ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нэг л хором тэвч

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-03

“Нэг хором” аяныг Цагдаагийн ерөнхий газраас зарлаж, олон залуусын оюун, сэтгэлийг өөрчлөхийн төлөө ажиллаж байна. Энэ зүгээр нэг аян байх учиргүй. Нэг сар, нэг жил хэрэгжээд зогсох  ёсгүй.  Яг л цаг хугацаа шиг мөнхөд хэрэгжиж, хэрэгжүүлж, уриалж байх аян юм. Ганцхан хормын уур бухимдлаа захирч чадаагүйгээс болж олон залуус эрүүл мэндээрээ хохирч, шоронгийн хаалга татаж байна. Тоог нь хэлэх ч юм биш. Харин “Нэг хором” аян хэрэгжиж эхэлснээс хойш эерэг үр дүн маш их гарч байгаа аж. Бааранд хоёр залуу хоорондоо муудалцахад найзууд нь “Нэг хором” гэж хэлээд, инээлдээд эвлэрсэн талаар цахим хуудастаа мэдээлсэн байсан.

Нэг ангийн хоёр хүү маргалдаж, зодолдох дээрээ тулаад, охид нь “Нэг хором” гэж хэлээд, эвлэрсэн хэмээн фэйсбүүктээ пост оруулсан байна билээ. Энэ чинь л үр дүн. Зодоонд ялагч байхгүй гэдэг. Нэг нь бэртэж, нөгөө нь хэрэгтэн болно. Эсвэл хоёулаа эрүүл мэндээрээ хохирч магадгүй. Тиймээс уур бухимдлаар асуудлыг шийдэх гэж яараад яах вэ, залуус минь. Өнөөдөр Монгол Улсад тулгамдсан асуудал зөндөө бий. Утаа, хөрсний бохирдол, замын түгжрэл, төрийн албаныхны хүнд суртал, шударга бус байдал гээд. Тэглээ гээд бид өөр хоорондоо хэрэлдэж, маргалдаж, бухимдаж, эд эсээ үхүүлэх хэрэг юу байна.

Нэгхэн хормын бухимдлаа тэвчихгүй зодолдож, нүдэлдэж, амьдралдаа харамсаад барахгүй хар толбо үлдээх ч хэрэг байхгүй. Түүний оронд “уучлаарай” гэдэг үгийг хэлээд, нэгэндээ инээмсэглэл бэлэглээд сурчих. Хоёр жолооч машинаараа шүргэлцчихээд, бууж ирээд хэрэлдэж, зодолдож, асуудлыг улам хүндрүүлдэг тохиолдол их байна. Тэртээ тэргүй цагдаа нь ирээд буруутныг нь тогтоогоод, даатгал нь мөнгөө төлчихөөс хойш хоорондоо маргалдаж, зодолдох хэрэг байна уу. Зарим нэг асуудал ийм л энгийн. Тиймээс яаран ам ангайж, хараал урсгаж, гар далайж, хүн цохихоосоо өмнө тэвчээд сурчих залуус аа. Ердөө л нэг хором л тэвч, амьдралаа сайн сайхнаар дүүргэ.