ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ц.Элбэгдорж: Өөрөө хүн эрүүдэж явсан хүн хууль зүйн сайд хийх ёсгүй

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-26

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж мэдээлэл хийлээ. Тэрбээр “ Ерөнхийлөгч бидэнд ээлжит урилгаа явууллаа гэж харж байна. Монголд Ерөнхийлөгч ямар ажил хийж болох вэ, ямар ажил хийж болохгүй вэ гэдгийг хамгийн хурдан ойлгуулах хүн Х.Баттулга юм. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл Үндэсний аюултай байдлын зөвлөл боллоо. Шударга ёс хуулийн засаглалыг сонгож хэрэгжүүлж болохгүй гэж бодож байна. Өнөөгийн хууль зүйн сайд өөрөө хүний гар хөл хугалж, тамалж, эрүүдэж байсан хүн. Тиймээс өнөөдөр тэр ХЗДХ-ийн сайд хийх ёсгүй. Ерөнхийлөгч гэдэг өмнө нь айж явсан зүйлээ л хийдэг. Монгол Улс шүүхгүй байснаас ХЗДХ-ийн сайд, Ерөнхийлөгчгүй байсан дээр. Өнөөдөр надад хувийн хэвлэл мэдээллийн байгууллага алга. Монголын авлигын түвшин 50 хувь буурч байсан юм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг олон жил мөрдөж, алуурчдыг олсон байдаг” гэв. Тэрбээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Н.Энхбаярын хийсэн мэдээлэлд та ямар тайлбар өгөх вэ?

-Н.Энхбаяр намайг дүүтэй нь хамт дарамталсаар байгаад бариулсан гэж ярьж байлаа. ээж минь нас барахаас нэг хоногийн өмнө би Н.Энхбаярт уучлал үзүүлж байсан юм. Н.Энхбаярыг 12 удаа дуудсан байдаг. Дуудаад очихгүй байсан учраас аргагүйн эрхэнд Н.Энхбаярыг баривчилсан байдаг.

-С.Зоригийн хэрэгт холбогдуулан хоёр иргэнийн хилсээр хэрэг үүрүүлсэн гэх асуудал яригдаж байна. Тухайн үеийн Ерөнхийлөгч байсан хүний хувьд үүнд ямар байр суурьтай байгаа вэ?

-Энэ хэрэг ямар учраас илрэхгүй байсан юм бэ гэдэг нь сонин. Ц.Нямдорж энэ хэрэгт дөрөв дэх шатыг гаргаж ирж байна. Шүүхээр шийтгэл хүлээсэн алуурчид нь амьд байгаа. Учир нь олдох байх гэж найдаж байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн УИХ-д оруулсан хууль батлагдах эсэх нь асуудал биш. Өнөөгийн Ерөнхийлөгч айдас гэдэг зүйлийг улс төрчдөд бий болгосон. Одоо ярьж байгаа энэ бүх асуудал сонгуульд зориулсан улс төрийн сэдэв. Сонгуулийн өмнөх жил ийм зүйл болдог. ХЗДХ-ийн сайдын сэдсэн нэг сэдэв шүү дээ. С.Зоригийг ямар алуурчид хөнөөсөн бэ гэдгийг нэг л хүн харсан шүү дээ. Тэр нь С.Зориг өөрөө. Өнөөгийн хууль зүйн сайд С.Зоригийн аллагаар бахархдаг хүн шүү дээ. Өнөөдөр намайг алуулчихсан байвал Ц.Нямдорж тэр аллагын араас явах уу. С.Зоригийн хэрэг гарах үед өнөөдөр намайг харааж байгаа шиг л түүнийг харааж байсан. Засгийн газрын хамгийн хурдан шийдэх асуудал бол Ц.Нямдоржийг сайдаас нь буулга. Бүр УИХ-ын гишүүн байхаас нь түдгэлзүүл. С.Зоригийн хэрэгтэй холбооттой шинэ нөхцөл байдал байгаа бол хууль, шүүхийн байгууллагаар шалгуулах ёстой. Хууль батлагдах уу үгүй юу гэдэг нь төрийн гурван өндөрлөгт хамаагүй. Хууль шүүхийн байгууллага, УИХ-ын гишүүдэд сонгуульд зориулсан айдас л төрүүлэх гол зорилго нь юм. Х.Баттулга Засгийн газраа халаасандаа хийчихсэн. УИХ-аа ч авчихсан. Одоо хэвлэл мэдээллийг авна. Сэтгүүлчид бол нийгмийн нүд, чих болж байх ёстой. Өнөөдөр тэд нэг юманд найрлаж байна. Эрдэнэс таван толгойн 800 тэрбум төгрөг хувааж авах л ажил явж байгаа юм. Өнөөдрийн авилгал хөгжлийн банкаар явж байна. Сэдвийн төлөө уралдаж байна. хэн сонгуульд нэр дэвших вэ, сонгуульд ашиглах мөнгөө олохын төлөө л явж байгаа.

-Та Б.Хурцтай ямар холбоотой байсан бэ?

 -Б.Хурц гэдэг хүнтэй би ажил хэргийн шугамаар л хамтарч ажиллаж байсан. Шударга бусын хонгил гэдэг бол таван жилийн турш үргэлжилж байгаа кино. Маш олон жил төлөвлөсөн бас нэг улс төрийн сэдэв.

-Шүүгчийг хэн шүүх вэ. Үүнийг шийдэх ямар арга байна вэ?

-Шүүгчийг улс төрч шүүхгүй. Шүүх, хяналтын байгууллага нь л шүүх ёстой. С.Зоригийн хэргийг мөрдөж байх хугацаанд ч янз бүрийн зүйл яригдаж байсан. Алдаа гарсан бол хууль, шүүхийн байгууллагынхан л шүүх ёстой.

-Алдагдсан гэх уран зургууд таны галлерейгаас  олдсон. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Их тэнгэрийн аманд амьдарч байсан газарт албаны нэг ч зураг байгаагүй. Одоогоос 10 жилийн өмнө 100 зураач, 100 зураг үзэсгэлэн гаргаж байсан. Би зураг цуглуулж, уран зургийн галлерей байгуулж үлдээх юм сан л гэж боддог.