ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ц.Банзрагч: Ойн салбарт хөрөнгө оруулсан нэг төгрөг 30 болж нэмэгддэг

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-24

Ой модны салбарын нэгдсэн холбооны УЗ-ийн гишүүн Ц.Банзрагчийг энэ удаагийн “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.  

-Монгол орны ойн салбарын нөхцөл байдал ямар байна вэ. Та цогц мэдээлэл өгөөч?

-Монгол орны ойн салбар 90 гаруй жилийн түүхтэй. Бид 2014 онд 90 жилийнхээ ойг тэмдэглэж байлаа. Энэ жил 95 жилийн ой тохиож байна. Монгол орны ойн салбар эртний салбарын нэг.  1924 онд анхны Засгийн газрыг байгуулаад, Баялгийг бадруулах яамыг бий болгоход тэнд ойн хэлтэс гэж байсан. Энэ цагаас авч үзвэл, ойн салбар 90 жилийн турш хөгжиж, унаж, босож явна. Ойн салбар гэдэг ой модны салбар гэдэг утгаараа хөгжих ёстой. Өнөөдөр бид ой гээд яриад байна. Уг нь модны салбар нь нэгдмэл байж үр бэлтгэхээс эхлээд мод бэлтгэл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл хүртэл нэг цул болох ёстой. Ой мод гэдэг нэг том салбарт л болж буй процесс шүү дээ. 1970-аад оны дунд үеэс 1990-ээд он хүртэл Ой модны аж үйлдвэрийн яам байхад ой модны салбарыг цогц байдлаар нь авч явсан. Монгол Улс эдийн засаг, нийгмийн шилжилт хийсэн. Үүнтэй холбогдуулаад ой модны салбар хоёр хуваагдсан. Өөрөөр хэлбэл, ой хамгаалалт, нөхөн сэргээлтийн салбар байгаль орчны нэгдсэн тогтолцоонд орсон. Мод боловсруулах үйлдвэр ХХААХҮ-ийн яамны харьяа болчихсон. Үндсэндээ ой модны салбар баруун, зүүн талаараа хоёр хуваагдчихсан байна. Цаашид нэгдмэл бодлого байх хэрэгтэй. Жишээ нь, ойгоо мэддэг хүн мод бэлтгэлд ажиллах ёстой. Мод бэлтгэл мэддэг нь боловсруулах үйлдвэрт ажилладаг байх хэрэгтэй юм. Энэ зөвхөн Монголынх биш, дэлхий нийтийн асуудал. Тиймдээ ч Олон улсын ойн өдрийг Монгол Улс тэмдэглэдэг. Энэ жил тав дахь удаагаа тэмдэглэж байна. Ой гэдэг онцгой баялаг юм. Тийм учраас нэг өдөр ч гэсэн дэлхий нийтээрээ ойн төлөө санаа тавья. Ойгоо хамгаалъя. Ойг хамгаалах ёстой гэдгийг дэлхийн нийтээрээ нэг өдөр санадаг байя гэж олон улсад ойн өдрийг тэмдэглэдэг болсон. Нэг өдөр ойг санана гэдэг ой санамж нь гайгүй хүн бүтэн жил санах боломжийг олгож байна шүү дээ. Монгол Улс ойн салбартаа бүр ч их анхаарч байгаа. Ой модны талаар жилдээ хоёр удаа санаж байх шийдвэр гаргасан. 2014 онд Засгийн газар тогтоол гаргаад, жил бүрийн есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн ням гарагийг ойн модны үйлдвэрлэл эрхлэгчдийн өдөр болгон зарласан. Дэлхийн нийтээрээ нэг өдөр ойн талаар санаж байхад Монголд гуравдугаар сарын 21-ний өдөр нэг санана. Есдүгээр сард нэг санаж байна. Тэгэхээр бид дэлхийн нийтийн зорилго, хүн төрөлхтний өмнө хүлээсэн үүргээ сайн биелүүлж байна гэсэн үг.

-Манай орны газар нутгийн хэчнээн хувийг ой мод эзэлж байгаа вэ.  Ойн нөөц нэмэгдэж байна уу. Хамгаалах талаас нь яаж ажиллаж байна?

