ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Н.Оюунцэцэг: Смарт картын 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд олгох боломжгүй

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-04-01

Улаанбаатар хотын  дарга С.Амарсайхан Смарт картаа гээгдүүлсэн, алдсан, хураалгасан иргэдийн 1.8 тэрбум төгрөгийг буцаан олгох тухай мэдээлсэн юм. Тэгвэл смарт картаа алдсан иргэдэд дээрх мөнгийн олгох боломжтой эсэх талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтсийн дарга Н.Оюунцэцэгээс тодрууллаа. 

-Алдагдсан смарт картанд хуримтлагдсан 1.8 тэрбум төгрөгийг иргэдэд буцааж олгоно хэмээн хотын дарга хэлсэн. Энэ мөнгийг буцааж өгөх боломжтой юу, хэрхэн өгөх вэ?
-“Улаанбаатар смарт карт” ХХК иргэдэд нийтийн тээврээр зорчих картыг олгосон. Гэхдээ иргэдийн худалдаж авсан картуудын цэнэглэсэн буюу одоогоор зорчихоор төлөвлөж цэнэглэсэн нийт дүн нь 1.8 тэрбум төгрөг байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Түүнээс биш зөвхөн хаягдсан картын дүн энэ хэмжээний мөнгө бий гэж ойлгох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, өнөө маргаашдаа нийтийн тээврээр зорчихоор цэнэглэсэн, мөн хаясан гээгдүүлсэн,  картаа авсан хэрнээ ашиглахгүй байгаа картын мөнгөн дүнг хэлж байгаа юм. Хэрвээ картаа хаясан тохиолдолд мөнгөө эргүүлж авах боломжгүй л дээ. Харин U Money смарт картанд байгаа үлдэгдэл  мөнгийг  буцааж олгох хэд хэдэн тохиолдол бий. Тодруулбал, тухайн картыг  гэмтээсэн, эвдсэн, цэнэглэсэн хэрнээ уншихгүй тохиолдолд манай компанид  байрлах Хэрэглэгчийн төвд тухайн картаа авчирч шалгуулна. Ингээд эвдэрч гэмтсэнийг нь тогтоовол тухайн картан дахь үлдэгдэл мөнгийг өөр карт руу шилжүүлж иргэд, зорчигчдын  хохирлыг барагдуулах боломжтой. Шилжүүлэх картгүй тохиолдолд үлдэгдэл мөнгийг нь бэлнээр өгдөг. Зарим тохиолдолд хөнгөлөлттэй карт буюу ахмад  настан, оюутны картыг андуурч цэнэглэсэн тохиолдод мөнгийг нь буцаан олгоно. Энгийн смарт карт үрэгдүүлсэн тохиолдолд хохирлыг хариуцахгүй гэдгийг картны ард албан ёсоор тэмдэглэсэн байдаг. Хууль эрхзүйн хувьд ч мөн тухайн иргэний мөнгө учир манай байгууллага дур мэдэн,  ямар  нэгэн үндэслэлгүйгээр буцаан олгох боломжгүй гэсэн үг. 

-Иргэд цэнэглэсэн картаа алдчихлаа гэж хэр их ханддаг вэ. Алдагдсан картнаас нийтдээ хэчнээн төгрөг хуримтлагдсаныг мэдэх боломжтой юу?
-Энгийн карт бүртгэлгүй учир тухайн  карт  тус бүрээр нь шалгах боломжгүй. Тухайн  иргэний карт мөн эсэхийг нотлох боломжгүй.  Нийт дүнгээрээ системд бүртгэлтэй байгаа. Одоогоор манайд цэнэглэсэн картаа алдсан талаарх гомдол  ирээгүй байна. Гэхдээ бид үүнийг албан ёсоор мэдээлсний үндсэнд  уг картаа олгож байгаа учир, дахин олгох  боломжгүй.  Тухайн картаа 3600 төгрөг төлөөд худалдаж авна. 

-Цаашид иргэдийн картыг  бүртгэлжүүлээд,  алдсан  тохиол­долд танай байгууллагад хол­богдон  хаадаг, сэргээдэг хэлбэр рүү  шилжих үү?
-Бид татварын хуулийн дагуу нийтийн  тээврийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулсан. Улмаар  И Баримт олгох үйлчилгээг нэвтрүүлэхээр  бэлтгэл ажлаа хангаж байгаа. Ерөнхийдөө хэрэгжүүлэхэд  бэлэн болсон. И Баримт олгох үйлчилгээ хэрэгжиж эхлэхэд, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн http://www.uscc.mn веб сайтад бүртгүүлэх хэрэгтэй. Бүртгүүлсэн тохиолдолд И Баримт олгох боломжтой болно. Энэхүү үйлчилгээ хэрэгжсэнээр өөр боломжууд  нээгдэх байх.