Недерланд, Хойд Ирланд эхний хожлоо байгууллаа

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-21

“Евро-2020” хөлбөмбөгийн европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээн эхэллээ. Европын аваргын эрх авахын төлөө буурал тивийн шилдэг 60 шигшээ урьдчилсан шатан өрсөлдөж байгаа юм. Өнгөрсөн шөнө дөрвөн хэсгийн эхний тоглолтууд боллоо.

С хэсэгт багтсан Голландын шигшээ баг эхний тоглолтоо талбайдаа Беларусийг хүлээж авч, хийлээ. Энэхүү тоглолтод “Улбар шарууд” өрсөлдөгчөө 4:0-ээр хожсоноор хэсгээ тэргүүлж эхлэв. Энэ хэсэгт Герман, Хойд Ирланд зэрэг хүчтэй багууд багтсан. Тоглолтын 1, 55 дахь минутад Депай дубль хийсэн бол Вейналдум 21 дэх минутад нэгийг нэмжээ. Тэгвэл “Ливерпүүл”-ийн хамгаалагч ван Дейк 86 дахь минутад нэг гоол оруулснаар багийнхаа хожлыг баталгаажуулжээ.

Энэ хэсэгт багтсан Хойд Ирландын шигшээ баг талбайдаа Эстоныг хүлээж авч, 2:0-ээр буулгаж авснаар эхний ялалтаа байгууллаа. Тоглолтын 56 дахь минутад Макгини гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар Дэвис 75 дахь минутад нэгийг нэмжээ.  Германы шигшээн хувьд энэ сарын 24-ний өдөр Голландтай эхний тойргийн тоглолтоо хийнэ.