-Ой гэдэг маш их ач холбогдолтой. Даян дэлхийн асуудал болоод байгаа уур амьсгалын өөрчлөлтийг ой мод зохицуулдаг. Дулаарал бий болгодог хүлэмжийн хийг өөртөө шингээдэг. Хөрс, хөрсний нуралтаас хамгаалдаг. Усыг ч бас давхар хамгаалж байгаа. Ой байгаа учраас л бид амьдарч байна гэхэд болно. Хүн хүчилтөрөгчөөр амьсгалдаг биз дээ. Тэр хүчилтөрөгчийг чинь ой гаргаж байгаа. Тийм болохоор ойг хомсдуулах биш хамгаалахын төлөө ажиллах ёстой юм. Манай улсын ойн нөөц тэгтлээ багасч, хомсдоогүй. НҮБ-аас хийсэн судалгаагаар Монгол ойн нөөц нь хомсдоогүй, өсөх чиглэлтэй байгаа улсуудын жагсаалтад орсон байна. Тийм учраас сүүлийн үед барьж байгаа ерөнхий бодлого зөв чигтэй явж байна гэж дүгнэхэд болно. Тэгэхдээ бүх зүйл сайн сайхан болсон уу гэвэл тийм биш. Наад зах нь түймэр их гарч байна. Түймрийн улмаас ой багасч байгаа. Түймэр гарсантай холбогдуулаад хортон шавьж их тархаж байна. Бид хортон шавжийг бүрэн хяналтдаа авч, устгаж чадахгүй байгаа. Түүнээс болоод ой хомстож байгаа нь үнэн. Нөгөө талаар хууль бус мод бэлтгэлийн асуудал бий. Монгол Улс гуравхан сая хүнтэй. Ийм цөөн хүний модны хэрэгцээг хангах бодлого гажуудалтай, буруу байгаа учраас хулгайгаар мод бэлтгэх тохиолдол их гардаг. Ийм гурван үндсэн шалтгаанаар ой доройтож байгаа. Монгол Улсын нийт газар нутгийн 7.79 хувийг ой эзэлж байна. Энэ хувийг бид 8, 8.5 болгож нэмэгдүүлэхийн төлөө ажиллаж байгаа. 2030 он гэхэд есөн хувьд хүргэх зорилттой. Энэ зорилтыг хангахад тийм амар биш болсон. 

-Монгол Улс хангалттай том газар нутагтай. Ойжуулах, ногоон байгууламжтай болгох талбай хангалттай их бий. Гэтэл ойжуулах, ногоон байгууламж байгуулах мэргэжлийн боловсон хүчин жаахан дутмаг байна уу. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Мэргэжлийн боловсон хүчин дутмаг гэж би хэлэхгүй. Бага сага л дутагдалтай гэж хэлбэл онох байх. 2014-2016 оны хооронд бид Монгол Улсын ойг тоолсон. Тэгэхэд нэр даруй нөхөн сэргээх шаардлагатай, доройтолд орсон 1.5 сая га ой байгаа юм. Бид жилд дунджаар 100 мянган га ойг нөхөн сэргээгээд байвал 15 жилдээ хомсдол, доройтлоо арилгах боломжтой. Гэхдээ ой нөхөн сэргээнэ гэдгийг заагтай ойлгох хэрэгтэй. Дан ойжуулна гэсэн үг бас биш. 100 мянган га талбайн 20 орчим мянгад нь ойжуулалт хийлээ гэж бодъё. Үлдсэн 80 орчим мянган га талбайн ойг байгалийн аясаараа ургахыг нь дэмжих, түймрээс хамгаалах хэрэгтэй. Түүнээс гадна, Улаанбаатар хотын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хүрэлцээ хангалтгүй байгаа. Тиймээс цэцэрлэгжүүлэх шаардлага их байна. Үүний тулд ойжуулах, цэцэрлэгжүүлэх ажлаа ижил хэмжээнд авч үзэж, хөрөнгө мөнгө зарцуулах, боловсон хүчнээ бэлтгэх ёстой.  Уг нь Монгол Улсын таван их сургуульд ойн чиглэлийн мэргэжилтэн бэлтгэж байгаа. Долоон мэргэжил сургалтын төв бий. Харин менежмент нь буруу, ойгоо ашиглаж орлогоо олохгүй учраас ажлын байр бий болохгүй байна. Мэргэжилтэй боловсон хүчин байгаа боловч ажлын байр нь хомс. Тиймээс бага ч болов хөрөнгө гаргаж, энэ чиглэлд анхаарах хэрэгтэй. Ер нь цаашид ойн салбар өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, үр бэлтгэх, хамгаалах, хортонтой тэмцэх зардлаа мод бэлтгэл, бүтээгдэхүүний ашгаас нөхөх боломж бий. Гагцхүү ойн засаглалыг сайжруулах, ойн яам байгуулдаггүй юм гэхэд агентлагийн түвшинд ажиллах боломжийг бий болгомоор байна. Ой, мод хоёрыг нэгдсэн удирдлагад оруулж, менежментийг нь зөв болговол нөөц боломж их бий. 

