ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Прокурор Ё.Сагсайгийн үед...

O.Admin
2019-03-26

Том прокурорын томоохон дуулианыг МАХН-ынхан дэлгэж орхилоо. Прокурор Ё.Сагсайгийн хувийн нууц байж болох ч Монгол Улсын төрийн нэрийн өмнөөс хэрэгтнийг ялладаг хүний хувьд байж боломгүй үйлдлийг олон нийтэд дэлгэлээ. Монгол Улсын Ерөнхий прокуророор Д.Дорлигжавыг ажиллаж байхад, түүний шийдвэрээр Нийслэлийн прокурорын газрын Орлогч даргаар ажиллаж байсан Ё.Сагсай Сүхбаатар дүүргийн ерөнхий прокуророор томилогдож байв. Удалгүй Улсын ерөнхий прокурорын туслах, Мөрдөн шалгах ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн даргаар томилогдсон. 

Ё.Сагсай нь Нийслэлийн прокурорын газрын орлогчоор ажиллаж байхдаа олны анхаарлын төвд байсан, нэр нөлөө бүхий эрхмүүдийн хэрэг дээр ихэвчлэн яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэгт улсын яллагчаар оролцож, түүнийг буруутайд тооцоход нь томоохон гавьяа байгуулсны учир албан тушаал ахиулсан гэх яриа ч гарч байлаа. Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн хууль шүүхийнхний хэн нэгэнд зохиомол хэрэг үүсгэдэг, ял тулгадаг байдлыг “Сагсайдах гэж сайхан арга бий” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлага бий. Энэ хэллэгийг зүгээр ч нэг гаргачихаагүй гэх. Уг нь монгол хэлний товч тайлбарт ийм үг байхгүй. Харин нийтлэлч Б.Номинчимэд нэгэнтээ “Сагсайдах” гэдгийг дөргүй үхэр мэт эзнийхээ төлөө зүтгэж бусдыг буруушаах хэмээн шогчлон тайлбарласан байдаг юм билээ. 

Прокурор Ё.Сагсай өд­гөөгөөс таван жилийн өмнө хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Эрүүгийн хэрэгт яллагчаар ажиллана гэдэг өөрөө амар хялбар ажил биш. Прокурор юу хэлж, яаж яллав гэдгээс хамаарч хэргийн хувь заяа шийдвэрт ихээхэн нөлөөлнө. Ер нь прокурор, түүний дотор улсын яллагчийн эсрэг янз бүрийн заналхийлэл, доромжлол, дарамт ирэх явдал түгээмэл бий...” гэж ярьсан байдаг. Магадгүй тэр дарамт, заналхийлэлд өртөж, хэн нэгнийг ялласан, “өршөөсөн” байж мэдэх л юм.  Түүнчлэн өчигдөр нэгэн хэвлэлд мань прокурор өөрийгөө буруугүй, Н.Энхбаярын захиалгат гүтгэлэг, нэр хүнд унагасан, шүүх хуулийн байгууллагад хандана гэж ярьсан байна. Арваад жилийн өмнө айлд “юу яаж” байхдаа хэн нь үл мэдэгдэх хүмүүст баригдаж, бичлэг хийлгэсэн ч, тухайн үед юу ярьсан, яаснаа санахгүй байна гэжээ. Тийм том хүн, тэр том прокурор тэр зэргийн хоёр залууд ёстой л “салаавч” үзүүлээд хөөгөөд гаргахгүй яагаад “үнэн үнэн” гэж “хэргээ хүлээгээд” бичлэг хийлгүүлээд байж байсан хэрэг вэ.  Тухайн үед нь хууль шүүхийнхэнд хандахгүй яасан юм бол. Яагаад өдий болтол “мартсан” юм бэ. Тэр зэргийн бичлэг бол юу ч биш хэрэг үү гэхчлэн олон олон асуулт хариултаа хүлээж байна. 

Олныг үл нуршин түүнийг эрх мэдэл бүхий прокуророор ажиллаж байх үед шийдэгдсэн, эс шийдэгдсэн хэргүүдээс цухас дурьдая.

* Монголбанкны Эрдэнэсийн сангаас 20 кг алт алдагдсан хэрэг. Дөрвөн хүнийг цагдан хорьж, мөрдөн байцаалт авсан гэдэг ч хэрэг хэрхэн шийдэгдсэн бэ. 

* Долдугаар сарын 1-ний хэрэг. Тухайн үеийн цагдаагийн удирдлагууд болох хэдэн хүнд бурууг тохож, жагсаал, үймээн зохион байгуулсан, өдөөн турхирсан хүмүүс нь тодорхойгүй үлдсэн. 

