ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Б.Мөнхжаргал: Сүү, сүүн бүтээгдэхүүн экспортод гаргахад төрийн бодлого дутаж байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-07

Сүүний нэмүү өртгийн сүлжээний зөвлөх, Монгол Улсын зөвлөх инженер Б.Мөнхжаргалыг “Би Монголоо ингэж хөгжүүлнэ” буландаа урьж, ярилцлаа. 

-Орон нутгийн сүүний нөө­цийг ашиглах болом­жийг нэмэг­дүүлэх шаард­лага­тай байна. Та энэ чиг­лэлд анхаарч ажиллаж, тө­сөл хэрэгжүүлж байгаа хүн. Сүүнийн нөөцийг ашиг­лах боломжийг хэр­хэн нэмэг­дүүлэх вэ?

-Монгол Улс 66.5 сая малтай. Малын тоотойгоо харьцуулаад тооцвол болом­жит сүүний нөөц жилдээ 930 сая тонн байгаа юм. Үүний ердөө 10 хувь буюу 90 гаруй сая тонныг нь л сүүний үйлдвэрүүд ашиглаж байна. Монголчуудын хэдэн зуун жилийн уламжлалт цагаан идээ үйлдвэрлэх арга ухаан гэж бий. Бидний тооц­соноор малчид жилдээ 160 сая тонн сүүгээр цагаан идээ үйлдвэрлэж байгаа. Ааруул, ээзгий, шар, цагаан тос хийж, идэж, ашиглаж бай­на гэсэн үг. Уламжлалт ар­гаар үйлдвэрлэж байгаа сүү, сүүн бүтээг­дэхүүнээр ний­тийн хэрэгцээг хангах гэхээр орчин үеийн хэрэг­лэг­­чийг шаардлагад нийцэх­гүй гэхээсээ илүү хүрэлцээ хүр­тээмж нь бага байна. Нөгөө та­лаар худал­дах, борлуулах дэд бүтэц хангалтгүй бай­гаа. Уламж­лалт аргаар боловс­руул­сан, өр­хийн хэрэг­лээ­нээс илүү гар­сан цагаан идээ­гээ малчид “Нам­рын но­гоон өдрүүд” үзэс­гэ­лэн худал­даа­ны үеэр аймаг­таа болон Улаанбаатарт хотод 7-10 хоног борлуулдаг. Цагаан сарын өмнө “Скай” супер­­маркет болон Ялалтын тал­­байд сар орчим хугацаанд бор­­луулж байгаа. Орчин үед хэрэг­­лэгч арай өөр шаардлага тавьж байна. Жижиглэж савласан, эрүүл ахуйн шаардлага хангасан, хэнээс авч байгаа нь ойлгомжтой, нэртэй, хаягтай, шошготой бүтээгдэхүүн авахыг хүсдэг болсон. Энэ талаас нь харвал уламжлалт аргаар үйлдвэрлэсэн цагаан идээ шаардлага хангахгүй байна. Жишээлбэл, хатуу ааруулыг бага насны хүүхдүүд идэж чадахгүй байна шүү дээ. Гэтэл технологийн аргаар, чийгийг нь тодорхой төвшинд бариад, хазахад хагардаг байхаар хатааж болно. Гэх мэт технологийн мэдлэгийг олгох хэрэгтэй байна. Нөгөө талаар, цаасан дээр бичсэнээр хөдөө олон сая тонн сүү байгаа юм шиг харагддаг. Ний нуугүй хэлэхэд, орон нутагт байгаа малчид малаа саахгүй байна. Малаа саахгүй байгааг залхуурсан гэж тайлбарлахаасаа илүүтэй малчид сүүг бизнес гэж олж харж чадахгүйд байгаа юм. Бизнес гэж ойлгочихсон хот орчмын малчид, Өвөрхангай, Архангайнхан, Хэнтийн аймгийн хойд сумдын малчид сүүгээ боловсруулаад, ааруул, цөцгий хийгээд, бизнесийн эргэлтэд оруулдаг. Бусад нь бизнес гэж харж, ажиллаж чадахгүй байна. Илүү том зургаар нь харвал,  Улаанбаатар хотод амьдарч байгаа 1.6 сая иргэний хэрэгцээг хангаж байж л малчид цагаан идээгээ худалдах боломжтой. Уг нь Улаанбаатарт байгаа сүү боловсруулах “АПУ”, “Тэсо”, “Витафит” “Сүү” зэрэг том, жижиг нийлсэн 10 гаруй үйлдвэрийн хүчин чадал нь асар өндөр. Чадлынхаа 35 орчим хувийг л ашиглаж байна. Нэг талд сүү боловсруулах үйлдвэр, хэрэглэгч байна. Нөгөө талд сүү байгаад байгаа. Энэ хоёрыг хооронд нь холбох холбоос алга. 

-Чухам ямар холбоос хэрэгтэй байна?

-Хоёр, гурван холбоос байна. Нэгдүгээрт, мэдээллийн урсгал хэрэгтэй. Малчдаа мэдээлэл, мэдлэгээр хангаад, сүүгээ зарвал мөнгө олох боломжтой гэдэг ухамсарыг суулгаж өгөх шаардлагатай. Сүү их эмзэг бүтээгдэхүүн. Дөрвөн цаг болоод л гашилчихдаг. Хийсэн бүтээгдэхүүнээ өдөрт нь дэлгүүрийн лангуун дээр аваачиж тавихгүй бол иснэ. Энэ талаар мэдэхгүй малчин гэж байхгүй. Одоо гагцхүү мэдлэгийг сэргээх, мэдээлэлтэй болгож өгөх хэрэгтэй байгаа юм. Хоёрдугаарт,  мөнгөний урсгал хэрэгтэй. Орон нутагт мөнгө алга. Малчдын гарт ч мөнгө байхгүй. Хавар ноолуур гарахаар, намар мал махны үеэр хэдэн төгрөгтэй болдог. Тийм учраас мөнгөний урсгалыг шийдэж өгвөл сүү өглөө, оройгүй л орлого оруулж байх боломжтой бүтээгдэхүүн. Сүүний боловсруулалт буюу техник технологи талаасаа хувийн компаниуд ажиллаж эхэлсэн. Анхан, дунд, боловсруулалтын шатанд хувийн компаниуд ажиллаж байна. Тэднийг холбохын тулд нэг хөшүүрэг хэрэгтэй. Тэгэхээр том компаниуд нь хөргөлтийн төвтэй болох хэрэгтэй байна. Гол нь хөргөлтийн төвөө хоёр талын хөрөнгө оруулалтаар байгуулах шаардлагатай. 51 хувь нь сүүний үйлдвэрийнх байлаа гэхэд 49 хувь нь фермерүүдийн өмч байвал хэн хэндээ ашигтай, итгэлтэй ажиллах боломжтой. Ингэж л сүүний нөөцийн ашиглалтыг нэмэх боломж байна. 

-Сүүгээ бизнес гэж харахгүй байгаа буюу Улаанбаатар хотоос хол амьдардаг малчид руу чиглэсэн төсөл хэрэгжүүлж байгаа юм билээ. Тэр талаар мэдээлэл өгөөч?

-НҮБ-ын ХХААБ-аас хэрэгжүүлж байгаа төсөл  хэрэгжүүлж байгаа. Манай сүүний үйлдвэрүүд сул зогсож байгаа 66-67 хувийн хүчин чадлаа нөхөхийн тулд сүүний нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, сүүгээ бизнес гэж харж чадсан Улаанбаатар хотоос 250 км-ын тойрогт байгаа малчдын сүүг булаацалдаад авчихаж чадаж байна. Тэгвэл 300-600 км болгож, тойргоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Тариалан суманд Намнангийн ар гэдэг газар 2000 саалийн үнээ байна. Нэг үнээнээс өдөрт 10 литр сүү гарлаа гэж бодоход өдөртөө 20 тонн сүү гарч байна гэсэн үг. Тэр их сүүг авахын тулд малчидтай нь хамтраад, зөв саалгаад, хөргөлтийн танкинд авч хөргөөд, хот руу “Витафит” үйлдвэр рүү татаж нийлүүлэх схемийг бид хийж байна. Төслийнхөө хүрээнд сүү үйлдвэрлэгчидтэйгээ хамтраад, хоршоо байгуулж байгаа. Хоршоондоо орон нутагт сүү цуглуулах системийг нь өмчилж өгч байна. Эргэлтийн хөрөнгийг нь сүүний үйлдвэрүүд нь гаргаж өгөөд, бизнесийн түншлэлийн хэлбэрээр ажиллах юм. Хэрвээ 600 км-ээс сүүгээ авч чадвал энэ салбар илүү хөгжинө. 

-Том, жижиг нийлсэн сүү боловсруулах 10 гаруй үйлдвэрийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд Улаанбаатар хотын иргэдийн хэрэглээний хэдэн хувийг хангадаг юм бол?

-Статистикийн тоон мэдээллээр Улаанбаатар хотын иргэдийн сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэгцээний 40 орчим хувийг хангаж байна гэж бид үзэж байгаа. Хангахгүй байна гэж хэлэхэд хэцүү. Гурав, дөрөвдүгээр сард буюу сүү ховордох үед дэлгүүрийн лангуун дээр үндэсний үйлдвэрлэгчдийн ч бай импортын ч бай сүү, сүүн бүтээгдэхүүн байж л байдаг. Тэгэхээр хангана гэхээсээ илүү худалдан авалт, хэрэглээ талд нь асуудал байна. Бодоод үз дээ, ачаа буулгадаг ажилтай нэг аав өдөржин ажиллаад, хэдхэн төгрөгийн цалин авлаа гэж бодъё. Тэр мөнгөөрөө гэртээ атга гурил, үмх мах л авч очиж байгаа. Литр сүү авч очихгүй. Орлогын байдлаасаа шалтгаалаад л тэр. Асуудал үүнд байна гэж би хардаг. Түүнээс биш үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийн авч чадахаар хэмжээнд үйлдвэрлэж байгаа гэж би боддог. 