-Ойжуулах гээд яриад байна. Тэнд очоод л завсар зайгүй мод тариад байх юм уу. Ямар технологи ашигладаг юм бэ?

-Ойжуулна гэдэг бол үрээ ургуулаад, тарьц болгочихоод түүнийг ойд аваачиж суулгана гэсэн үг. Би түрүүнд хэлсэн дээ, 20 орчим хувьд нь ойжуулалт хийнэ гэж. Энэ чинь суулгац суулгана гэсэн үг байхгүй юу. Харин байгалийн сэргэн ургалтад тусална гэдэг нь, дөнгөж ургаж байгаа модыг хашиж хамгаалж болно. Мал бэлчээхгүй байх. Өвс нь ширэлдчихсэн байвал тэрийг нь хөнгөлөөд, үр унаж ургах нөхцлийг бүрдүүлж болж байна. Гэх мэт олон төрлийн, ойн мэргэжлийн хүмүүс хийхээр технологийн ажиллагаанууд байдаг юм. Энэ ажиллагааг хангалттай төвшинд хийж чадахгүй л байна, бид. 

-Манай улс тал,  хээрийн бүс ихтэй. Тэр их талд мод тарьж, ойжуулах боломж байдаг уу. Хэрвээ бид эзгүй талаа ой мод болгож чадвал ойн нөөц нэмэгдэхээс авахуулаад олон сайн талтай шүү дээ?

-Ер нь төрийн бодлого бий. 2015 онд Төрөөс ойн талаар баримтлах бодлогыг баталсан. Тэр бодлогод агро ойн аж ахуйг бий болгоно гэж тусгасан. Тал,  хээрийг ногооруулна л гэсэн үг.  Тийм ч учраас Лүн сумын урдуур мод тарьсан. Дашинчилэн явах замд ч бас бий. “Ногоон хэрэм” төслийн хүрээнд, тал,  хээрийн бүсийг ойжуулах зорилготой бодлого хэрэгжүүлж байгаа хэрэг. Гэхдээ бид эхлээд доройтсон ойгоо сэргээчихээд, говь, хээрийн нөхцөлд шинээр мод тарих, ойжуулах асуудлыг ярих ёстой. Тийм учраас хөрөнгө хүчээ зөв хуваарилах, бодлогоо оновчтой болгох хэрэгтэй. Ямар ч байсан энэ чиглэлд хандсан бодлого бий, үйл ажиллагаа нь эрч багатай ч гэсэн урагшилж байгаа. 

