ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Ё.Баатарбилэг: Багш нарын илүү цагийн хөлсийг энэ сараас эхлэн олгоно

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-02

Засгийн газрын ээлжит хуралдаанаар цэцэрлэгийн болон дунд сургуулийн багш нарын ажилласан илүү цагийн хөлс олгох тухай асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр “2019 оны төсөвт цэцэрлэгийн болон дунд сургуулийн багш нарын илүү цагийн мөнгийг олгох төсөв суутгагдсан байсан. Гэвч тогтоолын тодорхой заалт зөрчилтэй байснаас олгоогүй. Энэ тогтоолын заалтын зөрчлийг арилгаснаар багш нарын ажилласан илүү цагийн хөлсийг олгохоор болж байгаа юм. Энэ жилээс багш нарын цалин нэмэгдэж, илүү цагийн мөнгө нь цаг тухайдаа тасралтгүй ороод явахаар боллоо. Өнгөрсөн хугацааны нэмэгдлийг нөхөж олгоно. Энэ сараас эхлээд нэмэгдпэл хөлс олгогдож эхэлнэ” гэв. Тэрбээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Хөдөө орон, нутаг, хувийн цэцэрлэг гэж ялгах уу. Хөдөө орон нутгийн цэцэрлэг сургуулийн нэг ангид таван хүүхэд байх ч тохиолдол байна гэж байгаа шүү дээ?

-Таван хүүхэдтэй анги төдийлөн байхгүй байх. Төв суурин газар руу шилжсэнээс үүдэн зарим нэг багийн төвд тав, зургаан хүүхэдтэй анги байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ багш нар долоо хоногт заадаг 19 цагийнхаа хичээлийг заагаад явж байгаа. Хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа. Үүнээс гадна багш нарыг захиргааны ажилд татан оролцуулах ажил их байна. Дарга нарын илтгэл хэлэх үгийг бэлтгэх, шат шатны дарга нарын үйл ажиллагааны хэрэгжилтийг гарга гэсэн тушаал өгдөг. Мөн төрөл бүрийн хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг гаргадаг. Нийт 400 гаруй төрлийн нэмэлт ажлын ачаалал нэмэгддэг тухай багш нар хэлсэн. Тиймээс багш нарыг захиргааны ажилд татан оролцуулахгүй байхыг шат шатны дарга нарт үүрэг болгосон сайдын тушаал гаргасан. Нийслэлийн багш нар маш их ачаалалтай ажилладаг. Багш нарын дунд явуулсан судалгаагаар багш нар ажлынхаа 37 хувийг багшлах ажилдаа зарцуулж, үлдсэн 67 хувийг бусад ажилд зарцуулж байна гэсэн дүн гарсан. Сайдын тушаал гарсан учраас багш нарын ачаалал хөнгөрнө.

-Илүү цагийн үнэлгээг хэрхэн тооцох юм бэ?

-Цэцэрлэгийн багш нарт долоо хоногийн 24 цагийн нэмэгдэл олгогдоод явах юм.