ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ч.Гантулга: Шинэ технологи нэвтрүүлж, дулаан, бохироо шийдвэрлэсэн иргэн хүүгүй зээл авах боломжтой

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-04-09

Энэ сарын 9-нд “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулганыг Чингэлтэй дүүргээс эхлүүлэв. Ийм чуулганыг нийслэлийн төвийн зургаан дүүрэгт хийх гэнэ. Тус чуулганы үеэр Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ч.Гантулгатай уулзаж ярилцлаа.

-Энэхүү чуулганыг хийж буй гол зорилго нь юу вэ?

-Улаанбаатарчууд өвлийн дөрвөн сарын хугацааг утаан дунд хүнд нөхцөлд өнгөрүүлж ирлээ. Энэ их утаа түүхий нүүрс түлснээс болж агаарын чанарт нөлөөлж байгаа гэсэн судалгааг олон жил хийж, ярьж ирсэн. Сүүлийн 14-15 жил ярилаа. Энэ хугацаанд үе үеийн Засгийн газар багагүй ажлуудыг хийж, чамлахааргүй хөрөнгийг төсвөөс гаргасан. Гэвч агаарын бохирдол багасаагүй. Бүр дордсон. Үр дүнд, бид хордож ирлээ. Эх орны ирээдүй болсон үр хүүхэд маань хордож, хохирч байна. Тэгэхээр энэ бүхэнд цэг тавьж агаарын бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог идэвхижүүлж, тэдний оролцоотой шийдвэрлэх зорилгоор энэхүү чуулганыг Чингэлтэй дүүргээс эхлүүлж байгаа юм. 

-Нийслэлд энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн түүхий нүүрс оруулж ирэх, хэрэглэхийг хориглож байгаа. Иргэдийн оролцоотой шийдвэрлэх арга замыг сонгосон юм байна гэж ойлгож болох уу?

-Болно. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор түүхий нүүрсийг нийслэлийн зургаан дүүрэгт хэрэглэхийг хориглосон. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх ёстой юм. Түүхий нүүрсийг орлуулах сайжруулсан түлш хийх ажил эрчимтэй явж байгаа. 2019-2020 оны өвлөөс эхлээд Улаанбаатар хотын бүх хэрэглэгч сайжруулсан түлш хэрэглэнэ. Энэ ажлыг ямар нэг эргэлзээгүй шууд хэрэгжүүлнэ. Үүнтэй зэрэгцээд эрчим хүчний хэмнэлттэй халаагуур айл өрх хэрэглэх ажлыг дэмжинэ. Эрчим хүчний чадлыг нэмэгдүүлж, гэр хороололд цахилгааны дэд станцуудыг шинээр барьж, хүчдэлийг нэмэх зэрэг дэд бүтцийг сайжруулах ажлыг шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Мөн сургууль, цэцэрлэг, иргэд, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар хангадаг уурын зуухнуудыг шинэчлэх ажлыг хийнэ. Тэдгээрийн яндангаас гарч байгаа хорт хийг багасгах шүүлтүүр суурилуулна. Нийслэлд 2670 халаалтын уурын зуух ажиллаж байна гэсэн тооцоо судалгаа бий. Эдгээрийн 345 нь 100 квт-аас дээш хүчин чадалтай уурын зуухнууд байдаг. Энэ уурын зуухнууд сургууль, цэцэрлэг, хороо гэх мэт төрийн байгууллагыг дулаанаар хангадаг. Тэгэхээр эдгээр төрийн статустай байгууллагуудын уурын зууханд техник, технологийн шинэчлэл хийж цахилгаан халаалтад шилжүүлэх шаардлагатай байгаа.

-Улаанбаатар хотын бохирдлын тухай ярих гэвэл ганц утаагаар хязгаарлахгүй байх. Орчны болон хөрсний бохирдол асар их байгаа. Үүний эсрэг ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ. Эхлээд утаатайгаа тэмцээд дараа нь шийдэх асуудал гэж харж байгаа юу?

-Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хөрс, орчны бохирдлыг нэмэгдүүлж байгаа зүй бус ажиллагааг таслан зогсоох, байгаль орчинд ээлтэй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж эхэлсэн. Тухайлбал, арилжааны банкуудтай хамтран ногоон зээлийн үйлчилгээг эрчимжүүлж байгаа. Иргэд гэртээ цахилгаан халаагуур суурилуулах, амьдран суугаа орон сууцаа дулаалах, хашаандаа саарал ус гаргадаг тоног төхөөрөмж суурилуулах зэрэг тодорхой төсөл хөтөлбөрт олгосон банкны зээлийн хүүгийн татаасыг олгоно. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд ээлтэй шинэ технологи нэвтрүүлж, дулааны болон бохирынхоо асуудлыг шийдвэрлэсэн иргэн банкнаас хүүгүй зээл авах боломжтой гэсэн үг. Мөн гэр хорооллын хашаа байшинг тохижуулж, ахуй нөхцлийг сайжруулах иновацийн төсөл, монгол инженерүүдийн шинэ санаачилгыг дэмжиж ажиллана. Манай Үндэсний хороо энэ онд найман чиглэлээр 32 ажлыг төлөвлөн зохион байгуулж, эхлээд байгаа. Энэ ажлыг хэрэгжүүлж, хяналт тавих нь дүүргийн төдийгүй тухайн нутаг дэвсгэрт ажиллаж байгаа сайн дурын ажилтнууд болон иргэдийн оролцоо чухал. Тиймээс “Агаар, орчны бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” чуулганыг Чингэлтэй дүүргээс эхлүүлж, тус дүүргийн 648 орон тооны бус ажилтнуудыг бэлтгэхээр хуран цуглаад байгаа нь энэ. Тухайн дүүрэгтээ хяналт, мониторинг хийх ажилтнуудыг бэлтгэж байгаа юм.

-Тэгэхээр дүүргийн хэмжээнд ямар өрх сайжруулсан түлш хэрэглэхгүй байна гэсэн мэдээллийг бэлтгэх хүмүүс гэж ойлгож болох уу?

-Бүгдийг нь хянана. Хэд нь шөнийн цахилгаан хэрэглэж байгаа. Эрчим хүчний хэмнэлттэй халаагуур хичнээн өрх хэрэглэдэг. Өрхийн орлого, хашаандаа хичнээн айл байдаг, сайжруулсан түлш хэрэглэж байгаа эсэх гэх мэт 35 асуулттай ахуйн төрлийн статистик мэдээллийг нэгтгэж гаргах юм. Энэ мэдээллийг гаргаснаар нийслэлийн утаа, агаарын бохирдлыг бууруулахад нэн шаардлагатай мэдээлэлтэй болно. Үүнээс гадна долоон аймгийн утааг бууруулах ажлыг мөн зохион байгуулж байна. Архангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Эрдэнэт зэрэг аймгууд байгаа. Ховд аймаг бүр их утаатай болсон. Дээрх аймгуудын дулааны станцуудыг шинэчилж, эрчим хүчний хэмнэлттэй цахилгаан халаагуурыг айл өрхүүдэд нэвтрүүлэх ажлыг зохион байгуулж эхлээд байгаа.

-Хог хаягдал гэдэг нэг том асуудал нийслэлчүүдэд утаанаас илүү гамшиг дагуулж байгаа. Үүнийг шийдвэрлэх ямар арга зам байна гэж харж байгаа вэ?  

-Хог хаягдлыг дахин боловсруулах хувийн хэвшлийн үйлдвэрүүдийг дэмжиж, ийм чиглэлийн төслүүдийг олноор хэрэгжүүлнэ. Хуванцар сав болон гэр хороололд олноороо хөглөрч байдаг авто машины хуучин дугуйг худалдан авч дахин боловсруулах үйлдвэр байгуулах гэх мэт дахивар хог хаягдлыг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжинэ.