ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Одоо л нэг...

O.Admin
2019-03-21

-Тагнуулын хоёр ажилтныг саатуулж, сайд яллагдагчдаас уучлалт гуйлаа-

Санжаасүрэнгийн Зориг агсны үхэлтэй холбоотой хэргийн дуулиан, “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авалтын хэрэгтэй давхцан дуулиан шуугиан улам бүр лавширсаар байна. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн суудлаасаа буухын өмнөхөн хэргийг нууцын зэрэглэлээс гаргах зөвшөөрөл өгч, хэргийг илрүүлсэн болгон харагдуулж нэг мөсөн хаах, дараахан нь Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлнэ хэмээн намынхандаа хэлсэн гэх мэдээлэл... Сонин давхцал. 

Төрийн нууц хэмээн хаалттай шүүх хурал болж, Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт тус бүрт нь 24-25 жилийн хорих ял оноосон. Шүүх хурал дээр тэд захиалагчаа ч хэлээгүй.  Шүүгдэгч нарын өмгөөлөгч нь ганц ч үг ганхийгээгүй. Бас л сонин нөхцөл байдал.  

Тухайн үед эрхэлсэн тодорхой ажилгүй, дөнгөж насанд хүрч байсан залуус нэр төртэй улстөрч хүний амийг бүрэлгэж чадах байсан уу гэх олны яриа. “Би Зоригийг алсан” гэж хээвнэг хэлэх Ц.Амгаланбаатарын үг, хэрэг нэгэнт илэрсэн, хаагдсан гэх шүүх, прокурорынхны тайлбар. Сонин мэдрэмж.  

С.Зоригийн амийг бүрэл­гэсэн хэрэгт гурван хүнийг “яллахад” томоохон үүрэг гүйцэтгэсэн байж болзошгүй тагнуулын хоёр ажилтныг барьж хорилоо. Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яллагдагчдаас болон ар гэрээс нь албан ёсоор уучлалт гуйлаа. Шал өөр мэдрэмж. Зүүний учиг одоо л нэг зөв тийш чиглэх бололтой.

Дуулиант энэ хэрэг монголчуудын төдийгүй дэлхийн хүний эрхийн олон улсын байгууллагуудын гайхшийг барж буй. Гэрчтэй мөртлөө гэрчгүй шүүх хурал, нотлох баримттай мөртлөө нотлох баримтгүй шүүх хурал. Гэнэт “олдсон” гэмт хэрэгтнүүд, хэргийг илрүүлж гавьяа байгуулсан шүүх, тагнуулынхан. 

Энэ хэргийн илрүүлэлт нэг л биш гэдгийг учир мэдэх хүмүүс аль эртнээс л тайлбарласан. Илрүүлэлт нь худлаа, зохиомол гүтгэлгээр хэдэн хүнийг яллаж байна гэдгийг олон хүн ярьсан. Хэн ч тоогоогүй, авч хэлэл­цээгүй. Бүр Олон улсын парламентын холбооны Пар­ла­ментчдын хүний эрхийн хо­рооны төлөөлөгчид Монголд ирж энэ хэрэг дээр ажил­лаж судалж, тайлан дүгнэлт гаргасан байдаг.  Хоёр жилийн өмнө ирүүлсэн тэрхүү тайлан дүгнэлтэд “Шүүх хурал нь хэргийг нууцад авсан нь улстөрийн шалтгаантай хэмээн үзсэн. Хавтаст хэрэгт авагдсан сэжиг бүхий зөрүүтэй мэдүүлгүүд болон цагаатгах нотлох баримтуудаас үзэхэд, тэднийг гэмт хэрэгт холбогдолтой гэж үзэх үндэслэл бага байна. Хэргийн цаашдын явцыг ажиглахад жинхэнэ буруутныг нуун дарагдуулах зорилготой байх үндэслэл харагдаж байна. Тиймээс Монгол Улсын УИХ энэ тал дээр санаачилгатай ажиллах хэрэгтэй юм байна” гэсэн байдаг. 

Олон улсын парламентын холбооны төлөөлөгчдийн гаргасан дүгнэлтэд “Хэргийг улсын нууцад авч, улстөрийн шалтгаанаар ил болгохоос татгалзаж ирсэн нь олон улсын шударга шүүхийн тогтсон хэм хэмжээг ноцтой зөрчиж байна. Хэргийн талаар сонирхсон аливаа этгээдийг айлган сүрдүүлж дарамталж байсныг мөн олж тогтоосон” хэмээн дурьдсан. С.Зориг агсны үхэлтэй холбоотой хэргийг сонирхсон, үнэн мөнийн талаар дуугарсан хүн битгий хэл, тэр хэргийн талаар эрэн сурвалжлах нийтлэл бичсэн, ярилцлага хийсэн сэтгүүлчийг ч айлган сүрдүүлж байсныг энд дурьдахын сацуу хэрэгт холбоотойгоор 10-аад хүний амь учир битүүлгээр хохирсон гэх яриаг сонсч байв. 

ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны Монголд ирж ажилласан төлөөлөгчдийн дүгнэлтэд “Тагнуулын байгууллага яллагдагч гурван этгээдийг буруутай хэмээн гүтгэн, дарамт шахалт үзүүлсний улмаас тэд уг хэргийг үйлдсэн хэмээн хуурамчаар хүлээсэн байх магадлалтай. Хавтаст хэрэгт авагдсан сэжиг бүхий зөрүүтэй мэдүүлгүүд болон цагаатгах нотлох баримтууд зэргээс үзэхэд, тэднийг уг гэмт хэрэгт холбогдолтой гэх үндэслэл тун бага байна” хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн дээрх төлөөлөгчид Монголд ажиллах үедээ  олж авсан баримт мэдээллийнхээ талаар “...Содномдаржааг баривчлагдах үед түүнд зориулж тусгай камер бэлдсэн байжээ. Тагнуулын ажилтан түүний хоригдож байсан камерт байн байн ирж, түүнд “хэргээ хүлээ, эс бөгөөс хүүхдүүдээ дахин харахгүй шүү” гэж хэлдэг байсан. Тагнуулын ажилтан Ц.Амгаланбаатарыг түүний камерт оруулж, удаа дараа зодуулсан. Байцаалтын үеэр Б.Содномдаржаад хэд хэдэн удаа мансууруулах бодис өгсөн ба улмаар түүний эрүүл мэнд доройтсон байна. Нэгэн удаа тагнуулын ажилтан Б.Содномдаржааг Улаанбаатар хотын нэгэн орон сууцанд авчирч, түүнийгээ Зориг агсны гэр гэж хэлэн, байрыг дүрслэхийг шаард­жээ. Т.Чимгээг мөн хэрэг хүлээхийг шаардан байн­гын дарамтад байлгаж бай­жээ. Ц.Амгаланбаатар Чимгээ­гийн хоригдож байсан камерт шөнийн цагаар орж ирэн, түүнийг хэл амаар доромжилдог байв. Энэ дарамтын тухай болон өөр олон жишээг төлөөлөгчдөд ярьсан...” гэжээ. Бас нэгэн баримт нь, Б.Содномдаржаа аллагыг хэрхэн үйлдсэн талаараа тайлбарлаж буй дүрс бичлэг бүхий зарим нэг нотлох баримтууд үндэсний телевизээр цацагдсан. Тэрхүү дүрс бичлэгт гар утас ашигласнаа дурьдсан нь үнэмшилгүй бөгөөд тухайн үед гар утас ашиглагддаггүй байсныг ч төлөөлөгчид мэдсэн байдаг. 

Дээрх дүгнэлтийн төгсгөлд “Хэргийг зохион байгуулж, үйлдэхэд өөрөө болон бусад этгээдийг оролцсон гэж худал мэдүүлэг өгүүлэхийн тулд тагнуулын албаныхан ял шийтгүүлсэн гурван этгээдийг дарамталсан байж болзошгүй” гээд “Дээрх нөхцөл байдлаас харахад нууц баримт нотолгоо гэж нэрлэгдэж байгаа зүйлүүдийн ихэнхийг тагнуулын алба­ныхан олон жилийн туршид санаанаасаа зохион хуурамчаар үйлдсэн байх магадлал өндөр байна” гэжээ. 

Энэ бол Монголын хууль шүүхийнхний дүгнэлт бус Олон улсын парламентчдын холбооны төлөөлөгчдийн буюу тэс хөндлөнгийн хүмүүсийн гаргасан дүгнэлт. Хууль мэддэг, ёс журмаа дээдэлдэг, хүний эрхийг дээдэлдэг хүмүүст ингэж л харагдсан, мэдрэгдсэн байна. Гэтэл Монголын хууль шүүх, тагнуулынхан хэрхэн яаж хүнийг захиалгаар яллаж буруутгаж шийтгэж дэлхийн шившиг болов. 
Улстөрчдийн өс хонзон, нэг нэгнээ дарж авах гэсэн санаархлын үр дүнд энэ хэрэг одоо л нэг үнэн зөвөөр шийдэгдээсэй, илрээсэй гэж залбирах л үлдлээ. 

Тэртээ 21 жилийн өмнө тухайн үед төр засгийн эрхийг барьж байсан УИХ дахь олонхийн бүл­гийн хуралдаанаар Санжаа­сүрэн­гийн Зоригийг Ерөн­хий сайдад нэрийг нь дэвшүүлэхээр тохиролцож, шийдвэр гаргахын урьд өдөр нь түүний амийг бүрэлгэсэн байдаг. АН-ын лидерүүд одоо ч “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой асуудал, Ерөнхий сайд болгож болохгүй хүн гэх шалтгаанаар дээрх хэргийг хэн нэгэн захиалсан гэж харддаг. Улстөрийн аллага байсан гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрдөг ч жинхэнэ эзнийг нь олъё, хэргийг илрүүлье гэх чинхүү хүсэлтэн энэ 21 жилийн хугацаанд гараагүй нь харамсалтай. Харин одоо л... 

А.Одсүрэн