ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Тайландад 10 хоногт Монголын есөн хулгайч баривчлагджээ

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2019-04-07

Тайландад Монголын бүлэг халаасны хулгайчид баривчлагдсан гэх мэдээлэл өнгөрсөн долоо хоногийн дуулиант үйл явдлын нэг байсан билээ. Тэгвэл тэдгээр мэдээллүүдийг багцлан үзвэл ердөө 10 гаруйхан хоногийн хугацаанд тус улсад Монголоос очсон есөн иргэн бүлэглэн хулгай хийж байгаад баривчлагдсан байна. 

Тодруулбал, гуравдугаар сарын 18-нд тус улсад зорчсон Монголын хоёр эрэгтэй, нэг эмэгтэйг Тайландын нийслэл Бангкок хотын Сувернабуми олон улсын нисэх онгоцны буудлаас баривчилжээ. Тэднийг Б.Хишигбат /40 настай/, Б.Төрмөнх /41 настай/, Б.Өлзийбаяр /35 настай/  гэдэг аж. 

Хулгайг ихэвчлэн эмэгтэй нь гардан үйлдэж, бусаддаа дамжуулдаг гэдгийг цагдаа нар тогтоосон байна. Тэд баривчлагдахаасаа хоёр долоо хоногийн өмнө мөн нисэх онгоцны буудалд хэрэг үйлдэж, Герман жуулчны хэтэвчийг нь хулгайлсныхаа дараа нутаг буцсан байжээ. Улмаар дахин Тайландад ирэх үед нь албаныхан баривчилсан гэнэ.  Сэжигтнүүд хэд хэдэн удаа хулгайн гэмт хэрэг хийсэн нь тогтоогдсон бөгөөд Б.Төрмөнх голлон зохион байгуулдаг байсан аж. Баривчлагдах үедээ уг этгээдүүд биедээ 200 мянга гаруй баттай тэнцэх хэмжээний гадаад улсын мөнгөн тэмдэгт авч явсан байна. Уг мөнгийг монгол төгрөгт шилжүүлж тооцвол 16 сая гаруй төгрөг болох юм. 

Харин дараагийнх нь гуравдугаар сарын 29-нд баривчлагдсан байна. Тайландын Цагаачлалын товчооны комиссар Лт-Ген Сурачат Хакпарн хэвлэлийн бага хурал хийж, Бангкок хотын хамгийн алдартай сүмд Монголоос очсон гурван бүлэг этгээд хулгайн хэргээр баривчлагдсаныг албан ёсоор зарлажээ. Тус сүм жуулчдын дунд нэлээд алдартай бөгөөд аялал жуулчлалын гол бүсээр нэрлэгддэг байна. 

Тэднийг М.Батболд, С.Солонго, Г.Золзаяа гэдэг бөгөөд америк жуулчнаас бэлэн мөнгө, банкны карт, бусад эд зүйлсийг нь хулгайлж, хулгайлсан картаараа худалдан авалт хийсэн байжээ. Хэвлэлд хулгайн хэрэг гарсан газрыг алдартай сүм хэмээн онцолсон ч, яг ямар нэртэй сүм бэ гэдгийг тодорхой мэдээлээгүй байгаа юм. Гэхдээ зарим эх сурвалж, өмнө нь хааны ордон байсан сүм хэмээн мэдээлж байна. Тэгвэл хамгийн сүүлд гуравдугаар сарын 11-нд мөн л манай улсын гурван иргэн хулгайн хэрэг үйлдэн баривчлагджээ. Тэд галт тэрэгний буудалд Словакаас ирсэн жуулчны эд зүйлсийг хулгайлсан байна. Жуулчин 2000 бат, дөрвөн кредит картаа хулгайд алдсан талаар гомдол гаргасан бөгөөд гомдлын дагуу ойролцоох хяналтын камеруудыг шалгаж, хэргийг монголчууд үйлдсэн болохыг тогтоожээ. Улмаар Тайландыг орхих гэж байхад нь баривчилсан байна. Тэд И.Мөнхбаяр, Г.Ихбаяр, Б.Эрдэнэбаяр нар байсан бөгөөд манай улсын алдартай репперүүд гэдгийг орон нутгийн хэвлэлд тодотгосон байв. 

Эх сурвалжийн мэдээлснээр, И.Мөнх­баяр тус улсад хоёр удаа зорчсон бол Г.Ихбаяр, Б.Эрдэнэбаяр нар тус бүр дөрвөн удаа зорчсон байжээ. Уг бүлэг этгээдүүд хөл хөдөлгөөн ихтэй их дэлгүүр, галт тэрэгний буудал зэргийг онилж, хулгайн хэрэг үйлддэг болохыг цагдаагийн алба хаагчид хяналтын камерын тусламжтайгаар илрүүлсэн байна. Эдгээр мэдээллийг малайзчууд янз бүрээр хүлээн авсан байх аж. Мэдээллийн дорх сэтгэгдлүүдийг уншвал зарим нь Тайландад Монголчуудыг визтэй зорчуулах цаг ирснийг сануулсан байлаа. Манай улсын иргэд 2008 оноос хойш тус улсад 30 хүртэлх хоногийн хугацаагаар визгүй зорчих боломжтой болж байжээ. Харин зарим нь цагдаа нар сайн ажиллаж буйг онцолж, бүхий л халаасны хулгайчдыг баривчлах шаардлагатайг анхааруулсан байв. Юутай ч, нэг сарын хугацаанд гарсан олон тооны хулгайн хэрэгтэй холбоотойгоор Тайландын тал саяхнаас тус улсад зорчих монгол иргэдээр тусгайлан нэмэлт анкет бөглүүлж, биедээ авч яваа бэлэн мөнгө болон зээлийн картын мэдээллийг нь шалгах болсон байна.