ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Г.Норовсүрэн: “Гүүд нэйборс” 8000 хүүхдийн мэдээллийг ашиглаж, мөнгө босгож байна

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-04-10

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Норовсүрэнг “Ярилцах танхим” буландаа урьж, ярилцлаа.

-“Good Neighbors” гэдэг байгууллагыг та 8000 хүүхдийн нэрийг ашиглаж, мөнгө босгодог гэж үзэж, Ерөнхийлөгчид хүртэл бичиг хүргүүлсэн юм билээ. Чухам яагаад ингэж үзэж байгаа юм бэ?

-2005 онд Солонгосын иргэн Хо Сон Жу гэдэг захирал монгол хүүхдүүдэд тусламаар байна, төсөл бичээд өгөөч гэж надад хандсан.  Би тэр дагуу цэцэрлэгийн төсөл бичээд, судалгаагаа хүртэл хийгээд,  Солонгос руу явсан юм.  Түүний дараа  2005 оны арваннэгдүгээр сард Хо Сон Жу “Good Neighbors” гэдэг байгууллагын төлөөлөгчийн газрыг Монголд нээхээр болж, эрхийг нь авсан. Монгол дахь салбарын захирал боллоо. Манай цэцэрлэгт хөрөнгө оруулалт хийнэ гэж байна. Одоо хэдүүлээ нэг байшин олъё” гэсэн. Ингээд бидний төсөл эхэлсэн. Эхлэхийн тулд төлөөлөгчийн газрыг нээх, бичиг баримт албан ёсны байх ёстой, тусгай зөвшөөрөл авах гээд маш их ажил өрнөсөн. Анх хамтарч ажиллахдаа биднийг байраа зохицуулаарай,  байрны зардалд санхүүжилт өгөхгүй зөвхөн хүүхдийн хоолонд, багш нарын цалинд мөнгө гаргана гэсэн юм.  Тиймээс  бид  Японы “Энхтайвны салхи” байгууллагаас 2006 онд “Хот айл” төсөл хэрэгжиж байсан Чингэлтэй дүүргийн 16-р хорооны Согоотын 44-495 тоотод  байрлах байрыг авахаар тохиролцон төслийн ажлыг эхлүүлж байсан.  Тухайн үеийн хуулиар цэцэрлэгийн зөвшөөрөл улсын бүртгэлийн гэрчилгээг Боловсролын яамнаас өгдөг байлаа. Боловсролын яамны цэцэрлэг ажиллуулах зөвшөөрөл өгөхөд тавигдах шаардлагын дагуу цэцэрлэгийн байраа анх “Хот айл” төслөөс шилжүүлж авахдаа “Гүүд нэйборс Монгол” төлөөлөгчийн газрын нэр дээр авсан. Энэ нь Нэгдүгээрт, яамны шаардлагад нийцүүлсэн. Хоёрдугаарт, надад ямар ч хувийн ашиг хонжоо хараагүй, шуналын сэдэл байгаагүйг харуулна.   Цэцэрлэг маань ч ном журмынхаа дагуу ажиллаад хоёр, гурван жил боллоо. Гэтэл 2010 оноос эхлээд хүүхэд төсөлд хамруулна гэдэг асуудал босч ирсэн. “Яагаад хүүхэд төсөлд хамруулах ёстой юм бэ” гэж асуухад “Санхүүжилтийн асуудлыг шийдмээр байна. Бид жилдээ цэцэрлэгийн санхүүжилтэд зориулж 5-10 мянган ам.доллар өгөөд байхад хэцүү. Харин хүүхэд төсөлд хамруулаад явбал санхүүжилт нэмэгдэнэ” гэж тайлбарласан. Би ч тухайн үедээ нарийн ойлгоогүй юм. Тийм төсөл дээр ажиллаж үзээгүй байсан. Санхүүжилт нэмэгдээд, олон хүүхдэд хүрч байвал аятай юу гэж бодоод, хүүхэд төсөлд хамруулах ажлыг эхлүүлсэн. Тухайн үедээ 2000 гаруй хүүхэд төсөлд хамрагдаж, авах ёстой асуулгынх нь дагуу асуулга авсан. Санхүүжилт нь ч ирсэн. Эхний нэг жилд би нэг их сайн анзааралгүй, зарим үед гайхаад л явж байлаа. Харин хоёр дахь жилээс санхүүжилт бүрэн ирэхгүй байгааг баттай мэдсэн юм. Уг нь жилдээ нэг хүүхдэд 420-500  ам.доллар ирэх ёстой. Гэтэл тал орчим нь огт ирэхгүй байсан. Ингээд л “Хүүхдэд ирэх ёстой мөнгө бүтнээрээ ирэхгүй тал нь алга болоод байна вэ” гэдэг асуудал тавьсан. Цаашлаад хүүхдийн мэдээлэл ашиглаж, мөнгө олж байна гэдэг асуудлыг байгууллага дотроо гаргаж тавьж, ярьж эхэлсэн юм. 

