ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Х.Болдбаатар: 10 зураг хурааж авсан, алдагдсан бүтээл эсэхийг хуулийн байгууллага тогтооно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-21

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн ажлын өрөөнд нэгжлэг хийж, олон тооны уран зураг хурааж авсан талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлсэн билээ. Тэгвэл нэгжлэг хийсэн өрөө нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийнх нь түүний эхнэр Х.Болормаагийн төрсөн дүү Х.Болдбаатарынх байсан. Х.Болдбаатар өөрөө уран зураг цуглуулдаг байсан талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Намайг Х.Болдбаатар гэдэг. Монгол дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн УЗ-ийн гишүүн. Энэ байгууллага 10-аад жилийн өмнө байгуулагдсан. Монгол зураачдын уран бүтээлийг цуглуулдаг, хадгалдаг, гадаад оронд сурталчилдаг. Гадаадын зураачдыг Монголд авчирч, эх оронтойгоо танилцуулдаг, улсаа сурталчлах үйл ажиллагаа явуулдаг нийгэмлэг юм.  Энэ сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн цагдаагаас над руу утасдсан. “Ардын эрх”-т байрладаг дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын архивын байранд үзлэг хийх гэж байгаагаа хэлсэн. Би “Та нарт зохих ёсны зөвшөөрөл байгаа бол хуулийн байгууллагаа хүндэлнэ” гэсэн. Цаг гаруйн дараа прокурорын зөвшөөрөл ирсэн. Надад “Их тэнгэр” цогцолбороос 20-иод уран зураг алга болсон талаар мэдээлэл үзүүлсэн.

Тэгэхдээ зөвхөн зураачдын нэр, зургийн хэмжээний талаар мэдээлэл өгсөн. Алга болсон гээд байгаа уран зургийнхаа фотог үзүүлээгүй. Тэгээд манай архивт үзлэг хийсэн. Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн өрөөнд биш манай Дүрслэх урлагийн бүтээл цуглуулагчдын нийгэмлэгийн архивт үзлэг хийсэн юм шүү. Улмаар 10 зургийг алга болсон зургуудтай ойролцоо байна гэж үзэж, мэргэжлийн хүмүүсээр шинжлүүлнэ хэмээн авч явсан. Ийм л үйл явдал болсон.

Би тэр зургуудыг алдагдсан зураг мөн бишийг мэдэхгүй. Ойролцоо зураг байсан нь бол үнэн. Яагаад ойролцоо гэж хэлж байна гэхээр, зураачид нэг зургаа 2-3 янзаар зурдаг. Тэгэхээр хууль хяналтын байгууллагынхан алдагдсан зураг мөн үү гэдгийг нь эцэслэж гаргах байх” хэмээлээ.