* УИХ-ын гишүүн Б.Наранхүүд “Анод” банкны хэргээр эрүүгийн хэрэг үүсгэж байв. Нэлээд хэдэн жилийн өмнө үүсгэсэн эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болж, Б.Наранхүү УИХ-ын гишүүнээр хоёронтоо сонгогдсон. 

* ТЕГ-ын Сөрөх тагнуулын албаны дэд хурандаа В.Нямхандад холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон.  

* УИХ-ын гишүүн асан Д.Дондогт холбогдох хэрэг шийдвэрлэгдэж, ял эдлээд гарсан. 

* Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарын хэрэгт Н.Энхбаяр гурван шатны шүүхээр буруутайг нь тогтоосон.

* АМГТГ-ын дарга Д.Батхуяг асанд холбогдох хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж, хоригдох явцдаа магадлангаар суллагдсан.  

* УИХ-ын 2012 оны сонгуулийн дараа, МАН-ын нэр дэвшигчид болох Н.Төмөрхүү, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, О.Содбилэг, Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэрэг хэрхсэн нь одоо болтол тодорхойгүй. 

* “Ирвэс” хамгаалах сангийн биологич Т.Лхагвасүмбэрэл агсантай холбогдох хэрэгт эзэн холбогдогч тодорхойгүй гэдэг шалтгаанаар хэргийг хаах тухай яригдаж байсан ч өнөөг хүртэл хэрхсэн нь тодорхойгүй байна.  

* ЗГХЭГ-ын дарга асан С.Баярцогтод холбогдох хэрэг хэрэгсэхгүй болов. Одоогоос гурван жилийн өмнө иргэн н.Бат-Эрдэнэ УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогттой холбоотой гомдол хүргүүлсэн байдаг. Тус гомдолд гадаадын хэвлэлд гарсан мэдээлэл түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн байгууллагын шийдвэртэй нийцэхгүй байгааг онцолж, тус хэргийг хянахдаа нэг талыг барьсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. Хэргийг сануулахад, 2015 оны хоёрдугаар сарын 7-нд УИХ-ын гишүүн Г.Уянга нарын нэр бүхий гишүүд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг огцруулах үндэслэл гаргасан байдаг. Үндэслэлдээ “Монгол Улсын 2015 оны Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тодотгол хийх үеэр ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын гарын үсэг бүхий “Эрдэнэс Оюу Толгой” компанид хуулийн зөвлөгөө өгөх нэрийдлээр АНУ-ын “Painter Law Firm” нэртэй, нэг гэр бүлийн хоёрхон гишүүнтэй компанитай 17 тэрбум 500 сая төгрөгийн санхүүжилтийг төсөвт тусгуулан суулгасан бөгөөд урьдчилгаа төлбөр болох 455 сая төгрөгийг шилжүүлсэн байна. Энэхүү үйлдэл нь татвар төлөгчдийн хөрөнгө, төсвийн хөрөнгийг шамшигдуулан зориулалтын бус зүйлд хууль бусаар зарцуулах үндэслэл болсон байна” гэсэн юм. Энэ хэргийн талаар өнөөдөр хэн ч эргэн сөхөөгүй, хэрхэн шийдэгдсэн нь ч тодорхойгүй байна. Бид энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно. 

* АТГ-ын дарга Ч.Сангарагчаа, дэд дарга Д.Сундуйсүрэн, Хэлтсийн дарга Ө.Алтангадас нарын ажилтнаа тагнаж чагнасан хэрэгт Ч.Сангарагчаа буруутгагдаж 2.4 жилийн хорих ял авсан. Энэ хэргийн талаар тухайн үед Ё.Сагсай прокурор “Шүүх эрх мэдлийнхээ хүрээнд асуудлыг шийдэн, шийдвэрээ гаргасан” хэмээн мэдэгдэл хийж байв. Харин Ч.Сангарагчаа өөрийг нь гэм буруутайг тогтоосон Дээд шүүхийн шийдвэр гарснаас хойш долоон жилийн дараа буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан тушаалаа өгснөөс хойш долоон сарын дараа Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, АТГ-аас 43 сая төгрөг гаргуулан авахаар болж байв. 

Энэ бол зөвхөн олны мэдэх, нэр нөлөө бүхий хүмүүсийн холбогдсон хэрэг. Хэргийн хувь заяа хэрхэн шийдэгдсэн, хэн хэнийх нь хэрэг үнэн зөв шийдэгдсэнийг шүүн тунгаах эрх уншигч танд бий.