Анталия гран прид өнөөдөр манай улсаас 8 бөх барилдана

Б.ГАНЗОРИГ
2019-04-04

Олон улсын жүдо бөхийн холбооны (IJF) уламжлалт томоохон тэмцээн болох Анталия гран при тэмцээн өнөөдөр Турк улсын Анталия хотноо 15:00 цагт эхлэнэ. Тус тэмцээнд 76 орны 485 тамирчин оролцохоор болсон бөгөөд манай улсаас дэлхийн аварга М.Уранцэцэг, Г.Болдбаатар тэргүүтэй 19 тамирчин оролцох юм.

Өнөөдөр болох эхний өдрийн тэмцээнд эмэгтэйчүүдийн -48кг, -52кг, -57кг, эрэгтэйчүүдийн -60кг, -66кг жингийн барилдаанууд явагдах бөгөөд манай улсаас найман бөх барилдана. 

Эмэгтэйчүүдийн -48кг жингийн В хэсэгт Б.Ойдовчимэд эхний тойрогт Словэйний Маруса Стангартай барилдах бол D хэсэгт О.Дуламжав эхний тойрогт Тайваний Лин Чен Хаотай барилдах оноолт таарчээ. Харин эмэгтэйчүүдийн -52кг жинд дэлхийн аварга МУГТ М.Уранцэцэг А хэсэгт орсон бөгөөд эхний барилдаанаа Финландын Катри Каккотой барилдах бол С хэсэгт орсон Б.Хорлоодой эхний тойрогт Туркын Дамла Калискантай барилдахаар боллоо. Өнөөдөр болох эмэгтэйчүүдийн -57кг жингийн В хэсэгт Б.Алтанцэцэг эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Болгар жүдоч Ивелина Илиеватай барилдах оноолт таарлаа. 

Эрэгтэйчүүдийн -60кг жингийн В хэсгийг тэргүүлж дэлхийн аварга МУГТ Г.Болдбаатар барилдах тул эхний тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт Туркын Самет Кумтастай барилдахаар болсон бол эрэгтэйчүүдийн -66кг жингийн В хэсгийг Д.Алтансүх, D хэсгийг Г.Хэрлэн нар тэргүүлсэн бөгөөд  барилдах тул эхний тойрогт тус тус гоц мөргөсөн байна. Д.Алтансүх нь Грек, Киргистаны бөхчүүдийн ялсантай нь барилдах бол Г.Хэрлэн Испани, Словакын бөхчүүдийн дийлсэнтэй нь барилдана.