-Хүүхдүүдэд өгч байгаа мөнгийг хаанаас авч байсан юм бэ?

-Солонгосоос авдаг юм. “Гүүд нэйборс” гэдэг байгууллагын Солонгос дахь төв оффис руу хүүхдүүд болоод тэдний гэр бүлийн мэдээллийг явуулна. Мэдээллийг нь цааш нь ивээн тэтгэгчдэд үзүүлээд, нэг хүүхдэд нэг л хүн тусалдаг. Тодорхой хэлбэл, тухайн хүүхдийн амьдралын түүх, нөхцөл байдлын тухай мэдээллийг уншаад нэг ивээн тэтгэгч сардаа 35-50 ам.долларын тэтгэмж өгдөг гэсэн үг.  Анх 2000 хүүхдийн мэдээллийг Солонгос руу явуулж байсан талаар би дээр дурьдсан даа. Одоо 8000 хүүхэд болгоод нэмчихсэн байгаа юм. Нэг хүүхдэд сардаа 35-50 ам.доллар өгдөг гэхээр ямар их мөнгөний талаар ярьж байгаа нь тодорхой байгаа биз дээ. Гэтэл тэр их мөнгөний тал орчим нь Монголд ирдэггүй. Нэг хүүхдийн нэр дээр жилдээ   420 ам.доллар цугларч байгаа. Тэр мөнгөний 60 хувь нь Солонгост үлдээд, 40 хувь нь ирдэг. Жилдээ 180 ам.доллар гэсэн үг. Би тухайн үед дотооддоо тэмцэл өрнүүлсний үр дүнд нэг хүүхдэд жилд 45 ам.долларын шууд тусламж өгөхөөр болсон. Ингээд хавар витамин, зундаа хичээлийн хэрэглэл, өвөл нэг гадуур хувцас ч юм уу авч өгч байсан. 45 ам.доллар чинь тэр үеийн ханшаар 90-100 мянган төгрөг. Иймэрхүү байдлаар тусламж үзүүлдэг болоод удаж байгаа. Харин үлдсэн мөнгө нь хаачив гэдэг асуудал босч ирнэ биз дээ. Бодоод үз дээ, 420-ыг 8000-аар үржүүлэхээр гурван сая 360 мянган ам.доллар болж байгаа. Түүний 40 хувь нь гэхээр сая гаруй ам.доллар л Монголд орж ирээд, бусад нь хаачсан нь мэдэгдэхгүй алга болж байна гэсэн үг. Энэ асуудлыг нь ярихаар “Чи манай байгууллагын зорилгоос өөр юм ярилаа. Гол санхүүжилт ингэж л явна. Өөр асуудал байхгүй. Хэрэгцээтэй үед нь хүүхдүүдэд үлдсэн мөнгийг нь өгнө” гэх мэтээр ярьдаг байсан. Би ч дургүйцээд, нэлээд зөрчилдсөн. Тэгж байгаад би ажлаасаа халагдсан. 

-Та өөрөө төсөл бичсэн. “Гүүд нэйборс” гэдэг бай­гуул­лагын салбарыг Монголд байгуулахад хам­гийн их оролцсон. Тийм бай­тал халагдсан гэхээр хачир­хал­тай санагдаад байна?

-Эхлээд надад олон хүүхдэд тусална л гэсэн. Би ч тооцож үзээд олон хүүхдэд туслах юм байна гэж ойлгосон. Тэр хүүхдүүдэд өгөх ёстой мөнгөний тал нь ирэхгүй байна гэж би яаж мэдэх вэ дээ. Хүүхдэд өгч байгаа хүмүүсийн тусламж ч эзэндээ очихгүй байна гэж би урьдчилж мэдэхгүй шүү дээ. Миний тавьсан ганц шаардлага нь 420 ам.долларын 350-ыг хүүхдэд өг. Тэр хүүхдийн нэрээр орж ирж байгаа учраас. Үлдсэн 70-ыг нь үйл ажиллагааны болон урсгал зардалдаа зарцуул” гэсэн. Тэр санал, шаардлагыг хүлээж аваагүй. Өөрсдийнхөөрөө л ажиллана гэсэн. Тэгээд илүү их шахаж, шаардлага тавиад ирэхээр ямар нэг байдлаар намайг шахах ажлыг хийж эхэлсэн. Санасандаа ч хүрсэн. Би гурван шатны шүүхээр заргалдаад, “Гүүд нэйборс”-оос нэг жилийнхээ цалинг аваад л өнгөрсөн. Дээд шүүхээс “Гүүд нэйборс” гэдэг байгууллага намайг үндэслэлгүй ажлаас халсан байна гэдэг шийдвэр гаргаж, хохирлоо барагдуулсан нь тэр. 

