ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Чуулганаар Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг хэлэлцэж байна

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-26

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Тус хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, АТГ, Прокурорын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу чөлөөлөх хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авлаа. Тухайлбал,

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:
-Эрүүдэн шүүсэн гэдэг  хангалттай үндэслэл бий болсон тохиолдолд ҮАБЗ-ийн зөмлөмж гарахгүй гэсэн үг юм уу. Эрүүдэн шүүсэн гэдгийг нь тогтоосны дараа ҮАБЗ зөвлөмж гаргана гэсэн үг үү?

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:
-Эрүүдэн шүүх ажиллагааг хууль хүчний байгууллага хэрэгжүүлдэг. Эрүүдэн шүүхтэй холбоотой асуудал байна гэж үзвэл ҮАБЗ хуралдаж, зөвлөмжөө Шүүхийн ерөнхий зөвлөлд  хүргүүлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөл хариуцлага тооцох саналаа Ерөнхийлөгчид хүргүүлнэ. Хангалттай үндэслэл мөн эсэхийг өнөөдрийн бичлэгээс үзнэ.

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:
-Монголд төрөл бүрийн хүчирхийлэл гарч байгаад харамсч байна. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль АТГ, Прокурорын хуулиуд анхны хэлэлцүүлгээр баталж болохгүй. Хуулийн төсөл хэзээнээс хэрэгжихээр тооцсон бэ.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:
-Байнгын хороо хуралдаж, хуралдааны үеэр эрүүдэн шүүсэнтэй холбоотой бичлэгийг үзүүлэхэд бэлэн болсон гэдгээ илэрхийлсэн. Гишүүд горимын санал хураалгаж, чуулганы хуралдаанаар үзэхээр болсон. Үзэх боломж бол нээлттэй. Энэ бичлэгийг шууд нээлттэйгээр олон нийтэд үзүүлэх шаардлагатай байна.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.