ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

З.Энхболд: Эрх бүхий байгууллагад зөвлөмж өгөх учраас Үндсэн хууль зөрчихгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-25

УИХ-ын ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

Д.Эрдэнэбат: Олон бусармаг асуудал гарч байгааг таслан зогсоох ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Гэхдээ үүнийг далимдуулж, төрийн эрхийг гартаа авах гэж санаархах явдлыг хараад сууж болохгүй. Энэ хууль Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчиж байгаа юм.

Х.Болорчулуун: Энэ хууль бол чиглэл өгөх буюу зөвлөмж өгөх хууль. Тийм учраас Үндсэн хууль зөрчсөн асуудал болохгүй. Монголд шударга бус явдал нутагшсаны нэг жишээ нь хууль, хяналтын байгууллагын шударга бус шийдвэрүүд байдаг. Энэ шударга бус байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулж байна. Тиймээс үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ хуулийг саначлах нь зүйн хэрэг. Бид хууль, хяналтын байгууллагынхныг хангалттай эрхлүүллээ. Хамгийн өндөр цалин авч байж, байдал өөрчлөгдөхгүй байна. С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүсэн бичлэг байгаа бол одоо гишүүдэд хаалттай байдлаар үзүүлэх хэрэгтэй байна.

Гансүх: энэ сарын 18-ны өдөр ХЗДХ-ийн сайдын зүгээс эрүүдэн шүүсэн гэх нэр бүхий хүмүүсийн талаар шалгах хүсэлтийг ирүүлсэн. Үүний дагуу энэ сарын 22-ны өдөр засгийн газарт хандсан. Засгийн газрын хуралдаанаар ХЗДХ-ийн сайдыг энэ асуудлыг Аюулгүйн зөвлөлд танилцуулах тэмдэглэл гарсан. Ингээд уг асуудлыг сонссоны дараа Аюулгүйн зөвлөл дахин хуралдаж, асуудалтай танилцан Ерөнхийлөгчид хууль санаачлахыг даалгасан. Бичлэгийг үзүүлэх боломжгүй байна.

 Г.Занданшатар: Эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж үзсэн. Уг асуудлыг яаралтай хэлэлцэж, шийдвэрлэх ёстой гэж үзсэн юм.  

Д.Лүндээжанцан: төрийн эрх мэдэл хуваарилагдаагүй нийгэмд Үндсэн хууль оршдоггүй гэдэг. Тэгэхээр тэрхүү нхуваарилалт багахан гажуудалтай л байвал ийм хавтгайрсан, хариуцлагагүй байдал бий болдгийг бид одоо харж байна. Тийм ч учраас шүүгчдийг хугацаатай болгох хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Хариуцлагын тогтолцоог бий болгохыг л хичээж байна. Эрүүдэн шүүсэн асуудал өмнө нь уг нь яригдаж байсан. Тиймээс энэ бичлэгийг хаалттай чуулганаар гишүүд үзэх боломжтой байх. ХЗБХ-ноос нэг л зүйл асууя. Үндсэн хуульд зөрчилгүй байхаар  яаж оруулж ирэх вэ.

Ц.Цогзолмаа: Монгол Улсын эрх зүйт төрийнхөө шинэчлэлийг хийх үедээ явж байна гэж харж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудал хэлэлцэгдээд орж ирж байгаа ч гэсэн парламент үүнд маш хариуцлагатай хандах ёстой. Алдаа гаргасан хувь шүүгч, хувь хүнтэй энэ асуудлыг ярих нь зөв байх гэж бодож байна. Үндсэн хууль зөрчиж байгаа асуудал байгаа бол цаашид үүнийг яаж шийдэх вэ. Эрх мэдэлтнүүдийн золион Монголын төр болж болохгүй гэдгийг хэлмээр байна.

З.Энхболд: Томилгоо хийдэг байгууллагад нь санал болгож байгаа болохоос биш шууд томилгоо хийж байгаа асуудал биш юм. Томилгоо хийдэг байгууллага нь өөрийнхөө эрх мэдлийн дагуу томилгоог хийнэ. Тиймээс Үндсэн хууль зөрчихгүй.

Т.Аюурсайхан: Аймшигтай хэлмэгдүүлэлт гарч байсан. Эрүүдэн шүүх асуудалд УИХ-ын өмнө үүрэг хүлээсэн хүмүүс яагаад дуугарахгүй байгаа юм бэ. Хууль, хяналтын байгууллагын тогтолцоог эрүүл байлгахын тулд өөрчлөлт рүү нэн яаралтай явах хэрэгтэй. Тиймээс Аюулгүйн зөвлөлийн гишүүд хуулийн тогтолцооны асуудалд анхаарах шаардлагатай байна.