-Мөнгө нь гүйцэд ирдэг бол уг нь зүгээр л юм байна. Гэтэл дундаас нь 60 хувийг нь авчихдаг гэхээр яах аргагүй монгол хүүхдүүдийн мэдээллийг ашиглаж мөнгө олж байгаа гэж хэлэхээс өөр яах билээ?

-Ерөөс л тийм. Миний эгдүүцээд байгаа нэг л зүйл бий. Засгийн газрын хэмжээний төслүүдийн санхүүжилт нэг байгууллага юм уу компаниас бөөндөө орж ирээд, тэр төсөл нь хэрэгждэг. Гэтэл 8000 хүүхдийн, цаашлаад аав, ээж, ах, дүүгийнх мэдээллийг ашиглаж, мөнгө босгож байна. Монгол хүүхдийг ядуу зүдүү, аав, ээж нь ийм тийм гэж хэлүүлэн хэлүүлэн тэр төслийг хэрэгжүүлэх сонирхол надад байгаагүй. Тийм учраас би асуудлаа тавьсан. “Гүүд нэйборс” байгууллагад ажилладаг солонгосчуудтай маргалдсан.  Би уг нь тэр байгууллагын Ерөнхий менежер байсан. Гэтэл тушаал бууруулаад, цэцэрлэгийн эрхлэгч болгоод явуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчээр очоод нэг жил болсон. Гэтэл жилийн дараа “Гүүд нэйборс”-оос “Бид цэцэрлэгт санхүүжилт өгөхөө болилоо. Татан буулгалаа” гээд намайг ажлаас халах тушаал гаргасан. Тушаал гаргахдаа “Энэ хүн сэтгэл мэдрэлийн өвчтэй. Манай байгууллагын шаардлагыг хангахгүй” гэсэн үндэслэл бичсэн байсан. Тэгээд л шүүхдэлцэж, цалингаа олж авч байсан юм. Ажлаасаа гарсаны дараа би Хүүхдийн төлөө газраас авахуулаад Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хүртэл хандсан. Олон ч удаа албан бичиг бичиж, хандсан. Хууль зүйн яамны сайд руу хүртэл бичсэн. Монгол хүүхэд гадны байгууллагын санхүүжилтийн эх үүсвэр байж болох уу гээд л албан бичиг бичдэг. Гадаадын иргэн харьяат руу хүртэл жил болгон албан бичиг бичдэг. 

-Тэгээд тоож авч хэлэлцэж байгаа газар байна уу. Одоо бол “Гүүд нэйборс” гэдэг байгууллага үйл ажиллагаагаа явуулаад, мөнгө босгосон хэвээрээ л байгаа юм уу?

-Хүний эрхийн Үндэсний комисоос авахуулаад явж болох бүх газраар нь явж, мэдэгдсэн. Тэгэхээр “Гүүд нэйборс” гэдэг байгууллагын гар хөл болсон Х.Баавгай, Б.Жавзанхүү, П.Цэвээн, Сургуулийн нийгмийн ажилтын нийгэмлэгийн Мөнхжаргал, Гэр бүл, хүүхэд залуучуудын газрын дарга н.Алтансүх тэргүүтэй хүмүүс хаацайлдаг. Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржид хүртэл хандаж байсан. Эхлээд тэмцэнэ, шийдвэрлэнэ гэж байсан. Гэтэл хоёр жилийн дараа “Гүүд нэйборс”-тэй гэрээ байгуулаад, хамтарч ажиллаад л явж байна. Энэ байгууллага одоо болтол ажиллаж л байна. Дарханд хүртэл салбараа нээчихсэн. Хэн өөгшүүлээд байна гэхээр, дээр дурьдсан хүмүүс. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанааг ч дурьдаж болно. “Гүүд нэйборс” гэдэг байгууллагаас бараа энэ тэр аваад, 28 гэр цэцэрлэг барина гэж байсан. Гэвч бариагүй. Би тэр үеийнх нь мэдээллийн холбоосыг тавьж байгаад “Ж.Амарсанаа, чиний барина гээд байсан 28 гэр цэцэрлэг хаана байна” гэж бичээд элдвээрээ дуудуулж байсан. Би энэ хүмүүст хэлдэг. “Та нар төрд ажилладаг. Хүүхдийн эрхийн төлөө тэмцэнэ гэдэг. Гэтэл монгол хүүхдээр мөнгө олоод, санхүүжилтийнхээ эх үүсвэрийг болгоод бай­гаа байгууллагыг яагаад хам­гаалаад, дэмжээд байгаа юм бэ. Би үүнд чинь дургүйцэж байна. Ёс зүй гэж байна уу” гэж асууж, үзээд л байгаа. 

-Одоогийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч нарт хандаж бичиг өгсөн гэсэн. Ямар нэг хариу өгсөн үү?

-Өнгөрсөн жил Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ерөнхийлөгч Х.Баттулга нарт хандсан. Гэтэл Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга энэ байгууллагыг хамгаалсан. Би “Яагаад та нар ийм байгууллагыг дэмжээд байгаа юм. Ерөнхийлөгчийг муухай харагдуулаад байна” гэж хэлсэн. Ерөнхийлөгч Х.Баттулгыг сонгуульд нэр дэвшиж байх үед нь би энэ байгууллагатай холбоотой материалыг гарт нь өгч байсан. Арга хэмжээ аваад өгөөч гэж хэлсэн. Авна аа гээд л үлдсэн. Намайг ингээд ярихаар, асуудал тавихаар “Гүүд нэйборс” гэдэг байгууллагынхан “Бид засаг төрийн түвшинд хүртэл сайн ажиллаж байгаа. Бидний нэр хүндийг гутаах гээд Норовоо гэдэг эмэгтэй яваад байна” гэдэг. Би өөрийнхөө төлөө юм уу тэр байгууллагын нэр хүндийг унагах гээд яваад байгаа юм биш. Энэ чинь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Монгол хүүхдийн зургийг цахимд байршуулаад, ядуу, зүдүү, аав, ээж нь архичин учраас хоол, мөнгө өгөөч гэж хэн нэгэн гуйгаад, сардаа хэдэн ам.доллар авч байна гээд бод доо. Ядаж байхад тэр мөнгөнийх нь талаас илүү хувь нь алга болоод, юунд зарцуулаад байгаа нь мэдэгдэхгүй байвал яах билээ. Түүнийгээ Олон улсын төсөл гээд байгаа юм. Үгүй шүү, хэдэн солонгос хүн хүүхдүүдийн мэдээллээр мөнгө олоод байна. 8000 хүүхдийн цаана аав, ээж, эмээ, өвөөд, ах, дүү гээд 40 мянган хүний дата байгаа. Тэр мэдээллийг юунд ч ашигладаг юм билээ, бид мэдэхгүй шүү дээ. Дээрээс нь, жил ирэх тусам тэр хүүхдүүд өсч биз дээ. Гэтэл “Гүүд нэйборс” байгууллагынхан “Энэ хүүхэд манай төсөлд хамрагдаад өндөр болсон, жин нь нэмэгдсэн, сайхан болсон” гэж хардаг, хандив өгдөг хүмүүстээ хэлдэг.  Энэ асуудлаг болиулах хэрэгтэй.  Ерөнхий сайдад өгсөн бичиг явсаар Эрүүгийн цагдаагийн газарт ирсэн юм билээ. Эрүүгийн цагдаагийн газрын нэг байцаагч намайг дуудаж уулзсан. 

-Та түрүүнд “Гүүд нэйборс” байгууллагыг хамгаалдаг гээд хүмүүсийн нэр дурьдсан. Тэд одоо энэ байгууллагад ажиллаж байгаа юм уу?

-“Гүүд нэйборс” гэдэг байгуулага шударга, зарчимч, чадвартай хүмүүсийг ажлаас нь халдаг, шахаж гаргадаг. Одоо Х.Баавгай тэргүүтэй хүмүүс энэ байгууллагад зөвлөх нэрийдлээр ажилладаг. За яах вэ, хэн нь ямар байгууллагад зөвлөх нь тийм ч чухал асуудал биш. Нэг талд очоод хүүхэд хамгаалал гэж ярьчихаад нөгөө талд очиж түүнийгээ зөрчөөд байж болохгүй биз дээ. Хэний нэрээр, яаж мөнгө олж байгаа газрыг хамгаалаад байгаа вэ гэдгээ бодох л хэрэгтэй.