-Жилдээ 930 сая тонн сүү гарч байна гэсэн. Хэрвээ ашиглаж л чадвал Монголд сүүний нөөц хангалттай байна гэсэн үг. Хэрвээ тэр их нөөцөө ашиглаж чадвал гадаадын улсууд руу сүү, сүүн бүтээгдэхүүн гаргах боломж ч байна. Чухам ямар шалтгаантай болоод Монгол Улс сүү, сүүн бүтээгдэхүүн экспортолж чадахгүй байгаа юм бол?

-Нөөц талаас нь харвал бидэнд боломж байна. Боловсруулах үйлдвэрийн хүчин чадал ч хангалттай байгаа. Харин төрийн бодлого л дутаад байгаа юм. Манай төр засгийнхан дотоодын хэрэгцээгээ хангана гэж ярьдаг. Хангахгүй байна уу гэхээр үгүй, худалдан авах чадвар талдаа асуудал байна гэдгийг би түрүүнд хэлсэн. Экспортод гаргах боломж байна. Гагцхүү төрийн бодлого л дутдаг. Махны экспортыг хараад үзэхээр бүх зүйл тодорхой болдог. Экспортлох гэж байгаа орных нь мэргэжлийн хяналтынхан ирээд, шалгаад авдаг. Сүү, сүүн бүтээгдэхүүнийг ч ялгаагүй. Тиймээс бид тухайн орны стандартын түвшинд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх хэрэгтэй. Хорио, цээрийн асуудал гэж бас бий. Бид бүтээгдэхүүний дээжээ өгөөд, шинжлүүлээд, тохиролцдог. Яг авах дээрээ тулахаар хорио цээрийн асуудал босч ирдэг. Тэр дундаа манай урд, хойд хоёр хөрш дэлхий дээр хамгийн өндөр хорио цээртэй орон. Оросын эрүүл ахуйн хяналтын байгууллагын босго Европын холбооныхоос ч өндөр. Урд хөршид том зах зээл байна. Яг гаргах гэхээр маш өндөр татвартай. Энэ асуудлыг төр засгийнхан чөлөөт худалдааны хэлэлцээрээр ч юм уу зохицуулах ёстой байхгүй юу. Өнгөрсөн жил Хөх хотод Монгол, Хятадын түншлэл гээд үзэсгэлэн худалдаа болсон. Манайхан сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнээ аваад очсон. Гэтэл хилээр оруулаагүй. Мал өвчтэй, стандартын шаардлага хангаагүй гээд л оруулалгүй, муутгасан. Ямар ч бүтээгдэхүүн гадагшаа гаргахад ачилтын өмнөх хяналт гэж байдаг. Тухайн авах гэж байгаа орных нь хянах байгууллагын хүн хянаад, гаргадаг. Гэхдээ энэ ажлыг төр хийх юм уу, бид хийх юм уу. Төр л хийж, зохицуулж өгөх ёстой байхгүй юу.  Түүнээс биш төр хөдөөгийнхний сүүний үнийг тогтоох гээд л, саван дээрээ ингэж бичсэн байна гэх мэт жижиг асуудалд оролцох шаардлагагүй.  

-Манай үйлдвэрлэгчид сүү, сүүн бүтээгдэхүүнийхээ төрөл зүйлийг илүү олон болгомоор санагддаг. Одоо сүү, тарагнаас өөр бүтээгдэхүүн бараг л худалдахгүй байна?

-Манай хэдэн том үйлдвэр бүгд л үнээний сүүгээр тараг үйлдвэрлээд байдаг. Тэгээд зарагдахгүй байна гэж ярьдаг. Гэтэл жилдээ 100 гаруй мянган литр тараг Оросоос орж ирж байна. Орчин үеийн соёлтой хэрэглэгчид бүгд “Активия”, “Данон” гэх таргийг авч уугаад байдаг. Яагаад гэвэл, пребиотек буюу бичил биетний үйлчлэлээр биед хэрэгтэй бодисыг нийлэгжүүлж өгдөг хөрөнгөтэй байдаг.   Манайхан пробиотик болон пребиотек таргийг үйлдвэрлэх хэрэгтэй. Бид жижиг зах зээл дээрээ яг адилхан тараг үйлдвэрлээд, өрсөлдөөд байдаг. Гэтэл тэр дунд сул орон зай гараад ирэхээр “Активия” зэрэг таргуудыг оруулж ирээд байна. Бүсгүйчүүд туранхай болгодог, нүүрийг нь гоё болгож өгдөг тараг уухыг хүсдэг. Тэр хэрэглээг нь хангаж, дотооддоо үйлдвэрлэж ажилламаар байна. Гэх мэтээр олон бүтээгдэхүүн гаргах боломж бий. Гэхдээ ердийн тараг, сүүгээ борлуулаад, хангалттай ажиллаж байгаа болохоор өөр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх сонирхол бага юм болов уу гэж боддог.