-Ой цэвэрлэх ажлаа манай улс сайн хийж чадахгүй байна. Хөвсгөлийн тайгад маш их унасан мод байдаг. Тэрийг нь цэвэрлээд, модныхоо хэрэгцээг хангаж чадвал эдийн засгийн асар их ач холбогдолтой гэж яриад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Ой цэвэрлэх гэдэг нэг талаараа нөхөн сэргээлтийг нь дэмжиж байгаа хэлбэр юм. Засгийн газрын “Цэвэрлэгээ” хөтөлбөрийг бид 2014 онд батлуулсан. Гагцхүү хөрөнгө мөнгөний асуудлаас болоод ажлаа эрчимтэй хийж чадахгүй байна. Энэ ажлыг эрчимжүүлэх ёстой. Монголын ой нас гүйцсэн ой.  Унасан модыг нь цэвэрлэчихвэл шинэ залуу ой ургах боломжтой. Ерөөс ой модтой холбоотой ажлыг цогцоор нь хийх хэрэгтэй юм. Эсвэл цэвэрлэнэ, үгүй бол тарина гэж тусад нь ярих нь учир дутагдалтай. Ойг бүхэлд нь нэг биет гэж үзээд, иж бүрэн, цогц бодлого хэрэгжүүлбэл амжилтад хүрнэ.  Эдийн засгийн ач холбогдлын талаар өөрөө асуулаа. Унасан модыг цэвэрлэх нь эдийн засгийн үр өгөөжтэй. Үр өгөөжийнх нь тооцоог хийсэн учраас Засгийн газраас “Цэвэрлэгээ хөтөлбөрийг баталсан юм. Бид 64 сая шоо метр модыг эхний ээлжинд авах боломж байгаа. Энэ их модыг аваад борлуулаад, бүтээгдэхүүн хийх юм бол ойн салбар өөрөө өөрийгөө санхүүжүүлэх боломжтой болно. Заавал татвар төлөгчийн мөнгөөр мод тарьж, түймэртэй тэмцэх албагүй. Ойгоо цэвэрлээд, модоо борлуулж олсон мөнгөөрөө л бүх ажлаа хийх боломж бий. Тэгэхийн тулд ой цэвэрлэх ажилд дутагдаад байгаа хөрөнгийг нь гаргаад, техник технологийг нь шийдэх хэрэгтэй байна. Олон улсын жишгээр ойд оруулсан нэг төгрөг 30 болж нэмэгддэг гэсэн зарчим байдаг. Тиймээс БОАЖЯ ойн хомсдол, доройтлыг бууруулах үндэсний хөтөлбөр боловсруулж байгаа. Энэ хөтөлбөрийн гол агуулга нь ойн салбарыг өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг, бие даасан болгоход чиглэсэн юм. 

-Ерөнхийлөгч дунд сургуулийн хүүхдүүдийг дайчлаад, ой цэвэрлээд байсан. Энэ маягаар, хөрөнгө мөнгө нэг их шаардахгүйгээр ойг цэвэрлэх боломж байгаа юм биш үү?

-Тэр бол “Цэвэрлэгээ” хөтөлбөрийн хүрээнд хийсэн нэг л ажил.  Ерөнхийлөгч, орон нутгийн санаачилгаар тодорхой хэсэг газрыг цэвэрлэсэн. Ер нь “Цэвэрлэгээ” хөтөлбөр 2014 оноос хэрэгжиж эхэлсэн. Цөөнгүй талбайг цэвэрлэсэн. Хамгийн сүүлд гаргасан мэдээгээр жилд дунджаар 30 мянган га ойг цэвэрлэж байгаа. Тэгж байж хүний хэрэгцээг хангаж, хөдөө байгаа иргэд модоо түлж байна. Модны олон жижиг үйлдвэр ажиллаж байгаа. Гэхдээ жилд дунджаар 30 мянган га ойг цэвэрлэж байгаагаа 10 дахин нэмэгдүүлэх шаардлагатай гэсэн судалгааны дүн гарсан. 

-Улаанбаатар хотод ногоон байгууламж үнэхээр дутагдаж байна. Жил бүр мод тарих өдрөөр олон мод тарьдаг ч ургаж байгаа эсэхийг хэлж мэдэхгүй юм. Гэтэл нийслэлд байгаа хэдэн модоо тайраад дууслаа?

-Одоогоос 10 жилийн өмнө нэг хүнд 2.4 ам.метр ногоон байгууламж оногдож байсан. Одоо 3.8 болж нэмэгдсэн. Энэ бол ахиц гарч байна гэсэн үг. Мод тарихдаа технологи мөрдөөгүйгээс болж ургахгүй байгаа тохиолдол бий. Гэхдээ Ерөнхийлөгчийн бүх нийтээр мод тарих зарлиг гаргасантай холбоотойгоор ногоон байгууламж нэмэгдэж байна. Манай модны салбарын мэргэжилтнүүд ч сайн ажиллаж байгаа. Гагцхүү орон нутаг усалгаа, арчилгааны зардлыг нь өгөхгүй байгаа явдал ногоон байгууламж сайн нэмэгдэхгүй байгаагийн нэг шалтгаан болж байна.