худалдаа хөгжлийн банкны 49 хувийг ОХУ-ын компаниас 400 сая ам.доллароор худалдан авсан асуудлын эх үүсвэр нь тодорхойгүй гэдэг үндэслэлээр Эрүүгийн цагдаагийн алба, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Уг хэрэгт мөрдөгчдийн зүгээс Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилиг, Гүйцэтгэх захирал О.Орхон, Пүрэвтүвшин, Хүрэлбаатар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах болон мөнгө угаах гэсэн гэмт хэргүүдээр яллагдагчаар татах саналыг ирүүлсэн.  Д.Эрдэнэбилиг, О.Орхон нарын хувьд банкны чадварыг алдагдуулсан гэх зүйл ангиар яллагдагчаар татах саналыг манай прокурорын байгууллагад ирүүлсэн. Прокуророос хэргийг хянаад нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан байгаа. Учир нь Эрдэнэтийн 49 хувийг худалдан авахад санхүүжүүлсэн 400 сая ам.долларыг төрийн мөнгөнөөс авсан болохыг тогтоовол тухайн үед ажиллаж байсан албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаа яригдана. Хэрэгт холбоотойгоор авсан нотлох баримтуудаар одоогийн байдлаар нэр бүхий дөрвөн иргэнийг Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний зээл авсан, өгсөн гэсэн асуудлаар шалгаж байна. Хэрэгт авсан нотлох баримтуудад үндэслэн одоогоор яллагдагчаар татах үндэслэлгүй байна гэж үзээд нарийвчлан шалгахаар буцаасан байгаа. 

-Өнөөдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны хэрэг задарч, ял эдэлж байгаа хоёр иргэн хэлмэгдсэн талаар мэдээлэл хийлээ. Энэ хэрэгт прокурорын байгууллага хэрхэн ажиллаж байгаа вэ?

-С.Зориг агсны хэргийн хувьд өмнөх шүүхийн тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөөд явж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа хоёр албан тушаалтны хувьд тухайн үед шалгалтыг хийж байсан Тагнуулын байгууллагын албан тушаалтнууд юм. Энэ хэргийн хувьд нууцын зэрэглэлтэй учраас хэвлэл мэдээллийн хэрэгслээр навийвчлан мэдээлэл өгөх боломжгүй байна. 

-Ц.Нямдорж сайд энэ хэргээр ял эдэлж буй хоёр хүнийг хилс хэрэг хүлээсэн гэж, ар гэрийнхнээс нь албан ёсоор уучлалт гуйлаа. Энэ хоёр хүнийг яллахад прокурорын байгууллага оролцсон байж таарна. Тэгэхээр прокурорын байгууллага хэрэгт татагдах уу?

-Энэ талаар нарийвчилсан мэдээлэл өгөх боломжгүй. 

-Шүүгчидтэй холбоотой асуудал байгаа шүү дээ. Нэр бүхий шүүгчдийг шалгаж байгаа гэх мэдээлэл бий. Хэчнээн шүүгчийг шалгаж, хэрэг үүсгэсэн бэ?

-Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэсэн үндэслэлээр нэр бүхий долоон шүүгчийг шалгаж байгаа. Албан ёсоор яллагдагчаар татаад, эрүүгийн хэрэг үүсгэсэн асуудал байхгүй. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа нэр бүхий хоёр шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Гэхдээ энэ бол хөрөнгөжсөн гэх асуудалтай огт холбоогүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн хуулийн тусгай ангийн өөр зүйл ангид заасан хэсгээр шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгчийн бүрэн эрх нь саад учруулж болзошгүй гэж үзээд, прокурорын байгууллагаас шүүхийн ерөнхий зөвлөлд санал хүргүүлж, хуулийн дагуу түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэсэн. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

-Худалдаа хөгжлийн банкныхан хуулийн байгууллагад нөлөөлөөд байдаг. Магадгүй энэ удаа ч гэсэн яллагдагчаар таталгүй буцаах байх гэсэн асуудлыг УИХ, Засгийн газрын зүгээс өгч байсан. Тэгвэл энэ яллагдагчаар татах боломжгүй гэж шийдвэрлэсэн юм байна шүү дээ. Яллагдагчаар татахгүй байх үндэслэл нь юу юм бэ?

-Ямар зүйл ангиар санал ирүүлсэн, тэр нь хуулинд заасан хэрэгт авсан нотлох баримтуудтай нийцэхгүй байна гэдэг үндэслэлээр одоогийн байдлаар буцаагаад байгаа юм. Хууль, хяналтын байгууллага бол хуульд заасны дагуу шалгалтын ажлыг явуулах ёстой. 

-ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдийн асуудал юу болсон бэ. Өнөөдрийн байдлаар хэчнээн гишүүнийг яллагдагчаар татах санал ирүүлсэн байгаа вэ?

-Өнөөдрийн байдлаар нэр бүхий таван гишүүнийг татсан байгаа. Нэмж өөр гишүүн татах талаар мөрдөн байцаах албанаас санал ирүүлээгүй байна.